Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 130/ШШ2016/00393

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт оршин суух, Ж овогт Кн Уы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний газарт холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч К.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, С.Е, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Х.Жийн 2015 оны 9-р сарын 01-нээс 2016 оны 4-р сарын 26-ны өдөр хүртэл тэжээгч алдсан тэтгэмж 1001200 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн нийгмийн халамжийн сангаас гаргуулж, Х.Жийн тэжээгч алдсаны тэтгэмжийг нийгмийн халамжийн сангаас сар бүр олгож байхыг тус аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст даалгаж өгөхийг хүсжээ.

Нэхэмжлэгч К.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Өлгий сумын Засаг даргын 2011 онд 04 дүгээр сарын 04-ний өдрийн захирамжаар Жийг Хд үрчлүүлсэн. 2013 оны 03 дугаар сарын 29-ны өдөр Х нас барсан. Түүний хүүхэд нь миний асрамжид үлдсэн. Х нас барахаасаа өмнө хүүхдээ надад захиж үлдээсэн. Би тухайн хүүхдийг би асарч хүмүүжүүлж байна. Улмаар уг хүүхдийн асран хамгаалагчаар намайг тогтоосон захирамж гарч тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоож өгсөн. 2015 оны 09 дүгээр сард Жийн тэжээгчээ алдсаны тэтгэмж нь зогссон. Би аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний төвд хандахад танд олгогдохгүй гэсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд өргөдөл гаргахад аваагүй тэтгэмжийн мөнгө болох 1012000 төгрөг нэхэмжилсэн ба 5 дугаар сарын тэтгэмжийн мөнгө нийлээд 1138500 төгрөг болсон. 6 дугаар сард уг тэтгэмж нэмэгдсэн ба нийт тэтгэмжийн мөнгө1278500 төгрөг болсон. Иймд уг мөнгийг аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Ц шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Х овогтой Ж нь 2012 оны 4-р сараас эхлэн нийгмийн халамжийн сангаас тэжээгч алдсаны тэтгэвэр авч эхэлсэн бөгөөд 2015 оны 9-р сарын 01-ний өдрөөс эхлэн уг тэтгэврийг халамжийн сан хариуцсан мэргэжилтэн Ж.О зогсоосон билээ. Зогсоохдоо нэхэмжлэгч К.Уы нэхэмжлэлдээ дурдсан тодорхойгүй шалтгаанаар бус Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 2-д заасан Ганц бие хүнд хүүхэд үрчлүүлэхийг хориглоно гэсэн зүйлийг зөрчсөн хууль бус үрчлэлт байсан тул зогсоож байгаа тухай хувийн хэрэг дээр 2015 оны 8-р сарын 18-ны өдөр тэмдэглэж мөн К.Уд мэдэгдсэн болно. К.Х нь Өлгий сумын Засаг дарга Х.Оы 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар 147 тоот захирамжаар Б овогтой Жийг үрчилж авсан бөгөөд үрчилж авах үедээ нийгмийн халамжийн сангаас Байнгын асаргаа шаардлагатай иргэн-ий асаргаа тэтгэмж авч байсан мөн үрчлэлтийн захирамж нь Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 2 зөрчигдөж байгаа тул хууль бус үрчлэлт гэж үзэж байна. Байнгын асаргаа шаардлагатай иргэн гэж Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.6-д зааснаар бусдын туслалцаагүйгээр өдөр тутмын үйлдлээ бие даан гүйцэтгэх чадваргүй, эсхүл оюуны хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн хүнд хэлбэрийн эмгэгтэй хүнийг хэлнэ гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: К овогтой У нь нийгмийн халамжийн сангаас бүтэн өнчин хүүхдийн асаргаа болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийг Өлгий сумын Засаг дарга Оы захирамжаар 2013 оноос эхэлж авсан. Аймгийн нийгмийн халамжийн хэлтсээс төлөвлөгөөт шалгалт явуулж Өлгий сумын тэжээгчээ алдсан болон бүтэн өнчин хүүхдийн тэтгэмжийн хувийн хэргийг шалгахад Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт заасныг зөрчиж үрчлүүлсэн зөрчлийг илрүүлээд К.Уы халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг зогсоосон. Аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дотоод аудит, хяналт шалгалтын ажлын хэсэг Өлгий сумын хувийн хэргийг шалгаад тухай үед Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт заасныг зөрчиж үрчлүүлэлтээр бүтэн өнчин хүүхдийн асаргааны тэтгэмж болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийг авч байсан нь илэрсэн тул уг тэтгэмжийг зогсоосон. Ингэж зогсоохдоо хувийн хэргийн гадна талд тэмдэглэл үйлдсэн. Тэрээр 2015 оны 11 дүгээр сард аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст хандсан. Би нэхэмжлэгчид энэ талаар казак хэлээр тайлбарлаж өгсөн. К.У нь надтай 2015 оны 12 дугаар сард ирж уулзсан. Манайд бүтэн өнчин хүүхдийн маргаантай 15 материал байдаг. Би Улсын бүртгэлийн хэлтэст бүтэн өнчин хүүхдийн маргаантай 15 материалтай холбоотой асуудлаар хандахад манай байгууллагын буруу учир бичгээр хариу мэдэгдэх боломжгүй гэсэн хариу Одгэрэл гэдэг хүн өгсөн. К.У нь 2016 оны 02 дугаар сард ирж уулзахад нь олгогдох боломжгүй тэтгэмж байна гэхэд тэрээр 2016 оны 03 дугаар сард хувийн хэргээ авсан. Тэрээр 2016 оны 03 дугаар сард манай байгууллагын мэргэжилтэн Пабылтай уулзсан тэрээр юу гэж хэлснийг мэдэхгүй. Дараа нь шүүхэд нэхэмжлэл гаргасан гэдгийг мэдсэн гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Е шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай байгууллагын мэргэжилтэн болон нарийн бичгийн дарга бичгээр мэдэгдсэн. К.Уы өргөдлийг хариуг 30 хоногийн дотор хариу мэдэгдэх ёстой байсан тул бичгээр хариу мэдэгдсэн. Мөн К.Уд 2 удаа ирэхэд ойлгуулж хэлсэн. Нэхэмжлэгч тэтгэмж зогсоосон үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зөрчил илэрч тэтгэмж зогсоосон. Ерөнхий газраас шалгалт ирж зогсоовол тэтгэмжийн мөнгийг буцааж төлөх асуудал үүснэ гэдгийг өөрт нь ойлгуулж хэлсэн. Уг тэтгэмжийг анх тогтооход хэлтсийн дарга болон дотоод хяналт шалгалтынхан нарийн хянаж үзээгүйн улмаас тэтгэмж олгогдож байсан. Бид нар нэг бүрчлэн шалгаад, ганц бие, бусдын асрамжид байдаг хүнд хүүхэд үрчлүүлэхгүй тухай Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна гэх зөрчлийг илрүүлсэн. Тухайн үеийн Засаг даргаар ажиллаж байсан О яагаад захирамж гаргаж, аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүд яагаад тэтгэмж тогтоосныг мэдэхгүй. Хуулийн шаардлагыг хангаагүй тэтгэмж байсан. Бид иргэдийг хохироох үүднээс албаар тэтгэмж зогсоогоогүй, хуулийн шаардлага хангаагүй тэтгэмж байсан учир урьдчилан сэргийлж таслан зогсоосон гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтууд болон талуудын тайлбарыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч К.У нь хариуцагч Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн нийгмийн халамжийн сангаас тэжээгч алдсаны тэтгэмж 1001200 төгрөг гаргуулах, Х.Жийн тэжээгч алдсаны тэтгэмжийг нийгмийн халамжийн сангаас сар бүр олгож байхыг тус аймгийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэст даалгаж өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч К.У нь нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн нийгмийн халамжийн сангаас тэжээгч алдсаны тэтгэмж 1278500 төгрөг гаргуулахыг хүссэн байна.

Нэхэмжлэгч К.Уы Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн нийгмийн халамжийн сангаас тэжээгч алдсаны тэтгэмж гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс нь Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-д заасан үндэслэлийг зөрчсөн хууль бус үрчлэлт гэж үзэж зогсоосон гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан боловч хариуцагч Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ нотлох, нотлох баримтыг гарган өгч нотолж чадаагүй болно.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Баян-Өлгий аймаг Өлгий сумын Засаг даргын 2011 оны 11 сарын 24-ний өдрийн 147 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжаар Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 7 дугаар заалтыг үндэслэн Б овогтой Жийг иргэн К.Хд үрчлүүлсэн байна.

Уг Өлгий сумын Засаг даргын 2011 оны 11 сарын 24-ний өдрийн 147 дугаартай хүүхэд үрчлүүлэх тухай захирамжийг үндэслэн улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч бүртгэснээр Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 08 сарын 14-ний өдрийн 318 дугаартай Үрчилсний бүртгэлийн лавлагаа, мөн 2016 оны 06 сарын 24-ний өдрийн 210 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаагаар тус тус Баян-Өлгий аймаг Өлгий сумын үрчлэлтийн 49-рт Жантекей овгийн Хгийн Ж болгон бүртгэсэн үрчлэлтийн бүртгэл байгаа болох нь лавлагаагаар нотлогдож байна.

Үрчлэн авагч К.Х нь нас барсан болох нь 2012 оны 04 сарын 09-ний өдөр нас барсны бүртгэлийн 37-рт бүртгэж, нас барсны гэрчилгээ олгосон нь нотариатаар баталгаажуулсан нас барсны гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

Баян-Өлгий аймаг Өлгий сумын Засаг даргын 2012 оны 04 сарын 12-ны өдрийн 47 дугаартай Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоох тухай захирамжаар Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 64 дүгээр зүйлийн 64.1, 67 дугаар зүйлийн 67.1, 77 дугаар зүйлийн 77.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн Өлгий сумын 4 дүгээр багийн оршин суугч бүтэн өнчин Х овогтой Жийн асран хамгаалагчаар нагац ах нь болох К овогтой Уыг тогтоосон байна.

-Х овогтой Ж нь ******* регистрийн дугаартай, ам бүл 10, 12-24 тоотод оршин суугч, бүтэн өнчин хүүхэд бөгөөд нагац ах нь болох К.Уы гэрт амьдран сууж байгаа нь үнэн гэх багийн Засаг даргын тодорхойлолт болон Х овогтой Ж нь Өлгий сумын 1-р бүрэн дунд сургуулийн 4 в ангид суралцаж байгаа нь үнэн болох нь 2015 оны 02 сарын 18-ний өдрийн Өлгий сумын Ерөнхий боловсролын Нэгдүгээр бүрэн дунд сургуулийн 08 дугаартай албан бичгээр,

-Х овогтой Жийн асран хамгаалагч У нь Нийгмийн халамжийн сангаас тэжээгч алдсаны тэтгэврийг тогтоолгон авч байгаад 2015 оны 9-р сараас эхлэн тэтгэврээ аваагүй болох нь НХҮХэлтсийн сүлжээний инженер А.Онгарын тодорхойлолтоор тус тус нотлогдож байна.

Хариуцагч Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс нь иргэн К.Х нь хүүхэд үрчилж авахдаа бусдын асрамжид байсан бөгөөд нийгмийн халамжийн сангаас байнгын асаргаа шаардлагатай иргэний асаргааны тэтгэмжийг авч байсан нь, мөн Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т заасныг зөрчсөн гэх боловч тухайн үед К.Х нь хүүхэд үрчилж авахад ганц бие иргэн байсан нь, К.Х хүүхэд үрчилж авахдаа бусдын асрамжид байсан нь тус тус хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Иргэн К.Х нь Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.6-д зааснаар хүсэлтээ гаргаж, мөн хуулийн 55.7-д зааснаар сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг хянан үзэж, үрчлүүлэх эсэх тухай шийдвэр гаргаж, мөн хуулийн 55.8-д зааснаар хүүхэд үрчилсэн тухай шийдвэрийг үндэслэн иргэний гэр бүлийн бүртгэлийн ажилтан хүүхэд үрчилснийг бүртгэнэ гэснээр бүртгүүлсэн нь дээрх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул хууль зөрчсөн үрчлэлт байна гэж үзэх боломжгүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т ганц бие хүн хүүхэд үрчлүүлэхийг хориглоно гэж 2010 оны 04 сарын 22 өдөр хуульд өөрчлөлт оруулсан боловч Өлгий сумын Засаг дарга энэ хуулийн заалтыг зөрчиж хүүхэд үрчлүүлэх тухай эрхийн актыг гаргасан байх ба Засаг дарга өөрийнхөө гаргасан эрхийн актыг хүчингүй болгох буюу эрх бүхий этгээд хүчингүй болгох эрх нь нээлттэй байсан боловч энэ захирамжийг хүчингүй болгосон ямар нэгэн эрх бүхий этгээдээс шийдвэр гараагүй байх тул хүүхэд үрчлүүлэх тухай захирамж нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа захирамж байна гэж үзлээ.

Хагийн Жээр бүртгэгдэж, иргэн К.Х нь нас барснаар Өлгий сумын Засаг даргын 2012 оны 04 сарын 12-ний өдрийн 47 дугаартай Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоох тухай захирамж гарч тэжээгч алдсаны тэтгэмж авах эрх үүсэж, түүнийг авч байхад Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс нь тэжээгч алдсаны тэтгэмжийг зогсоосон нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч К.Уы Хгийн Жийн 2015 оны 09 сарын 01-нээс 2016 оны 06 сарын 28-ний хүртэл тэжээгч алдсаны тэтгэмж гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хавтаст хэрэг авагдсан НХҮХэлтсийн тодорхойлолтоор сарын тэтгэвэрт хэмжээ 126500 төгрөг байсан буюу Засгийн Газрын 2016 оны 05 сарын 31-ний өдрийн 293 тогтоолын дагуу 06 сарын 01-ний өдрөөс хойш сард 140000 төгрөг олгож байгаа нь нотлогдож байх тул Х.Жийн тэжээгч алдсаны тэтгэмжид бүгд 1152000 төгрөгийг Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн нийгмийн халамжийн сангаас гаргуулан нэхэмжлэгч К.Уд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 126500 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Нийгмийн халамжийн тухай хуулийн 30 дугаар зүйлд тэтгэвэр, тэтгэмжийг зогсоох талаар заасан бөгөөд мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлж тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол уг тэтгэвэр, тэтгэмжийн олголтыг зогсооно гэж заасан байна.

Нийгмийн халамжийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасан үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байхад Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн сайн дураараа тэтгэвэр, тэтгэмжийн олголтыг зогсоосон нь үндэслэлгүй байна.

Иймд Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.4-т зааснаар Х.Жийн тэжээгч алдсаны тэтгэмжийг нийгмийн халамжийн сангаас сар бүр олгож байхыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэст даалгах нь зүйтэй байна.

Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 2016 оны 06 сарын 21-ний өдрийн 162 дугаартай аймгийн Улсын бүртгэл, статистикийн хэлтэст Хүсэлт тавих тухай гэх албан бичиг нь хэрэгт ач холбогдолгүй нотлох баримт байна гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасан тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл учир улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамжид 32198 төгрөгийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн санхүүгээс гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 13 дугаар зүйлийн 13.2-д заасныг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн нийгмийн халамжийн сангаас тэжээгч алдсан тэтгэмжийн 1152000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К.Уд олгож, Х.Жийн тэжээгч алдсаны тэтгэмжийг нийгмийн халамжийн сангаас сар бүр олгож байхыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэст даалгаж, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 126500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч К.У нь Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн санхүүгээс 32198 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН