Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 135

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Ч” ХХК-ийн ерөнхий захирал Н.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хаяг: Баянзүрх дүүрэг, - дугаар хороолол, - дугаар хороо, Суманг плаза - тоот. 

Хариуцагч: Нийслэлийн Засаг даргад холбогдох,

Хаяг: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Ц.Жигжиджавын гудамж 7/1 Хангарьд ордон, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар.

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/54 захирамжийн дагуу сонгон шалгаруулалтад оролцож 1 дүгээр байранд шалгарсан 540*165 харьцаатай м.кв талбайтай дүйцэхүйц хэмжээний газрыг хүүхдийн тоглоомын талбай бүхий газар доорх гарааж барих зориулалтаар газар эзэмшүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн ерөнхий захирал Н.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Манай компани 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Нийслэлийн Засаг даргад 2012 оны Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт зарлагдсан орчны тохижилт бүхий олон давхар болон хүүхдийн тоглоомын талбай бүхий газар доорх гараашийн зориулалтаар газар эзэмшүүлэх сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар хандсаны дагуу хариуг Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр “Таны хүсэлтийг хүлээн авч танилцлаа. Газрын албаны 2012 оны 4/1147 тоот албан бичиг нь төсөл сонгон шалгаруулалтын дүнг танай компанид танилцуулсан байх бөгөөд гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл гэж үзэх боломжгүй байна. Мөн хүсэлт гаргагч “Ч” ХХК-ийн төлөөлөгч Ж.С-тай 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр утсаар холбогдож хүсэлтийн дагуу тодруулга авахад тус компанид газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгогдоогүй байсан тухай тайлбар өгсөн байдаг. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 175 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж зам, талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журамд заасны дагуу хүсэлтэд дурдсан асуудал нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт хамаарахаар заасан байх тул тус газарт хандах нь зүйтэй байна” гэж ирүүлсэн. Нийслэлийн өмчийн харилцааны газраас өгсөн хариу албан бичгийн дагуу бид 2015 оны 12 сард Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт дахин хандсан бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 10/846 тоот албан бичгээр “Нийслэлийн нутаг дэвсгэрт, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулахдаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 175 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журмыг мөрдөж байгаа тул журмын дагуу хандана уу” гэсэн хариуг бидэнд ирүүлсэн. Манай компанийн хувьд өмнө сонгон шалгаруулалтад орж 1 дүгээр байранд шалгарсан ч тухайн газраа эзэмшиж чадалгүй хохирсон тул Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газруудаас тус тус ирүүлсэн хариуг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж байна. 

“Ч” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/54 дүгээр захирамжаар зарлагдсан орчны тохижилт бүхий олон давхар болон хүүхдийн тоглоомын талбай бүхий газар доорх гараажийн зориулалтаар эзэмшүүлэх эрх олгох төсөл сонгон шалгаруулалтад Баянзүрх болон Сонгинохайрхан дүүрэгт 2 байрлалыг сонгон авч тухайн сонгон шалгаруулалтын бүхий л нөхцөл, болзлыг бүрэн хангаж оролцсон. Сонгон шалгаруулалтын хариуг Нийслэлийн газрын албанаас /хуучнаар/ 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 4/1147 тоот албан бичгээр ирүүлсэн. Үүнд: 

“... Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1 дүгээр байрны зүүн талд баригдах хүүхдийн тоглоомын талбай бүхий газарт доорх гараажийн зориулалтаар ирүүлсэн төсөл 244 оноогоор 1 дүгээр байранд

Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 8 дугаар байрны хойд талд баригдах хүүхдийн тоглоомын талбай бүхий газар доорх гараажийн зориулалтаар ирүүлсэн төсөл 192 оноогоор 2 дугаар байранд орсон болохыг тус тус мэдэгдэж байна. Төсөл сонгон шалгаруулалтад шалгарсан танай компани нь иргэдийн оролцоог хангаж ажиллах тал дээр анхааран, гарааж эзэмшигч иргэдтэй уулзаж санал хүсэлтийг хүлээн авч гэрээ байгуулан хамтран ажиллах шаардлагатай...” гэж ирүүлсэн. 

Нийслэлийн газрын албанаас ирүүлсэн албан бичгийн дагуу бид Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр байрны иргэд, оршин суугчдаас хүүхдийн тоглоомын талбай бүхий авто гарааж барих төслийн талаарх санал, хүсэлт, судалгааг нарийвчлан авч Нийслэлийн газрын албанд хүргүүлсэн. Тухайн үед манай компани тоглоомын талбай бүхий гараажийн зориулалтаар газар эзэмшүүлэх бүхий л шаардлагыг бүрэн хангасан байсан. Гэтэл 2012 оны зун Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль болж Ардчилсан нам Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал олонх болж Нийслэлийн Засаг даргаар Э.Б сонгогдож, Улаанбаатар хотод газар эзэмшүүлэх, барилга барих үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгохыг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан тул манай компани төрөөс гаргасан бодлого, шийдвэрийг хүндэтгэн хүлээцтэй хандаж, асуудлыг шийдвэрлэгдэх хүртэл хүлээсэн. Гэвч 2013 оны зун Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр байрны зүүн талын талбайд тоглоомын талбай барьж байна гэсэн мэдээллийн дагуу бид очиж уулзахад Нийслэлээс зарласан тендерт шалгарсан, нийслэлийн төсвөөс санхүүжүүлж байгаа, цаг хугацаа шахуу байгаа тул саад болохгүй байхыг хүсэж, тоглоомын талбай барьсан. Манай компанийн хувьд дээрх 2 байрлал дээр төсөл бэлтгэж сонгон шалгаруулалтад оролцоход ойролцоогоор 10 гаруй сая төгрөг, их хэмжээний цаг, хөлс хүчээ зарцуулсан боловч эцэст нь ямар ч үр дүнгүй болсон. Нийслэлийн хотын удирдлагууд өмнө нь гаргасан бодлого шийдвэрийг үгүйсгэж, өөрчилж байгаагаас шалтгаалж хувийн хэвшлийн компаниудад их хэмжээний хохиролтой байгаа. 

Ингээд 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас №175 тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам”-ыг баталж дахин өөр байрлалууд дээр сонгон шалгаруулалт зарлаж байгаа тул манай компани Нийслэлийн засаг даргад хандаж бидний нөхцөл байдлыг судалж, өмнө нь шалгарч байсан сонгон шалгаруулалтын дүн, зарцуулсан цаг хугацаа, зардал зэргийг харгалзан үзэж өөр байрлалыг дүйцүүлэн олгож өгөхийг хүссэн боловч хүсэлтийг огт хүлээн авахгүй байгаад гомдолтой байна. “Ч” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/54 захирамжийн дагуу сонгон шалгаруулалтад оролцож 1 дүгээр байранд шалгарсан 540*165 харьцаатай м.кв талбайтай дүйцэхүйц хэмжээний газрыг хүүхдийн тоглоомын талбай бүхий газар доорх гарааж барих зориулалтаар газар эзэмшүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...“Ч” ХХК нь 2012 онд газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтад 2 дугаар байршилд санал ирүүлэн оролцож Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 1 дүгээр байрны зүүн талд зарласан төслийн шалгаруулалтад шалгарсан, Сонгинохайрхан дүүрэгт зарласан байршилд 2 дугаар байранд орж төсөл нь шалгараагүй байна. Нийслэлийн газрын алба /хуучин нэрээр/-наас “Ч” ХХК-нд 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 4/1147 тоот албан бичгээр төсөл сонгон шалгаруулалтын дүн болон шалгарсан байршилд иргэдээс санал авч ирүүлэх талаар мэдэгдсэний дараа тухайн төсөл сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Нийслэлийн Засаг дарга 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр А/365 дугаар захирамжаар тус компанид Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, орон сууцны 1 дүгээр байрны зүүн талд байршуулан дээрээ хүүхдийн тоглоомын талбай бүхий газар доорх гарааж барих зориулалтаар 0,15 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн болно. Нэхэмжлэгч газар эзэмшүүлэх шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл тухайн байршилд газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ аваагүй, эзэмшүүлэхээр олгосон газрыг эзэмшиж, ашиглаагүй хирнээ өөр байршилд захирамж гаргахыг шаардах хууль зүйн үндэслэл байхгүй юм. 

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

Нэхэмжлэгч “Ча” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргаас газар олгосон эрхийн актын талаар нэхэмжлэгч тал хөрөнгөө зарцуулаад энэ барилгаа барихгүй байх ямар ч сонирхол бол байхгүй. Баримт бичгээр хандаж бүртгүүлсэн зүйл байхгүй. Хамгийн гол нь бидний тайлбарлаж байгаа зүйл бол Засаг даргын зүгээс гаргасан захирамж, тендерт шалгарсан компани иргэдэд мэдэгдэхгүй байгаа учраас энэ нөхцөл байдал үүссэн байгаа. Улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэх барилгын ажлаас бусад барилгын ажил гэж байгаа. Манай үйл ажиллагаанд хамааралгүй. Эрхийн акт хүчинтэй байхад 2012 оны 05 дугаар сард тухайн үед зөвшөөрөл авсан. Хэргийг хянаж шалгаж байхад үзлэг хийсэн. Өөр хаана нэг газар сул байгаа газрыг бид нарт өгчих. Нэгдүгээрт анх өгч байсан үнийн санал 2-3 дахин нэмэгдсэн байна. Барилга барих төсөв хөрөнгө өөр болж байгаа. Дээр нь иргэдээс санал авч барилаг барих хүндрэлтэй болж байгаа. Бүх зүйлийг тал бүрээс авч үзэх юм бол эдийн засгийн талаасаа ч нөгөө талаас ч бүх юм өөрчлөгдөж байна. Тухайн үеийн баримт бичиг хуулийн дагуу явагдсан. Нийслэлийн Засаг дарга мөрдөгдөж байсан актын дагуу сонгон шалгаруулалт зарласан бөгөөд оролцож хариу ирсэн. Иргэдээс авсан судалгааг Нийслэлийн Засаг даргад өгсөн. Нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан бөгөөд түүнээс хойш бид нар огт мэдээгүй. Тойм зургийг хийлгэж ирэх талаар хэлэх үүрэг Нийслэлийн Засаг дарга болон түүний харьяа байгууллагад байсан боловч түүнийгээ мэдэгдээгүй гэдгийг хариуцагчийн төлөөлөгч хэлсэн. Ямар шалтгаанаар тодруулаагүй гэдгийг одоо бол мэдэх боломжгүй. Энэ бол хариуцагчийн 100 хувийн буруутай үйл ажиллагаа байна. Бид нар газар эзэмших эрхтэй гэдгийг мэдээгүй цагт ямар ч үйл ажиллагаа хийх боломжгүй. Тийм учраас бидний зүгээс гаргаж байгаа шаардлага бол үндэслэлтэй юм аа. Нийслэлийн Засаг даргын захирамж хүчинтэй бол ямар үр дагавартай байх вэ гэдэг тодорхойгүй. Нийслэлийн Засаг даргын 2012 оны захирамж цаасан дээр байх ёстой юм уу, бодит амьдрал дээр хэрэгжих ёстой байсан юм уу. Захирамж хүчинтэй байгаа бол яаж хэрэгжих тодорхойгүй байгаа. Энэ газар дээр өөр компани тоглоомын талбай барьчихлаа. Төсвийн хөрөнгө зарцуулагдсан. Нэг талаар бид нараас авч байгаа татварын мөнгийг авч зарцуулж байгаа гэсэн үг. Тухайн үеийн иргэдтэй тохиролцож байсан тохиролцоо 5 жилийн дараа одоогийн үетэй харьцуулахад өөр болсон байгаа. Эдийн засгийн талаас гарааж барих үнийн дүн өссөн. Мөн бусад нөхцөл байдал өөр болсон. Засаг дарга буруутай үйл ажиллагаа хийсэн бол засаж залруулах шаардлагатай гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байгаа бөгөөд хангаж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч хоёр байршлын сонгон шалгаруулалтад оролцсон бөгөөд нэг байршилд шалгарч, нөгөө байршилд шалгараагүй талаар мэдсэн байдаг. Нийслэлийн Газрын албанаас 2012 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн албан бичгээр “Ч” ХХК-нд төсөл, сонгон шалгаруулалтын дүнгийн тухай мэдэгдэж, маргаан бүхий газар дээр нэгдүгээр байранд, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрлалд хоёрдугаар байранд орсон. Оршин суугчтай хамтран ажиллах шаардлагатай гэсэн утгатай албан бичгийг хүргүүлсэн байдаг. Нэхэмжлэгч энэ алба бичгийг авснаа хүлээн зөвшөөрч, мөн нэхэмжлэлдээ дурдсан байдаг. Хариу Захирамжийг яагаад мэдэх боломжгүй байсан талаар тайлбарласангүй. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 07 тоот тогтоол байдаг. Энэ тогтоол бол нэгдүгээрт төсвийн хөрөнгөөр хийгдэх ажлыг түр зогсоосон тогтоол байгаа. Энэ актыг мэдсэн атлаа өөрийнхөө актыг мэдэхгүй байх үндэслэл байхгүй. Яагаад гэхээр Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар газар эзэмших, ашиглуулах шийдвэр иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийн дагуу явагддаг. Мөн энэ 7 тоот 2012 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 313 тогтоолоор хүчингүй болсон байгаа. Сарын хугацаатай акт байсан. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлд газар эзэмшүүлэх журмыг заасан байгаа бөгөөд шийдвэр гарснаар иргэн, аж ахуйн нэгж гэрээ байгуулах ёстой. Хэрвээ та өөрийн энэхүү лавлах үүргээ биелүүлэн энэ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 7 дугаар тогтоолыг мэдсэн шигээ тухайн үедээ Газрын албанд хандаж акт байгаа эсэх талаар тодруулсан бол 2013 онд үйл ажиллагаа явагдах боломжгүй байсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дахь хэсэгт Захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах , эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох ийм агуулгатай шийдвэр байгаа. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс одоо бид нар энэ газраа эзэмшье гэсэн хүсэлтээ Газрын алба болон Нийслэлийн Засаг даргад хүсэлтээ огт тавиагүй. Хүчин төгөлдөр эрхийн акт байгаа. Бид нар бодит нөхцөл байдал дээр ашиглах боломжгүй болчихлоо дүйцэхүйц хэмжээний газар олгож өгнө үү гэсэн хүсэлт тавиагүй. Тиймээс энэ дээр Нийслэлийн Засаг дарга болон Газрын албаны эс үйлдэхүй харагдахгүй байна. Тухайн маргаан бүхий газрыг эзэмшиж, ашиглах талаар манай зүгээс нээлттэй гэж үзэж байна. Өөр газар эзэмших эрх олгохыг шаардаж байгаа нь нэгдүгээрт хууль зүйн үндэслэлгүй, хоёрдугаарт нэхэмжлэгч талд тухайн газарт тоглоомын талбай барих хүсэл сонирхол байхгүй байсан гэдэг худлаа биш. Хэрвээ тухайн газар дээр хүүхдийн тоглоомын талбай, гарааж барих хүсэл сонирхол байсан бол хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн акт гарсан байна гээд төслөө хэрэгжүүлэх боломж байсан. Нийслэлийн Засаг даргын 365 дугаар захирамж хүчингүй болсон зүйл байхгүй бөгөөд хүчин төгөлдөр байж байгаа. Засаг даргын захирамжийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжтой. Энэ захирамжийн дагуу архитектур төлөвлөлтийн даалгавар, зургийн дагавар, архитектур төлөвлөлт, зураг төслөө батлуулж, газар эзэмших гэрээгээ байгуулж, гэрчилгээгээ авч үйл ажиллагаагаа явуулах боломжтой гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Нэхэмжлэлийн шаардлага бол ийм хэмжээ бүхий газрыг өөр газарт эзэмшүүлэхийг даалгаж өгнө үү гэсэн. Засаг дарга буруутай үйл ажиллагаа явуулсан гэж хэлсэн. Хэрвээ маргаан бүхий газрыг эзэмших сонирхолтой байсан бол Нийслэлийн Засаг даргын буруутай үйл ажиллагаа байсан эсэх нь ач холбогдолгүй байсан. Гэтэл одоо нэхэмжлэлийн шаардлага бол огт өөр болсон. “Дүйцэхүйц өөр газар олгож өгнө үү, даалгаж өгнө үү” гэсэн шийдвэрийг шүүхээс хүсэж байгаа. Даалгуулах шийдвэр гаргая, даалгуулахыг хүсэж нэхэмжлэл гаргасан бол мэдээж эс үйлдэхүй байх ёстой. Маргаан бүхий газрыг биш өөр газар авах хүсэл сонирхолтой байгаа болохоор шинээр сонгон шалгаруулалт зарлаж өгнө үү гэж хандаагүй юм байна. Тиймээс энэ дээр Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс өөр газар эзэмших хүсэл сонирхлоо бодитоор илэрхийлээгүй, хэрвээ илэрхийлсэн байлаа гэхэд шийдвэрлээгүй эс үйлдэхүй байхгүй байгаа учраас бид нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ч” ХХК нь тус шүүхэд хандан “...Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/54 дүгээр захирамжийн дагуу сонгон шалгаруулалтад оролцож 1-р байранд шалгарсан 540*165 харьцаатай м.кв талбайтай дүйцэхүйц хэмжээний газрыг хүүхдийн тоглоомын талбай бүхий газар доорх гарааж барих зориулалтаар газар эзэмшүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” буюу “сонгон шалгаруулалтад оролцож шалгарсан байхад газар эзэмших эрхийг олгоогүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйтэй холбогдуулж, “дүйцэхүйц хэмжээний газрыг эзэмшүүлэхийг даалгах” агуулгатай нэхэмжлэл” гаргасныг шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүхэд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Орон сууцны хороолол орчмын гараажуудыг журамлах тухай” 397 дугаар захирамжаар “Орон сууцны хорооллын орчимд төлөвлөлт, зураг төсөлгүй, эмх замбараагүй баригдсан төмөр болон тоосгон гараажуудыг буулган газар эзэмшил, ашиглалтын нягтралыг сайжруулах замаар оршин суугчдын дэмжлэгтэйгээр дээрээ хүүхдийн тоглоом, амралтын талбай бүхий газар доогуур давхар авто машины гарааж барих ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх” зорилгоор Ажлын хэсэг байгуулан, 2011 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Орчны тохижилт бүхий нэгдсэн гарааж, авто зогсоолын байршил тогтоож газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх тухай” 686 дугаар захирамжаар нийт 30 байршилд “орчны тохижилт бүхий нэгдсэн гарааж”-ийн зориулалтаар иргэн, аж ахуй нэгжид газар эзэмших, ашиглах эрхийг төсөл сонгон шалгаруулах зарчмаар олгохоор шийдвэрлэж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2012 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн А/54 дүгээр “Газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалт явуулах тухай” захирамжаар нийт 8 байршилд төсөл сонгон шалгаруулалтыг зарласны 1.3 / Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны /Гаалийн/ 1 дүгээр байрны зүүн талд дээрээ хүүхдийн тоглоомын талбай бүхий газар доорх гарааж байгуулах зориулалтаар 0.15 га/ болон  1.6 / Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 8 дугаар байрны хойд талд дээрээ хүүхдийн тоглоомын талбай бүхий газар доорх гарааж байгуулах зориулалтаар 0.15 га /-д заасан байршилд нэхэмжлэгч “Ч” ХХК нь төсөл илгээж, сонгон шалгаруулалтад оролцжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Нийслэлийн Газрын албанаас 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Төсөл сонгон шалгаруулалтын дүнгийн тухай” 4/1147 дугаар албан бичгээр “Ч” ХХК-нд “... Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1 дүгээр байрны зүүн талд баригдах хүүхдийн тоглоомын талбай бүхий газар доорх гараажийн зориулалтаар ирүүлсэн төсөл 244 оноогоор 1-рт, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 8 дугаар байрны хойд талд баригдах хүүхдийн тоглоомын талбай бүхий газар доорх гараажийн зориулалтаар ирүүлсэн төсөл 192 оноогоор 2-рт орсон болохыг тус тус мэдэгдэж, ...иргэдийн оролцоог ханган ажиллах тал дээр анхааран, гарааж эзэмшигч иргэдтэй уулзаж санал хүсэлтийг нь хүлээн авч гэрээ байгуулан хамтран ажиллах шаардлагатай” гэсэн хариу хүргүүлснийг нэхэмжлэгч тал хүлээн авсан боловч “Ч*******” ХХК-д Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны  /Гаалийн/ 1 дүгээр байрны зүүн талд байршуулан дээрээ хүүхдийн тоглоомын талбай бүхий газар доорх гарааж байгуулах зориулалтаар 0.15 га ... газрыг ...15 жилийн хугацаатайгаар  эзэмшүүлэх эрх” олгосон Нийслэлийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 22-ний өдрийн А/365 дугаар захирамжийг мэдэгдээгүй нь Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4-т “Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн, эсхүл энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан арга хэмжээ авсан тохиолдолд энэ тухай хариуг биечлэн амаар буюу харилцах утсаар, эсхүл бичгийн зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ.” заасныг зөрчсөн байна. Үүний улмаас нэхэмжлэгч “Ч” ХХК нь тухайн талбайд, хүүхдийн тоглоомын талбай бүхий газар доорх гарааж байгуулахаар шалгарсан төслөө хэрэгжүүлж чадаагүй, уг газар дээр 2013 онд Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын захиалгаар “Х” ТББ тохижилтын ажил хийсэн болох нь маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэг, хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 1 дүгээр сарын 26-ний өдрийн 07/352 тоот албан бичиг, Нийслэлийн газрын албаны 2017 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 01/693 тоот албан бичиг, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны 1 дүгээр сарын 19-ны өдрийн 2/179 тоот албан бичиг болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.

Гэвч нэхэмжлэгч “Ч” ХХК нь “өөрт эерэг нөлөөлөл бүхий  Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/54 захирамжийн дагуу явагдсан сонгон шалгаруулалттай холбогдуулж нэхэмжлэл гаргаагүй, харин тухайн сонгон шалгаруулалтад оролцож шалгарсан байхад газар эзэмших эрхийг олгоогүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйтэй холбогдуулж, “дүйцэхүйц хэмжээний газрыг эзэмшүүлэхийг даалгах” агуулгатай нэхэмжлэл”  гаргасан байх бөгөөд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 07/195 тоот албан бичиг болон Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 09/138 тоот албан бичгээр “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 175 дугаар тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам”-ыг баталсан” бөгөөд “...газар доорх авто зогсоол, дээрээ хүүхдийн тоглоомын талбай барих зориулалттай сонгон шалгаруулалт одоогоор зарлаагүй”, нэхэмжлэгч “Ч” ХХК –иас Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан журмын дагуу  аливаа нэгэн байршилд газар эзэмшүүлж өгөхийг хүссэн хүсэлтийг тухайн шатны засаг даргад гаргаагүй байх тул шүүх ирээдүйд болох үйл явдлыг тус шүүх хуралдаанаар хэлэлцэн дүгнэх боломжгүй, “...дүйцэхүйц хэмжээний газрыг хүүхдийн тоглоомын талбай бүхий газар доорх гарааж барих зориулалтаар газар эзэмшүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхаас гадна биелэх боломжтой байх ёстой.

Иймд, нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 60 дугаар зүйлийн 60.2-т заасныг тус тус үндэслэн “...Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/54 захирамжийн дагуу сонгон шалгаруулалтад оролцож 1-р байранд шалгарсан 540*165 харьцаатай м.кв талбайтай дүйцэхүйц хэмжээний газрыг хүүхдийн тоглоомын талбай бүхий газар доорх гарааж барих зориулалтаар газар эзэмшүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэгч “Ча” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

  

 ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                            Г.МӨНХТУЛГА