Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2019/0175

 

 

 

 

“З т г” ОНӨААТҮГ-ын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, гуравдагч этгээд “И э ө” ХХК-ийн өмгөөлөгч Г.Д, гуравдагч этгээд “А т” ХХК-ийн өмгөөлөгч Ж.С нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0060 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд “И э ө” ХХК-ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “З т г” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0060 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 27 дугаар зүйлийн 27.2, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “З т г” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 377 дугаар захирамж, мөн дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/435 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/524 дүгээр захирамжийн “И э ө” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/829 дүгээр захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 (гурав) сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд “И э ө” ХХК-ийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Хэргийн товч агуулга:

Миний үйлчлүүлэгч буюу энэхүү захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож байгаа “И э ө” ХХК нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 377 дугаартай захирамжаар тус дүүргийн нутаг дэвсгэрт газар эзэмших эрхтэй болсон. Гэтэл уг газар дээр нэхэмжлэгч болон гуравдагч этгээд болох “А т” ХХК нар нь хууль бусаар шатахуун түгээгүүр барьж байгуулан ашиглаж эхэлсэн.

Улмаар энэхүү хууль бус үйлдлээ зогсоож “И э ө” ХХК-ийн эзэмшил газрыг чөлөөлж өгөхийг “А т” ХХК-иас хүссэн боловч уг хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан. Гэтэл “З т г” ОНӨААТҮГ нь “И э ө” ХХК-д газар олгосон захиргааны актуудыг илт хууль бус болохыг тогтоолгох, өөрийн эзэмшилд байсан газрыг эзэмшилдээ буцаан авах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж энэхүү захиргааны хэргийг үүсгүүлсэн.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн өдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 2007 оны 377 дугаар захирамж, 2015 оны А/435 дугаар захирамжийн “И э ө” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/829 дүгээр захирамжийн “З т н” ОНӨААТҮГ-т холбогдох хэсгийг хүчингүй болгох, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/524 тоот захирамжийн “И э ө” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох болгон өөрчилсөн. Гэхдээ шүүх хуралдаан дээр Нийслэлийн Засаг даргын А/524 тоот захирамжийн ... илт хууль бус болохыг тогтоолгох гэснийгээ редакцын алдаа гаргаж буруу бичсэн байна үүнийгээ хүчингүй болгох гэж тодруулж байна гэсний дагуу мэтгэлцээн явагдсан.

“И э ө” ХХК-ийн зүгээс шүүх хуралдаанд оролцохдоо илэрхийлсэн байр суурь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасан инженерийн шугамд холбогдсон, холбогдохоор төлөвлөгдсөн, холбогдох боломжтой газар учраас дүүргийн Засаг даргын хувьд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх эрхгүй, уг газрыг харин Нийслэлийн Засаг дарга шийдэх зохицуулалттай гэсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтын хувьд тухайн газар нь дээрх шаардлагын дагуу Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээнд хамаарах газар гэдэг нь нотлогддоггүй. Иймд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д заасны дагуу дүүргийн Засаг дарга шийдвэрлэх эрхтэй буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 377 дугаар захирамж нь хууль ёсны захирамж юм. Мөн “З т г” ОНӨААТҮГ (тухайн үеийн нэрээр Автобус 3 компани УҮГ) уг захирамжийг дэмжсэн байр сууриа 2008 оны 09 сарын 08-ны өдрийн 64 дугаартай албан бичгээр илэрхийлсэн байдаг. Гэтэл тухайн хуулийн этгээдийн удирдлага солигдсоноор өмнөх байр суурь өөрчлөгдөж тухайн захирамжийг дэмжсэн байр сууринаасаа татгалзаж захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байгаа нь буруу юм. Түүнчлэн энэхүү 2008 оны 09 сарын 08-ны өдрийн дэмжсэн албан бичигт үнэлэлт дүгнэлт өгвөл Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 377 дугаартай захирамжийн талаар хангалттай мэдсэн гэдэг нь нотлогдож байна.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 сарын 18-ны өдрийн 377 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 сарын 23-ны өдрийн А524 дугаар захирамжууд нь гарсан цаг хугацааны хувьд Захиргааны ерөнхий хуулийг дагаж мөрдөж эхлэхээс өмнө гарсан байдаг тул эдгээр захирамжуудын талаар гомдол, нэхэмжлэл гаргах тухайд Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй юм. Харин гомдол нэхэмжлэл гаргахтай холбоотой харилцааг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах журмын тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад заасан журмын дагуу гомдол нэхэмжлэлээ гаргах ёстой байсан ба эдгээр хуульд заасан гомдол, нэхэмжлэл гаргах хугацаа өнгөрсөн байдаг. “З т г” ОНӨААТҮГ-ын хувьд гомдол, нэхэмжлэл гаргах хугацааг хэзээнээс эхэлж тоолох боломжтой вэ гэхээр дээр дурдсан 2008 оны 09 сарын 08-ны өдрийн албан бичгийн огноогоор Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 377 дугаартай захирамжийг хэдэн өдөр гэж тооцох боломжтой байх ба үүнээс 30 хоног тоолбол 2008 оны 10 сарын 08-ны өдөр гомдол, нэхэмжлэл гаргах хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай анхан шатны шүүх хуралдаанд оролцсон билээ.

Шүүхийн шийдвэрийн тухайд:

Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь заалтыг хэрэглэх ёсгүй байсан. Учир нь дээр дурдсан инженерийн шугамд холбогдсон, холбогдохоор төлөвлөгдсөн, холбогдох боломжтой газар болох талаар нотлох баримтаар нотлогдохгүй байхад нотлогдсон мэтээр дүгнэж шийдвэрлэсэн нь буруу.

Харин Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь заалтыг хэрэглэх ёстой байхад хэрэглээгүй.

Мөн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн, хугацаа сэргээсэн ажиллагаа хийсэн зүйл огт байхгүй, анхнаасаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны актыг хүчингүй болгоход хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэхгүй гэсэн ойлголтоор хэргийг шийдвэрлэсэн зэрэг нь буруу.

Иймд давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээд “И э ө” ХХК-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Автобус-3” компанийн зүүн талд байршуулан үйлчилгээний барилга барих зориулалтаар 0.05 га газрыг гуравдагч этгээд “И э ө” ХХК-д эзэмшүүлэхээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 377 дугаар захирамж анх гарсан байна.

Улмаар 2008 оны 07 дугаар сарын 16-ны өдөр дээрх газрыг “И э ө” ХХК-д эзэмшүүлсэн эрхийн гэрчилгээг олгохдоо газрын хэмжээг 1500 м.кв гэж бичиж, газар эзэмшүүлэх гэрээг 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гэх баримтууд хэрэгт авагдсан байна.

Харин гуравдагч этгээд “И э ө” ХХК нь 2008 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр үүсгэн байгуулагдсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 12/10551 албан бичгийн хавсралтаар ирүүлсэн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, мөн “И э ө” ХХК-д 2007 онд нээсэн газрын хувийн хэрэг байхгүй, “И э ө” ХХК-ийн зүгээс газар эзэмших, ашиглах талаар гаргасан талаар баримт байхгүй болох нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албаны газрын хувийн хэрэгт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудаас үзвэл “И э ө” ХХК нь 2008 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр үүсгэн байгуулагдсан байхад Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 377 дугаар захирамжаар “И э ө” ХХК-д газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасныг зөрчиж, хууль бус шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

Мөн “И э ө” ХХК-д газар эзэмшүүлсэн 2007 оны 377 дугаар захирамж гарсны дараа “Автобус-3” компанийн захирал П.Д-ийн 2008 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 64 дүгээр албан бичгийг “И э ө” ХХК-д хүргүүлсэн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Автобус-3” компанийн зүүн талд байршуулан үйлчилгээний барилга барих зориулалтаар 0.05 га газрыг “Автобус-3” УҮГ-аас гуравдагч этгээд “И э ө” ХХК-д Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу газар эзэмших эрхээ шилжүүлсэн гэж үзэхгүй.

Тиймээс анхнаасаа Газрын тухай хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй гуравдагч этгээд “И э ө” ХХК-д “Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Автобус-3” компанийн зүүн талд байршуулан үйлчилгээний барилга барих зориулалтаар 0.05 га газар”-ыг эзэмшүүлэхээр гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 377 дугаар захирамж хууль бус болох нь дээрх үйл баримтаар тогтоогдсон тул түүнээс хойш “И э ө” ХХК-д маргаан бүхий газрын эзэмшүүлэхээр гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/435, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/524 дүгээр захирамжуудын “И э ө” ХХК-д холбогдох хэсэг нь хууль бус гэж үзнэ.

Иймд маргаан бүхий Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 377 дугаар захирамж, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/435 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/524 дүгээр захирамжийн “И э ө” ХХК-д холбогдох хэсэг хууль бус гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

Хэдийгээр “И э ө” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулсан, шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргах эрхтэй боловч маргаж буй газрын хувьд анхнаасаа хууль ёсны ашиг сонирхол үүсээгүй гуравдагч этгээд “И э ө” ХХК-ийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “И э ө” ХХК-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0060 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “И э ө” ХХК-ийн өмгөөлөгч Г.Д-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан гуравдагч этгээд “И э ө” ХХК-ийн өмгөөлөгч Г.Д-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                               Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                               Э.ХАЛИУНБАЯР