Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
Хэргийн индекс | 130/2016/00289/И |
Дугаар | 130/ШШ2016/00390 |
Огноо | 2016-06-27 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 130/ШШ2016/00390
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт оршин суух, Ж овогт Гын Хийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт орших, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин 3618675 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Г.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Х би 2012 оноос эхлэн аймгийн Засаг даргын Тамгын газарт сантехникч, халаалтын засварчин слесариар орж ажилласан юм. Ажиллаж байхдаа бие минь өвдөж шинжилгээ хийлгүүлэх, эмнэлгийн оношилгоо гаргуулах цаашид эмчлүүлэх шаардлагатай болж аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Манкейд 2015 оны 6-р сарын 03-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэн 6 сарын хугацааны чөлөө олгохыг хүсэж өргөдөл гаргасан ба өргөдөл өгсөн үед дарга Т.Манкей нь Хариуг аж ахуйн тасгийн дарга Байханатаас ав гэж хариу өгсөн. Маргааш нь тасгийн дарга Байханат нь Чи 6 сарын чөлөө авахгүй болсон ба дарга 3 сарын чөлөө өг гэсэн тул 3 сараар ав гэж явуулсан. Би чөлөө авлаа гэж явсан үед ЗДТГ-ын дарга Т.Манкей нь намайг үндэслэлгүйгээр мөн надад хэлэлгүйгээр 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 75 дугаар тушаалаар ажлаас халсан байв. Би хөдөлмөрлөх эрх минь зөрчигдсөнийг мэдсэн үеэс эхлэн шүүхэд ажилд минь эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан юм. Анхан шатны шүүхийн 2015 оны 12-р сарын 01-ний өдрийн 562 дугаар шийдвэрийг Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 04 дугаар магадлалаар Анхан шатны шүүхийн 562 дугаар шийдвэрийг хүчингүй тооцож миний нэхэмжлэлийг хангаж ажилд минь эгүүлэн тогтоож өгсөн юм. Иймд би Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацаанд урьд сар бүр авч байсан дундаж цалин болох 402075 төгрөгийг 9 сарын хугацаагаар үржүүлж нийт 3618675 төгрөгийг аймгийн ЗДТГ-аас нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийг минь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр эвлэрэхээр шийдсэн. Хариуцагч тал миний ажилгүй байсан хугацааны цалинг 2017 оны төсөвт суулгаж гаргаж өгөхөөр болсон тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлсэн гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Төсөвт нэхэмжлэгчид өгөх бэлэн мөнгө байхгүй тул 2017 оны төсвөөс нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнгээр гаргуулж олгож өгье. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Г.Хийн нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч Г.Хийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин 3618675 төгрөгийг төлж өгөхөөр болж энэ талаарх тайлбараа гаргасан байна.
Иймд Г.Хийн нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох иргэний хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /хариуцагч/ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.5, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Хийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин 3618675 /гурван сая зургаан зуун арван найман мянга зургаан зуун далан тав/ төгрөгийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Хийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн Х банкин дахь ***** тоот данснаас 36425 төгрөг, мөн хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүүгээс 36425 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН