Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2024/00535

 

М.Т*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2024/00139 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М.Т*******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин 13,800,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******, хариуцагчийн өмгөөлөгч Т.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие ******* ХХК-д 2009 оны 9 дүгээр сард түгээгчээр ажилд орж 2013 онд тушаал дэвшин салбар хариуцсан эрхлэгчээр ажилласан. Тус компаний охин компани болох ******* ХХК-ийн захирлын тушаалаар ******* салбарын *******-ийн эрхлэгчийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр жирэмсний амралтаа авсан.

1.2. 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр амралтын хугацаа дуусч ажилдаа орох хүсэлтээ өгсөн боловч одоог хүртэл ажилд аваагүй. Ажилдаа орох хүсэлтэй байгаагаа очиж хэлсэн боловч хүний нөөцийн дарга нь нөхөр чинь компанийг шүүхэд өгсөн гэх шалтгаанаар чамайг ажилд авахгүй дээ гэсэн. Тухайн үед нөхөр маань тус компанид ажиллаж байсан, намайг жирэмсний амралтаа авснаас хойш 3 сарын дараа ямар ч шалтгаангүй ажлаас халсан.

1.3. 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүний нөөцийн дарга гэх эмэгтэй над руу залгаад чи юу ч гэсэн цаг аваад захиралтай уулзаад үз гэж хэлсэн. Би захиралтай уулзах шаардлагагүй, зөвхөн хувийн амьдралаас шалтгаалж ажилгүй, амьдралгүй болгож байгаа учир гомдолтой байна гэхэд намайг ажил хийе гэж бодож байвал түгээгч хий гэсэн.

1.4. Дээрх хугацаанд ажиллаж байхдаа ямар нэгэн өр дутагдал, зөрчил гаргаж байгаагүй, ажлаа сэтгэл гарган 10 гаруй жил хийж ирсэн. Хуулийн дагуу миний ажлын байрыг хадгалж байх ёстой байтал хувийн амьдралаар шалтгаалан ажилд авахгүй гэсэн.

Иймд 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 13,800,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага гаргаж байна.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгчийг ******* ХХК-д холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж ойлгож байгаа. Гэтэл нэхэмжлэгч хэлэхдээ *******ын хүний нөөцтэй ТБД андуудад байрлах клонкод очиж уулзсан гэж байна. ******* ХХК нь 2011 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа одоо байгаа хаягтаа үйл ажиллагаа явуулж байсан. Өмнө ажиллаж байсан ажилтайгаа андуурсан эсэхийг сайн ойлгохгүй байна.

2.2. М.Т******* нь 2018 дүгээр 1 дүгээр сарын 31-ний өдрийн гүйцэтгэх захирлын 02б/003 дугаар тушаалаар манай компанид ажилд орсон, 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн захирлын тушаалаар амралтаа авсан.

2.3. Манай компанийн зүгээс хуульд заасан үүргээ биелүүлж М.Т*******ийн ажлын байрыг 3 жил хадгалж, мөн нийгмийн даатгалыг 3 жил тасралтгүй төлсөн. М.Т*******ийн зүгээс эргээд ажилдаа орох талаар манай компанид өнөөдрийг хүртэл хандаагүй, хүний нөөцөд хүсэлт ирүүлээгүй.

2.4. Мөн нэхэмжлэлийн шаардлага болох 13 сая төгрөгийг хэрхэн яаж бодсон нь тодорхойгүй байна. Манай компанийн үндсэн цалин тухайн үед 600,000 орчим байсан мөн шатахуун зарсан урамшуулал гэж олгодог байсан.

2.5. Дотоод журамд эхийн амралт дууссанаас хойш 10 хоногийн хугацаанд ирээгүй тохиолдолд хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон гэж заасан байгаа. Эхийн амралт дууссанаас хойш хүсэлт өргөдөл өгөөгүй. Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгаар энэхүү зохицуулалтыг оруулсан нь ажилтанд өөрт нь үүрэг болгож байгаа зохицуулалт юм.

Иймд Нэхэмжлэгч хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуул /2021 оны шинэчилсэн найруулсан/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Т*******ийн нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох ажилгүй байсан хугацааны цалин 13,800,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Сүхбаатар дүүргийн иргэний аргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2024/00139 дугаар шийдвэр хэт наг талыг барьж шийдсэн гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь шүүгч хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоолгүй нотлох баримтыг буруу үнэлж шийдвэр гаргасан.

Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2024/00139 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгч М.Т******* 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 02Б/003 тоот тушаалаар ******* аймгийн салбарын эрхлэгчээр ажиллаж эхэлсэн.

2019 оны 3 дугаар сард амаржиж, 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр эхийн чөлөө олгох тушаал гарч, ажил олгогчийн зүгээс 3 жилийн хугацаанд нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн.

5.2. М.Т******* 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр амралтын хугацаа дуусаж ажилдаа орох хүсэлтээ өгсөн гэж тайлбарладаг боловч тус хүсэлтээ ******* ХХК-д ирүүлээгүй болох нь хариуцагч байгууллагын ирсэн, явсан бичгийн бүртгэлийн дэвтрээр тогтоогддог. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт ...Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасан.

Өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацаа энэ өдрөөс эхлэн тооцогдох ёстой. Түүнчлэн нэхэмжлэгч тал хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хугацаа алдаж хандсан. Хөдөлмөрийн дотоод журмын 7.1.4, 7.1.5-д ...хуульд заасан жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй хугацаа дуусгавар болсон өдрөөс хойш 15 хоногийн дотор ажилтан ажилдаа ороогүй эсхүл уг хугацааг сунгах хүндэтгэх үзэх шалтгаан бүхий хүсэлт гаргаагүй бол хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болно гэж зохицуулсан.

М.Т******* хүүхэд асрах чөлөөгөө дуусгаснаар 15 хоногийн дотор буцаж ажилдаа орох хүсэлтийг гаргах ёстой байсан. Шүүх үүнийг зөв дүгнэсэн тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг үлдээв.

2. Нэхэмжлэгч М.Т******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 13,800,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ажилд орох хүсэлтээ гаргаагүй, хөдөлмөрийн дотоод журамд заасан хугацааг хэтрүүлсэн, шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ.

3. М.Т******* нь ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 02Б/003 дугаар тушаалаар 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн тус компанийн ******* салбар хариуцсан эрхлэгчээр ажилласан. /хх-ийн 69 дүгээр тал/

Улмаар мөн захирлын 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 02Б/039 дугаар тушаалаар 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс хүүхэд асрах чөлөө олгосон байна. /хх-ийн 68 дугаар тал/

4. Анхан шатны шүүх маргааны зүйлд хамаарах хөдөлмөрийн харилцааны талаар зөв тодорхойлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон, хөдөлмөрийн эрхийн маргаанд хамаарах гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зэрэг эрх зүйн асуудлаар хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаа дуусгавар болсноос хойш ажлын 15 өдрийн дотор ажилтан ажилдаа ороогүй, эсхүл уг хугацааг сунгах хүндэтгэн үзэх шалтгаан бүхий хүсэлт гаргаагүй бол ажлын байрыг нь хадгалах ажил олгогчийн үүрэг дуусгавар болохоор зохицуулжээ.

Өөрөөр хэлбэл ажилтан нь хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаа дуусгавар болсноос хойш ажлын 15 өдрийн дотор ажил олгогчид ажилдаа эргэн орох хүсэлтээ өгөөгүй бол талуудын хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд ажил олгогчид хандаж ажилд орох хүсэлтээ гаргасан гэх тайлбараа нэхэмжлэгч нотолж чадаагүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

Дээрх хуулийн зохицуулалтаар нэхэмжлэгчийн ажлын байрыг нь хадгалах хариуцагч байгууллагын үүрэг дуусгавар болсон байх тул нэхэмжлэгч нь 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан гэх хугацааны цалин хөлс шаардах эрхгүй.

4.2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад холбогдох маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасан гомдолтой адилтган хянан шийдвэрлэнэ. Энэ талаарх гомдлоо нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор гаргаагүй талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

5. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан шүүх бодит нөхцөл байдлыг тогтоолгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй орхино.

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ажилд орох хүсэл зоригоо ажилтан илэрхийлээгүй тохиолдолд түүний санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон гэж үзнэ, энэ талаар ямар нэг эрх зүйн акт гаргасан байхыг ажил олгогчоос шаардахгүйг дурдах нь зүйтэй.

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2024/00139 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

Т.ГАНДИЙМАА