Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/00151

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/00151

 

 

2024 01 17 210/МА2024/00151

 

Э к к- ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 01-

ний өдрийн 101/ШШ2023/04764 дугаар шийдвэртэй

Э к к- ХХК-ийн нэхэмжлэлтэй, С с- ХХК-д холбогдох,

Гүйцэтгэлийн баталгаа 32,505,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батмягмармаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Билэгдэмбэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Манай компани С с- ХХК-тай 2019 оны 06 сарын 20-ны өдөр Ч- нутаг дэвсгэрт баригдах 16 давхар үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилгын карказ угсралтын ажлыг 650,116,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж ажилласан. Тус гэрээний Хавсралт №1-т төлбөр тооцооний нөхцөлийг баталгаажуулсан. Гүйцэтгэгч нь гэрээний 8-д зааснаар гүйцэтгэлийн баталгаа болгож гэрээт ажлын гүйцэтгэлийн төлбөрөөс 5 хувьтай тэнцэх 32,505,800 төгрөгийг санхүүжилт бүрээс суутгаж авсан ба чанарын баталгаат хугацаанд захиалагчид байршуулсан.

Гүйцэтгэгч нь гэрээт ажлыг 2019 оны 06 сард эхлүүлж 2020 оны 04 сард бүрэн дуусгаж хүлээлгэж өгсөн. Гэрээний 7.1-д заасан чанарын баталгааны 3 жилийн хугацаа дууссан боловч захиалагч нь уг төлбөрийг буцаан олгоогүй. Энэ талаар захиалагчид албан бичгээр хүсэлтээ илэрхийлсэн ч өнөөдрийг хүртэл уг мөнгийг шилжүүлээгүй байна. Иймд гүйцэтгэлийн баталгааны 5 хувь 32,505,800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг актаар хүлээлгэн өгөөгүй, Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.6-д заасны дагуу ажил гүйцэтгэх болон нэмэлт гэрээнд заасан 2020 оны 05 сарын 10-ны өдрийн дотор хүлээлгэн өгөх хугацааны дагуу хуульд заасан баталгаат хугацаа дуусаагүй. Мөн тухайн барилга байгууламж нь ковид-19 цар тахал, хөл хорионы улмаас барилгын ажил зогсож, бүрэн дуусаагүй, комисст хүлээлгэн өгөөгүй тул ажлын чанар стандартыг хангаж байгаа эсэхийг баталгаажуулах боломжгүй байна.

Нэхэмжлэгч нь 2019 оны 06 сарын 20-ны өдрийн "Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний 2.1, 2.4, 2.5-д заасныг зөрчсөн, мөн гэрээний 2.9, 2.13-д заасан үүргээ биелүүлээгүй. Барилгын стандарт норм, чанарын шаардлагыг хангаагүй ажил гүйцэтгэж, доголдлыг арилгаагүй тул манай компани доголдлыг өөрийн зардлаар арилгаж баталгааны 5 хувь болох 32,505,800 төгрөгөөс суутган тооцсон. Ажил гүйцэтгэлийн гэрээгээр гүйцэтгэсэн ажлын нийт хөлс 650,116,000 төгрөг бөгөөд НӨАТ 79,205,179 төгрөгийн баримтыг өнөөдрийг хүртэл шивж ирүүлээгүйн улмаас компанид НӨАТ-ийн өр үүсгэсэн зэрэг хохирол компанид учирсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С с- ХХК-аас 32,121,800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э к к- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 384,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320,479 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч С с- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 318,559 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э к к- ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

4.1. Шийдвэрт, "нэхэмжлэгч нь Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэх 3-16 давхрын каркас угсралтын ажлыг гүйцэтгэсэн нь хэрэгт авагдсан ажил гүйцэтгэсэн актаар тогтоогдож байна" гэжээ. Уг акт нь "Э к к-" ХХК-ийг барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 8 зүйлд заасан үүргээ бүрэн биелүүлсэн, ажлыг доголдолгүй, барилгын стандарт норм хангасныг нотлох баримт биш юм. Тухайн ажлыг хулээлцэх акт үйлдэн хүлээлгэн өгөөгүй, талууд гарын үсэг зурж баталгаажуулаагүй, ажил гүйцэтгэх гэрээнд хэн, ямар зарчмаар ажиллах, ямар баримт бүрдүүлж гэрээ авах, гүйцэтгэсэн ажилд зөрчил илэрвэл түүнийг баталгаажуулах асуудлууд гэрээнд тодорхой заасан ч "Э к к-" ХХК нь өнөөдрийг хүртэл ажлыг эцэслэн дүгнээгүй. Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчиж нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүй, хэрэгт авагдсан хууль бус баримтаар дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

4.2. Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулалгүй хэргийг шийдвэрлэж, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хязгаарлаж, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангалгүй тус хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Билэгдэмбэрэл миний бие шүүх хуралдаанд зам тээврийн ослын улмаас биечлэн оролцох боломжгүй болсон ба шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт өгөх боломжгүй байдал үүссэн. Гэтэл шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т "мэдэгдэх хуудсаар шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, ажлын бус цагаар хуульд заагаагүй аргаар буюу утсаар мэдэгдсэн. Шүүх хуралдаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлах тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт "төлөөлөгч ирсэн эсэх, хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг тодруулалгүй" хэрэг үүссэнээс хойш анх удаа шүүх хурал товлогдсон ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өмнө нь шүүх хуралд оролцоогүй гэх үндэслэлгүй, төлөөлөгч намайг эзгүйд шүүх хуралдааныг явуулж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчмыг хангаагүй, миний болон компанийн эрх ашгийг зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж, үнэн зөвөөр шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай баримтыг хэрэгт хавсаргах, компанийн хуулиар олгогдсон эрх ашгийг хамгаалж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хавсралт 1-т төлбөр төлөх хуваарийг баталгаажуулсан. Гэрээний 1.3-т зааснаар давхар тус бүрийн бетон цутгалтын ажлыг хийж дуусган, хэв хашмалыг бүрэн хуулж, актаар баталгаажуулсны дараа эд хөрөнгийн төлбөрөөс гүйцэтгэлийн баталгааг суутгаж, үлдэгдэл төлбөрийг олгоно гэж заасан. Талууд тухайн заалтыг үндэслээд тухай бүр давхар тус бүрийн ажил дууссаны дараа ажил гүйцэтгэлийн актыг үйлдэж, актад талбай хариуцсан ерөнхий инженерүүд гарын үсэг зурж түүнийг нь С с- ХХК-ийн санхүүгийн албанд өгснөөр санхүүжилт нь тогтмол, давхар бүрээр олгогдож байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр нотлох баримтад үндэслэж гарсан учраас хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзэж, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Э к к- ХХК нь хариуцагч С с- ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлийн баталгаа 32,505,800 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцсэн байна.

 

4. Зохигчийн хооронд 2019 оны 06 сарын 20-ны өдөр №SS-2019-056 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч болох Э к к- ХХК нь Ч-д баригдаж буй А-үйлчилгээ, орон сууцны зориулалттай 16 давхар барилгын каркас угсралтын 8,126.45 м.кв талбай бүхий, 3-16 хүртэлх давхар, мөн техникийн давхрын төмөр бетон хийцлэлтэй барилгын угсралтын ажлыг өөрийн ажиллах хүч, бараа материал, тоног төхөөрөмжийг ашиглан гүйцэтгэж хүлээлгэн өгөх, захиалагч С с- ХХК нь гэрээний үнэ 650,116,000 төгрөгийн хөлс төлөхөөр талууд тохиролцжээ. Талууд дээрх гэрээнд 2020 оны 03 сарын 16-ны өдөр нэмэлт оруулж, үндсэн гэрээний Хавсралт №1-ийн 1.5-д заасан эд хөрөнгийн төлбөрт өөр маркийн автомашиныг 62,587,280 төгрөгийн төлбөрт тооцон шилжүүлэхээр тохиролцсон байна. /хх.14-15/

 

Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцааг үүссэнийг зөв тогтоож, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэжээ.

 

5. Хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд Э к к- ХХК нь гэрээнд заасан ажлыг 2019 оны 09 сарын 06-ны өдрөөс 2020 оны 04 сарын 14-ний өдрийн хугацаанд хийж гүйцэтгэж, ажлын үр дүнг захиалагч С с- ХХК-д Барилга угсралтын ажил гүйцэтгэсэн акт-аар хүлээлгэн өгсөн, уг актад захиалагчийг төлөөлөн төслийн менежер Э.Ж, ерөнхий инженер Л.Б, ХАБЭА-ийн инженер М.Б нар гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Хариуцагч ажлын үр дүнг хүлээн авснаас хойшхи хугацаанд нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил доголдолтой талаар гомдлын шаардлагыг нэхэмжлэгчид гаргаж байсан үйл баримт тогтоогдоогүй.

Мөн гэрээний 1.4.1-д зааснаар гэрээний нийт хөлс 650,116,000 төгрөгөөс гүйцэтгэлийн баталгаа 32,505,800 төгрөгөөс бусад хөлсийг хүлээн авсан, мөн хариуцагч нь уг баталгааг суутгаж бусад төлбөрийг төлсөн талаар маргаагүй.

Хариуцагч талаас нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлыг актаар хүлээлгэн өгөөгүй, гүйцэтгэсэн ажил чанарын шаардлага хангаагүй, ажлын доголдлыг арилгаж гүйцэтгэлийн баталгаанаас суутгасан гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна. Энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчиж, хариуцагч талд шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

Шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2023 оны 10 сарын 06-ны өдрийн 16:00 цагт товлож, товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 00000000 дугаараар дамжуулан 2023 оны 09 сарын 22-ны өдөр мэдэгдэж, тэмдэглэл үйлджээ.

Хариуцагч тал шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй, шүүх хариуцагч талын нотлох баримттай танилцах, мэтгэлцэх эрхийг нь ханган шүүх хуралдааныг хойшлуулж 2023 оны 11 сарын 01-ний өдрийн 08:30 цагт товложээ.

Шүүх 2023 оны 10 сарын 10-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 00000000 дугаараар дамжуулан мэдэгдэхэд ...мэдлээ гэж хариу өгснийг шүүгчийн туслах тэмдэглэл үйлдэн баримтжуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасан журмаар шүүх хуралдааны тов мэдэгдсэн гэж үзнэ. /хх 64, 66, 70-72/

Түүнчлэн, шүүхээс 2023 оны 10 сарын 31-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 00000000 дугаарт холбогдоход ...нэхэмжлэгч талаас шинэ нотлох баримт гаргасан уу, манайх сөрөг нэхэмжлэл гаргах гэж байгаа. Шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт өгнө гэснээс үзвэл хариуцагч тал 2023 оны 11 сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны товыг хүлээн авсан гэж үзнэ. /хх 79/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй.

Иймд анхан шатны шүүх хуульд заасан журмаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн тул хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 01-ний өдрийн 101/ШШ2023/04764 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч С с- ХХК-ийн давж заалдах гомдолд төлсөн 320,479 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Э.ЭНЭБИШ