Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2016/0138

 


 “Ариг банк” ХХК, “Голомт банк” ХХК,

“Капитрон банк” ХХК, “Капитал банк” ХХК, “Хас банк” ХХК,

“Хаан банк” ХХК, “Худалдаа хөгжлийн банк” ХХК,

“Чингис хаан банк” ХХК, “Улаанбаатар хотын банк” ХХК-иудын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Тунгалаг даргалж, шүүгч Х.Батсүрэн, О.Зандраа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгч “Ариг банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Хүрэлбаатар, “Голомт банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа, “Капитрон банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт,  “Капитал банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Орхон, “Хас банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ, “Хаан банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхчимэг, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнх-Эрдэнэ, “Чингис хаан банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Булган, “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбат, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч П.Одгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Итгэлбат, Ц.Тэрбиш нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 705 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 60 дугаар магадлалтай, нэр бүхий 9 банкны нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Ариг банк” ХХК, “Голомт банк” ХХК, “Капитрон банк” ХХК, “Капитал банк” ХХК, “Хас банк” ХХК, “Хаан банк” ХХК, “Худалдаа хөгжлийн банк” ХХК, “Чингис хаан банк” ХХК, “Улаанбаатар хотын банк” ХХК-иуд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нараас 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдөр “Мэдээлэл хүсэх тухай” албан шаардлагыг арилжааны банкуудад хүргүүлсэн. Уг албан шаардлагын агуулгаас үзэхэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2014 оны 1/8 дугаар удирдамжаар арилжааны банкуудын зээл олгох үйл ажиллагаа Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд нийцэж байгаа эсэхийг шалгахаар болсныг мэдсэн. Үүний дагуу улсын байцаагч нар нь хяналт шалгалтын ажлыг бодитоор хийгээгүй бөгөөд хяналт шалгалтыг явуулахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчсөн.

Тодруулбал, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т "Хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх", 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах ба гагцхүү хуулиар эрх олгосон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх" зарчмыг баримтлахаар, 5.1-д “хяналт шалгалтыг эрх бүхий байгууллага хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийх”-ээр тус тус заасан.

Улсын байцаагчийн “Мэдээлэл хүсэх тухай” албан шаардлагаас үзэхэд төлөвлөгөөт бус хяналт шалгалт байх бөгөөд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д "Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр... хийнэ", 52.2-т "... иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл нь үндэслэлтэй гэж шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ", 52.3-т "Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ" гэж заасныг дагуу явуулах учиртай. Гэтэл улсын байцаагч нар хяналт шалгалт хийх болсон үндэслэл буюу хэн гэдэг иргэн, аж ахуйн нэгжийн гаргасан, ямар агуулгатай гомдлын хүрээнд тус хяналт шалгалтыг хийж байгаа, уг хяналт шалгалтын удирдамж зэргийг огт танилцуулахгүйгээр шууд албан шаардлага ирүүлэн шалгалт явуулах дараалал, журмыг зөрчсөн. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д "Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ" гэж заасан. Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас тус хяналт шалгалтыг хийх болсон үндэслэл, зорилго, хамрах хүрээ, бүрэлдэхүүн зэргийг танилцуулаагүй, 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1/8 тоот хяналт шалгалтын удирдамж, хяналтын хуудсыг танилцуулаагүй, нэг хувийг гардуулж өгөөгүй.

Шимтгэл, хураамж авах үндэслэлийн талаар: Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/236 дугаар тушаалаар баталсан "Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам"-ын  1.3.17-д “шимтгэл, хураамж" гэж банкнаас тогтоож, харилцагчаар төлүүлж буй үнийн  дүнгийн тодорхой хувиар илэрхийлсэн хэмжээг, эсхүл тогтмол тогтоосон дүнг ойлгоно" гэж заасан. Өөрөөр хэлбэл, шимтгэл, хураамж нь нэг л зүйл гэж тодорхойлсон агуулгагүй байх байна. Гэтэл улсын байцаагч нар тус журамд заагаагүй зүйлийг өөрсдийн үзэмжээр дүгнэн тайлбарлаж, Монголбанкны баталсан эрх зүйн актыг илт мушгин гуйвуулсан нөгөө талаар тухайн хэм хэмжээг тайлбарлах, мөрдүүлэх эрх олгогдоогүй атлаа эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл болсон. Дээрх журмын 3.2-т "Зээлийн бүтээгдэхүүний шимтгэл хураамж" гээд 3.2.1-т "Зээлдэгчээс авах шимтгэл, хураамжийн төрөл, хэмжээг банк тогтооно. Зээлдэгчийн оршин байгаа газар, үндэс угсаа, шашин шүтлэг, нийгмийн байдлаас хамааран ялгаатай шимтгэл, хураамж тогтоохыг хориглоно" гэж зааснаас үзэхэд зээлдэгчээс хэдэн төрлийн ямар хураамж, шимтгэл авахыг банк тогтоох эрхтэй бөгөөд зээлийн гэрээнд тусгаагүй шимтгэл, хураамжийг зээлдэгчээр төлүүлэхийг хориглодог. Улсын байцаагч нар тус журмыг "зээлийн хураамж, шимтгэл нь нэг төрлийн төлбөр, зээлийн хураамж, шимтгэл хоёрыг зэрэг авахгүй гэж журамласан байна" хэмээн тайлбарлаж байгаа нь ч хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Монголбанкны журмын агуулгад нийцэхгүй байна.

Иймд, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Мэдээлэл хүсэх тухай” 7/169 дүгээр албан шаардлагын “Хас банк” ХХК, “Чингис хаан банк” ХХК-д холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч, улсын байцаагчийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Хяналт шалгалтын тухай” 5/75, 5/77-5/80, 5/83, 5/85 дугаар дүгнэлтүүд, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 5/418, 5/420, 5/421, 5/424, 5/245, 5/426, 5/428 дугаар албан шаардлагын “Ариг банк”, “Голомт банк”, “Капитрон банк” ХХК, “Хас банк”, “Хаан банк”, “Худалдаа хөгжлийн банк”, “Чингис хаан банк” ХХК-д холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч, 5/76, 5/81 дүгээр дүгнэлт, 5/419, 5/422 дугаар албан шаардлагын “Капитал банк”, “Улаанбаатар хотын банк” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын  улсын байцаагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус газрын даргын баталсан 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1/8 дугаар удирдамжийн дагуу арилжааны банкуудын зээлийн нөхцөл, хүү, шимтгэл, хураамж болон зээлдэгчтэй байгуулж буй гэрээ нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг тогтоох хяналт шалгалтын ажлыг хийсэн. Хяналт шалгалтын ажлын хүрээнд улсын байцаагчийн 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 7/169 дүгээр албан шаардлагаар хяналт шалгалт хийж байгаа тухай мэдэгдэж, хамрагдаж буй банкуудад хяналт шалгалтын ажилд шаардлагатай баримт материал, тайлбар мэдээллийг ирүүлэхийг үүрэг болгосон. Гэвч банкуудын зүгээс 7/169 тоот улсын байцаагчийн албан шаардлагын биелэлтийг гаргаж ирүүлээгүй байсан тул албан шаардлагыг дахин хүргүүлсэн боловч шаардлагыг биелүүлээгүй бөгөөд энэ нь хяналт шалгалтаас санаатайгаар зайлсхийсэн, хяналт шалгалтын ажилд саад учруулсан, байцаагчийн шаардлагыг биелүүлээгүй хууль бус үйлдэл болно. Тухайн хяналт шалгалтын хувьд Өрсөлдөөний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.3 дахь заалтын буюу иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдол болон өөрийн санаачлагын дагуу хяналт шалгалт хийсэн. Мөн түүнчлэн зах зээлийн өрсөлдөөний асуудалд холбогдох асуудлыг хянан шалгах ажиллагааг илүү нарийвчлан зохицуулсан хууль нь Өрсөлдөөний тухай хууль бөгөөд Төрийн хяналт шалгалтын тухай хууль нь илүүтэй Мэргэжлийн хяналтын байгууллагын зөрчлийг хянан шалгах үйл ажиллагаанд холбогдох зохицуулалт юм. Улсын байцаагч нар нь Өрсөлдөөний тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д "улсын байцаагч зөрчлийг хянан шалгахдаа зөрчлийн тухай тэмдэглэл хөтлөх, үзлэг шинжилгээ хийх, шаардлагатай эд зүйл, баримт бичгийг түр хураах эрхтэй бөгөөд энэ ажиллагааг явуулахад Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан журмыг баримтална", Захиргааны хариуцлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "тэмдэглэлийг амаар гаргасан гомдол, хүсэлт, шаардлага хүлээн авах, зөрчил гаргасан этгээд, хохирогч, шинжээчийг асуух, зохих эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас үзлэг, шинжилгээ хийх зэрэг үйл ажиллагааны үед хөтөлнө" гэж тус тус заасны дагуу зөрчлийг хянан шалгах ажиллагааны явцад "зөрчлийн тэмдэглэл" үйлдэх нөхцөл, шаардлага гараагүй тул үйлдээгүй болно. Харин Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т "Улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх ба мөн хуулийн 11 дүгээр зүйлд заасан баталгаагаар хангагдана" гэж заасны дагуу зөрчлийг хянан шалгах ажиллагаанд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн зөвхөн 10, 11 дүгээр зүйлд заасан зохицуулалт хамаарах юм.

Шимтгэл, хураамжийг давхардуулан авсан гэх асуудал болон бусад зүйлд:

Нэхэмжлэгч арилжааны банкууд нь зээлдэгчийн авч буй зээлийн хэмжээнээс үл хамааран зээлийн дүнгийн /зээлийн төрлөөс хамааран/ 0,25-1 хувь хүртэл хэмжээний шимтгэл, мөн хураамжид 500-40,000 төгрөг авч байна. Гэтэл зээл олгосны нэмэлт зардал яагаад зээлийн үнийн дүнгийн 0,25-1 хувь хүртэл байгаа нь тодорхойгүй. Зээлдэгч бүх баримт бичгээ нотариатаар гэрчлүүлэх, барьцааг улсын бүртгэлд тэмдэглүүлэх зэрэг зардлаа өөрөө төлдөг. Харин банк зээл олгох эсэх талаар "судалгаа" хийж, зээлдэгчийн эдийн засгийн чадавхийг үнэлдэг. Үүнд зээлдэгчийн барьцаа хөрөнгийг үзэх, улсын бүртгэлийн лавлагаатай танилцах, зээлийн баримтыг бэлтгэх, хувилах зэрэг багтана энэ нь зээлийн үнийн дүнгийн 0,25-1 хувьтай тэнцэхүйц хэмжээнд хүрэх боломжгүй. Банкуудын зээл олгох чадвар нь бусад аж ахуй эрхлэгчдээс давуу бөгөөд нийтэд мэдээлж тухайн зээлийн шимтгэлийн хэмжээг байнга хэрэглэх замаар давуу байдлаа буруугаар ашиглаж, зээлдэгчийг хохироож байна. Өөрөөр хэлбэл зээл авахыг хүссэн этгээд хамгийн түрүүнд банкнаас зээл авахаар зорьж очдог. Зээлийн шимтгэл, хураамжийг авдаг арилжааны банкууд яагаад зээлийн шимтгэл авч байгаа талаар тайлбарлахдаа зээл олгоход гарч байгаа зардал гэж мэдээлдэг боловч яг ямар зардал гарч байгаа, зээлийн үнийн дүнгээс хамаарч ялгавартай зардал гаргадаг эсэх талаар огт тайлбарладаггүй бөгөөд бусдыг төөрөгдүүлж, угаасаа авах ёстой мэт ойлголт төрүүлдэг. Зээлдүүлэгч арилжааны банк болон зээлдэгч нь гэрээний харилцаанд оролцохдоо тэгш эрхтэй боловч арилжааны банк нь хөрөнгийн болон эрхийн давуу байдлаа ашиглан өөрийн шимтгэл, хураамж авах нөхцөлийг шууд тулгаж нөгөө тал гэрээний нөхцлийг хүлээн авахаас аргагүй байдалд оруулах замаар зээлдэгчдийг хохироож байна. Өрсөлдөөний тухай хуулийн үзэл баримтлал нь аж ахуй эрхлэгчдийн шударгаар өрсөлдөх боломжийг хангах, хэрэглэгчийг хохироохоос хамгаалах зорилготой бөгөөд үүнийг хэрэгжүүлэх зорилгоор Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т "өөрийн бараа бүтээгдэхүүний талаар худал, зөрүүтэй мэдээлэх, эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлэхийг хориглоно”, 12.1.10-т "хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэхийг хориглоно” гэсэн заалтуудаар бүх аж ахуй эрхлэгчдийн зах зээлийн үйл ажиллагааг журамласан байдаг. Нэр бүхий 9 банк нь өөрийн давуу байдлаа ашиглан зээл олгоход гарч буй зардлыг буруу мэдээлж бусдыг төөрөгдүүлсэн, шимтгэл, хураамж авах гэрээний нөхцөлийг тулгасан, уг шимтгэл, хураамжийн хэмжээг үндэслэлгүйгээр, ялгавартай тогтоож авдаг зэрэг үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.10, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.9 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн. Иймд, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 705 дугаар шийдвэрээр, 1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.4, Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 20.3.2-т заасныг баримтлан “Хас банк”, Чингис хаан банк”-ны “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн “Мэдээлэл хүсэх тухай” 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 7/169 дүгээр шаардлагыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

2. Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 19 дүгээр зүйлийн 1, 28 дугаар зүйлийн 1.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дугаар зүйлийн 311.2, 10 дугаар зүйлийн 10.9.8, Өрсөлдөөний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.1.4, 20 дугаар зүйлийн 20.2, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.9-т заасныг баримтлан “Ариг банк”, “Голомт банк”, “Капитрон банк”, “Капитал банк”, “Хас банк”, “Хаан банк”, “Худалдаа хөгжлийн банк”, “Чингис хаан банк”, “Улаанбаатар хотын банк”-уудад гаргасан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн “Зөрчил арилгуулах тухай” 5/418, 5/419, 5/420, 5/421, 5/422, 5/424, 5/425, 5/426, 5/428 дугаар албан шаардлагууд, “Хяналт шалгалтын тухай” 5/75, 5/76,  5/77, 5/78, 5/79, 5/80, 5/81, 5/83, 5/85 дугаар дүгнэлтүүдийг хүчингүй болгосон байна.

3.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч 9 банкнаас тус бүр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, “Хас банк” “Чингис хаан банк”-аас төлсөн төлбөрийн 50 хувь, бусад банкнаас төлсөн төлбөрийн 100 хувиар хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 60 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Итгэлбат, Ц.Тэрбиш нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Анхан болон давж заалдах шатны шүүх маргаж буй асуудалтай харьцуулан үзвэл тэс өөрөөр ойлгон дүгнэлт өгсөн байна. Зүй нь, зээлийн бүтээгдэхүүний хувьд хүүгээс гадна шимтгэл болон хураамжийг давхардуулан авч байгаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэсэн асуудлаар маргадаг. Гэтэл Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажилллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно” гэж зааснаас үзвэл, зээлийн бүтээгдэхүүний хувьд үнэ /зээлийн хүү/ авсан атал давхардуулан дахин төлбөр авч байгаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн тодорхой зүйл, хэсэг, заалтуудыг зөрчсөн гэж үзсэн.

Зээл олгосны шимтгэлийг гарч буй зардалтай уялдуулан үндэслэлтэй тогтоох асуудлаар: Тус газрын улсын байцаагчдын хувьд “зээлийн үнийн дүнгээс хамаарч гарах зардал өөрчлөгдөхгүй адилхан зардал гарна” гэж маргаагүй, харин зээлийн үйлчилгээ үзүүлэхэд гарч буй зардалтай холбож тайлбарласан. Тухайлбал, зээлийн бүтээгдэхүүний хувьд тухайн зээлийн  үйлчилгээний явцад гарч болох зардал нь зээлийн дүнгээс үл хамаарч харилцагч бүрт харилцан адилгүй байх боломжтой байтал жишээ нь “1 хувь” гэх байдлаар хатуу тогтоож байгаа нь өрсөлдөөний тухай хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж байна. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2-т “аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнтэй гэрээ байгуулахаар санал гаргаж байгаа тал нь дараах нөхцлүүдийг гэрээний стандарт нөхцөлд тусгасан бол тэдгээр нь хүчин төгөлдөр бус байна: 202.2.5-д “гаргасан зардлыг хэт өндрөөр буюу нэмэгдүүлэн тооцож шаардах эрхийг өөртөө олгосон” гэж заасныг, мөн Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжийг банкнууд ноцтой зөрчсөн гэж үзсэн болно.

Зөрчлийг нотлоогүй, хяналт шалгалтыг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэх асуудлаар: Хяналт шалгалтын арга барилын хувьд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2-т “нотлох баримт шаардлагагүй зөрчлийг илэрмэгц газар дээр нь шийдвэрлэхээр заасан. Өрсөлдөөний тухай хууль болон Хэрэглэгийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжийг зөрчсөн зөрчлийн шинж  байдал, түүнийг илрүүлэх онцлог нь харьцангуй хиймэгц биелэх шинжийг агуулдаг, өөрөөр хэлбэл анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэрт дурдсан шиг “газар дээр үзлэг шинжилгээ хийх” биет ажиллагаа төдийлөн шаардаагүй онцлогтой байгааг харгалзан үзэх нь зүйтэй болов уу. Мөн улсын байцаагчийн зүгээс “шүүх нотлох баримт цуглуулах ёстой” гэсэн байр сууринаас бус харин шүүхийн хэлэлцүүлгийн явцад Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан “нийтэд илэрхий үйл баримт” гэж заасныг үндэслэн тайлбарласан болно. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлага нь шууд хууль зүйн үр дагавар үзүүлээгүй, хариуцлагын утга агуулгагүй, харин иргээдүйд банк, санхүүгийн салбарт бий болох хөгжил, зөв хандлага, өрсөлдөөнийг бий болгох, хэрэглэгчийн эрхийг илүү таатай хангах орчин, нөхцлийг бүрдүүлэхэд мэргэжлийн байгууллагын зүгээс үзүүлж буй дэмжлэг, чиглүүлж байгаа үйл явц юм. Анхан болон давж заалдах шатны шүүх асуудалд ул суурьтай хандаагүй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийг огт хэрэглээгүй, Монголбанкны Ерөнхийлөгчийн баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмыг оновчтой хэрэглээгүй, буруу тайлбарлаж дүгнэсэн, нотлох баримтыг буруу шинжлэн судалсан, Захиргааны хариуцлагын тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “арилжааны банкуудаас иргэд, аж ахуйн нэгжид олгож буй зээлийн шимтгэл, хураамж болон тэдгээртэй байгуулж буй гэрээ нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд нийцэж байгаа эсэхийг шалгах тухай” 1/8 дугаар удирдамжийг баталж, тус газрын улсын ахлах байцаагч Б.Ариунаа, Ж.Очирхуяг, улсын байцаагч М.Мөнхбаяр, мэргэжилтэн К.Жархынбек нар арилжааны банкуудад холбогдох хяналт шалгалтыг явуулжээ.

Хяналт шалгалтаар улсын байцаагч нар “шимтгэл, хураамж нь нэг төрлийн, нэг удаагийн төлбөр” гэж үзэн давхардуулан авахгүй байх, зээлийн шимтгэлийг зээл олгоход гарах зардалтай харьцуулахад өндөр тогтоосон, гэрээний харилцаанд оролцогчдын эрх тэгш байдлын зарчмыг зөрчсөн” гэсэн дүгнэлт гаргаж, улмаар “зээлийн үйлчилгээний шимтгэл, хураамжийн талаарх мэдээллийг зээлдэгчдэд бүрэн, үнэн зөв өгч байх, зээлийн шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй байх, зээл олгосны шимтгэлийг гарч буй зардалтай уялдуулан үндэслэлтэй тогтоох тухай” албан шаардлагуудыг тус тус арилжааны банкуудад хүргүүлсэн байна.

Нэхэмжлэгч нараас дээрх дүгнэлт, албан шаардлагуудыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ.

1. Хариуцагч дүгнэлт, албан шаардлагаа “шимтгэл, хураамж нь нэг төрлийн нэг удаагийн төлбөр тул аль нэгийг /шимтгэл эсхүл хураамж/ авахыг шаардсанаас бус шимтгэл авахыг бүр хориглоогүй, хууль зүйн үр дагавар үзүүлэхгүй” гэж тайлбарлажээ.

Монголбанкны Ерөнхийлөгч 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/236 дугаар тушаалаар батлагдсан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын 1.3.8-д “зээлийн бодит өртөг” гэж зээлдэгчээр төлүүлж  буй зээлийн бодит үйлчилж буй хүү, шимтгэл, хураамж, бусад нэмэлт зардлыг багтаасан дүнг жилийн хувиар илэрхийлснийг”, 1.3.17-д “шимтгэл, хураамж” гэж банкнаас тогтоож, харилцагчаар төлүүлж буй үнийн дүнгийн тодорхой хувиар илэрхийлсэн хэмжээг, эсхүл тогтмол тогтоосон дүнг” гэж тус тус тодорхойлж, тэдгээрийн бодох аргачлалыг заасан байна.

Уг журмын агуулгаас үзэхэд шимтгэл, хураамжийг нэг төрлийн төлбөр гэж үзэх боломжгүйгээс гадна зээл олгох үйл ажиллагаанд шимтгэл, хураамж авахыг хуулиар хориглоогүй байна.

Нэхэмжлэгч нар зээл олгох үйл ажиллагаандаа хуулиар хориглоогүй бөгөөд эрх бүхий байгууллагаас шимтгэл, хураамж авахыг зөвшөөрсөн журмыг гэрээний нөхцөлд тусган иргэний эрх зүйн харилцаанд оролцож байгааг буруутгах үндэслэлгүй тул хариуцагчийн “шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй байх”-ыг шаардсан нь буруу болжээ.

2. Улсын байцаагчийн “шимтгэл нь зээл олгоход гарч буй зардалтай харьцуулахад өндөр тогтоогдсон” гэсэн дүгнэлт, “шимтгэлийг зээл олгоход гарч буй зардалтай уялдуулан үндэслэлтэй тогтоох тухай” албан шаардлага нь үндэслэл бүхий болж чадаагүй гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Учир нь, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11 дэх заалтын дагуу улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг хариуцах үүрэгтэй.

Хариуцагчаас дүгнэлт, албан шаардлагаа гаргахад үндэслэсэн тооцоо судалгаа, хяналт шалгалтын материалаа ирүүлэхийг шүүх удаа дараа шаардсаны дүнд банкуудын зээлийн нөхцөл, зээл хүссэн иргэд, аж ахуйн нэгжийн бүрдүүлбэл зохих материал, зээлийн төрлөөс хамаарч төлөх шимтгэл, хураамж, тэдгээрийн судалгааг ирүүлсэн байх бөгөөд ямар баримтад үндэслэж уг судалгааг гаргасан нь тодорхойгүй, мөн банкнаас зээл олгохтой холбогдуулан зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээ, тайланг судлах, зээл хүсэгчийн үйл ажиллагаатай танилцах, судалгаа хийх зэрэг бусад үйл ажиллагааны зардлын тооцооллыг нарийвчлан гаргаагүйг шүүхүүд “зөрчлийг бодитоор шалган тогтоогоогүй” гэж дүгнэсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11 дэх заалт, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...тухайн асуудал нь нийтэд илэрхий үйл баримт тул дахин нотлох шаардлагагүй...” гэжээ.

 “Чингис хаан банк” ХХК, “Худалдаа хөгжлийн банк” ХХК зээл олгосны хураамж авдаггүй, харин бусад нэхэмжлэгч нар шимтгэл, хураамжийн аль алиныг авдаг болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон, энэ талаар хариуцагч маргаагүй бөгөөд үүнийг нийтэд илэрхий үйл баримт гэж үзэж болох юм.

Харин “шимтгэл, хураамж нь зээл олгоход гарч буй зардлаас хэт өндөр тогтоогдсон” гэсэн дүгнэлтээ хариуцагч нотолж чадаагүй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байхад уг үйл баримтыг нийтэд илэрхий гэж үзэх үндэслэлгүй юм. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.4 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэж “Чингис хаан банк” ХХК, “Хас банк” ХХК-ийн гаргасан “Мэдээлэл хүсэх тухай” улсын байцаагчийн албан шаардлагыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, түүнчлэн нэхэмжлэгч нар зээлийн үйлчилгээ үзүүлэхдээ өөрийн бүтээгдэхүүний талаар худал, зөрүүтэй мэдээлсэн, эсхүл үнэн байдлыг гуйвуулсан, бусдыг төөрөгдүүлсэн үйл ажиллагаа явуулсан байдал тогтоогдоогүй, хариуцагч энэ талаарх дүгнэлт, албан шаардлагаа нотолж чадаагүй гэж үзэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Хэдийгээр нэхэмжлэгч нэр бүхий банкууд “холбогдох албан шаардлага, дүгнэлтийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх захиргааны актуудыг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь зөрчилтэй боловч үүнд нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь гомдол гаргаагүй тул хяналтын шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3-т “...нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн... нийт 561,600 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай” гэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д заасан “хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах” зарчимд нийцээгүй, давж заалдах шатны шүүх энэ алдааг засаагүй байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 705 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай” гэснийг “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ч.ТУНГАЛАГ

 

                             ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН