Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00126

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00126

 

2024 01 12 210/МА2024/00126

 

Л.О-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 01-

ний өдрийн 181/ШШ2023/03481 дугаар шийдвэртэй

Л.О-ы нэхэмжлэлтэй, Н з д х-нд холбогдох,

Ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх болон ээлжийн амралтын нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажилт хийлгэх тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.О-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Хатанбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Самал , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Л.О- нь тус хоршоонд 2006 оноос эхлэн ажиллаж, 2017 оноос хөдөлмөрийн гэрээгээр кассын нярваар үндсэн ажилтнаар, мөн хяналтын зөвлөлийн дарга, гишүүний ажил үүргийг давхар хашиж байсан. Хариуцагч Н з д х-ны 2023 оны 03 сарын 17-ны өдрийн Тэргүүлэгчдийн ээлжит хурлын 0 дугаар тогтоол, тухайн өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн хэмнэлтийн горимоор ажиллахын тулд түүнийг ажлаас чөлөөлж хөдөлмөрлөх эрхийг нь ноцтой зөрчсөн. Л.О-ы эрхэлж байсан ажил, албан тушаал бодитоор байхгүй болоогүй нь кассын хөтлөх ажлыг тэргүүлэгч Л.Б-д даалгаснаар тогтоогдож байгаа. Тэргүүлэгчдийн 2023 оны 03 сарын 17-ны өдрийн ээлжит тус хурлаар хоршооны ажил, албан тушаалын жагсаалтыг баталсан тухай тогтоол, мөн Хоршооны даргаас бүтэц орон тоог баталсан тухай тушаал гараагүй зөвхөн кассын хөтлөгч гэж нэршил өөрчлөгдсөн байхад хэмнэлтийн горимоор орон тоог хассан, бууруулсан, цөөрүүлсэн гэж үзэхгүй.

Л.О-г 2019 оны 01 сараас 2023 оны 04 сарыг дуустал хугацааны ээлжийн амралтыг биеэр эдлүүлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 110.2, 110.3 дахь хэсэгт зааснаар ээлжийн амралтын цалинг 1.5 дахин нэмэгдүүлж нийт 3,208,044 төгрөгийг нөхөн гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэж баталгаажуулахаар нэхэмжилж байна. Иймд урьд өмнө эрхэлж байсан ажилд томилж, ажилгүй байсан хугацааны цалин болон ээлжийн амралтын олговрыг нөхөн гаргуулж, энэ хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн тооцуулж өгнө үү гэжээ.ыг Н з д х-нд даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Л.О- нь хяналтын зөвлөлийн даргаар ажиллаж байсан бөгөөд давхар кассын нярвын ажлыг бүтэн бус цагаар гүйцэтгэдэг байсан. Тэргүүлэгчдийн 2023 оны 03 сарын 17-ны өдрийн хуралдаанд Л.О- нь нярвын ажлаа өгөхөө илэрхийлснээр 2023 оны 04 сарын 01-ний өдрийн 1/19 тоот тушаалаар нярвын ажил үүргийг өөр тэргүүлэгчид хуваарилж, Л.О-ыг няравын ажил үүргээс чөлөөлсөн. Байгууллагаас 2023 оны 05 сарын 26-ны өдөр цахим шуудангаар Л.О-ыг ажилд эгүүлэн томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг нь хүргүүлсэн ч тэрээр ажилдаа эргэж орохыг зөвшөөрөөгүй. Үүнийгээ цахим шуудан, фэйсбүүкээр бидэнд илэрхийлсэн.

Түүнд хүсэлтийн дагуу 2023 оны 06 сарын 09-ний өдөр цалинг нь 500,000 төгрөгөөр тогтоож тушаал гаргасныг засч 2023 оны 06 сарын 14-ний өдрийн 7/24 тоот тушаалаар нэг сарын 1,000,000 төгрөгөөр цалинжуулж, холбогдох татвар шимтгэлийг төлж байгаа. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн ямар нэгэн тушаал гараагүй, ажлаа хийхгүй байгаа ч 4-7 саруудын цалин нь олгогдож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгдөж байгаа. Нэхэмжлэгчийн хуульд заасан эрх ашиг хөндөгдөөгүй байгаа болно гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар Л.О-ыг Н з д х-ны Цагаан алт дэлгүүрийн кассын няравын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 2,100,000 төгрөгийг хариуцагч Н з д х-ноос гаргуулан нэхэмжлэгч Л.О-д олгож, Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6, 43 дугаар зүйлийн 43.2.7-т зааснаар нэхэмжлэгч Л.О-ы төлбөл зохих 2019 оны 01 сараас 2023 оны 04 сар хүртэлх хугацааны, мөн ажилгүй байсан /2023.04-2023.11 сар хүртэлх/ хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Н з д х-нд даалгаж, Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 110.2-т зааснаар 2019.01-2023 оны 05 сарыг хүртэлх хугацааны ээлжийн амралтын цалин 3,208,044 төгрөгийг гаргуулах шаардлагаас 317,768 төгрөгийг хариуцагч Н з д х-ноос гаргуулж нэхэмжлэгч Л.О-д олгож, үлдэх 2,890,276 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Л.О-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, 48,550 төгрөг гаргуулан улсын орлогод тус тус оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрт ... Хөдөлмөрийн тухай хуульд заасан чөлөөлсөн гэх үйл баримт үндэслэлээр Л.О-ыг үүрэгт ажлаас нь нотлогдоогүй тул хууль зүйн үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлсөн гэж үзнэ. Мөн үндэслэх хэсгийн 11-т "Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө Тодорхойлох эрхтэй бөгөөд үүрэгт ажлаас чөлөөлсөн хэм хэмжээний агуулгад дүгнэлт хийж шийдвэрлэх тул хариуцагчийн татгалзалд дурдсан "Н з-" дундын хоршооны даргын 2023 оны 06 сарын 14-ний өдрийн 0/00 тушаал нь хэрэг маргаанд ач холбогдолгүй гэж үзэв гэж дүгнэсэн. Гэтэл шүүхээс хэрэгт ач холбогдолгүй гэж үзсэн дээрх баримтаар нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилж, цалинг нь өгч, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан. Түүнчлэн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилсон бол хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулах ёстой гэсэн зохицуулалт нь Хөдөлмөрийн тухай хуульд байхгүй. Нэхэмжлэгчтэй анх байгуулсан хөдөлмөрийн гэрээний нөхцөлөөр, зөвхөн цалингийн хэмжээнд өөрчлөлт оруулж ажилд нь эгүүлэн томилсон. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь хэвийн үргэлжилж байгаа, мөн ямар нэгэн эрхийн зөрчил тогтоогдоогүй байхад шүүх хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэж үзэж ажилд эгүүлсэн томилсон нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй халагдсан эсэхийг тогоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, тус хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх байсан болно. Үүнийг хариуцагчийн 2023 оны 06 сарын 14-ний өдрийн 00/00 тоот тушаалаар шийдвэрлэж, 2023 оны 04 сарын 01-ний өдрийн 000/000 тоот тушаалаа хүчингүй болгосон. Нэхэмжлэгч нь өөрөө ажилдаа ирээгүй. Энэ нөхцөлд нэхэмжлэгчийн ямар эрх ашиг хохирч, хууль зөрчигдөж байна вэ. Хариуцагчаас эвлэрэх санал гаргаж, ирээд уулз гэхээр ирдэггүй. Энэхүү үйлдлээс нь харахад нэхэмжлэгч ажил хийх сонирхолгүй, зөвхөн маргаан үүсгээд явах сонирхолтой байна гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчийн цалин хөлсийг бодохдоо нэхэмжлэгчийн 2023 оны 04 сараас хойш ажилгүй байсан гэж тооцож дээрх хугацаагаар цалинг нь өгч байсан нь баримтаар тогтоогдож байгаа ч шүүх үүнийг харгалзалгүй нийт 6 сарын хугацааны цалин 2,100,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн 2019 оны 01 сараас 2023 оны 05 сар хүртэлх хугацааны ээлжийн амралтын олговор, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 154.2.2-т заасан хугацаа хэтэрсэн, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлд заасанд хамаарахгүй, урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хэлэлцэх ёстойг шүүхээс анхаараагүй. Иймд шүүх хөөн хэлэлцэх хугацааг харгалзахгүй нэмэгдүүлсэн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Учир нь нотлох баримтад үндэслэж шүүхийн шийдвэр гарсан. Мөн шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэх гомдол нь үндэслэлгүй. 2023 оны 04 сарын 01-ний өдөр 00/00 тоот хоршооны даргын тушаалаар Л.О-ыг ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө тогтоол, тэмдэглэлийг үндэслэн тушаах нь гэж заасан. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэтгэлцсэнийг шийдвэрт тодорхой тусгасан. Хариуцагчийн өмгөөлөгч сая гомдлоо тайлбарлахдаа 2023 оны 06 сарын 14-ний өдрийн 07/24 тоот тушаалыг орхигдуулсан, ач холбогдолгүй гэж хэлж байна. Хавтаст хэргийн 31 талд тушаал нь байгаа. 2023 оны 06 сарын 14-ний өдөр тушаал гараад байхад 2023 оны 05 сарын 19-ний өдөр хүлээн авч, ажиллуулсугай гэсэн тушаал гаргасан байдаг. Хариуцагч дүр үзүүлсэн тушаалыг шүүхэд гаргаж өгсөн. Уг маргаан 2023 оны 06 сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хороогоор орсон нь тогтоолд тодорхой байгаа. Хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхах зүйл үүссэн. Мөн түүнчлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 350,000 төгрөгөөр цалин олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлдөггүй. Анхан шатны шүүх уг хөдөлмөрийн маргааныг зөв дүгнэж шийдвэрлэсэн тул тус шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Л.О- нь хариуцагч Н з д х-нд холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх болон ээлжийн амралтын нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хариуцагч Н з д х- нь нэхэмжлэгч Л.О-ыг ажлаас үндэслэлгүй халсныг зөв тогтоож, Л.О-ыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

4. Н з д х-ны даргын 2023 оны 04 сарын 01-ний өдрийн 1/9 дугаартай тушаалаар тус хоршооны 2023 оны 03 сарын 17-ны өдрийн Тэргүүлэгчдийн ээлжит хурлын 0 дугаар тогтоол, тус өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн тэргүүлэгчдийн хурлаар байгууллагын санхүүгийн боломжийг хэлэлцээд хэмнэлтийн горимоор ажиллуулахын тулд кассын няравын үүрэгт ажлаас Л.О-ыг чөлөөлж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна. /хх 5/

 

5. Хариуцагчаас 2023 оны 06 сарын 14-ний өдрийн 1/24 дугаартай тушаалаар нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон байх боловч уг шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэх нэхэмжлэгчийн тайлбар бодитой байна. Тушаалд нэхэмжлэгчийн нэг сарын үндсэн цалинг 1,000,000 төгрөгөөр тогтоож, нэг цагт ногдох хөлсийг 6,000 төгрөгөөр тооцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй, нэхэмжлэгчтэй өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдээгүй, цалинг өөрчлөн тогтоосон талаар нэхэмжлэгчтэй тохиролцоогүй байна.

 

Түүнчлэн мөн хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт ажлын бүтэн бус цагаар ажиллах ажилтны долоо хоногт ажиллах цаг 32 цагаас илүүгүй байхаар зохицуулснаас тооцвол хариуцагчийн тогтоосон нэг цагийн 6,000 төгрөгийн хөлс нь үндсэн цалин 1,000,000 төгрөгтэй дүйцэхгүй байх тул нэхэмжлэгчийн цалинг нэмэгдүүлсэн гэж үзэхээргүй байна. Иймд анхан шатны шүүх хариуцагчийн дээрх 0/00 дугаартай тушаалаар нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоосон гэж үзээгүй нь үндэслэлтэй. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Харин шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2023 оны 04 сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 сарын 02-ны өдрийг хүртэлх 6 сарын хугацаагаар тооцож, хариуцагчаас 2,100,000 төгрөг гаргуулсан нь алдаатай болжээ.

 

Хариуцагч дээрх 1/24 дугаартай тушаалаар нэхэмжлэгчийг 2023 оны 05 сарын 19-ний өдрөөс эхлэн ажилд томилсон үндэслэлээр түүнд нэг сарын цалинг 293,868 төгрөгөөр тооцон 2023 оны 6, 7, 8, 9 сарын цалинд /293,868х4=1,174,472/ нийт 1,174,472 төгрөгийг олгожээ. Зохигч энэ талаар маргаагүй, тус мөнгийг нэхэмжлэгч авсан нь түүний харилцах дансны хуулгаар тогтоогдсоныг шүүх анхаараагүй тул нэхэмжлэлээс дээрх мөнгөн дүнг хасч, хариуцагчаас 925,528 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв. Шүүх энэ хугацаанд хамаарах нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

7. Нэхэмжлэгчээс 2019 оны 01 сараас 2023 оны 04 сарын хугацаанд ээлжийн амралтыг биеэр эдлээгүй тул ээлжийн амралтын цалинг 1.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх 3,208,044 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн 2022 оны 01 сарын 01-ээс өмнөх хугацааны ээлжийн амралттай холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч уг харилцаа нь Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуульд хамаарна гэж дүгнэсэн нь буруу. Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт зааснаас бусад гомдлыг мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар эрх нь зөрчигдсөнийг мэдсэн, мэдэх боломжтой байсан үеэс эхлэн 3 сарын дотор хөдөлмөрийн маргааныг урьдчилан шийдвэрлэх байгууллагад гаргахаар зохицуулсан. Гэвч нэхэмжлэгч нь энэ хугацаанд гомдлоо гаргаж байсан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул тэрээр дээрх хугацааны ээлжийн амралтын олговрыг шаардах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул шаардах эрхгүй юм.

 

Нэхэмжлэгч нь 2022 онд ажилласан хугацааны ээлжийн амралтыг биеэр эдлүүлээгүй үндэслэлээр энэ хугацааны цалинг 1,5 дахин нэмэгдүүлж гаргуулах тухай шаардлагаа 2023 оны 10 сарын 11-ны өдөр шүүхэд гаргажээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т талууд хөдөлмөрийн эрхийн маргааны талаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн, мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах эрхтэйг зохицуулсан. Нэхэмжлэгч дээрх гомдлыг 2023 оны 03 сард багтаан эрх бүхий этгээдэд гаргах байсан, энэ хугацаанд гомдол гаргасан нь мөн хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн 2022 оны ээлжийн амралтын цалинг 1,5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрхээ хэрэгжүүлсэн эсэхийг дүгнэхгүйгээр ээлжийн амралтын цалинд 476,652 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Иймд хуульд заасан хугацааг хэтрүүлсэн буюу уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэх үндэслэл тогтоогдоогүй тул уул шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангав.

 

8. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хүчин төгөлдөр үйлчилж буй Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчилсэн найруулга гэж тодотгосныг бичвэрийн алдаа гэж үзнэ. Хууль тогтоомжийн төслийг боловсруулах үндэслэл, шаардлагыг тодорхойлоход уг нэр томъёог хэрэглэх талаар Хууль тогтоомжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт тодорхойлжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар шүүх хүчин төгөлдөр хуулийг хэрэглэж байгаа тохиолдолд уг хууль нь анхдагч эсхүл шинэчилсэн найруулга, түүнчлэн нэмэлт, өөрчлөлтөөр батлагдсан эсэх нь ач холбогдолгүй. Иймд шийдвэрийн тогтоох хэсэгт шинэчилсэн найруулга гэж тодорхойлсныг хасна.

 

9. Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 01-ний өдрийн 181/ШШ2023/03481 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1, 2, 3 дахь заалтаас ...шинэчилсэн найруулга... гэснийг хасч,

1 дэх заалтын ...2,100,000 төгрөг... гэснийг 925,528 төгрөг гэж өөрчилж,

3 дахь заалтыг Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасныг баримтлан 2019 оны 01 сараас 2023 оны 05 сарыг хүртэлх хугацааны ээлжийн амралтын цалин 3,208,044 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

4 дэх заалтын ...48,550 төгрөг... гэснийг 26,763 төгрөг гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Н з д х-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Э.ЭНЭБИШ