| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0475/э |
| Дугаар | 0492 |
| Огноо | 2019-04-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Алтансүх |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 0492
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь
улсын яллагч: Ч.Алтансүх
шүүгдэгч: Б.А /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлөв/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт У овогт Б А холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806059240589 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, У овогт Б А,19 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн дугаар хороо дүгээр байрны тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
Б.А нь 2018 оны 7 дугаар сарын 02-ны орой 19.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дүүргийн эмнэлэгийн гадна Ц.Э хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр 18.00-19.00 цагийн хооронд би Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дүүргийн хойно цонхны үйлдвэр дотор Б, Б нарын хамт хөзөр тоглоод сууж байсан. Тэгтэл гаднаас манай хамаатны хүн болох Э орж ирээд бид нар хамт хөзөр тоглосон. Хөзөр тоглоод байж байтал Э босч яваад цонхны хүрээ наадаг машиныг толгойн зүүн хажуу хэсгээрээ мөргөж унасан. Тэгэхээр нь би очиж босгоод бид хоёр хамт гарсан. Гарах гэж явж байхдаа үүдэнд байдаг довжоон дээр бид хоёр хамт унасан. Хөзөр тоглоод хөзөр зааж өгч байсныг санаж байгаа юм бусдыг нь согтуу байсан болохоор ерөөсөө санахгүй байгаа юм. Бид хоёр довжоон дээр мөн хамт унасан. Миний нуруу өвдөөд байгаа юм унахдаа л гэмтэл авсан байх. Би Э толгой руу чулуугаар цохисноо санахгүй байгаа юм гэжээ. /хх-ийн 23/
Хохирогч Ц.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дүүргийн нэгдсэн эмнэлгийн урд 2018 оны 7 дугаар сарын 2-ны орой 20.00 цагийн орчимд Б.А нь архи уучихсан вакум цонхны үйлдвэр дотор байж байсан. Тэгээд намайг дуудаад би цахилгаанчин Э, томограффын техникч Н сувилагч А бид 4 очсон. Бид нарыг ортол архинаасаа 2,2 хундага өгчихөөд хөзөр тоглосон. Бид нар тоглож байгааг нь харж байтал А намайг хоёулаа гараад ирий гэсэн. Гадаа гартал Аг миний толгой руу үгийн зөрүүгүй чулуу шиг юмаар шууд цохисон. Би яаж байнаа гэхэд чамайг яасан ч яадаг юм гээд заамдаж аваад чирээд миний өмдийг урсан. Тэгж байтал цаанаас Э, А хоёр гарч ирээд боль боль гээд салгасан. А цаашаагаа машинд суугаад яваад өгсөн. Тухайн үед миний толгойноос цус гараад байсан. Утсаараа гэрлүүгээ ярих гэхэд утас газар унаад унтарсан байсан. Би эмнэлгийн захирлын зуслангийн байшинг барьж өгсөн юм. Тэгээд намайг ахын байшинг муу барьсан дээврээс нь ус гоожоод байна чиний хийсэн ажил гээд уурлаад байсан юм тэгтэл орой нь намайг зодсон. Одоо толгой их өвддөг болсон, баруун талын хавирга доогуураа өвддөг болсон гэжээ. /хх-н 14-21/
Гэрч Ү.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Тухайн өдөр буюу 2018 оны 7 дугаар сарын 2-ны орой 18.00 цаг өнгөрч байхад эмнэлгийн хажуу талын цонхны үйлдвэрт ороод ир гэхээр нь яваад ортол манай хамаатны А, Э, А, Б ах гэх мэт хүмүүс покер тоглож байсан. А ах надад 20.000 төгрөг өгөөд ундаа архи аваад ир гэхээр нь би нэг шил 0.75 архи, нэг ундаатай авчирч өгөөд жаахан байж байгаад явлаа гээд гарсан. Намайг байхад тэнд зодоон болоогүй. Тэр хоёрын уур амьсгал ер нь бол маргах талдаа л байсан. Нэг нэгэндээ үг хаялцаад л байсан. Намайг явсаны дараа зодолдсон талаар Э ахын авгайгаас мэдсэн гэжээ. /хх-н 26-27/
Гэрч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Тухайн өдрийн хоног цагийг мэдэхгүй байна. Дүүргийн эмнэлгийн хажууд байрлах цонхны үйлдвэр дотор А, Б бид нар сууж байхад манай дүү ирээд намайг аваад явчихсан. Тэгээд би юу болсон талаар мэдээгүй. Цагдаагаас дуудхаар нь л сонслоо гэжээ. /хх-н 28-29/
Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Тухайн өдрийн оройхон байх манай нөхөр над руу залгаад А намайг зодчихлоо гэсэн. Цаана нь Ан хоолой дуулдаад алчихсан ч яадаг юм гээд байсан. Би тэр өдөр дүүгийнхээ хүүхдийг эмнэлэгт үзүүлэх гээд тэр хавиар нь нөхрөө хайгаад олоогүй юм. Манай нөхөр, А хоёр дүүргийн эмнэлэгт хамт ажилладаг юм. Тэгээд тэр хавиар байдаг газраар нь ороод олоогүй. Тэгээд би явж байгаад тэнд байдаг цонхны үйлдвэр дотор ороход А, Б хоёр байсан. Би Т ах чинь хаана байна гэхэд сая Х ах дагуулаад гарсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би над руу залгаад Х ах зодлоо гээд байна гэхэд нөгөө залуучууд арай үгүй байлгүй тэр хоёр хамт гарсан ш дээ гэсэн. Тэгээд бид нар хайгаад эмнэлэг тойроод явж байтал хамгаалагч нь таарсан түүнээс асуугаад байж байтал манай нөхөр хүрээд ирсэн. Манай нөхрийн нүүр нь цус болчихсон хувцас хунар нь шороо болчихсон байсан. Би юу болсон юм гэхэд Х ах байшингийн дээврээс ус гоожоод гэж хэлээд намайг зодлоо гэсэн. Манай нөхрийн толгой нь хагараад 4 оёдол тавиулсан. А эмнэлгийн дарга ахаараа их түрий барьдаг юм шиг байсан. Манай нөхөрт эмчилгээний зардалд 400.000 төгрөг өгсөн гэжээ. / хх-н 30-32/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 34/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 8430 тоот шинжилгээ Дүгнэлт
1.Ц.Э биед зүүн чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, дух, хэвлийд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна гэжээ. /хх-ийн 35/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 36-38/
Ц.Э эмчилгээний зардлын талаарх баримтуд /хх-н 39-41/
Б.А хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 42-43/
Б.А иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 51/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 50/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 43/,
Б.Ат Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 44/, прокурорын тогтоол /хх-н 45-46/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 48-49/ зэрэг болно.
Б.А нь 2018 оны 7 дугаар сарын 02-ны орйо 19 цагийн үед Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дүүргийн эмнэлэгийн гадна Ц.Э ахын байшинг муу барьсан дээврээс нь ус гоожоод байна чиний хийсэн ажил, дандаа хулхи юм хийдэг гэж уурлан түүний толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ...хохирогч Ц.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Гадаа гартал А миний толгой руу үгийн зөрүүгүй чулуу шиг юмаар шууд цохисон. Би яаж байнаа гэхэд чамайг яасан ч яадаг юм гээд заамдаж аваад чирээд миний өмдийг урсан. Тэгж байтал цаанаас Эт, А хоёр гарч ирээд боль боль гээд салгасан. Тухайн үед миний толгойноос цус гараад байсан. Утсаараа гэрлүүгээ ярих гэхэд утас газар унаад унтарсан байсан. Би эмнэлгийн захирлын зуслангийн байшинг барьж өгсөн юм. Тэгээд намайг ахын байшинг муу барьсан дээврээс нь ус гоожоод байна чиний хийсэн ажил гээд уурлаад байсан юм тэгтэл орой нь намайг зодсон. Одоо толгой их өвддөг болсон, баруун талын хавирга доогуураа өвддөг болсон гэсэн мэдүүлэг /хх-н 14-21/, Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 8430 тоот шинжилгээний дүгнэлтээр Ц.Эн биед зүүн чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, дух, хэвлийд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдсон, дээрх гэмтэл нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэж тогтоогдсон байна, Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Манай нөхрийн нүүр нь цус болчихсон хувцас хунар нь шороо болчихсон байсан. Би юу болсон юм гэхэд Х ах байшингийн дээврээс ус гоожоод гэж хэлээд намайг зодлоо гэсэн. Манай нөхрийн толгой нь хагараад 4 оёдол тавиулсан. А эмнэлгийн дарга ахаараа их түрий барьдаг юм шиг байсан. Манай нөхөрт эмчилгээний зардалд 400.000 төгрөг өгсөн гэсэн мэдүүлэг / хх-н 30-32/, Шүүгдэгч Б.Ан мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Э босч яваад цонхны хүрээ наадаг машиныг толгойн зүүн хажуу хэсгээрээ мөргөж унасан. Тэгэхээр нь би очиж босгоод бид хоёр хамт гарсан. Гарах гэж явж байхдаа үүдэнд байдаг довжоон дээр бид хоёр хамт унасан. Хөзөр тоглоод хөзөр зааж өгч байсныг санаж байгаа юм бусдыг нь согтуу байсан болохоор ерөөсөө санахгүй байгаа юм. Бид хоёр довжоон дээр мөн хамт унасан. Миний нуруу өвдөөд байгаа юм унахдаа л гэмтэл авсан байх. Би Э толгой руу чулуугаар цохисоноо санахгүй байгаа юм гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Прокуророос Б.А бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Ц.Э эмчилгээний зардалд 400.000 төгрөг төлсөн ба хохирогч нэмж нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Б.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. У овогт Б А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А нь торгох ялыг нэг сарын дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.А нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Б.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.А нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН