| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2019/0069/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/67 |
| Огноо | 2019-03-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Амартүвшин |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2019/ШЦТ/67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,
Улсын яллагч Б.Амартүвшин,
Шүүгдэгч Б.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Э-т холбогдох эрүүгийн 1838007600084 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б.Э-,
Шүүгдэгч Б.Э- нь 2018 оны 9 дүгээр сарын 18-ны орой 22 цагийн үед Хөвсгөл аймгийн Х сумын Х гэх газар иргэн Д.Б-тэй маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь гараар цохих зэргээр зодсоны улмаас тархи доргилт, хамар ясанд хугарал, дээд уруулд няцралт, баруун өвдгөнд зулгаралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Э- нь 2018 оны 9 дүгээр сарын 18-ны орой 22 цагийн үед Хөвсгөл аймгийн Х сумын Х гэх газар хохирогч Д.Б-ийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясанд хугарал, дээд уруулд няцралт, баруун өвдгөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 22 цагийн үед гэртээ ганцаараа малаа хотлуулаад байж байхад нохой хуцаад, мотоцикль дуугараад согтуу дөрвөн залуу манайд орж ирсэн. Орж ирээд Өлзийбаатар хоймор, Б.Э- зүүн талын орон дээр миний дээд талд Нямбаяр, Жижиг /Батчулуун/ гэдэг хоёр залуу баруун талын орон дээр суусан юм...Тэгээд Б.Э-ын доод талд очоод суухад Б.Э- над руу “чи зун эгчээрээ өмөөрүүлээд их том байсан” гээд дайрсан...Тэгээд миний цээж, нуруу руу гараараа цохисон юм. Би “цагдаа дуудлаа шүү” гэхэд Б.Э- намайг цохихоо больсон...Тэр үед миний ухаан санаа сонин болчихсон байсан. Ямар ч байсан эд нар намайг “алах гээд байгаа юм байна” гэсэн бодол надад төрж байсан. Тэгээд нэг харахад Б.Э- нь нөгөө бууг барьчихсан, цээж рүү буугаа тулгаж байгаад гохыг нь дарж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 10-12, 19-20-р тал/
Гэрч Г.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2018 оны 9 дүгээр сарын 20-ны үед байсан байх...Өлзийбаатар, Б.Э- /Б.Э-/, Жижиг бид дөрөв нэг шил архи, нэг том пиво хувааж уусан юм. Гадаа хүйтэн байсан болохооор “айлд очиж хоол хийлгэж идье” гээд...бид дөрөв Батдэмбэрэлийнд очсон юм. Батдэмбэрэлийн гэрт очиход гадаа харанхуй болсон байсан...Бид нар хоорондоо сайн муугаа мэдэж мэндлээд байж байхад Б.Э-, Д.Б- нар зун баяр дээр мэндлэхэд элэг рүү цохиж авсан гээд маргалдаж байгаад Б.Э- цамцны ханцуйг нь оёдлоор дараад урчихсан юм. Тэр хоёр хоорондоо хальт босож ирээд барилцаж аваад салсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 22-24-р тал/
Гэрч С.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би Хөөнгө гэх газар луу хонио хужирлах гэж очсон. Тэгээд 2-3 хоноод буцна гэж бодож байсан...Тэгээд бид дөрөв манай майханд нэг шил архи уусан. Тэгсэн чинь эд нар бүгдээрээ “айлд очиж архи ууя” гэсэн бөгөөд би хамт явсан юм. Тэгсэн чинь Д.Б- гэдэг айлд очсон. Тэгсэн чинь Д.Б- намайг “маргааш явна шүү” гээд хөөгөөд байсан...Гэнэт Д.Б- хаанаас буу гаргаж ирсэнийг мэдээгүй, бид нар луу чиглүүлээд барьчихсан байсан. Тэгсэн чинь Б.Э-, Нямбаяр, Чулуунбат нар ээлжилж очиж салгаж авах гэсэн чинь өгөхгүй байсан. Тэгээд эд нар бүгдээрээ зугтаагаад гараад явчихаар нь...би энэ айлаас зугтаагаад дээлээ замдаа тайлаад майхан руугаа гүйчихсэн...Тэгээд шөнө намайг майхандаа байж байхад Д.Б- ирээд “хөөе Өлзий ах, манайд оч“ гээд байхаар нь би халгаад очиж чадаагүй. Хэрэв гэрт нь очих юм бол алуулах байх гээд очоогүй...Маргааш өглөө нь Б.Э- над дээр ирэхдээ зүүн талынн гарынхаа хурууны үзүүр хэсгийг боочихсон байсан. Б.Э- надад хэлэхдээ Д.Б- хутга бариад дайрахаар нь хутгыг нь авах гэж байхдаа гарыг минь зүсчихсэн гэж хэлсэн...Д.Б-тай уулзахад зүүн талын нүд нь хөхөрсөн, мөн уруул нь хавдсан харагдсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/
Гэрч Д.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Д.Б-гийн гэрт байхад Б.Э-, Нямбаяр нар сууж байгаад хоорондоо маргалдаад барилцаад авахад Д.Б- орон дээр сууж байгаад “Нямбаяраа наад Б.Э-г ал” гээд босож ирээд Б.Э-г хөл рүү нь өшиглөсөн юм. Б.Э-ыг Б.Э- гэж дууддаг юм. Д.Б-, Нямбаярт “чи Б.Э-г зохицуул, би Жижгийг зохицуулна” гэж хэлсэн. Миний нэрийг бага байхад Жижиг гэж дууддаг юм. …Б.Э-ыг орон сууж байхаар мөрлөөд орон дээрээс унагаасан санагдаж байна. Б.Э- босож ирээд Д.Б-г цохиод унагаасан. Д.Б- босож ирээд толинд харчихаад “одоо болчихлоо” гээд гэрээс гараад мотоцикпио асаагаад явсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 57-58-р тал/
Гэрч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: …Дараа нь Д.Б- Б.Э-ыг мөрлөсөн чинь бас барилцаад авахаар нь би салгасан юм. Д.Б- “утсаар ярина” гэхээр нь утас асааж өгсөн юм. Д.Б- утсаар хүнтэй ярих гээд залгасан нөгөө нь авсан эсэхийг мэдэхгүй байна. Д.Б- хүнтэй л лав яриагүй юм. Би “та нар зодолдох гээд байгаа юм бол гарч зодолд” гэж хэлээд орондоо орсон. Д.Б- толинд нүүрээ харсанаа “одоо боллоо” гэж хэлээд, гэрээс гарч мотоциклио унаад явсан юм...Д.Б-гийн нэг нүдний доод хэсэгт хөхрөлттэй. Нэг талын шанаа шалбарчихсан байсан. Аль талын нүд хөхөрсөн байсаныг санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 59-60-р тал/
Гэрч Х.О-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Шөнө намайг гэртээ унтаж байхад 03 цагийн орчим Д.Б- гэдэг залуу манайд орж ирээд манай гэрийн утсаар төрсөн эгч Өлзийдүүрэн лүү залгаад “намайг Чулуунбат, Б.Э-, Нямбаяр, Өлзийбаатар нар зодчихлоо” гэж ярьж байсан...Д.Б- надад хэлэхдээ “Б.Э- над руу буу шагайгаад хутга барьсан” гэж хэлсэн...Д.Б- манайд орж ирэхдээ зүүн нүд нь хөхөрсөн, мөн шалбархайтай байсан. Зүүн талын шанаа хавиас нь болов уу цус гарсан харагдаж байсан. Би тэр болгон сайн хараагүй...Д.Б- гэрт орж ирэхэд архи үнэртэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р тал/
Гэрч Д.Ө-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Орой манай төрсөн дүү Д.Б-гийн эхнэр Балжинням манай гэрт айж сандарсан байдалтай орж ирээд “ Д.Б- сая над руу утсаар яриад цагдаа дуудаарай гэнэ үү, эмнэлэг дуудаарай гэнэ үү, би сайн ойлгосонгүй” гэсээр орж ирсэн...Тэгээд би дүүгээсээ яагаад ийм юм болсон юм гэхэд “...Б.Э- зуухны урд талд байсан хутга аваад цээжин дээгүүр эргүүлээд байхаар булаагаад авсан. Мөн буу байхад нь цөмөөрөө аваад айлгасан” гэж хэлсэн...Мөн миний хоолойг боогоод унагаасан. Тэгээд би хэсэг ухаан алдсан байх.Тэгээд л би шээчихсэн гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р тал/
Гэрч Н.Б-, Х.Б-, Б.Э-, Г.О- нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 47-51-р тал/
Шүүгдэгч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Д.Б- намайг цохисон учраас би зөрүүлж цохисон юм...Би тухайн үед өөрийгөө хянах чадвартай байсан...Би Батдэмбэрэлийн нүүр лүү цохиж хөнгөн зэргийн гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруутай үйлдлээс болж хөнгөн гэмтэл учруулсныг би хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 115-116-р тал/
Гэрч, хохирогчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2-р тал/
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 491 дугаартай: Д.Б-ийн биед тархи доргилт, хамар ясанд хугарал, дээд уруулд няцралт, баруун өвдгөнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгджээ. Д.Б-ийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 93-р тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч Б.Э- нь согтуурсан үедээ 2018 оны 9 дүгээр сарын 18-ны орой 22 цагийн үед Хөвсгөл аймгийн Х сумын Х гэх газар хохирогч Д.Б-ийг зодожэрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясанд хугарал, дээд уруулд няцралт, баруун өвдгөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд, дээрх шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт тусгагдсан шинжээчийн дүгнэлт, болон бусад нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Э-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Шүүгдэгч Б.Э- нь хохирогч Д.Б-тэй харилцан тохиролцож уучлалт гуйж эвлэрсэн тухай хүсэлтийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно./хх-ийн 124-р тал/,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ТОЗ-8 маркийн /замаг-..., гол төмөр-.../ 1 ширхэг бууг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн 1838007600084 дугаартай хэрэгт битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ТОЗ-8 маркийн /замаг-..., гол төмөр.../ 1 ширхэг бууг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах Б.Манлайбаярт даалгасугай.
5. Эрүүгийн 1838007600084 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР