Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 319

 

    Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг 29-01 тоотод оршин суух Боржигон овогт Жогжоогийн Ууганцэцэгийн нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг 81-10 тоотод оршин суух Номхон овогт Уртнасангийн Мөнгөнсүхэд холбогдох “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ, нэхэмжлэгч Ж.Ууганцэцэг, хариуцагч У.Мөнгөнсүх нар оролцов.

              ТОДОРХОЙЛОХ нь:

          Ж.Ууганцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие У.М 2013 онд танилцан дотносож, 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүү М.Г-г төрүүлсэн. Хамтран амьдрах хугацаанд У.М нь архи ууж, агсам тавьж, сэтгэл санааны дарамтанд оруулж хамтран амьдрах боломжгүй болсон. Гэр орондоо байх дургүй гадуур тэнэж хүү бид хоёрыг тоохоо байсан.  Бид хамт амьдрах хугацаандаа гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй бөгөөд хүүгээ төрөхөд нь эцгээр нь овоглож байсан. Иймд У.М-с хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч У.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хуримаа хийж хамт амьдарч эхэлсэн. 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хотруу 3 сарын хугацаатай мэргэжил дээшлүүлэх сургалтанд явсанаас хойш Ж.Угэр орондоо тогтохоо больсон. М.Г миний хүүхэд мөн. Хүүгээ өөрийнхөө асрамжинд авах хүсэлтэй байна гэв.

  Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад           

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.У нь У.М-д холбогдуулан “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

          Нэхэмжлэгч Ж.У хариуцагч У.М нар 2013 оноос дотно харьцаатай болж, 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүү М.Г-г төрүүлсэн болох нь 6201000509 дугаартай хүү М.Г-н төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн тайлбар зэргээр нотлогдож байх тул хүү М.Г эх Ж.У-н асрамжинд үлдээж Гэр бүлийн тухай хуульд зааснаар У.М-с хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү М.Г-г тэжээн тэтгүүлэх нь  зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүү М.Г эх Ж.У-н асрамжинд үлдээсүгэй. 

           2. Монгол Улсын Гэр Бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүү М.Г-г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны  доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан эцэг У.М-р тэжээн тэтгүүлсүгэй.

   3. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй болохыг дурьдсугай.

   4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.У нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч У.М-с 28627 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод /Хаан банкны 5540607728 тоот дансанд/ оруулсугай.

   5. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан хойш 14 хоногийн дотор
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.ЭНХМАА