| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 443 |
| Огноо | 2019-03-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Алтансүх |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 443
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа,
Улсын яллагч Ч.Алтансүх,
Хохирогч Б.Бямбатуяа,
Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Г холбогдох эрүүгийн 1806079700400 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, нөхрийн хамт Сүхбаатар дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Г.Г .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 9 цагийн орчим Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах үсчингийн газарт Б.Бямбатуяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Бямбатуяа мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр 9 цагийн үед ажил дээр байхад Амарзаяад Ганболор хэлэхдээ “түрээсийн талаар надтай уулз” гэсэн. Тэгээд Амарзаяа Ганболор нар хоорондоо чанга дуугаар орилон хэрэлдэж байхад нь би “болиоч гэж хэлсэн. Гэтэл миний гар руу цохиож, кофе асгасан. Одоо сэтгэл санааны хохиролтой гомдолтой байна .Одоогоор нэхэмжилсэн зүйл байхгүй сэтгэл санаагаар гомдолтой байна.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Бямбатуяагийн өгсөн мэдүүлэг /хх-14/, гэрч А.Амарзаяагийн өгсөн мэдүүлэг /хх-19-20/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 11779 дугаартай дүгнэлт /хх-22/, шүүгдэгч Г.Г хувийн байдлыг тогоосон баримт, ял шийтгэгдсэн эсэх лавлагаа /хх-48/, шүүгдэгч Г.Г иргэний үнэмлэхний лавлагаа /хх-29/, шүүгдэгч Г.Г яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-45-46/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 9 цагийн орчим Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах үсчингийн газарт Б.Бямбатуяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.
Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч хохирогч Б.Бямбатуяагийн өгсөн: “....2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр...Ганболор гаднаас ороод ирсэн тэгээд Амарзаяа тэр хоёр түрээсээ өгсөн өгөөгүй гээд маргалдаад өндөр дуугаар яриад байсан. Тэгэхээр нь би сандал дээр сууж байгаад юундаа орилоод байгаа юм бэ зүгээр ярьцгаагаач дээ гэсэн чинь Ганболор миний хажууд ирээд чи дуугүй бай янхан минь гичий минь гээд хэл амаар доромжлохоор нь би чамаар дуугаа хориулахгүй чи дуугүй бай гээд хэлсэн чинь Ганболор гичий минь чи дуугүй бай гээд шууд барьж байсан аягатай халуун кофег гараараа түлхээд цээж рүү асгуулчихсан. Тэгэхээр нь миний цээж халуун оргиод рефлексээрээ шууд хөлөө жийгээд боссон чинь Ганболор над руу гичий минь чи намайг өшгөлчихлөө ш дээ гээд банзал нохой дэвсгэрээр дуудаж элдвээр доромжлоод миний хөлийн шилбэ, гуя руу хоёр удаа өшиглөж толгой руу нэг удаа гараараа цохьсон..."/хх-14/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Амарзаяагийн өгсөн: "...Ганболор надад өгөөгүй мөнгөө өгсөн гээд өндөр дуугаар хашгирч эхэлсэн. Тэгсэн нь Бямбатуяа хажуунаас нь жаахан аажуухан яриач гэж хэлсэн чинь Ганболор уурлаад Бямбатуяа руу гичий минь чамд хамаагүй гээд хоёр бие рүүгээ хэрэлдэж эхэлсэн. Бямбатуяа кофе уугаад сууж байсан чинь Ганболор гар руу нь цохиод кофег нь Бямбатуяагийн яг цээжин хэсэг рүү асгуулчихсан чинь Бямбатуяа уурлаж босч ирээд зэрэг нэг нэгэн рүүгээ орилоод зууралдаад Ганболор Бямбатуяагийн хөлийн шилбэ хэсэг рүү өшиглөсөн. Хэдэн удаа өшиглөснийг би сайн санахгүй байна ямар ч байсан Ганболор өшиглөөд авахыг би харсан..." /хх-19-20/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 11779 дугаартай /хх-22/,
1. Б.Бямбатуяагийн биед цээжний өмнөд гадаргуун 1-р зэргийн түлэгдэлт, зүүн гуяны цус хуралт, зулгаралт, баруун шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн хэсэг газрын үйлчлэл болон мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Г.Г хувийн байдлыг тогоосон баримт, ял шийтгэгдсэн эсэх лавлагаа /хх-48/,
Шүүгдэгч Г.Г иргэний үнэмлэхний лавлагаа /хх-29/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Г.Г яллагдагчаар өгсөн: “2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр би Амарзаяа гэх хүүхэнтэй түрээсийн асуудлаар ярих гээд ороод мөнгө төгрөг өгсөн, өгөөгүй тал дээр маргалдаж дуугаа жоохон өндөрсгөсөн. Тэгсэн хажуунаас Бямбатуяа дуугүй болооч гар, зайлаач гэхээр нь би чамд хаагүй, чи дут, амаа тат, зайл гэж хэлсэн чинь өөдөөс Бямбатуяа чи өөрөө зайл гээд бид 2 бие биенийгээ элдвээр доромжилж эхэлсэн. Тэгээд би Бямбатуяаг сандал дээрээ сууж байхад нь дөхөж очоод хэрэлдэж байтал Бямбатуяагийн гар руу нь цохичихсон. Гарт нь байсан аягатай цай нь цээж рүү асгарсан чинь Бямбатуяа шууд босч ирээд намайг алгадаад үсдэх гээд дайрхаар нь би зөрүүлээд барьцалдсан.” гэх мэдүүлэг /хх-45-46/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Г.Г нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 9 цагийн орчим Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах үсчингийн газарт Б.Бямбатуяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Бямбатуяагийн өгсөн мэдүүлэг, гэрч А.Амарзаяагийн өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 11779 дугаартай дүгнэлт болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 9 цагийн орчим Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах үсчингийн газарт Б.Бямбатуяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.
Шүүгдэгч Г.Г гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, тэдэнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч Б.Бямбатуяа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул үүнийг шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл
байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүхээс шүүгдэгч Г.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.
Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Энэ хэрэгтээ шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Г ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Г.Г 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.Г нь шүүхээс оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.Г нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Г.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС