Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 30

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сарантуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн

Улсын яллагч Н.Мөнхбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ

Шүүгдэгч Ш.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Г-д холбогдох 1716000930006 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн А овогтой Ш-н Г.

Шүүгдэгч Ш.Г нь 2017 оны 10 сарын 12-ны өдөр Ф.Пассат загварын 00-00 ГАА улсын дугаартай автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.7 дахь хэсэгт заасан “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалантын хорооны нутаг дэвсгэрт засмал замд иргэн С.П-н жолоодож явсан улсын дугааргүй хар өнгийн мотоцикльтой мөргөлдөж, мотоциклийн жолооч С.П-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Ш.Г нь 2017 оны 10 сарын 12-ны өдөр Ф.Пассат загварын 00-00 ГАА улсын дугаартай автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.7 дахь хэсэгт заасан “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалантын хорооны нутаг дэвсгэрт засмал замд иргэн С.П-н жолоодож явсан улсын дугааргүй хар өнгийн мотоцикльтой мөргөлдөж, мотоциклийн жолооч С.П-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Ш.Г гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Ш.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд өгсөн “...Тухайн үед туслах замаар орж ирсэн ч гэсэн Пүрэвсүрэн нь согтууруулах ундаа хэрэглэн, хурд хэтрүүлж, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй явж байсан учраас миний машины арын дугуй руу ирж мөргөсөн. Тухайн үед 100 гаран метрийн зайтай байсан. Замын хөдөлгөөний дүрэмд 100 гаран метрийн зайтай бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэх боломжтой байдаг. Тэр дүрмийн дагуу хөдөлгөөндөө оролцсон ... Мотоцикль мөргөөд ирэхэд тэр чигээрээ амжаад эргэж байсан болохоор хажууд нь очиж зогссон ... Тухайн үед хохирогчийн хамраас нь цус гарсан байсан. Хохирогч согтуу босохгүй байсан. Босож ирээд уулзъя гэхэд миний хөл хугарсан байна гэсэн ... ”  гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч С.П-н мөрдөн байцаалтад өгсөн “...Жаргалантын хорооны засмал замаар уруудаад баруун чиглэлд явж байтал замын хойд талаас хар хөх өнгийн жижиг суудлын автомашин орж ирээд мөргөлдсөн. Машины арын дугуй хэсэг рүү мөргөөд гулсаж замаас гараад унасан ... тормоз гишгэсэн боловч хэтэрхий ойртосон байсан тул очоод мөргөлдсөн. Тухайн автомашиныг зам тавьж өгөх байх гэж бодоод чигээрээ явж байтал туслах замаас ороод ирсэн ... ослын улмаас миний зүүн хөлийн шилбэ яс 2 хугарсан, толгойдоо цууралт гэмтэл авсан талаар эмч хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р           ХХ32-34/,

Гэрч  Д.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би мотоциклийнх нь ард суугаад Жаргалантын хорооны нисэх рүү явдаг замаар баруун тийшээ явж байтал уг засмалын замын хойноос урагш орсон туслах замаас хар хөх өнгийн жижиг суудлын машин орж ирээд мөргөлдсөн. Тухайн машиныг мөргөөд гулсаад замаас гарсан. Тэр машин тухайн газраа зогсолгүй тойроод бид 2-ын хажууд хүрээд ирсэн. Машинаас цагдаа хувцастай хүн бууж ирээд юу болсон талаар тодруулаад эмнэлэг цагдаагийн газарт өөрөө дуудлага өгсөн. Удалгүй дуудлага ирээд П-г аваад явсан, цагдаагаас хүмүүс ирээд үзлэг хийгээд мотоцикль, машиныг аваад явсан... ерөөсөө шороон замаар явсаар байгаад л орж ирээд мөргөлдөж таарсан. Ер нь бол туслах замаас орж ирээд эгнээ байраа эзэлж амжихааргүй байсан ...”гэсэн мэдүүлэг /1-р ХХ35-36/,

Шинжээч Б.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн “... иргэн Ш.Г-ийн тухайд ЗХД-н 12.9 дэх хэсэгт заасан гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн... Уг замын тухайд зохицуулагддаггүй уулзвар бүхий зам байх тул гол ба туслах замын уулзварт нэвтрэх журам баримтлана. Ш.Г-ийн тухайд тээврийн хэрэгсэл нь уулзварт нэвтэрсэн байсан хэдий ч хөдөлгөөнөө дуусгаж амжаагүй, гол болон тусах замын уулзвар нэвтрэх журам зөрчсөн үндэслэлтэй байгаа юм ...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ54-55/,

Шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Б.М-ийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “ ... Нэг: Улсын дугааргүй мотоцикль жолоодож явсан С овогтой П нь “2.7 Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” , 2. Жолоочийн үүрэг 2.1 Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, б/ тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг, 00-00 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ш овогтой Г Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн “12. Уулзвар нэвтрэх. 12.9 Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Хоёр: Дээрх үйлдлүүдийн улмаас осол гарсан байх үндэслэлтэй байна.

Гурав: Ослын материалаар өөр шинээр илэрсэн зүйл байхгүй болно...” гэсэн дүгнэлт /1-р ХХ45/,

Шинжээч Д.Даваахүүгийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “...Иргэн П-ийн биед зүүн шилбэ ясны хугарал, зүүн хацар ясны хугарал, хамрын тасдавчийн муруйлт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн хацар, баруун шанаа, эрүү, зүүн сарвуунд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохой зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт  /1-р ХХ39-40/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ3-4/, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ5-7/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн өмгөөлөх болон яллах талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу  хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Ш.Г-ийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

  2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно гэж заажээ.

Шүүгдэгч Ш.Г-ийн гэм буруутай үйлдэл нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд үүнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй үндэслэл бий болсон байна.

Шүүгдэгч Ш.Г-д холбогдох хэргийг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоосны эцэст хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Ш.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хавтаст хэргийн 15 дугаар хуудсан дахь Прокурорын 76 дугаартай тогтоолоор шүүгдэгч Ш.Г-ийн эзэмшлийн Ф.Пассат загварын 00-00 ГАА улсын дугаартай автомашин, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн түр үнэмлэх, хохирогч С.П-н жолоодож явсан улсын дугааргүй хар өнгийн мотоцикль зэргийг түр хурааж авч, түр хурааж авсан зүйлсийг хэрэг шийдвэрлэгдэж дуустал хадгалалт хамгаалалт болон бүрэн, бүтэн байдалд нь хяналт тавихыг Цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Амартүвшинд хариуцуулж, Цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл саатуулах хашаанд байлгахаар шийдвэрлэсэн  байдал нь хуульд нийцсэн байна.

Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгосон  шийдвэрийг давж заалдах хугацаа дуустал эд мөрийн баримтыг хадгална гэж заасныг зөрчиж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Ф.Пассат загварын 00-00 ГАА улсын дугаартай автомашиныг шүүгдэгч Ш.Г-д шүүх хуралдаан болохоос өмнө өгсөн байдал нь шүүхийн хараат бус байдалд халдсан байна гэж үзэх үндэслэл болж байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улсын дугааргүй, хар өнгийн Мустанг-5 маркын мотоциклийг хохирогч С.П-д, №0000000 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, №00000 дугаартай жолоочийн түр зөвшөөрөл зэргийг шүүгдэгч Ш.Г-д тус тус буцаан олгож,  энэ хэрэгт шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч С.П-д хохиролд 500.000 төгрөг төлсөн, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн,  шүүгдэгч цагдан хоригдоогүй,  шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний үнэмлэх шүүхэд, ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8,34.19 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт Ш-н Г-г Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Г-д холбогдох 1716000930006 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улсын дугааргүй, хар өнгийн Мустанг-5 маркын мотоциклийг хохирогч С.П-д, №0000000 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, №00000 дугаартай жолоочийн түр зөвшөөрөл зэргийг шүүгдэгч Ш.Г-д тус тус буцаан олгосугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч С.П-д хохиролд 500.000 төгрөг төлсөн, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн,  шүүгдэгч цагдан хоригдоогүй,  шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний үнэмлэх шүүхэд ирээгүй,шүүгдэгч Ш.Г эд мөрийн баримтаар түр  хураагдсан  Ф.Пассат загварын 00-00 ГАА улсын дугаартай хар хөх өнгийн автомашиныг авсан зэргийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг  шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.САРАНТУЯА