| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 183/2023/02842/И |
| Дугаар | 210/МА2024/00070 |
| Огноо | 2024-01-05 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2024/00070
2024 01 05 210/МА2024/00070
М ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2023/03462 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч С ХХКд холбогдох,
Алданги 170,127,465 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, З.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч С ХХКтай 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ХАГ-01/01 тоот гэрээ байгуулж, гүйцэтгэгч тал нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт орших, Баруун наран уурхайд өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээг, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Ухаа худагт өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгэх гэрээг тус тус байгуулсан. Уг гэрээний дагуу гүйцэтгэгч тал болох М ХХК нь гэрээгээр тохиролцсон ажлыг тухай бүр захиалагчийн шаардлагын дагуу хийж гүйцэтгэсэн боловч захиалагч нь төлбөр төлөх хугацааг олон хоногоор хожимдуулж манай байгууллагад ихээхэн хохирол учруулсан болно. Талуудын байгуулсан гэрээний 7.10-т заасны дагуу захиалагч тал нь гүйцэтгэлийн төлбөрийг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.1 хувиар алданги төлөхөөр тохирсон бөгөөд С ХХК нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй удаа дараа хожимдуулсанаас бидний хувьд ихээхэн хохирол үүссэн боловч бодит хохирол бус зөвхөн алдангийг гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд С ХХКаас гэрээний алданги болох 170,127,465 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр болон нэмэлт гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тус тус өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаар маргахгүй. Уг гэрээний төлбөр тооцоо бүгд хийгдэж дууссан. Талууд тооцоо нийлэх акт үйлдсэн. Мөн ковид цар тахалтай холбоотойгоор хугацаа хойшилсон талаар хэн аль нь мэдэж байгаа, нийтэд илэрхий үйл баримт юм. Талууд тооцоо нийлээд дууссан буюу 2022 онд нэхэмжлэгчээс төлбөрийн баталгаа өгсөн, үүнд төлбөрийн үлдэгдэл байхгүй гэсэн байдаг. Гэтэл одоо алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Иймд үндсэн төлбөрийг бүрэн төлж дуусгасан тул алданги гэж нэхэмжилсэн 170,127,465 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн хариуцагч С ХХКд холбогдуулан гаргасан алданги 170,127,465 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,012,000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.а. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс тухайн хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчийн төлөөлөгч Б.А-, Н.Н- нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг нотлох баримтын хэмжээнд үнэлэн шүүхийн шийдвэрийн тодорхойлох болон үндэслэх хэсэгт дурдсан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ы шүүх хуралдаанд гаргасан алдангийн тооцооллын задаргаа, алданги нэхэмжилсэн нөхцөл, бусад баримтын тайлбарыг авч үзээгүй буюу шүүхийн шийдвэрт бүхэлд нь тусгаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн татгалзал, тайлбар, зохигчийн төлөөлөгч гуравдагч этгээд, түүний төлөөлөгчийн тайлбарын агуулгыг бүхэлд нь тусгахаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогчдын тайлбар нь нотлох баримтын нэг төрөл болохыг мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт тодорхой заасан ч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ы шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй, шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт оруулаагүй нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд шалтгаант холбоотой байна. Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Ковид 19” цар тахлын улмаас эдийн засаг, уул уурхай уналтад орсон тул төлбөр хойшилсон гэсэн тайлбар өгсөн.
4.б. Иргэний хуулийн 232 дугаар зүйлд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 50 хувиас хэтрэхгүйгээр анз тогтоох боломжтойг заасан бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд гүйцэтгээгүй тохиололд анз төлөхөөр гэрээнд заасан бол алданги авах боломжтойг хуульчилсаны дагуу талуудын байгуулсан гэрээний 7.10-т захиалагч тал нь гүйцэтгэлийн төлбөрийг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,1 хувиар алданги төлөхөөр тохирсон. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс үндсэн төлбөр нэхэмжлэх хугацаа, алдангийн төлөлт болон хариуцагчид мэдэгдэх процессыг тайлбарласан боловч шүүхийн тодорхойлох хэсэг, үндэслэх хэсэгт бичигдэж дүгнэгдээгүй байна.
Анхан шатны шүүхээс зөвхөн алданги нэхэмжилсэн баримт хавсаргаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Мөн талуудын хооронд өмнө нь үйлдсэн тооцоо нийлсэн акт нь зөвхөн хугацаа хэтэрсэн үндсэн төлбөрийн үлдэгдлийг тодорхойлсон бөгөөд алдангийн хэмжээг хуульд заасны дагуу өдөр тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар тооцсон боловч шүүхээс үндсэн төлбөр нэхэмжилсэн тооцоо нийлсэн акт дээр алдангийн дүн бичигдээгүй гэсэн шалтгаанаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.
Иймд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч ямар үндэслэлээр алданги тооцож, нэхэмжилж байгаа гэдэг нь нотлогдохгүй байгаа. Гэрээний үүргээ бүрэн биелүүлээд төлбөр тооцоо дуусгавар болсон нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна. Өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй атлаа шүүхийг буруутай мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй. Д.Б-ы тайлбар нотлох баримтаар нотлогдсоны дараа л шүүх нотлох баримтын хэмжээнд авч үзэх ёстой. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдөөгүй. Шүүхээс зохигчдын эрх үүргийг тайлбарласан бөгөөд энэ талаарх баримтад талууд гарын үсэг зурсан. Уг баримтанд Д.Б- гарын үсэг зурсан. Иймд давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
1. Нэхэмжлэгч М ХХК нь С ХХКд холбогдуулан алдангид 170,127,465 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Талуудын байгуулсан 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №ХАГ-01/01 тоот “Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ”-гээр гүйцэтгэгч М ХХК нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дэвсгэрт байрлах, Баруун наран уурхайд өрөмдлөгийн ажлыг өрөмдлөгийн даалгавар, ажил гүйцэтгэх хуваарь, ажлын зураг төсөл, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, нормд заасан нөхцөлүүдэд нийцүүлэн хийж гүйцэтгэх, захиалагч С ХХК нь хөлсийг гэрээнд заасны дагуу төлөх, ажлын гүйцэтгэлийг тухайн сард захиалагчийн өгсөн даалгаврын дагуу өрөмдлөгийн ажлын гүйцэтгэлийн бодит гүйцэтгэлээр тооцохоор, гэрээний хугацааг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байхаар харилцан тохиролцжээ.
2.а. Түүнчлэн, талууд гэрээний 7.10-т “гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын дагуу сарын төлбөрийг хийх үндэслэлтэй бол энэ гэрээний 3.5-д заасныг баримтлан гүйцэтгэгчээс ирүүлсэн нэхэмжлэхийг хүлээн авснаас хойш хуанлийн 60 хоногийн дотор багтааж төлбөрийг бүрэн шилжүүлнэ. Талууд харилцан тохиролцсоноос бусад тохиолдолд захиалагч төлбөрийг энэ хугацаанаас хэтрүүлсэн бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд тухайн төлбөрийн төлөх ёстой төлбөрийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлнө.” гэжээ.
2.б. Мөн талууд 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээг дахин байгуулсан байх ба уг гэрээний 7.1.8-д “хэрэв захиалагч тал нь гүйцэтгэгчийн нэхэмжилсэн төлбөрийг 3.6-д заасны дагуу төлөхгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алдангийг хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлнө” гэж тохиролцсон байна.
3. Анхан шатны шүүхээс дээрх 2 гэрээний дагуу нэхэмжлэгчийн шаардсан алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “гэрээнд заасны дагуу хариуцагчид төлбөр төлөх нэхэмжлэлийг хэзээ явуулсан болох, нэхэмжлэхийг хариуцагч хүлээн авснаас хойш хугацаа хэтрүүлсэн эсэх талаар баримтыг хавсаргаагүй, мөн талууд тооцооны үлдэгдлийн талаар баримт үйлдэхдээ алдангийн талаар тохиролцоогүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
4. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А-, Д.Б- нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрх, хүлээх үүргийг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр буюу анхан шатны шүүх хуралдаан болсон өдөр танилцуулсан гэсэн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар нь зохигчид эрх ,үүрэг тайлбарласан тухай баримтаар нотлогдож байна./хх38/
4.а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлалаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх” зэргээр нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн шүүгч хуульд заасан тодорхой ажиллагаануудыг явуулах ёстой.
4.б. Шүүх нэхэмжлэлийг 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, улмаар 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн атлаа 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр буюу анхан шатны шүүх хуралдаан болсон өдөр эрх ,үүрэг танилцуулсан баримтанд гарын үсэг зуруулсан нь хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийг хангалттай хугацааны өмнө тайлбарлаж, нотлох баримтаа бүрдүүлэх боломжоор хангасан гэж үзэхээргүй байна.
5. Иймд шүүхээс хуульд заасан ажиллагаагаа бүрэн гүйцэд явуулж хэргийн оролцогчид эрх, үүргийг нь тайлбарлаагүй атлаа зохигчийг нотлох баримтаа ирүүлээгүй талаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нэг үндэслэлээ болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөх боломжгүй байна.
Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх, маргааны талаар эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2023/03462 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,012,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Ц.АЛТАНЦЭЦЭГ