Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 130/ШШ2016/00391

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Б сумын * дугаар багт оршин суух, ******** регистрийн дугаартай, Ш овогт Ны Сгийн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Н.С, орчуулагч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн Т.Айбек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Бугат сумын Жаргалын зам нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 09-нээс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл туслах малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч Н.С шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Миний бие Баян-Өлгий аймгийн Бугат сумын Жаргалын зам нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 09-нээс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт тасралтгүй 09 жил туслах малчин, саальчнаар ажилласан юм. Тухайн үед ажилд орсон тушаал,ажилласан хоног, авсан цалин хөлс хөдөлмөрийн дэвтэрт бүрэн бичигдэж,баталгаажсан ба харин архиваас шүүлгэж үзэхэд Бугат сумын Жаргалын зам нэгдлийн Улаан толгой багийн 1981-1992 оны баримтыг архивд шилжүүлээгүй тул лавлагаа өгөх боломжгүй гэсэн хариуг бичгээр өгсөн болно. Иймд Нийгмийн даатгалын байгууллага ажилласан жилийг шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн учир миний 1984 оны 01 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал нийт 09 жил 00 хоног Бугат сумын Жаргалын зам нэгдэлд туслах малчин, саальчнаар ажилласныг тогтоож өгнө үү гэв

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Н.С нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын Жаргалын зам нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 09-нээс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл туслах малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийн шаардлага гаргажээ.

Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь: Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 128 дугаар албан бичигт: Бугат сумын Жаргалын зам нэгдлийн малчид болон төлчдийн хөдөлмөрийн хөлсний материал тухайн үед архивлагдаагүй бөгөөд нэгдлийн агуулахад хадгалагдаж байсан өрөөнөөс гал гарч шатсан болно. Иймд манай сумын тухайн үед нэгдлийн гишүүн байсан иргэдийн материалыг хянан үзэж хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье гэх, мөн аймгийн Архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 304 дугаартай архивын лавлагаанд: Бугат сумын Жаргалын зам нэгдлийн Улаан толгой хэсгийн 1981-1992 оны баримтыг архивд шилжүүлээгүй тул Н.Сд холбогдох архивын лавлагаа өгөх боломжгүй гэх боловч хүсэлт гаргагч Н.С нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын Жаргалын зам нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-нээс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл туслах малчнаар ажилласан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

-1981 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн эхний буюу 1 дүгээр хуудсанд Баян-Өлгий аймаг Бугат сумын Жаргалын зам нэгдэл овог Н, нэр С, 1965 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хөдөлмөрийн дэвтэр олгосон нэгдлийн дарга гэж товчилж гарын үсэг зурсан, бөөрөнхий Баян-Өлгий аймаг Бугат сумын Жаргалын зам нэгдлийн тамга дарагдсан ба уг дэвтрийн 9-15 дугаар хуудас хүртэл 1984 оноос 1990 он хүртэлх хүсэлт гаргагчийн ажилласан хоног, авсан хөлсний талаар бичилт хийгдэж тэмдэг дарж баталгаажуулсан мөн уг дэвтрийн 2-3 дугаар хуудсанд Нэгдлийн даргын 7 дугаар тушаалаар 1984 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улаан толгойн бригад туслах малчин, саальчнаар Н.Сг томилсон байна.

-мөн 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн 6-7 дугаар хуудсанд 1991 оноос 1992 оны Н.Сгийн ажилласан хоног, авсан хөлсний талаар бичилт хийгдэж тэмдэг дарж баталгаажуулсан байдал,

-Хамт ажилласан гэх ********** регистрийн дугаартай, Т.Мельс, ***** регистрийн дугаартай И.С, ******** регистрийн дугаартай С.Ж нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Баян-Өлгий аймгийн Бугат сумын Улаан толгой бригадын иргэн болох Н овогтой С 1983 оны 12 дугаар сард манай бригадад бэр болж буугаад 1984 оны 01 дүгээр сараас эхлээд тус бригадад малчин, төлчин, саальчнаар орж ажиллаад 1992 он хүртэл ажилласан нь үнэн болно. Тэр үед тус бригадад И.С би бригадын дарга, тоо бүртгэгчээр ажиллаж байсан гэх тодорхойлолтоор,

-1985 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 556 дугаартай Н.Сгийн нэгдлийн гишүүний үнэмлэх,1984 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Бугат сумын Намын үүр, нэгдлийн зөвлөл, Ардын депутатын хорооны гүйцэтгэх захиргаа зэргээс олгосон Баярын бичиг,

- Шүүхэд гэрчээр асуугдсан Т.Мельс, И.С нарын мэдүүлэгтээ: Н.С нь 1983 оны сүүлээр манай Бугат сумын бэр болж бууж нөхөр нь болох Адетхантай хамт 1984 оны 01 дүгээр сараас 1992 онд нэгдэл тарах хүртэл ажилласан үнэн. Харин Н.Сгийн хөдөлмөрийн дэвтрийн 1981-1983 он хүртэлх ажиллаж байсан байдлын талаар бичилтийн дээд хэсэгт цэнхэр өнгийн бэхээр энэ худлаа гэж бичсэн учир нь Н.С нь 1983 оны 10 дугаар сард Адетхантай гэр бүл болоход тухайн онд ажилласан байдал нь хадам аавын нэр дээр тооцогдох ёстой байтал Н.Сгийн нэр дээр тооцогдож бичигдсэн учир худлаа гэж бичсэн байна. Миний бие И.С нь 1982-1992 он хүртэл тус нэгдэлд ажиллахад 1985 оны зарим сарыг 1986 оныг дуустал ажилласан хоног, авсан хөлсний талаар бичилтийг би хийж байсан байна. Би тухайн үед нэгдлийн тоо бүртгэгчээр бас ажиллаж байсан энэ хугацаандаа Н.Сгийн хөдөлмөрийн дэвтэрт би бичилт хийсэн байна. Харин 1984 оноос эхлэн 1985 оны 3 дугаар сар хүртэл Рахатжан, 1987 оноос 1992 он хүртэл Мектеп Н.Сгийн хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийж гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан байна. Н.Сгийн 1981 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэрт Хөдөлмөрийн дэвтэр олгосон нэгдлийн дарга гэдэг зээр зурсан гарын үсэг М.Хн гарын үсэг байна. Бугат сумын Жаргалын зам нэгдлийн даргаар М.Х нь 1981 оноос 1986 он хүртэл ажиллаж байсан. Мөн түүний 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн эхний хуудсанд нэгдлийн даргаар ажиллаж байсан Бейсен нь гарын үсэг зурсан байна. Бейсен нь нэгдэл тарах хүртэл буюу 1992 он хүртэл тус нэгдлийн даргаар ажиллаж байсан. Одоо Бейсен нь амьд сэрүүн байгаа гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Н.С нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын Жаргалын зам нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 09-нээс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл туслах малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******** регистрийн дугаартай, Ш овогт Ны С нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын Жаргалын зам нэгдэлд туслах малчнаар 1984 оны 01 дүгээр сарын 09-нээс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Н.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ