Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2019/ШЦТ/73

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,

Улсын яллагч Д.Оюунбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж,

Шүүгдэгч Ж.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын
прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б-ид холбогдох эрүүгийн  1938000520069 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авчхянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ж.Б-, 

Шүүгдэгч Ж.Б- нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Х сумын - дугаар багт байрлах Х сургууль дотор согтуугаар Ж.Б-тай маргалдаж, нүүр лүү нь гараараа нэг удаа цохиж Ж.Б-ын биед тархи доргилт, баруун дээд, доод зовхинд зулгаралттай, баруун доод зовхинд шарх, хүзүүний гол доод хэсэг, ар доод хэсэгт цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Б- нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Х сумын - дугаар багт байрлах Х сургууль дотор согтуурсан үедээ Ж.Б-тай маргалдаж, нүүр лүү нь гараараа нэг удаа цохиж Ж.Б-ын эрүүл мэндэд тархи доргилт, баруун дээд, доод зовхинд зулгаралттай, баруун доод зовхинд шарх, хүзүүний гол доод хэсэг, ар доод хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: Би найз охин Нямгэрэл, найз Амармөрөн, Нямгэрэл, Лхасүрэнжав, Бархас нартай хамт заал авах гээд Х сургуулийн спорт заал орсон. Тэнд тэмцээнтэй байхаар нь “одоо заал олдох болов уу” гээд яриад зогсож байсан чинь ард нэг юм “тас” гээд явчихаар нь эргээд хартал Даваацэрэн гэх дуу хөгжмийн багш залуу манай найз охин Нямгэрэлийн толгой руу нь нясалчихсан байсан. Тэгэхээр нь би “чи яагаад манай найз охиныг нясалж байгаа юм бэ” гэсэн чинь Даваацэрэн “одоо чиний эхнэр болох гээд шаачихсан уу тэй, би гарч уулзмаар байна” гэхээр нь “чи болио, яагаад байгаа юм бэ” гээд түлхсэн чинь шууд намайг заамдаж авахаар нь би ижилхэн заамдалцаж аваад зогсож байтал сууж байсан Ж.Б- гэх багш залуу нь согтуу босож ирсэнээ “чи муу манай дүүг заамдаж авдаг хэн бэ” гэснээ зэрэг заамдалцаад авсан...Даваацэрэн нь миний араас боож аваад миний ухаан балартаад байж байтал манай найзууд салгасан. Ж.Б- нь миний нүд рүү гараараа цохисон...Тухайн үед би нүдний шилтэй байсан болохоор Ж.Б- багшийн цохилт нүдний шилэн дээр оноод нүүрийг маань гэмтээсэн. Би түүнд цохиулаад хэсэг ухаан балартсан. Ж.Б- багшид цохиулахад миний нүдний шил газарт унасан. Би тухайн үед цохиулсаныхаа дараа нүдээ нээж үзэхэд нүдний маань ойр орчмоос шил унахаар нь айсандаа нүдээ аниад жорлон руу гүйсэн. Тэгээд жорлон орж нүдээ угаачихаад сургуулийн Ж.Б-, Даваацэрэн багш нарыг хүлээсэн...Цагдаа ирэхийг хүлээгээд сургуулийн үүдэнд байж байхад Даваацэрэнг хэдэн эмэгтэй багш нар өмөөрөөд авч гарах гэж оролдсон. Тэр үед би найзуудтайгаа түүнийг гаргахгүй гэж оролдоод түүнтэй зууралдаж байхад Даваацэрэн нь хөлөөрөө цээж рүү гурваас дөрвөн удаа өшиглөсөн. Тэр эмэгтэй багш нар нь Даваацэрэнг авч гарсаныхаа дараа буцаж орж ирээд “хэдүүлээ тохирчихъё” гээд хэрүүл маргаан үүсгэж байсан. Удалгүй эргүүлийн цагдаа нар ирсэн...Тухайн үед Ж.Б- багш нь би ерөөсөө цохиогүй гэж худлаа мэдүүлж байсан...Энэ хоёр намайг зэрэг зодоогүй, ээлжилж зодож байсан...Би тухайн үед тархины томографикт харуулж, нүд, мэдрэл болон гэмтлийн эмч нарт үзүүлсэн. Дээрхи эмчилгээг Нэгдсэн эмнэлэг дээр хийлгэсэн. Эмчилгээндээ одоогийн байдлаар 150.000 төгрөг зарцуулсан байгаа. Миний нүд хурц юм харахаар өвдөөд байгаа, мөн толгой өвдөөд байгаа. Үүнээс болоод хувиараа өвчин намдаах эм ууж хэрэглэж байгаа. Би гомдолтой байна. Эмчилгээнд гарсан зардал болон цаашид гарах зардлыг нэхэмжилнэ. Мөн урагдсан куртик, шилээ нөхөн төлүүлж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 15-19-р тал/

Гэрч Д.Н-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2019 оны 01 дүгээр сарын 10-ны орой 20 цагийн үед... тухайн үед заал руу ороход тэмцээн болж байсан. Би тухайн үед тэмцээнийг хараад зогсож байхад надтай хуучин үерхэж байсан залуу болох Даваацэрэн миний зүүн талын хацар луу гэнэт цохиод авсан. Тэгэхээр нь би түүн рүү хараад “яаж байнаа” гэж хэлэхэд “чи намайг танихгүй байна уу” гэж байсан. Тэгэхээр нь би “би чамайг таниад яах юм бэ” гэж хэлэхэд найз Ж.Б- маань намайг өмөөрч миний хажуу талаас орж ирээд “чи яагаад байгаа юм бэ” гэхэд Даваацэрэн өөдөөс нь юм хэлсэнээ хана руу заамдаад түлхсэн. Тэгээд бид нар салгах гээд дундуур нь ороход хажуу талаас Ж.Б- гэх багш залуу найз залуу Ж.Б-ыг маань бариад авсан. Тухайн үед Даваацэрэнг Даваацэрэнг салгаад тавиулахад удалгүй Ж.Б-ын ард гарчихсан хоолойг нь гараараа чагтлаад боочихсон. Тэгээд Даваацэрэнг болиулах гээд оролдож байх хооронд л Ж.Б- гэх багш залуу найз залуу Ж.Б-ыг маань нүүр лүү гараараа хүчтэй нэг удаа цохисон. Тэгэж цохиулах үед найз залуугийн маань нүүрнээс цус гарсан. Тухайн үед найз залуу Ж.Б- маань нүдний шилтэй явж байсан болохоор Ж.Б- гэх багш цохихдоо шилэн дээр нь цохиод цус гаргачихсан...Тухайн үед Ж.Б- гэх залуу цагдааг хараад “би цохиогүй” гэж худлаа хэлж  байсан. Тэгээд дуудлагаар ирсэн цагдаа нар Ж.Б- гэх багшийг авч явсан...Тухайн үед Даваацэрэн намайг цохиж авсанаас болж маргаан гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал/

Гэрч Б.Д-йн мөрдөн шалгах ажиллгааны явцад өгсөн: 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр залуу багш нарын дунд сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдсан юм. Тухайн өдрийн орой 20 цагийн үед сургууль дээрээ тэмцээн үзэх гээд байж байхад миний хуучин үерхэж байсан Нямгэрэл гэх охин заалны үүдэнд зогсож байсан. Тухайн үед би Нямгэрэлийг харчихаад түүнтэй мэндлэх зорилгоор хацар луу нь гараараа зөөлхөн хүрээд “ хөөе сайн уу” гээд түүнтэй мэндэлсэн. Тухайн үед Нямгэрэл нь намайг танихгүй байгаа бололтой гайхаад харахаар нь “чи намайг танихгүй байгаа юм уу” гэж асуусан. Тэгэхэд Нямгэрэл юм дуугарахгүй, намайг танихгүй царайлсан. Тэгэхэд Нямгэрэлийн найз залуу болох нэг банди “хөөе найз охин яагаад байгаа юм бэ, пизда минь” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “зүгээр л таньдаг хүнтэйгээ мэндэллээ” гэж хэлсэн. Тэгэхэд тэр банди над руу дайраад унахаар нь “би таньдаг хүнтэйгээ мэндэллээ шүү дээ” гэж хэлээд түүнтэй маргалдаад хальт барилцаж авсан. Тэр банди бид хоёрыг барилцаж авсан байхад Ж.Б- багш хажуунаас босож ирээд намайг өмөөрч, тэр залуутай маргалдаж барилцаж авсан. Би тухайн үед Ж.Б- багшийг тэр залуутай барилцаж авахаар нь тэр хоёрыг салгах гээд тэр залуугийн урд энгэрээс нь бариад хойш татаад үүдээр гаргасан. Тэр бандийг үүдээр гаргаад “юун сүртэй юм бэ, таньдаг хүнтэйгээ л мэндэллээ шүү дээ, одоо болиод явцгаа” гэж хэлээд байж байхад л Ж.Б- багш дотроос гарч ирээд баруун гараараа тэр бандийн нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон. Тэр залуу нүдний шил зүүсэн байсан учраас Ж.Б- багшид цохиулсанаас болж нүдний шилнийх нь шил хагарч, баруун нүднийх нь доод зовхийг зүсэж гэмтээсэн. Би Ж.Б- багшийг тэр бандийг цохиод авахаар нь шууд салгаад буцаад заал руу оруулсан...Тухайн үед тэд нар цагдаа дуудчихсан “та нарыг явуулахгүй” гэснээ над руу дайрснаа намайг газарт унагаасан. Тэгээд унагаж байхдаа миний хөл, гар луу өшиглөсөн...Миний хувьд Нямгэрэлийн найз залуу болох Ж.Б-ыг огт танихгүй. Тухайн үед л Нямгэрэлийн найз залуу болохыг нь мэдсэн....Ж.Б- багш Ж.Б- гэх залуугийн нүүрэн тус газарт нь нэг л удаа цохисон. Өөр цохисон зүйл байхгүй...Би тэр залууг огт цохиогүй...гэх мэдүүлэг /хх-ийын 24-25-р тал/

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 47 дугаартай: Ж.Б-ын биед тархи доргилт, баруун дээд, доод зовхинд зулгаралттай, баруун доод зовхинд шарх, хүзүүний гол доод хэсэг, ар доод хэсэгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. Ж.Б-ын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 28-р тал/

Шинжээч Б.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Ж.Б-ын биед үүссэн тархи доргилт, баруун доод зовхинд шарх бүхий гэмтлүүд нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун дээд, доод зовхинд зулгаралт, хүзүүний гол доод хэсэг, ар доод хэсэгт үүссэн цус хуралт бүхий гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р тал/

Шүүгдэгч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ирээдүй сургуулийн гадна тэмцээн үзэж байгаад манай сургуулийн багш нар машинд нэг шил архи хувааж уусан юм. Тухайн үед 19:00 цаг болж байсан байх. Тэндээс гараад Х сургуулийн зааланд хагас шигшээ тоглолт нь болно гээд тэмцээн үзэх гээд очсон юм... Би тэмцээн үзэж байтал манай сургуулийн дуу хөгжмийн багш Даваацэрэн нэг залуутай маргалдаад спорт заалны үүдэнд заамдалдчихсан зогсож байсан. Би Даваацэрэн дээр очоод “юу болж байна, яагаад байнаа” гэхэд нөгөө залуу нь үгийн зөрөөгүй намайг заамдаж авсан. Тэнд хажуугаас бас өөр залуучууд байсан. Тэд нар нь намайг тал, талаас бүчиж авсан...Тэгээд ухаан балартаад тасарсан...Би Ж.Б- гэх залууг зодсоноо санахгүй байна. Тэр залуутай заамдалцаж байснаа санаж байгаа. Миний хоолойг боогоод байсан. Би заамдсныг нь тавиулах гэж ямар нэг үйлдэл хийсэн байж магадгүй...Би хохирогч Ж.Б-ын хохирлыг барагдуулаагүй...Би эмчилгээний зардалтай холбоотой баримт нэхсэн боловч баримт байхгүй гэсэн.::Би уг нь хохирогч Ж.Б-аас уучлалт гуйж, тохиролцъё, бодит гарсан зардлыг нь барагдуулъя гэсэн боловч надаас үндэслэлгүйгээр 10.000.000 төгрөг нэхээд байгаа учраас түүнээс хойш дахиж уулзаагүй. Надад угаасаа хүнд “май” гээд өгчих 10.000.000 төгрөг ч байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 43-46-р тал/

Хохирогч Ж.Б-ын эвдэрсэн гэх нүдний шил болон урагдсан гэх куртикт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9-р тал/

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 36-р тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

              Шүүгдэгч Ж.Б- нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Х сумын - дугаар багт байрлах Х сургууль дотор согтуурсан үедээ хохирогч Ж.Б-ын нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд, дээрх шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлт нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх үзэв.

              Шүүгдэгчийн үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учирч болохыг ухамсарлаж, түүнийгээ хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэр, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ж.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.           

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ж.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Ж.Б-ид Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Эрүүгийн 1938000520069 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ж.Б- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн 1938000520069 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР