Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 68

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч Т.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1808007420001 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б  овогт Т М, Монгол Улсын иргэн, Төв аймаг Эрдэнэсант  суманд 1981 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, эмэгтэй, 38 настай, бүрэн дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хилчин 7-5а тоотод түр оршин суух хаягтай, иргэний үнэмлэхний лавлагаагаар Төв аймаг Зуун мод 2-р баг, Ланс 5 гудамж 3 тоот хаягтай, ял шийтгүүлгүй, регистрийн дугаар ,

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч Т.Мэндсайхан нь Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 1 дүгээр сарын 28-ны  өдөр иргэн  Д.Ундрахыг машинаараа хашаа мөргөлөө гэх шалтгааны улмаас нүүрэн тус газар нь алгадаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.М мэдүүлэхдээ:

Би хохирогчийг нэг удаа алгадсан, гэхдээ 2 удаа цохиогүй, яагаад нүүр нь хөхөрснийг мэдэхгүй. Гэхдээ хийсэн хэрэгтээ харамсаж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч Д.Ундрах мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

...2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 21 цагийн үед манай найз Энхтайван миний гар утас руу залгаад “машин хашаа мөргөчихлөө үнс, элс, шороо байвал ачаад аваад ирээч замыг харлуулах гэсэн юм” гэж хэлсэн. Би Портер машин дээрээ хашаандаа байсан үнс, нүүрсний нунтаг хэсгийг ачаад аваад яваад очсон. Замыг харлуулаад авч очсон үнс, нүүрсний нунтагыг тараагаад зогсож байсан чинь хар куртиктэй эмэгтэй ирээд “машины жолооч хаана байна” гэхээр нь би байна гээд хэлсэн чинь манай 2 хүүхдийг уйлуулаад гээд үгийн зөрүүгүй нүүр лүү цохиод балбаад эхэлсэн...Гараараа миний нүүр лүү болон толгой руу цохиод байсан...Намайг гараараа зүүн шанаа руу 2-3 удаа цохьсон. Би тэр хүнтэй маргалдаагүй. Манай найз Энхтайван айлын хашаа мөргөчихсөн байсан, би очоод автомашиныг нь гаргах гэж байсан. Тэгсэн нэг хүүхэн тэр хашаанаас гарч ирээд намайг шууд цохьсон...” гэжээ. /хх-27-30/,

Гэрч А.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

...2018 оны 01 дугаар сарын 28-ны орой...хажуу талын айлын хүн манай эхнэр Мэндсайхан руу залгаад танай хашаа, гэрийг чинь машинтай хүн дайрсан байсан гэж хэлсэн. Тэгээд бид 2 одоо очлоо гээд явж байсан чинь дахиад залгаад машинаа гаргаад явах гээд байна гэж хэлсэн. Тэгээд бид 2 удалгүй гэртээ яваад очтол гэрийн эд зүйл нурсан хүүхдүүд уйлаад байж байсан Тэгээд эхнэр Мэндсайхан бид 2 хашаагаа тойроод хойно нь очсон чинь нэг машин нь манай хашааг мөргөсөн байдалтай, нэг машинаар татах гээд зогсож байсан... Манай эхнэр Мэндсайхан нэг танихгүй залуутай маргалдаад байсан...эхнэр Мэндсайхан тэр залууг гараараа нэг удаа цохиж байсан...” гэжээ. /хх-35/,

Шүүх эмнэлгийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн №2028 дугаар дүгнэлтэнд:

Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүүдний дээд, доод зовхи, зүүн хацрын төвгөр лүү орсон хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, овойж хавдсан, зүүн ухархайн доод хана тэмтрэлтээр эмзэглэл ихтэй. ДҮГНЭЛТ:

1. Д.У биед зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

З.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-40/,

Шүүгдэгч Т.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

 ...2018 оны 01 дүгээр сарын 28-ны орой 21 цагийн орчимд...манай хөрш айлын жирэмсэн хүүхэн над руу утсаар яриад гэрийн чинь араас машин орчихлоо, гэрт хүүхдүүд чинь уйлалдаад байна гэж хэлсэн. Тэгсэний дараахан 1 минут орчмын дараа дахиж яриад “эгчээ та хаана явна, машинаа асаагаад явах гээд байх шиг байна, хурдан ирээч ээ” гэж хэлэхээр нь... сандраад яваад гэртээ очсон чинь хашааны ар талыг мөргөөд, хашаа гэр налсан, гэрийн хойморьт  байсан бурхан тахил нурчихсан байсан. Манай гэрт 6 сартайгаас 15 нас хүртэлх насны 7 хүүхэд байсан ба манай дүүгийн 4 хүүхэд, 3 нь манай хүүхэд байсан. Тэгээд машин дээр яваад очсон чинь 6-7 хүн, цагдаа нар ирсэн байсан. Би “хөөе та нар хашаа дайрчихаад, жолооч нь хаана байна” гээд орилсон чинь машин чирж байсан тороосны хажууд зогсож байсан залуу би байна гэхээр нь “чи хашаа дайрсан юм бол  оронд нь ороод юу болж байна гээд харчихад яадаг юм” гэж хэлээд нэг алгадсан...Би Ундрах гэх залууг танихгүй...Би зүүн шанаа хэсэгт гараараа нэг удаа алгадаж гэмтэл учруулсан...” гэжээ. /хх-53-54/,

Шүүгдэгч Т.М эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-55/, Т.Мэндсайханы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-61/,  гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-62/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-63/, хохирогч Х.Ундрахын гомдол саналгүй, эвлэрсэн хүсэлт /хх-86/ гэх зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Мэндсайханд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Т.Мэндсайхан нь Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 1 дүгээр сарын 28-ны  өдөр иргэн  Д.У машинаараа хашаа мөргөлөө гэх шалтгааны улмаас нүүрэн тус газар нь алгадаж зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь

-хохирогч Д.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Намайг гараараа зүүн шанаа руу 2-3 удаа цохисон. Би тэр хүнтэй маргалдаагүй. Манай найз Энхтайван айлын хашаа мөргөчихсөн байсан би очоод авто машинийг нь гаргах гэж байсан. Тэгсэн нэг хүүхэн тэр хашаанаас гарч ирээд намайг шууд цохьсон...” гэх мэдүүлэг, гэрч А.Ууганбаатарын  “...Манай эхнэр Мэндсайхан нэг танихгүй залуутай маргалдаад байсан...манай эхнэр Мэндсайхан тэр залууг гараараа нэг удаа цохиж байсан...” гэх мэдүүлэг, “...Д.Ундрахын биед зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо...” гэх шүүх эмнэлгийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн шинжээчийн №2028 дугаар дүгнэлт, шүүгдэгч Т.Мэндсайханы яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бол Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.У өгсөн “...Намайг цохьсон хүүхэн миний зүүн шанаа руу гараараа 2-3 удаа цохиж гэмтэл учруулсан...” гэх, гэрч А.Ууганбаатарын ”...Манай эхнэр Мэндсайхан тэр залууг гараараа нэг удаа цохиж байсан...” гэх, шүүгдэгч Т.Мэндсайханы “...Би Ундрах гэх залууг танихгүй...Би зүүн шанаа хэсэгт гараараа нэг удаа алгадаж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Т.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь дээрх хуулийн нэр томъёонд хамаарч байна.

Хууль зүйн хувьд Т.Мэндсайхан нь хохирогч Д.Ундрахыг машинаараа хашаа мөргөлөө гэх шалтгааны улмаас нүүрэн тус газар нь алгадаж бие махбодийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Т.Мэндсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч Д.Ундрах нь гомдол саналгүй, нэхэмжилсэн зүйлгүй болохоо бичгээр илэрхийлсэн байна.

Шүүгдэгч Т.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Т.Мэндсайханыг дээрхи зүйл, хэсэгт заасан прокурорын саналын хүрээнд 450 нэгж буюу 450.000 мянган төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.М хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон эд зүйл, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна