Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 318

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг, 13-14 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, 54 настай, Боржигон овгийн Дуламын Баатарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал Г.Пүрэвдоржид холбогдох

“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх”-ийг хүссэн нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Баатар, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Баатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Баатар миний бие 1986 оноос өнөөг хүртэл Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд тасралтгүй 31 дэх жилдээ жижүүрийн ажлыг чанартай, шударга, чин сэтгэлээсээ хийж ирсэн. Гэтэл сургуулийн захирал Г.Пүрэвдорж нь 2016 оны 03 дугаар сарын дундуур өрөөндөө дуудаж надтай хамтарч ажилламааргүй байна гэдгээ хэлсэн. Улмаар намайг хулгайд хардаж, шууд тулган, хардлага сэрдлэгээр 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/13 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халсан. Би тушаалд дурдагдсан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаагүй тул намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Пүрэвдорж шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ганболд овогтой Пүрэвдорж нь Арвайхээр сумын ЕБ-ын 1 дүгээр сургуульд захирлын албан тушаал хашдаг бөгөөд тус сургуулийн жижүүр ажилтай Д.Баатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Учир нь жижүүр Д.Баатар нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа бусдын эд зүйлсийг санаатайгаар хулгай хийж гаргасан алдаа дутагдлаа ухамсарлаагүй тул 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ажлаас халсан билээ. Манай сургуулийн эд хөрөнгө болон бусдын эд зүйлс удаа дараа хулгайд алдагдаж байсан учир сургуулийн захиргаа ажиллахгүй байсан камерыг ажиллуулж бичлэг хийтэл тухайн жижүүр нь дээрх зөрчлийг 2016 оны 01 дүгээр сарын 31-нд үйлдсэн. Тэр үеэс хойш сар гарны хугацаатай бусад жижүүрүүд дээр ажигласан боловч дээрх жижүүр нь шиг алдаа гаргаагүй. Иймд миний бие тухайн жижүүрийг дуудаад сургалтын менежерийн хамт бичлэгийг үзүүлсэн. Жижүүр Д.Баатарт сургуулийн захиргаа маш их итгэл хүлээлгэж хамтрач ажиллаж байсан бөгөөд үнэхээр итгэж байсан хүн маань итгэл алдсан учир хамтарч ажиллахгүй ажлаас чинь халлаа гэдгээ хэлсэн. Энэ тухайн сайн бодоод иргээд надад хариу хэл гэсэн боловч ирээгүй дахин 03 сарын сүүлээр сургалтын менежерийн хамт дуудан оруулж ирээд өргөдлөө өг түүн дээрээ гаргасан алдаа дутагдлаа ухамсарлан бичээд ир гэхэд дуугараагүй. Жаахан шаардлага тавьсан чинь өөрөө би 04 сарын 01-нээс ажлаа өгье цалингийн зээлтэй гэж хэлээд удалгүй өрөөнөөс гарсан. Хэсэг хугацааны дараа 04 сарын 01-ний өдөр ажилдаа гараад өглөө ажлаасаа буунгуут өрөөндөө оруулж ирэн дахин хэлсэн боловч дуугараагүй. Үүний дараа миний бие өөрт нь хандаж цагаан цаасан дээр алдаагаа ухамсарлаад таван өгүүлбэр бичээд сургуулийн захиргаанаасаа уучлалт гуйж чадахгүй байгаа бол тушаалыг нь гаргалаа гэж хэлээд гаргасан. Хэсэг хугацаа өнгөрсөн боловч орж ирээгүй. Тэгээд 2016 оны 04 сарын 04-ний өдөр тушаалыг нь гаргасан. Тушаал нэг ширхэг үйлдээд бичиг хэргийн дэвтэр дээр бичилт хийлгээгүй, нийгмийн даатгалын дэвтэр дээр ажлаас чөлөөлөгдсөн тэмдэглэл хийгээгүй дахин л тухайн хүнийг алдаагаа ойлгоод ороод ирэх байх гэж бодсон боловч ирээгүй. Харин өөрөө нийгмийн даатгалын дэвтрээ бариад ажлаас чөлөөлөгдөх гарын үсэг зуруулаад авч явсан. Сургуулийн захиргаа итгэл хүлээлгэх удаа дараа алхам хийсэн болно гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад: 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Д.Баатар нь хариуцагч Өвөрхангай аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал Г.Пүрэвдоржид холбогдуулж “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

            Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2016 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн б/13 тоот тушаалаар Д.Баатарыг Сургуулийн дотоод журмын 6.2.3.г заалт буюу “Сургуулийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг хувийн зорилгоор худалдсан, хулгайлсан, зөвшөөрөлгүйгээр удаан хугацаанд ашигласан” зөрчил гаргасан гээд Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар ажлаас чөлөөлжээ.

 

            Хариуцагч нь нэхэмжлэгчийг сургуулийн эд хөрөнгө хулгайлсан гэж тайлбарладаг ч сургуулийн ямар эд хөрөнгө хулгайлсан талаар нотлох баримт гаргаж өгөөгүй, нэхэмжлэгч Д.Баатар нь сургуулийн эд хөрөнгийг хулгайлсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, гэрч Д.Ичинхорлоо, Д.Даваасүрэн нарын мэдүүлэгт сургуулийн эд хөрөнгө дутсан, алдагдсан зүйл байхгүй гэдэг, гэрч С.Шийлэгцэрэн, Д.Загарсүрэн, Г.Оюун-Эрдэнэ нарын мэдүүлэг, хэрэг авагдсан бусад нотлох баримтаар нэхэмжлэгч Д.Баатар нь сургуулийн болон бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэдэг нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч Д.Баатар нь ТҮ-1 зэрэглэлийн 5 дахь шатлалаар цалинждаг ба түүний үндсэн цалин нь сарын 415496 төгрөг болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн тодорхойлолтоор тогтоогдож байна гэж дүгнэлээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Баатарын ажилгүй байсан хугацааны цалинг түүний үндсэн цалингаар тооцож олгох нь зүйтэй ба ажилгүй байсан хугацаа нь ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдөр буюу 2016 оны 041 дүгээр сарын 04-ны өдрөөс шүүх хуралдаан болох өдөр хүртэл 3 сар 13 хоногоор тооцвол нэхэмжлэгч Д.Баатарын ажилгүй байсан хугацааны цалин 1500066 төгрөг байгаа ба Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 1500066 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч, хариуцагч нар нь өмгөөлөгч авч эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар хүсэлт гаргасан ч шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч хүсэлтээсээ татгалзсан, хариуцагч шүүх хуралдаан хойшилсон хугацаанд өмгөөлөгч аваагүй ба өөрийг нь эзгүйд шүүх хуралдаан хийх тухай хүсэлт гаргасан болно.              

Хариуцагч Г.Пүрэвдорж нь “өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгэх” тухай хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус зааснаар Боржигон овогт Дуламын Баатарыг Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн жижүүрийн үүрэгт ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны 3 сар 13 хоногийн цалин 1500066 төгрөгийг хариуцагч Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал Г.Пүрэвдоржоос гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн даатгал дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, хариуцагчаас 38951 төгрөгийг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        А.ҮҮРИЙНТУЯА