Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2024/00489

 

Ц.Н*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Бадрах, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2024/00119 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ц.Н*******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 9/13 тоот 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/00150 тоот шийдвэрээр ******* ХЗХ-нд 57,959,218 төгрөгийн төлбөр төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан.

1.2. Тус хэрэгт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж Л.Ц*******гийн өмчлөлийн барьцаа хөрөнгө болох Ү-*******, Ү-******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ******* хороо, *******, гудамж байрны 42.4 м2 талбай бүхий 2 өрөө орон сууц, мөн 18 м.кв автомашины зогсоолын хамт шинжээч томилж 2 өрөө орон сууцыг 107,800,000 төгрөг, авто зогсоолыг 20,180,000 төгрөг нийт 127,980,000 төгрөгөөр үнэлж улмаар 2 дахь дуудлага худалдаагаар 50 хувь хүртэл үнийг бууруулж худалдах болсон юм.

1.3. Тус 2 дахь дуудлага худалдаа 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр болсон. Энэ талаар хөрөнгийн өмчлөгч Л.Ц*******д мэдэгдээгүй. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан дуудлага худалдаагаар эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч, бусад этгээд харилцан тохиролцох бөгөөд хэрвээ тохиролцоогүй бол үнийн саналын зөрүүн дээр дуудлага худалдаа явуулах хараат бус мэргэжлийн үнэлгээчин томилж саналыг тогтооно гэж заасан.

Барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгийг ХХК-ийн шинжээч 127,980,000 төгрөгөөр үнэлснийг зөвшөөрөхгүй. Өнөөдөр зах зээлийн ханш Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 2 өрөө байр 180,000,000 төгрөгийн ханштай автомашины зогсоол 40,000,000 төгрөгөөс 50,000,000 төгрөгийн ханштай байгаа.

Мөн шинжээч тайлангийнхаа 1.11.2-т үнэлэгдэж буй хөрөнгөнүүд нь хийцийн чанар байдал сайн, ашиглалт өнөөгийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж байгаа тул үйл ажиллагааны элэгдэл байхгүй гэж дүгнэсэн байтлаа үнэлгээг дэндүү доогуур гаргасанд гомдолтой байна.

Төлбөр төлөгч Ц.Н******* нь энэ асуудлыг зөвшөөрч *******т 1, 2 дахь дуудлага худалдааны талаар болон шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч тус шүүхэд удаа дараа хандсан боловч тус шүүгчийн захирамжид заасан зөрчил арилаагүй, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хандаагүй гэх шалтгаанаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, зөрчлөө арилгаж тус шүүхэд дахин хандаж байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 9/13 тоот 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Гарааш шилжүүлсэн тогтоол хэрэгт байхгүй.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Тус шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 150 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 698 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2022/00011 дүгээр тогтоолоор Ц.Н*******аас 57,513,700 төгрөгийг гаргуулж ******* ХЗХ-д олгож, дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн.

2.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолоор ажиллагааг үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ц.Н*******ад шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр биелүүлэхийг мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй төлбөрийг төлөх талаар санал санаачилга гаргаагүй.

2.3. Төлбөр төлөгч Ц.Н*******ын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Л.Ц*******гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* хороолол гудамжны байрны од байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204041213 дугаарт бүртгэлтэй 42.4 м.кв талбайтай орон сууц, тус байрны зоорийн давхрын эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, 18 м.кв талбайтай авто зогсоолыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн дугаар тогтоолоор битүүмжлэн шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл гардуулсан боловч шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөөгүй тул, 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн дугаар тогтоолоор хураан талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч Ц.Н******* нь орон сууцыг 240,000,000 төгрөгөөр, авто зогсоолыг 48,000,000 төгрөгөөр, өмчлөгч Л.Ц*******д үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 4-164/11488 тоот, 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 4-164/11646 тоот албан бичгүүдээр мэдэгдэхэд үнийн санал ирүүлээгүй ба төлбөр авагч ******* ХЗХ нь шинжээч томилж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн.

2.4. Талууд харилцан тохиролцоогүй тул 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 6/248 дугаар тогтоолоор шинжээч томилж, 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 127,980,000 төгрөгөөр үнэлсэн талаарх тайланг тус газарт ирүүлсэн. Үнэлгээний тайланг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарт 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 4-164/12991, 4-164/12992, 4-164/12990 тоот албан бичгээр мэдэгдсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт үнэлэгдсэн үнийн 70 хувиар тооцон орон сууцыг 75,460,000 төгрөгөөр, авто зогсоолыг 14,126,000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулах талаар төлбөр төлөгч, авагч, өмчлөгч нарт 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр албан бичгээр мэдэгдэн анхны албадан дуудлага худалдаанд ирүүлэхэд үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй.

2.5. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу орон сууцыг 53,900,000 төгрөгөөр, авто зогсоолыг 10,900,000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 9/12, 9/13 дугаар тогтоол, 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн мэдэгдлийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарт гардуулан өгсөн.

2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулагдсан хоёр дахь албадан дуудлага худалдаагаар орон сууц нь 92,000,000 төгрөгөөр, авто зогсоол нь 14,100,000 төгрөгөөр тус тус худалдан борлогдсон.

Төлбөр төлөгч Ц.Н*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*******ын гаргасан өмчлөгч Л.Ц******* хоёр дахь албадан дуудлага худалдааг мэдээгүй гэх нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах санаа зорилго агуулж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Н*******ын хариуцагч *******т холбогдуулан гаргасан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 9/13 тоот 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээд Л.Ц*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батболдын өмгөөлөгч авах, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцуулах эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан байна. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батболд нь 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүлээж аваагүй, гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангахгүй хэргийг хянан шийдвэрлэсэн.

4.2. Л.Ц*******гийн өмчлөлийн Ү-20204041213, Y-202040441615, дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн ******* хороо, *******, гудамж байрны 42.4 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны албадан дуудлага худалдааг 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулсан. Уг дуудлага худалдааны ялагчаар Ж.Уранбилэг шалгарч орон сууцыг 92,000,000 төгрөгөөр худалдан авах санал гаргасан бөгөөд 86,610,000 төгрөгийг 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр бүрэн төлсөн гэж уг тогтоолд бичсэн байна. Иймд Уг тогтоолд мөн Л.Ц*******гийн өмчлөлийн 18 м кв автомашины зогсоол нь хэрхэн яаж шийдвэрлэсэн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, нотлох баримт дутуу байхад хэрэг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

5. Давж заалдах гомдолд хариуцагч болон гуравдагч этгээд хариу тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Ц.Н******* нь *******т холбогдуулан 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 9/13 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/00150 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 698 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2022/00011 дугаар тогтоолоор Ц.Н*******аас 57,513,700 төгрөгийг гаргуулж, ХЗХ-нд олгож, хариуцагч Л.Ц*******д холбогдох зээлийн төлбөр гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-2204041213 дугаарт бүртгэлтэй, Л.Ц*******гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* хороолол , гудамж, 28 байрны од байрлах, 42,4 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц,

улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* хороолол , гудамж, байрны 7 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай авто зогсоолыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг *******т даалгаж шийдвэрлэжээ. /1-хх-ийн 38-44 дүгээр тал/

3.2. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд тухайн шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан Л.Ц*******гийн өмчлөлийн орон сууц, автозогсоолыг битүүмжилж, хураан авах ажиллагааг гүйцэтгэсэн байх ба худалдан борлуулах зорилгоор зах зээлийн үнэлгээг тогтоохоор 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор шинжээчээр ХХК-ийг томилсон байна. /1-хх-ийн 60-77, 79-94, 97-98 дугаар тал/

3.3. Шинжээч ХХК-иас орон сууцыг 107,800,000 төгрөгөөр, авто зогсоолыг 20,180,000 төгрөгөөр тус тус үнэлсэн.

3.4. Үл хөдлөх эд хөрөнгүүдийн анхны албадан дуудлага худалдааг 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 8/17, 8/18 дугаартай тогтоолоор 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулахаар болсныг талуудад 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн мэдэгдлээр мэдэгдсэн, анхны албадан дуудлага худалдаагаар үл хөдлөх хөрөнгө худалдан борлогдоогүй талаар баримт хэрэгт авагджээ. /1-хх-ийн 134-137, 144-146 дугаар тал/

3.5. Улмаар 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 9/12, 9/13 тоот тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдааг 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 10:00 цагт зохион байгуулахаар болсныг төлбөр авагч, төлбөр төлөгч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нарт 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн мэдэгдлээр тус тус мэдэгдсэн, хоёр дахь албадан дуудлага худалдаагаар орон сууц 92,000,000 төгрөгөөр худалдан борлуулагдсан талаарх баримт хэрэгт авагдсан байна. /1-хх-ийн 149-163 дугаар тал/

4. Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ болох үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хураан авах, хөрөнгийг үнэлэх, анхны албадан дуудлага худалдааны ажиллагааны талаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн зүгээс ямар нэг гомдол гаргаагүй байх ба дээрх ажиллагаанууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, хууль зөрчөөгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

5. Түүнчлэн хоёр дахь дуудлага худалдаа явуулах тогтоолоор дуудлага худалдаа явуулах хугацааг 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөр тогтоож, энэ талаар 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн, дуудлага худалдааны доод үнийг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2, 177.3, 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2 дахь хэсэгт нийцнэ.

Иймд хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. Харин хууль хэрэглээний хувьд Иргэний хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн нь оновчгүй болсныг залруулж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан дараах давж заалдах гомдлыг хангахгүй орхино.

6.1. Хэргийн оролцогч нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах, шүүх хуралдаанд оролцох эсэх нь тухайн этгээдийн хүсэл зоригт хамаарна. Иймд гуравдагч этгээдийн дээрх эрх зөрчигдсөн эсэх нь тухайн этгээдэд хамааралтай бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нэхэмжлэгчийн эрх, үүрэгт хамааралгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдахгүй.

6.2. Энэхүү маргаанд хоёр дахь дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гарснаас хойшхи иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хамааралгүй тул автозогсоолын өмчлөх эрх шилжүүлэх тогтоолыг энэ хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой нотлох баримт гэж үзэхгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхино.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2024/00119 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.2 гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

Т.ГАНДИЙМАА