Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 1128

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/02599 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Хын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХд холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 48 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Х,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХ,

Хариуцагч ХХ,

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие ХХд 20 000 000 төгрөгийг 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдөр хугацаагүй, сарын 1.9 хувийн хүүтэй зээлүүлсэн бөгөөд энэ мөнгийг буцааж төлөхийг 2015 оны 12 дугаар сард шаардсан ч мөнгийг өгөөгүй байна. Үүнд хүү сард 1.9 хувь, 20 сарын нийт 7 600 000 төгрөг, нийт 27 600 000 төгрөг, мөн 10 500 000 төгрөгийн барьцаат зээлэнд миний үнэт эдлэлийг 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр тавьж зээл аваад төлөөгүй, би эд зүйлээ алдахгүйн тулд тэр зээлийнх нь хүүг 14 сар буюу 5 145 000 төгрөгийг 2015 оны 7 дугаар сарын 23-нд төлж авсан учир 15 645 000 төгрөг шаардаж байна.

ХХгийн хүүхэд ХХХХХы Мандах дээд сургуулийн сургалтын 2014 оны төлбөр 1 800 000 төгрөгийг тушаасан. Энэ мөнгийн ХХ надаас зээлж дараа өгнө гээд тодорхой хугацаагүй авсан. 2014 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 25-ныг хүртэлх 7 сарын хугацаанд ХХ мөн хугацаагүй зээлж, нийт сарын 629 000 төгрөгийг байрны зээлэнд авч, 7 сарын хугацаанд 4 403 000 төгрөгийг гэж Хаан банкинд төлүүлж үүнийгээ буцааж өгөөгүй.

Эдгээр мөнгийг зээлж авахдаа Солонгос явна, үйлдвэр худалдан авсан гэж хэлж авсан бөгөөд Солонгосоос над руу байнга ярьж байсан. Надад ХХ нь монетан эдлэл өгч байгаагүй. Иймд түүнээс дээрх 48 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2014 оны 3 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээгээр нийт 27 600 000 төгрөг гаргуулахыг шаардсан байна. Гэтэл энэ мөнгийг нэхэмжлэх болсон зээлийн гэрээ гэх зүйлийг би огт хийгээгүй, ийм мөнгө аваагүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу гэж шаардсан атлаа ямар ч баримт гарган өгөөгүй, юуг үндэслэн ийм мөнгө нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Х бид хоёрын хооронд ямар нэгэн зээлийн гэрээ, хэлцэл хийсэн асуудал огт байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Миний бие Уртцагаан дээр алт, монет авч борлуулдаг ажил эрхэлдэг. 2013 оны сүүлчээр нэхэмжлэгч нь надад мөнгө өгч монет авхуулдаг болсон. Уг монетаа Солонгос руу татваргүй нуун гаргаж ашиг олдог байсан ... би өмнө нь Солонгосоос машин, хуучин сэлбэг, дарханы багаж, хэрэгсэл оруулж ирэх зэргийн наймаа эрхэлдэг байж байгаад 2013 онд Солонгос улсад нэхэмжлэгчтэй танилцаж, тохиролцоод 6 удаа түүний бараа буюу монетыг зөөж өгч, урамшуулал авдаг байсан, үүнээс болж Солонгос шоронд орсон, шоронд байх хугацаанд нэг удаа хүүхдүүдэд маань 100 000 төгрөг өгч хоол ундны материал авч өгсөн, хүүгийн сургалтын төлбөр, байрны лизингийг төлж байсан нь үнэн боловч буцааж төлнө гэж огт ярилцаж тохиролцоогүй. ...

ХХХХХХХ ломбарданд үнэт эдлэл тавиулж мөнгө авсан тухайд 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр “хүнд монет байна” гэхээр нь Хт хэлсэн чинь “манайд хүрээд ир, мөнгө алга байна, түр эдгээрийг ломбардад тавиад авчихъя” гэсэн. Тэгээд нэг хүнд их хэмжээний мөнгө зээлдүүлсэн гээд үнэт эдлэлээ 2 хуваагаад би Сансарт байрлах “ХХХХХХХ” ломбардад 10 500 000 төгрөгөөр тавьсан. Х 4 замд таньдаг ломбардад тавина гээд явсан. Удалгүй над руу ХХХХХХгаас гээд 11 000 000 төгрөг шилжүүлсэн. Уг мөнгөөр бүгдээр нь монет авч Хт өгсөн. Тэр над руу мөнгө шилжүүлж, би барааг нь авч өгдөг, байнгын харилцаатай байсан. Иймд Хт нэг ч төгрөгийн өр байхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар хариуцагч ХХгаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 36 703 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12 745 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 397 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХгаас улсын тэмдэгтийн хураамжид 341 465 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо:

Шүүх энэ хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд зээлийн гэрээ байгуулсан эсэхийг шалгаж тогтоолгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгчээс хариуцагчид зээлүүлсэн гэх 20 000 000 төгрөгийн баримт хэрэгт авагдаагүй, харин миний шүүхэд өгсөн банкны дансны хуулга дээр өөр хүний дансаар орсон мөнгийг өөрөө зээлүүлсэн мэтээр тайлбар хийж, нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн мөнгийг хариуцагчид зээлсэн үү гэдгийг тогтоолгүйгээр шууд зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэнд гомдолтой.

2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр “ХХХХХХХ” ломбардад нэхэмжлэгчийн монетон эдлэлийг тавьж мөнгө авсан гэх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан баримт дээр мөнгө хүлээн авсан, бараа хүлээлгэн өгсөн хүний гарын үсэг нь хариуцагчийн гарын үсэг биш, нэхэмжлэгчийн өөрийнх нь гарын үсэг байсан. Мөн хариуцагч Монгол Улсад байхгүй байсан талаарх нотлох баримтыг гаргаж өгсөн байхад шүүх уг мөнгийг нэхэмжлэгчээс хариуцагч зээлсэн, тэдний хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэж 36 703 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Миний хувьд нэхэмжлэгчтэй ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй, харин бид хуучин монетон эдлэл Солонгос руу гарган зардаг байсан, мөнгө өгч авч байсан гэдгийг шүүхэд тайлбартаа хэлсэн, түүний барааг авч яваад Солонгост саатуулагдсантай холбоотой өмнө нь Мөрдөн байцаах газраас намайг болон түүний нөхрийг сэжигтнээр шалгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотой нотлох баримтаа мөн шүүхэд өгсөн. Нэхэмжлэгчээс надад Солонгос улс руу явуулсан монетон эдлэл буюу бараанаас болж сэтгэл санааны болон өр төлбөрийн асар их хохирол амссан, өнөөдрийг хүртэл би дээрх асуудалтай холбоотой өр зээлийг төлж дуусаагүй байгаа.

Нэхэмжлэгч дээрх эрүүгийн хэрэгт хамаатай асуудлыг надтай холбоогүй, миний талаар битгий хэлээрэй, өөрөө аваад гарчих, би ар гэрт чинь санаа тавина гэж намайг хуурч байрны зээл, хүүхдийн сургалтын дээрх төлбөрүүдийг хийж байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан шүүх нотлох баримтыг үнэлэхдээ тал бүрээс нь бодитойгоор үнэн зөв эргэлзээгүй үнэлэх тухай заалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Нэхэмжлэгч Х нь хариуцагч ХХд холбогдуулан зээлийн төлбөр гэх 48 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч “зээлийн гэрээ байгууллаагүй, бэлнээр мөнгө аваагүй, барьцаалан зээлдүүлэх газарт түүний эд зүйлийг тавьж, зээлсэн мөнгийг өөрт нь өгсөн” гэх үндэслэлээр маргаж, хүүхдийн сургалтын төлбөрт төлсөн 1 800 000 төгрөгийг төлсөн талаар маргахгүй гэжээ.

2014 оны 3 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч Х нь хариуцагч ХХгийн, ХААН банкны 5077061139 дугаарын дансанд 20 000 000 төгрөгийг шилжүүлсэн, “ХХХХХХХ” ХХК-ийн Барьцаат зээлийн үйлчилгээний баримтаар 10 500 000 төгрөгийн зээл ХХгийн нэрээр олгогдсон үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

/хх 3-6, 58 дугаар тал/

Шүүх талуудын хооронд үүссэн маргааныг зээлийн гэрээгээр зохицуулагдах эрх зүйн харилцаа гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцэж байх бөгөөд зээлдэгч зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлж, шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Түүнчлэн тухайн зээл тус бүрийн хүүд нийт 12 745 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгохдоо, хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх, уг шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж зохицуулсан Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.3 дахь хэсэгт заасныг үндэслэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч Х нь хариуцагч ХХгийн хүсэлтээр түүний орон сууцны зээлд, сар бүр 629000 төгрөгийг 2014 оны 5 сараас 2014 оны 11 сар дуустал хугацаанд төлсөн гээд 4 403 000 төгрөг зээлийн төлбөртөө тооцсон. Хэрэгт авагдсан баримтаар 6, 7, 9 сарын төлбөрийг төлсөн болох нь тогтоогдсон боловч шүүх уг төлбөрийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

Учир нь дээрх шаардлагатай холбоотой нотлох баримтыг ХААН банкнаас гаргуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэх явцад хариуцагч энэ талаар маргахгүй гэж тайлбар гаргасныг шүүх зөв үнэлжээ.

Хариуцагч ХХгийн хувьд 20 000 000 төгрөг өөрийн дансанд орсон талаар үгүйсгээгүй, уг төлбөр зээлийн бус тооцоо болохыг баримтаар нотлоогүй, 10 500 000 төгрөгийг барьцаалан зээлдүүлэх газраас аваад Хт өгсөн гэх тайлбар болон тэрээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж буй үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргах үүргээ биелүүлээгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/02599 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ХХгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 341 465 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах ба энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       С.ЭНХТӨР

 

                                                                                                Т.ТУЯА