Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 130/ШШ2016/00384

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн А сумын **дугаар багт оршин суух, У овогт Хын Аы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн А сумын **дүгээр багт оршин суух, Ш овогт Аы Х,

Хамтран хариуцагч: Баян-Өлгий аймгийн А сумын ** дугаар багт оршин суух, Ш овогт Аы Б нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С, хариуцагч А.Х, хамтран хариуцагч А.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Эзэмшил газарт дур мэдэн хууль бусаар барьсан малын хашаа, хороог албадан нүүлгэж газрыг чөлөөлүүлэхийг шаарджээ.

Нэхэмжлэгч Х.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие А сумын 2 дугаар багт оршин суудаг бөгөөд тус багын Богино төмөр гэх газарт өвөлждөг юм. Богино төмөр гэх газар дахь өвөлжөөг /хаваржаа/ миний бие банкнаас худалдаж авсан бөгөөд энэ өвөлжөөнд өвөлжөөд удаж байгаа.

2013 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000435682 дугаартай гэрчилгээ авч уг өвөлжөөг бэлчээрийн хамт ашиглаж байсан юм. Манай өвөлжөөнд О, А, Е, Т нар ойрхон өвөлждөг ба бэлчээрийн тогтоосон заг байгаа болохоор бид эвтэй найртай малаа бэлчээж ирсэн. Гэтэл манайх намаржаандаа байхад миний өвөлжөөнөөс 600 метр зайд буюу миний эзэмшлийн бэлчээрт дур мэдэн ямар ч зөвшөөрөлгүйгээр тус сумын 3 дугаар багт оршин суух А.Х гэгч хашаа татаж малын хороо барьсан байна.

 

 

Энэ газар нь Богино төмөр гэх нэртэй, өмнө миний өвөлжөөнөөс өөр хашаа хороо байхгүй, малын хэвтэр газар байсан. Би энэ талаар мэдэнгүүт багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаас учир байдлыг лавлахад багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Нийтийн хурлаар А.Х /түүний хүү А.Б/ гэгчид газар эзэмшүүлэх талаар хурал хийж хэлэлцсэн асуудал байхгүй, ямарваа малын бэлчээрт газар олгоход багийн иргэдийн Нийтийн Хурлаас заавал хэлэлцсэн байх ёстой гэж хэлсэн. А.Х нь тус сумын 3 дугаар багт оршин суудаг, тэнд бүртгэлтэй ба 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт ямар ч өвөлжөө хаваржаа байхгүй, манай багийн бүртгэлд ороогүй хүн юм. Учрыг лавлаж манай хөршүүд болох О. А, Е, Т нар сумын Засаг даргад өргөдөл гаргахад А.Хад газар эзэмшүүлсэн, зөвшөөрөл өгсөн ямар ч эрхийн акт гараагүй байна хэмээн хариу мэдэгдсэн.

Улмаар өөрийн биеэр А сумын Засаг даргатай уулзаж лавлахад А.Х нь хуульд заасан журмын дагуу ямар ч зөвшөөрөлгүйгээр миний өвөлжөөний ойролцоо хашаа, хороо барьсан болох нь илэрсэн. Мөн сумын газрын даамал Газрын тухай хуульд зааснаар зохих зураг үйлдэж А.Хад зөвшөөрөл өгөөгүй гэдгээ хэлсэн. Өмнө нь манай сумын Засаг даргаар А гэгч ажиллаж байгаад Улсын дээд шүүхийн тогтоолоор Н сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоогдсон. Засаг дарга Аийн үед А.Х нь хэнд ч мэдэгдэлгүйгээр захирамж гаргаж авсан байж болзошгүй хэмээн Засаг даргын захирамжийн архивт үлдэх хувийг /А.Хад эсхүл түүний хүү болох А.Бд газар эзэмшүүлсэн/ хайсан боловч олдоогүй бөгөөд зөвхөн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 83 дугаартай газар эзэмшүүлэх гэх захирамж гарсан боловч чухам хэнд газар эзэмшүүлсэн нь тодорхой бус захирамжийн хавсралт архиваас олдоогүй.

Иймээс Засаг дарга 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр 04 тоот захирамж гаргаж уг тодорхойгүй хууль бус гарсан 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 83 дугаартай захирамжийг хүчингүй болгосон. Манайд энэ өвөлжөөнөөс өөр хаваржаа, хашаа, хороо байхгүй бөгөөд жилийн 8 сард энэ газарт байж, хэдэн малаа маллаж амьдардаг. Гэтэл бэлчээрийн даац хэтэрсэн хүндхэн болсон өдийд эрүүл ухаантай хэн боловч бусдын өвөлжөөнөөс 600 метр зайд шинээр бусдад газар эзэмшүүлэхгүй гэдэг нь тодорхой. А Засаг дарга шүүхээс ялагдаж ажлаа өгөх нь тодорхой болмогц үүнийг ашиглан А.Х нь захирамж гаргуулсан байж болзошгүй хэмээн миний бие үзэж байгаа. Түүнээс биш эрх зүйт төр оршин буй Монгол Улсад хуулийг зөрчиж хэн ч зөвшөөрөл олгогдохгүй баймаар юм. Хүмүүсээс дам сонсоход А.Х нь хүү Бын нэр дээр дээрх газар эзэмших захирамжийг гаргуулсан байж магадгүй юм.

Иймээс миний эзэмшил газарт буюу Богино төмөр гэх газарт дур мэдэн хууль бусаар барьсан А.Хын малын хашаа, хороог албадан нүүлгэж газрыг чөлөөлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.А шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие Хавдраш овогт А нь ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Амьдралын эх үүсвэр бол хэдэн мал, бэлчээр юм. Манай өвөлжөөнөөс 600 метрийн зайд миний эзэмшлийн газарт Х нь хашаа, хороо барьсан. Тэр газарт хаврын 6 дугаар сар хүртэл малаа төлүүлдэг.

 

Хамгийн гол нь миний малын бэлчээрийг боогдуулж байгаа. Тиймээс Хууль бус барьсан хашаа, хороог албадан нүүлгэх, газрын чөлөөлж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч А.Х шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие А сумын 3 дугаар багт бүртгэлтэй, сумын төвийн 4 дүгээр багт оршин суудаг. Ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Сумын холбооны салбарын эрхлэгч. 2013 онд аваарт орж баруун хөлөө тайруулсан, протез хийлгэсэн тахир дутуу хүн. Намайг Х.А гэгч хүн миний эзэмшлийн бэлчээрт дур мэдэн ямар ч зөвшөөрөлгүй малын хашаа барьсан, албадан нүүлгэж өг гэсэн нэхэмжлэл гаргасан байна.

Би Х.Аы Богино төмөр гэдэг газарт хашаа бариагүй. Миний дүү болох Аы Б Битүү харгантын Дэрстэй эрэг гэдэг газар хашаа барьсныг мэднэ. А.Б тусдаа өрх болж 110 толгой малтай, аавын хамт амьдардаг. Хашаа барьсан газрыг тухайн үеийн сумын Засаг даргын захирамжийг үндэслэн газрын даамал Кенесбекийн өөрийн гараар бичсэн захирамжийн хавсралт ёсоор хашаа барьсан. Сумын Засаг дарга өөрчлөгдөхөд шинэ Засаг дарга нь өмнөх Засаг даргын гаргасан захирамжийг өөрчилнө гэдгийг мэдээгүй. Н дарга Х.Аы хүргэн ах нь гэдгийг ч мэдээгүй. А хадам ах О, Т, дүү нар нь болох Ноябрь, А, ээжийн төрөл Е нараар бүлэглэн дарамт үзүүлнэ гэдгийг зүдлээ ч үгүй юмаа. Нөхөр А хуулийн байгууллага асуудлыг үнэн мөнөөр шийдвэрлэхийг мэдэхгүй юм уу нэхэмжлэлдээ үндэсгүй худал юм бичсэн байна. Тухайлбал А.Б ямар ч зөвшөөрөлгүй хашаа барьсан гэнэ. Тухайн үеийн Засаг даргын захирамж шийдвэр болохгүй юм уу.

Надад нэгээс илүү өвөлжөө, хаваржаа байхгүй гэсэн нь үндэсгүй худлаа бөгөөд гурван ч газарт өвөлжөө хаваржаатай байна. Тодруулбал 2007 оны 2 дугаар сарын 06-нд сумын Засаг даргын 07 тоот захирамжаар Нарийн загийн өвөлжөөг 066395 тоот гэрчилгээгээр, мухрын доод талын хашааг сумын Засаг даргын 24 тоот захирамжаар 0198757 тоот гэрчилгээгээр, Богино төмрийн хаваржааг банкнаас худалдаж авч тус тус өмчлөн ашиглаж байгаа нь сумын газрын даамлын бүртгэл дансаар нотлогдож байна.

Миний дүү А.Б төрөлхийн хэлгүй, тахир дутуу учир хөдөө гарч өөрийн малыг өөрөө маллаж амьдрахаар зориг гаргасан нийгмийн эмзэг бүлгийн иргэн. Хөгжлийн бэрхшээлтэй тахир дутуу иргэд, нийгмийн эмзэг бүлгийн хүмүүсийн хөдөлмөрийг дэмжих талаарх төрийн бодлогыг та бүхэн өөрсдөө сайн мэднэ гэдэгт итгэж байна гэжээ.

Хариуцагч А.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Х тэнд хашаа барьсан гэсэн асуудлыг хөндсөн байна. Хамгийн гол нь би тэнд хашаа, хороо бариагүй. Миний дүү Б гэдэг хүн тэнд хашаа барьсан. Гэхдээ зохих журмын дагуу өргөдлөө гаргаад хашаа хороогоо барьсан. Тэр талаар Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б хариулах байх. Би энэ маргаанд ямар ч хамааралгүй гэж үзэж байна. Миний дүүгийн хувьд хэлний бэрхшээлтэй. Тэгэхээр А гэдэг хүний ямар ч эрх нь зөрчигдөөгүй гэж үзэж байна. Та нар очоод үзлэгээ хийсэн. Бүх зүйлийг мэдэж байгаа. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.

 

 

Хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Х.Аы нэхэмжлэлтэй газраас албадан нүүлгэх, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлд хамтран хариуцагч А.Берибколын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нь оролцож байна. А.Б нь төрөлхийн хэлний бэрхшээлтэй болохоос биш сэтгэц болон эрүүл мэндийн хувьд зүгээр хүн байна лээ. Албан бус сургалтын 7 дугаар ангид суралцдаг. Сая захиргааны хэргийн шүүхээр энэ асуудал дурдагдсан. Тэрэн дээр тодорхой байгаа. Х.Аы нэхэмжлэлийг уншиж танилцаад тодорхой тайлбаруудаа хийсэн. Шүүхээс ч гэсэн газар дээр нь очиж үзлэг хийж схем, фото зургаар бэхжүүлж авсан байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудтай танилцахад бүх асуудал тодорхой болсон. А.Б нь 2015 оны 10 дугаар сард энэ хашааг барьсан. Өөрөөр хэлбэл өвөлжөөний хашаагаа бариад тэрийгээ 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр сумын Засаг даргаас 83 дугаар захирамжийг хавсралтын хамт гаргуулахад өөрийнхөө эзэмшил газраа тогтоолгож авсан. А сумын Засаг даргаар урд нь ажиллаж байгаад тодорхой шалтгаанаар ажлаа өгөөд бусад ажилд орсон Н гэдэг хүн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 04 дугаартай захирамж гаргаж эзэмшил газар олгосон захирамжийг хүчингүй болгосон. Уг захирамжийг аймгийн Засаг дарга хүчингүй болгож 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр А сумын Засаг даргын А.Бд газар эзэмшүүлэхээр гаргасан 83 дугаартай захирамж одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа. А.Б нь энэ захирамжийг үндэслээд газар эзэмшүүлэх гэрчилгээгээ аваад гэрээгээ хийгээд өнөөдрийн хувьд иймэрхүү байдалтай байж байгаа.

Тэгээд очиж газар дээр нь үзсэн байдлаас харахад Аы өвөлжөөнөөс 672 метр хол, машин замаар явах юм бол 1.4 км газар юм байна. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд тэрний эзэмшил газарт ямар нэгэн хамааралгүйгээр баригдсан хашаа, хороо гэж үзэж бүрэн үндэслэлтэй. Бэлчээрийн тухай асуудлыг багийн Иргэдийн нийтийн хурал болон сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хуваарилж шийдвэрлэж өгөх ёстой. Энэ тухай гарсан эрх акт байхгүй. Өөрөөр хэлбэл нийтийн эзэмшлийн газар гэж үзэхээр байгаа юм.

Тэгэхээр Х.Аы гаргасан нэхэмжлэл бол нотлох баримтын хүрээнд зохих ёсоор няцаагдаж байгаа. Өөрөөр хэлбэл 100 гаруй малтай хүүхдийн асуудлын ингэж шүүхэд хүргэж орон нутгийн хэмжээнд өөрсдөө зохицуулаад болчихоор асуудлын ингэж даваргаж байгаа асуудал бол Аы асуудал ч биш. Энэ бол А сумын Засаг даргатай шууд холбоотой асуудал гэж үзэхээр байгаа. Хэрэв захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэгдэж хүчингүй болсон тэр хэргийг үзэх юм бол тодорхой байгаа. Өөрөөр хэлбэл Засаг дарга гэдэг бол 3,4 сараар, үзвэл 1 жилээр эрх барьдаг. Бусдаас өшөө авдаг. Бусдыг гүтгэдэг хэрэгсэл болсон юм байна лээ.

Тэр захирамжийг Н гэдэг дарга 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 тоот захирамжаараа А.Бд газар олгосон захирамжийг хүчингүй болгосон даруйдаа тэрний хөрш байсан Ааар ингэж нэхэмжлэл гаргуулсан. Өөрөөр хэлбэл энэ нь 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тохиож байгаа юм.

Хэрэв А нь Б тэнд байшин хашаа хороо байж байхад асуудлыг Засаг даргад хандаж шийдвэрлүүлээд бариулахгүй байх бүрэн бололцоо байсан. Хоёрдугаарт 10 дугаар сард хашаа хороо барьсан байхад шүүхэд энэ асуудлыг нэхэмжилж 2016 оны 01 дүгээр сарын 19-нд нэхэмжлэл гаргана гэдэг бол цаанаа нэг нэгнийгээ тохирсон асуудал болж хувираад байгаа юм. Н нь Захиргааны хэргийн шүүхэд өгсөн тайлбар дээр мал осолдох худаг байсан гэсэн. Гэхдээ тэрэн дээр оронцог л байсан. Ингэж дандаа худлаа бичиж, хүн гүтгэж суудаг Н гэдэг дарангуйлагч байна. Тэгэхээр энэ асуудлаар тэр хашаа хороог албадан нүүлгэх хэмжээнд хүрэхээр Аы эрх зөрчигдсөн гэж үзэхгүй байгаа юм. Хавтаст хэрэгт авагдсан схем зургаас харахад нэлээн зайтай газар байсан. Тэрэн дээр зөвшөөрлийг нь аваад хашаа хороо барьсан байхад Аы эрх зөрчигдлөө гээд хол газар байгаа Бын хашаа, хороог буулгаж, газар чөлөөлнө гэдэг бол зүйд ч, хуульд ч нийцэхгүй гэж үзэж байна. Тийм учраас Бын барьсан өвөлжөөг Богино төмөр гэдэг газарт суудаг Аманхын нэхэмжлэлээр буулгаж албадан нүүлгэх асуудал өнөөдрийн хувьд хавтаст хэрэгт авагдсан материал болон бусад нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Иймд Аы эрх зөрчигдөөгүй учраас түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хүсэлтээр шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Х.А нь А.Х, А.Б нарын хууль бусаар барьсан хашаа, хороог албадан нүүлгэж, газар чөлөөлүүлсэн шийдвэр гаргаж өгөхийг хүсжээ. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох Баян-Өлгий аймгийн А сумын Газрын даамлаас 2013 оны 2 дугаар сарын 04-ний өдөр олгосон 000435682 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Хавдрашын Ад Баян-Өлгий аймгийн А сумын нутаг дэвсгэр болох Баянбулагт, богино төмөр гэх газраас хаваржааны зориулалтаар 700 м.кв газрыг 20 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон байна. Мөн Баян-Өлгий аймгийн А сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 83 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжаар Аы Бд А сумын Битүү харгантын усан сангийн дээд тал Дэрстэй эрэг гэх газраас 700 м.кв газрыг өвөлжөөний зориулалттай 30 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгожээ.

Нэхэмжлэгчээс Аы Бд газар эзэмшүүлсэн Баян-Өлгий аймгийн А сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 83 дугаартай захирамжийг хүчингүй болгосон Баян-Өлгий аймгийн А сумын Засаг даргын 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дугаартай захирамжийг гаргаж өгсөн боловч Захирамж хүчингүй болгох тухай А сумын Засаг даргын 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дугаартай захирамжийг тус аймгийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/169 дугаартай захирамжаар хүчингүй болгосон нь тогтоогдож байх тул Баян-Өлгий аймгийн А сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 83 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамж нь хүчин төгөлдөр гэж үзнэ. Тухайн шатны Засаг дарга хуульд заасан эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргаж иргэнд газар эзэмшүүлсэн бөгөөд уг газар нь Х.Аы Баян-Өлгий аймгийн А сумын нутаг дэвсгэр болох Баянбулагт, богино төмөр гэх газраас хаваржааны зориулалтаар эзэмшиж буй 700 м.кв газартай давхцаагүй болох нь шүүхээс хийсэн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байх тул А.Бын хашаа, хороо барьсан нь Х.Аы эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдэл гэж үзэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч Х.А нь ойр хавьд газар эзэмшүүлснээс бэлчээрийн даац хэтэрч мал маллах боломжгүй болж байна гэж тайлбарлаж байна. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т Зуслан, намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана. Тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг сум, дүүргийн Засаг дарга тогтоож, баг, хорооны Засаг дарга, иргэд мөрдөж хэрэгжүүлнэ. Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхийг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно гэж заажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар бэлчээрийг малчдад хэсэг бүлгээр ашиглуулахаар багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг даргаас шийдвэрлэсэн тухай нотлох баримтгүй тул хариуцагчийн уг тайлбарыг хүлээж авах боломжгүй байна. Иймд нэхэмжлэгч Х.Аы хариуцагч А.Х, А.Б нарын барьсан хашаа, хороог албадан нүүлгэж, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар Х.Аы А.Х, А.Б нарын барьсан хашаа, хороог албадан нүүлгэж, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК