| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2019/0043/Э |
| Дугаар | 39 |
| Огноо | 2019-03-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 39
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,
Шүүгдэгч: Д.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.М-д холбогдох 1935000990044 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 2 дугаар сарын 06-нд Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн ... оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй Д.М /РД:/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.М нь 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.А-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
1. Шүүгдэгч Д.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.М нь 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.А зодсон болох нь хохирогч Б.А-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 08-ны орой 18 цагийн үед гэрт ирээд морио идүүлэх /аргамжих/ гээд явж байтал манай хөрш Р /Р/ гэдэг залуу намайг “Та манайд ирж цай уу” гэхээр нь Р-н гэрт ороход манай эхнэр Ц, Р-ийн эхнэр Ө, Р-ийн найз Д-ийн М /Д.М/, Д М /А.М/ гэсэн хүмүүс байсан юм. Намайг ороход До.М, Дэ.М нар архи уугаад халамцуу эмэгтэйчүүдийн баяр тэмдэглэж байсан юм. Би цай уугаад сууж байтал намайг нэг шил архи тойруулаад өгмөөр байна гэхээр нь би архийг нь аваад гэрт сууж байсан хүмүүст нэг удаа архи хундлагалаж өгөөд өөрөө нэг хундага архи уусаны дараа Д-н М “Та намайг мал хулгайлсан гэж хэлсэн билүү” гэхээр нь би “Чамайг мал хулгайлсан гэж хэлээгүй. Найзаас чинь Дн М та хоёрыг алга болсон малын талаар мэдэх зүйл байгаа болов уу? гэж асуусныг та хоёрт буруугаар ойлгуулсан юм шиг байна” гэхэд Д-н М “Чи одоо ийм зүйл яриад хэрэггүй. Энэ тухайгаа дараа ярьж болно” гэж хэлэхэд Д-ийн М “Би энэ зүйлийн талаар одоо ярьна” гээд байсан юм. Тэгээд би архинаас нэг хундага уухад толгой эргээд байхаар нь гэрийн баганаас барид сууж байтал Д-ийн М миний өмсөж явсан хувцасаар миний хоолойг боохоор нь Дэ.М-ийн гарыг тавиулаад босох гэтэл дахиж намайг дараад баруун талын цээжин дээр өвдөглөж байгаад хувцасны захаар бооход Д-н М-г гэрт байсан нэг хүн ирээд салгаад авахаар нь би Р-ийн гэрээс гараад гадна сууж байтал баруун талын хавирга руу өшиглөхөөр эргээд харахад Д М “Чамайг ална шүү. Чи муу юу гээд байгаа юм бэ?” гээд над руу дайраад байхаар нь “Чи яаж байгаа юм бэ?” гэхэд “Чамайг алсан ч яадаг юм гэж байсан юм бэ?” гээд байсан. Би 3 жилийн өмнө Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг Улаан начин гэх газраас 6 хонь алдчихаад хайгаад явж байтал манай сумын нэг хүн та хонио их холоос хайж байна танай хажууд байгаа До.М, Дэ.М, О нар л авсан байх гэхээр нь О-ийн гэрт очоод ах нь 6 хонио алдаад хайгаад явж чи малд нүдтэй хол ойрын сураг сайн сонсдог танай хоёр найз До.М, Дэ.М нар авсан байж магадгүй чи надад сураг гаргаж өг гэж хэлхэд манай хоёр аваагүй гэхээр нь тэр хоёр аваагүй байсан ч чи надад сураг гаргаж өг гэж хэлээд яваад өгсөн юм. Тэгж хэлсэний дараа 2018 оны зун хөдөө явж байтал Дэ.М таараад та намайг малын хулгайд хардсан гэл үү гэхээр нь би чамайг малын хулгайд хардаагүй найз О-г чинь сураг гаргаж өг гэж хэлсэнээс өөр зүйл байхгүй гэхэд надтай маргалдах гээд байхаар нь хамт явсан хүмүсс нь салгаж аваад явсан. Энэ л Д-н М бид хоёрын маргалдах болсон шалтгаан юм. О гэж залуу Дэ. М, До.М нарт та хоёрыг Б.А ах 6 хонь хулгайлсан гэж байна гээд буруу ойлгуулсаныг Дэ.М одоо хүртэл дотроо бодож яваад 3 сарын 08-ны орой архи уучихсан халамцуу байхдаа миний баруун талын хавирга руу өшиглөж хугалсан юм. Тухайн өдөр Дэ.М-д өшиглүүлснээс хойш баруун талаар өвдөөд шөнө унтаж чадахгүй болохоор нь аймгийн нэгдсэн эмнэлэгт ирээд үзүүлэхэд таны баруун талын 11 дэх хавирга хугарсан байна гэж хэлсэн юм. Миний хавирганы гэмтэл эдгэрч илааршиж байгаа одоо надад өвдөх зовиурлах зүйлгүй. Д.М намайг “Э” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж миний эмчилгээний зардал, бусад хохиролийг барагдуулсан бөгөөд надад хохиролын талаар гаргаж өгөх баримт байхгүй, Д.М-оос нэхэмжлэх зүйлгүй, гомдол тэмцэл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5, 6-р тал/,
Гэрч Ж.Р-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн өдрийн өглөө би хоёр найзтайгаа түлшний мод бэлдээд 16 цагийн үед гэрт ирэхэд манай эхнэр, манай ээж, А ахын эхнэр гурав мартын 8 тэмдэглээд сууж байхаар нь би 0,5 литрийн Улаанбаатар нэртэй архи задлаж өгөөд гэрт байсан Д-н М, Д-ийн М нарт хундаглаж өгөөд дууссаны дараа цай, хоол болоод сууж байтал 3 сарын 07-ны өдөр манай найзын ээж маргааш та нар энэ архийг уугаарай гээд Болор нэртэй 0,75 литрийн архи өгсөнийг гаргаж ирэхэд А ахын эхнэр өчигдөр А энэ архийг хундагалана гээд байсан юм. Чи А-г дуудаар ир гэхээр нь би гэрээс гараад А-г ахыг дуудчихаад гэрт орж ирээд сууж байтал А ах манай гэрт ороод ирэхэд чи өчигдөр энэ архийг хундагалана гэж байсан архиа хийж өг гээд Болор нэртэй архийг өгөхөд А ах нөгөө архинаасаа гэрт байсан хумуүст 2 удаа тойруулсаны дараа би гэрээс гараад хонь малаа эргэж тойрч яваад гэрт ороод ирэхэд А Д-н М хоёр хэрэлдсэн, Д-н М та хоёр боль гээд сууж байхаар нь би та хоёр одоо боль өнөөдөр эмэгтэйчүүдын баяр, та нар хэрүүлээ боль гээд удаагүй байтал А, Д-н М хоёр босоод барьцалдаж аваад манай галыг унагаагаад хивсэн дээр халуун үнс асгархад А ахын эхнэр үнсийг шүүрдэж авахаар нь би А, Дэ.М хоёрыг та хоёр яаж байгаа юм бэ? манай гэрээс гар гэж хэлээд гэрээс гаргаад унасан галаа босгоод асгарсан үнсээ цэвэрлээд гэрээс гарахад А, М хоёр хоорондоо хэрэлдэж байтал А ахын хүүхэд ирэхээр нь ааваа аваад яв, сая манай гэр дотор М-тэй барицалдаж аваад гал өшиглөж унагаагаад хэрэлдээд байна аваад яв гэж хэлээд аавыг нь өгөөд явуулсан юм. А ах манай гэрийн гадна баруун талын хаяанд тамхи ороох гээд тамхиныхаа цаас бариад сууж байтал Дэ.М А ахын араас өшиглөөд авахаар нь До.М салгаж авсан юм. Д-н М-г чи Д-ийн М аваад гэрт ороод ир гэж хэлчихээд гэрт орж ирээд сууж байтал араас аваад ороод ирсэн юм. Тэгээд хоёр М манайд хоноод маргааш өглөө миний мотоцикль унаад яваад өгсөн юм. Маргааш нь А ах манай гэрт Д-ийн М-тэй ярилцаж байгаад гарч ирээд ах нь бас аймаг орохоор боллоо гэж хэлээд гэрлүүгээ яваад өгсөн. Удалгүй А ах хувцасааа өмсөөд явахаар хүрч ирээд машинд суугаад манай эхнэр, манай хүүхэд, А ах бид нар Б гээд манай найзыг аваад аймаг орсон юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р тал/,
Гэрч Ц.Ө-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай нөхөр өглөө Д-н М, До.М нартай хамт түлшний мод бэлтгэж ирнэ гэж хэлж яваад орой 16 цагийн үед ирэхээр нь би тэр гуравт хоол цай хийж өгөөд байж байтал манай хадам ээж, Амгалан ахын эхнэр хоёр орж ирэхээр нь манай нөхөр, Дэ.М, До.М нар бид гуравт эмэгтэйчүүдын баярын мэнд хүргээд Р Улаанбаатар нэртэй 0,5 литрийн архи гаргаж задлаад хундагалж өгөөд дууссаны дараа би дахиж хоол, цай хийгээд бид нар юм яриад сууж байтал хадам ээж өчигдөр До.М-ийн ээж мартаар хэрэглээрэй гэж Болор нэртэй архи өгсөн юм энэ архийг А би задлан шүү гээд байсан юм гээд манай нөхрийг чи яваад А ахыгаа дуудаад ир гэж хэлэхэд манай нөхөр А ахыг дуудхаар гараад дуудчихлаа гэж орж ирсэний дараа А ах ороод ирхээр нь би цай хийж өгсөний дараа хадам ээж чи энэ архиа хийж өг гэж хэлээд А ахад Болор нэртэй 0,75 литрийн архи өгөхөд А ах аваад гэрт байсан хүмүүст тойруулчихаад Д-ийн М тэр хоёр хоорондоо юм яриад сууж байтал манай хадам аав орж ирээд та нар ямар эрт баяр тэмдэглэж байна гэж хэлээд хадам ээжийг аваад гэртээ оруулчаад манай гэрт орж ирээд цай уугаад гарсаны дараа би ээжийг яаж байгаа бол гээд хадам аавын гэрт ороод ээжийг харчихаад гэрт ороод ирэхэд манай гал гэрийн дээд тал руугаа уначихсан А ахын эхнэр үнс цэвэрлэж байсан юм. Тэгээд удаагүй байтал манай нөхөр орж ирээд энд юу болж байгаа юм гэхээр би ээжийг хараад ороод иртэл ийм байдалтай байсан гэж хэлсэн юм. Би хэн нь хэнийгээ зодосныг хараагүй. Маргааш нь нөхөр бид хоёр явах гээд байж байтал А Улаангом сум руу явна гээд манай машинд суугаад Б гэж залуу бас явна гэж байсныг авах гээд Б-ийн гэрлүү явж байтал Б зам тосоод ирэхэд А ах машинаас буусан тэгэхэд Б А ахаас таны бие яасан юм бэ? гэж асуухад А ах хэлэхдээ “ахынхан хавирга өчигдөр гэмтээд одоо Улаангом руу орж хавиргаа үзүүлнэ” гэж хэлж байсан би А ахаас ямар учиртай хавирга нь гэмтсэн талаар асуугаагүй энэ талаар А ах надад ямар нэгэн зүйл хэлээгүй юм. ” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р тал/,
Гэрч А.Б-йн мөрдөн байцаалтад өгсөн: “... Тухайн өдөр манай аав ээж хоёр Р-ий гэрт байсан. Би малаа хариулж яваад орой малаа хотонд нь оруулаад байж байтал Р ахын гэрийн гадна хүмүүс маргалдаад байх шиг болохоор нь Р ахын гэр лүү алхаад гэрийнх нь гадна очиход манай аав газар дээр хэвтэж байхаар нь та яагаад газар дээр байгаа юм бэ? гэхэд аавыг нь Д-н М өшиглөөд босож чадахгүй байна гэхээр нь түшээд босгоод гэр лүү алхаж байтал ээж араас гарч ирээд бид 3 гэртээ ирсэн юм. Маргааш нь аав “ Би аймаг руу орж эмнэлэгт үзүүлэхгүй бол болохгүй юм шиг байна. Дэ. М-ийн өшиглөсөн газар өвдөөд байна” гэж хэлээд Р ахын машинд суугаад аймаг орсон юм. гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р тал/,
Гэрч Г.Ц-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би эхэлж задалсан архинаас нэлээд уугаад согтчихсон байсан. Нэг мэдэхэд манай нөхрийг Д-гийн М гэр дотор дараад авчихсан маргалдаж байгаад Р-ий галыг унгахаар нь би босоод асгарсан үнсийг цэвэрлэж байтал манай нөхөр Р-ий гэрээс гараад явсаны дараа Дэ.М араас нь гараад явсан. Би бас араас нь гарахад манай нөхөр Дэ.М хоёр маргалдаж байх шиг байхаар нь гэрт ороод До.М, Р нарт “гадаа манай нөхөр Дэ.М хоёр маргалдаж байна” гэхэд тэр хоёр гараад явсан. Удалгүй манай хүүхэд Р-ний гадаа ирээд аавыгаа аваад явахаар нь би бас Р-ний гэрээс гараад бид гурав хамт гэртээ ирсэн юм. Маргааш өглөө манай нөхөр “Миний баруун талаар өвдөөд байна. Өнгөрсөн шөнө Дэ.М араас өшиглөсөн газар өвдөөд байна, би аймаг орж эмнэлэгт үзүүлнэ” гэж хэлээд Р-гийн машинд суугаад аймаг руу явсан юм. Аймаг ороод эмнэлэгт үзүүлээд ярихдаа миний баруун 11 дэх хавирга хугарсан байна гэж над руу ярьсан юм. Тэгээд чи одоо яах гэж байна гэхэд “цагдаад өргөдөл өгөөд эмнэлэгт хэд хоног хэвтэж эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж эмч хэллээ” гэж хэлсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15-р тал/,
Гэрч А.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “... Б.А ах орж ирээд цай, хоол болоод сууж байгаад Болор нэртэй архийг гэт байсан хүмүүст хийж өгөөд сууж байгаад надад архи хундагалаж өгөхөөр нь би амсаж өгөөд гэрийн гадна гараад мод татаад сууж байтал гэр дотор хүмүүс чанга чанга дуугараад байхаар нь гэр лүү орох гэтэл Б.А Д.М хоёр гарч ирээд хоорондоо барьцалдаад байхаар нь “та хоёр юу болж байгаа юм бэ? “ гээд Д.М-г салгаж аваад Р-ний гэрт ороход галыг нь унагасан байдалтай байсан юм. Тэгээд Б.А ахын хүүхэд нь ирэхээр нь аавыгаа аваад яв гэж хэлээд өгөөд явуулсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/,
Шүүгдэгч Д.М-ын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2019 оны 3 сарын 08-ны өдөр манай найз нар болох Ж.Р, А.М хоёр манайд машинтай ирээд Р манайх түлшний модгүй болчлоо чи надад түлшний мод бэлдээд өгөөч гэхээр нь тэгье гээд бид гурав Р-ний машинтай түлээний мод бэлдээд 16 цагийн үед Р-ний гэрт ирээд модоо буулгаж дуусгаад гэрт нь ороход эхнэр нь бид нарт цай хийж өгөөд цайг нь уугаад сууж байтал гаднаас Р-ны ээж болох Э эгч, А-ийн эхнэр Ц нар ороод ирэхээр нь эмэгтэйчүүдын баярын мэнд хүргэе гээд хоол, цай идэж, уугаад сууж байтал Р Улаанбаатар нэртэй 0,5 литрийн архи гаргаж ирээд баярын мэнд гээд гэрт нь байсан хүмүүст архиа хундаглаж өгөөд дуусахад Р-ий ээж Э эгч өчигдөр М-ын ээж энэ архийг хэрэглээрэй гээд өгсөн гээд Болор архийг гаргаж ирэхэд А ахын эхнэр Ц эгч энэ архийг манай нөхөр хундаглана гэж байсан гээд Р-ийг чи гараад А ахыгаа дуудаад ир гэхэд Р гэрээсээ гараад А дуудчихлаа гээд орж ирсэн юм. Удалгүй А ах Р-ний гэрт орж ирээд хоол цай болоод сууж байтал Э эгч чи энэ архийг хундгалана гэж байсан архиа хундагал гээд Болор нэртэй 0,75 литрийн архиа өгөхөд А ах болор нэртэй архийг гэрт байсан хүмүүст 2 удаа хундагалаж өгөөд сууж байтал би А ахад та архи уусан үедээ нутаг усны хүмүүст Д.М, миний 6 хонийг хулгайлсан гэж хэлж явдаг эрүүл саруул үедээ ах нь дахиж тэгж хэлэхгүй гээд явдаг. Архи уусан үедээ намайг хулгай хийлээ гэж хэлж явдагаа боль гэж хэлээд А ахтай маргалдаад эхэлхэд А ах А.М, О, та гурав миний 6 мал идсэн гэж хэлээд гэрийн баганаас бариад босохоор нь би Амгалан ахыг заамдаад авахад А ах миний гарыг тавиулах гэж байгаад Р-ий гэрийн янданг түлхээд галыг нь унагачихаар нь та миний найзын гал голомт самарлаа гэж хэлээд Амгалан ахыг заамдаж аваад гэрээс гаргахад А.М, А ах бид хоёрыг салгах гээд дундуур орохоор нь А ахын нуруу хэсэг рүү өшиглөсөн юм. Тэгээд А.М намайг салгаж аваад Р-ий гэрт бид хоёр хоносон юм. Маргааш өглөө нь Р-ний гэрт босоод сууж байтал А ах орж ирээд өчигдөр чиний өшиглөсөн газар өвдөөд байна. Ах нь аймгийн төв орж эмнэлэгт үзүүлэхгүй бол болохгүй юм шиг байна гэхээр нь та тэгвэл аймаг ороод эмнэлэгт үзүүлээд над руу яриарай гэхэд за гэж хэлээд явсан юм. Би тэгээд хөдөө хоёр хоноод ирэхэд А над руу залгасан байсан. Намайг Д-гийн М гэдэг бөгөөд манай сумын иргэд Дэ.М гэж дууддаг юм. Манай найз А-ийн М-ыг До.М гэж дууддаг. А ахын гэрийнхэн нэрийг Д гэж дууддаг. А намайг өөрийнх нь зургаан тооны хонь хулгайлсан гэж хүмүүст яриад яваад байхаар нь тэр өдөр уур хүрээд өшиглөсөн. Би хохирогч Б.Аг Улаангом сумын хувийн Э эмнэлэгт 5 хоног хэвтүүлэн эмчлүүлэхэд 180.000 төгрөг, эмнэлэгээс гарсны дараа эм тариа аваарай гэж 100.000 төгрөг, нийт 280.000 төгрөг өгсөн бөгөөд Б.А-аас уучлал гуйж бид хоёр эвлэрсэн. Б.А надад гомдол тэмцэл нэхэмжлэн зүйл байхгүй гэсэн тул хэргийг хурдан хугацаанд шийдвэрлэж өгнө үү. Би буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.М нь хохирогч Б.А-г зодосны 11 дүгээр хавирганы далд хугарал, хүзүүнд зулгаралт үүссэн нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 236 дугаартай дүгнэлт /хх-ийн 23-р тал/-ээр тогтоогдсон байх тул түүний үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Д.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зйүлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.М нь “Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэж мэдүүлэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Д.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Б.А нь “Д.Мс нэхэмжлэх зүйлгүй, гомдол тэмцэл байхгүй” гэсэн мэдүүлэг өгснийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.М-ын хувийн байдлын талаар гэрч Ч.Д-ийн: “... Д.М манай 10 дахь хүүхэд юм. Д.М нь төлөв даруу зантай, бусадтай нөхөрлөхдөө сайн, хүний арга эвийг сайн олдог, мал маллах их сонирхолтой, хүнтэй маргалдаад зодолдоод яваад байдаггүй хүүхэд юм. Би ч гэсэн хүүхдүүддээ хүнтэй эвтэй яв, хүнтэй маргаж хэрэлдэж болохгүй, гэдэг талаас нь хэлж хэлж сургаж ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19, 20-р /,
гэрч П.Г: “...Би М-той 2003 оноос хойш найзлаж нөхөрлөж байна. Манай найз илүү дутуу ааш зан байхгүй, хүүхэд байхаасаа хөдөө мал дээр өссөн хүнийг сайн муу, хөгшин залуу, хүүхэд гэж ялгаж харьцдаггүй хүнтэй хүн ёсоор харьцаж чаддаг залуу байгаа юм. Бид хоёр найзлаж нөхөрлөх хугацаанд М-ыг хүнтэй маргаж зодолдсон талаар сонсож байгаагүй өчигдөр бид хоёр уулзаад сууж байтал найз нь хүн цохиод цагдаа дээр байна гэхээр нь гайхаад “чи бас хүнтэй маргаж хүн цохидог юм уу” гэхэд архи уучихаад хүнтэй маргалдаад ийм зүйл болчихлоо гэж надад хэлсэн юм. М найз нөхөд болон нутаг усандаа ажилч хөдөлмөрч, малд нүдтэй залуу гэж их ам сайтай байдаг юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р тал/,-үүд хэрэгт авагдсан байна.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, улсын яллагчаас торгох ял санал болгосон зэргийг харгалзан 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д 600 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Д.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.М-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ