Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
Хэргийн индекс | 130/2016/00334/И |
Дугаар | 130/ШШ2016/00388 |
Огноо | 2016-06-27 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 130/ШШ2016/00388
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дугаар багт оршин суух, Ж харажан овогт Ший Тгийн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ш.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: 1987 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Улаан уулын хайгуул ашиглалтын үйлдвэрт хүдэр ялгагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч Ш.Т шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Би Улаан-уулын ашиглалт хайгуулын үйлдвэрт 1987 оноос 1996 он хүртэл ажилласан. Хөдөлмөрийн дэвтрийг анх 1997 онд нээлгэсэн ба 1994 он хүртэл бичилт хийгдсэн. Дээрх хугацаанд ажилласан байдлын талаар баримтууд архиваас гараагүй. Дээрх ажилласан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Иймд миний Улаан уул ашиглалт хайгуулын үйлдвэрт 1987 оноос 1996 он хүртэл ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 04 сарын 06-ны өдрийн 232 дугаартай аймгийн Архивын лавлагаанд: Улаан-уулын хайгуул ашиглалтын үйлдвэрийн баримтыг архивт шилжүүлээгүй тул иргэн Ш.Тд холбогдох архивын лавлагаа өгөх боломжгүй гэсэн боловч Ш.Т нь Баян-Өлгий аймаг дахь Улаан уулын хайгуул ашиглалтын үйлдвэрт 1987 оны 07 сарын 13-наас 1993 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл хүдэр ялгагчаар ажиллаж байсан нь доорхи нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:
-1982 оны 06 сарын 20-ны өдөр нээсэн 006631 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт: овог, нэр Шаамий Товхот, төрсөн 1963 он, боловсрол дунд, мэргэжил тэжээл бэлтгэл механикжуулагч, хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч Товхот гэж бичигдсэн, хөдөлмөрийн дэвтэр олгосон Хэнтий ХАА-н ТМС гэж бичигдсэн, зурагтай хөдөлмөрийн дэвтрийн 6-7 дугаар хуудсанд 03. 1987. 07.13. Уулан уулын хайгуул ашиглалтын үйлдвэрт малталтын хүдэр ялгагчаар авч ажиллуулав. Даргын 1987 оны 07 сарын 13-ны өдрийн 85 тоот тушаалаар гэх бичигдсэн бичилтээр,
-БНМАУ Геологи, Уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Баян-Өлгий аймаг дахь Улаан уулын гянт болдын хайгуул ашиглалтын үйлдвэрийн 1987 оны 07 сарын 13-ны өдрийн 85 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай ... Шайман овогтой Тобылийг 7-р сарын 13-ны өдрөөс эхлэн Ховд голын хэсэгт малталтын хүдэр ялгагчаар түр хугацаагаар томилон ажиллуулсугай гэх тушаалаар,
-БНМАУ Хүнд үйлдвэрийн яамны харьяа Баян-Өлгий аймаг дахь Улаан уулын хайгуул ашиглалтын үйлдвэрийн даргын 1993 оны 12 сарын 27-ний өдрийн 41 дугаартай Ээлжийн амралтын хувиар баталж, амралт олгох тухай тушаалын хавсралтын 55 дугаарт Т 1-1 бичигдсэн бичилт, мөн 1993 оны 01 сарын 18-ний өдрийн 02 дугаартай Хүн амын нийгмийн баталгааг хангах тухай тушаалын хавсралтын 29 дүгээр Шайман Тобохты 5-р зэрэг гэж бичигдсэн бичилт болон 1993 оны 01 сарын 02-ны өдрийн 01 дугаартай Амралт олгох тухай тушаалын нэгдүгээр хавсралтын 18 дугаарт Т гэж бичигдсэн бичилтээр тус тус нотлогдож байна.
БНМАУ Эрчим хүч, Уул Уурхайн үйлдвэр, Геологийн Яамны харьяа Баян-Өлгий аймаг дахь Улаан-уул хайгуул-ашиглалтын үйлдвэрийн даргын 1989 оны 08 сарын 28-ний өдрийн 33 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах, өөр ажилд шилжүүлэх тухай тушаалаар хүдэр ялгагч Шайман овогтой Тобыхыг энэ оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн газар доор тоног төхөөрөмжийн слесариар томилсугай гэх тушаалаар тоног төхөөрөмжийн слесариар томилсон мөртлөө тоног төхөөрөмжийн слесариар ажиллаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.
Баян-Өлгий аймаг дахь Уул уурхай Геологийн Кызыл Тау компаний гүйцэтгэх захирлын 1996 оны 06 сарын 25-ний өдрийн 30 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар компанийн хүдэр ялгагч Ш.Тг 1996 оны 06 сарын 25-наас эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх боловч Ш.Т нь Уул уурхай Геологийн Кызыл Тау компанийн хүдэр ялгагчийн ажилд томилогдсон нь Уул Уурхайн үйлдвэр, Геологийн Яамны харьяа Баян-Өлгий аймаг дахь Улаан-уул хайгуул-ашиглалтын үйлдвэрээс хэзээ шилжиж ажилласан нь, Уул Уурхайн үйлдвэр, Геологийн Яамны харьяа Баян-Өлгий аймаг дахь Улаан-уул хайгуул-ашиглалтын үйлдвэр нь татан буугдаж нэрээ өөрчилж компани болсон нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй ба энэ талаар хүсэлт гаргагч Ш.Т өөрөө нотлох баримт гарган өгч хүсэлтийнхээ шаардлагыг нотолж чадаагүй учир хүсэлт гаргагч Ш.Т нь 1996 оны 06 сарын 25-ний өдөр хүртэл ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн нь нотлогдохгүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан Ж.Л, Ж.С, Ж.М нарын тодорхойлолтууд ажилласан байдлын талаарх эх сурвалжийг тодорхой зааж чадаагүй нотлох баримтын шаардлага хангаагүй нотлох баримт, мөн Ш.Тн 340114 дугаартай Нийгмийн Даатгалын дэвтэрт 1996 оны 06 сар, 11 сар бичилт хийсэн мөртлөө үүнийг баталгаажуулаагүй, ажилласан байдлын талаар Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдээгүй байх тул тус тус нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
Баян-Өлгий аймаг дахь Улаан уулын хайгуул ашиглалтын үйлдвэрийн даргын 1993 оны 12 сарын 27-ны өдрийн 41 дугаартай Ээлжийн амралтын хуваарь баталж, амралт олгох тухай тушаалаар Ш.Тд ээжийн амралт олгож байсан ба цааш нь үргэлжлүүлэн ажилласан нь болон ажлаас чөлөөлөгдсөн нь нотлогдоогүй, мөн хөдөлмөрийн дэвтэрт ажлаас чөлөөлсөн талаарх ямар нэгэн бичилт байхгүй тул хүсэлт гаргагч Ш.Тг 1993 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл Баян-Өлгий аймаг дахь Улаан уулын хайгуул ашиглалтын үйлдвэрт ажиллаж байгаад ээлжийн амралт авч байсан гэж үзлээ.
Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хүсэлт гаргагч Ш.Т нь Баян-Өлгий аймаг дахь Улаан уулын хайгуул ашиглалтын үйлдвэрт 1987 оны 07 сарын 13-наас 1993 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл хүдэр ялгагчаар ажиллаж байсныг тогтоож, 1993 оны 12-р сарын 30-наас 1996 оны 06 сарын 25-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш.Тгийн Баян-Өлгий аймаг дахь Улаан уулын хайгуул ашиглалтын үйлдвэрт 1987 оны 07 дугаар сарын 13-наас 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хүдэр ялгагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн 1993 оны 12 дугаар сарын 30-наас 1996 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлүүдэд зааснаар хүсэлт гаргагч Ш.Тгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын болгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН