| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 107/2016/0118/Э |
| Дугаар | 102 |
| Огноо | 2017-02-09 |
| Зүйл хэсэг | 148.4., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 102
Д.Батзаяад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Д.Мөнхтуул, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Х.Эрдэнэтуяа,
ялтан Д.Батзаяагийн өмгөөлөгч Д.Бэлгүүн,
нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж, шүүгч Б.Байгалмаа, А.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Батзаяа, түүний өмгөөлөгч Л.Ганганбарс нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Батзаяад холбогдох 201501070346 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Тарвагатай овгийн Дорлигийн Батзаяа, 1989 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Ховд аймагт төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, банкны удирдлагын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарангийн 6 дугаар гудамжны 12 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ПЮ89033101/;
Д.Батзаяа нь 2015 оны 6 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд давтан үйлдлээр “би найз нартайгаа нийлж их хэмжээний бизнесийн зээл 3 хувийн хүүтэйгээр чөлөөлж байгаа, танд тодорхой хэмжээний урамшуулал өгнө” гэж амлан удаа дараа мөнгө зээлж, хүүтэй нь буцааж төлж итгэлийг нь олж авсны дараа Д.Туяагаас 20.274.000 төгрөг, Г.Саруулаас 18.000.000 төгрөг, Д.Эрдэнэчимэгээс 13.650.000 төгрөгийг тус тус итгэл эвдэх аргаар залилан мэхлэн авч бусдад онц их хэмжээний буюу 51.924.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Багануур дүүргийн прокурорын газраас: Д.Батзаяагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Батзаяаг бусдын эд хөрөнгийг итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн үнэ бүхий “4G LTE” загварын гар утсыг хурааж, 10 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар эдлэх ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Батзаяагаас нийт 51.924.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Туяад 20.274.000 төгрөг, хохирогч Г.Саруулд 18.000.000 төгрөг, хохирогч Б.Эрдэнэчимэгт 13.650.000 төгрөг тус тус олгож, мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээж, битүүмжлэгдсэн “4G LTE” загварын гар утсыг гүйцэтгэх бичиг баримтын хамт Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэсэгт шилжүүлж, Д.Батзаяа нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Ялтан Д.Батзаяа давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.
1. Анхнаасаа дээрх хохирогч нарыг залилан мэхлэх санаа зорилго байгаагүй. Би хохирогч нартай эртнээс эгч дүүгийн харилцаатай, хэрэгтэй үедээ нэг нэгнээсээ мөнгө авч буцаан өгдөг байсан. Нэг хохирогчоос зээлсэн мөнгөө хугацаанд нь өгье гэсэн үүднээс л нөгөөгөөс нь авч шилжүүлсээр ийм байдалд хүрсэн. Зээл чөлөөлөх гээд эхэлсэн боловч хүссэн хэмжээгээр зээл олгоогүй явсаар ийм зүйл болсон. Найзуудтайгаа нийлж автоломбард нээж банкнаас зээл хүссэн боловч бүтээгүй.
2. Хохирогч Г.Саруултай 18.000.000 төгрөгийн тооцоо нийлсэн акт бол буруу. Саруул нь шүүхээр явахгүй, иргэний журмаар шийдүүлье, тохиръё гээд зөвшөөрсөн үнийн дүн юм. Дансны хуулга дээр нарийн тооцоо хийж үзвэл 8 сарын 26-ны өдрөөс хойш мөнгө өгөөгүй гэж үзэх нөхцөл байхгүй. Харин би Г.Саруулаас авлагатай юм. Үүнийг шүүх хуралдаан дээр хэлсэн боловч авч хэлэлцээгүй.
3. Эрүүгийн хэрэг үүссэн цагаас эхлэн шинжээч томилуулах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. Хууль ёсны дүгнэлтгүйн улмаас хохирогч нар намайг хувьдаа ашигласан гэж үзэж байгаа тул заавал шинжээч томилуулах шаардлагатай гэж үзэж байна...” гэжээ.
Ялтны өмгөөлөгч Л.Ганганбарс тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие анхан шатны шүүхийн 92 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.
Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч болон хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэл болгохдоо зөвхөн яллах талыг баримталж, мэдүүлгээс иш татаж нотлох баримтыг үнэлсэн байна. Үүнд:
1. Хэрэгт авагдсан Д.Батзаяагийн “хохирогч нараас авсан мөнгөнөөс өөрийн хэрэгцээнд хэрэглэсэн мөнгө огт байхгүй, нэгээс нь авч нөгөөд нь өгдөг, хэн нэгнийг нь хохироочихгүй юмсан худлаа хэлэхгүй юмсан гэж явж байсан” гэсэн мэдүүлэг үнэн зөв байна гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээс харсан ч авсан мөнгийг шууд өөр хүний данс руу шууд хийлгэдэг. Өөртөө авч ашигласан үйлдэл байхгүй. Гэтэл түүнд ял оногдуулж байгаа хуулийн зүйлчлэл нь заавал шунахайн сэдэлттэйгээр үйлдэгддэг. Мөнгө авах гээд худлаа яриад байгаа үйлдэл нь цаанаа нөгөө хүнээ хохиролгүй болгох гэсэн санаа байгааг шунахайн сэдэлт гэж үзэх үндэслэлгүй.
2. Мөнгө өгөлцөж авалцаж байхдаа залилж байна, залилуулж байна гэсэн санаа зорилго байгаагүй гэдэг нь хохирогч Б.Эрдэнэчимэг, Б.Туяа нарын мэдүүлэг, Б.Туяагийн их хэмжээний мөнгө өгөөд эргүүлж өгөхгүй байхад дахин мөнгө өгч байгаа үйлдлүүдээс тодорхой байна. Энэ нь залилан мэхэлж мөнгийг эрүүлж төлөхгүйгээр өөртөө авч байгаа, нөгөө нь залилуулчихсан гэх субьектив санаа аль алинд нь огт байхгүй байгаа нь харагдаж байна.
3. Шийтгэх тогтоолд гэрч Б.Жаргал, Г.Эрдэнэтуяа нарын мэдүүлгээс яллах нотлох баримт болгож оруулсан нь юуг нотлоод байгаа нь тодорхойгүй. Миний бие дээрх хоёр гэрчийн мэдүүлгээс “хохирогч нараас авсан мөнгө нь эдгээр хүмүүсээс зээлж авсан мөнгөний хүүнд орчихсон юм, авсан өгсөн мөнгөн дүнгээ мэдэхгүй байна” гэсэн мэдүүлгийг шинжлэн судалсан. Гэрч Б.Жаргал, Г.Эрдэнэтуяа нараас авсан мөнгөний хүүнд нийт 64.312.000 төгрөг авсан гэдгийг шүүхэд харуулахыг хүссэн. Гэтэл үүнийг орхигдуулж, зөвхөн мөнгө авсан гэсэн тойм төдий мэдүүлгээс иш татаж, яллах, цагаатгах аль талын баримтыг үнэлж байгаа нь мэдэгдэхгүй байна.
4. Шийтгэх тогтоолд талууд тооцоо нийлээд хохирлын тооцоог эргэлзээгүй болгож ирүүлсэн тул шинжээч томилох шаардлагагүй гэж дүгнэсэн. Гэтэл хохирогч Г.Саруулын мэдүүлэг бүр дээрх хохирлын дүн зөрүүтэй байдаг. Хэдийгээр тооцоо нийлсэн гэж байгаа боловч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “энэ тооцоо буруу, Эрүүгээр явахаа болиод Иргэний шүүхэд асуудлаа шийдүүлье гэж хохирогч нар хэлэхээр нь энэ тооцоог зөвшөөрсөн юм” гэсэн мэдүүлгийг огт анхаарч үзээгүй. Дансаар орсон гарсан мөнгийг тулгаад бодож үзвэл тодорхой харагдах ёстой байсан. Г.Саруул болон Д.Батзаяа нарын дансны хуулгуудаас үзэхэд 7 дугаар сарын 20-ноос хойш дансны орсон, гарсан мөнгөн дүн нь 18.000.000 төгрөгөөс өөр дүн гардаг. Зөвхөн сүүлийн 3 гүйлгээг харахад Г.Саруулаас 31.000.000 төгрөг авч 2 удаагийн гүйлгээгээр буцааж 31.700.000 төгрөг өгсөн болох нь харагдаж байна. Дундуур нь өөр дансаар 5.000.000 төгрөг буцааж авсан гэдгээ хохирогч хэлж байгаа. 18.000.000 гэдэг тоо нь хууль зүйн үндэслэлтэй байх ёстой. Урьд өмнөх бүх тооцоог бодно гэвэл 2015 оны 1 дүгээр сараас эхлээд энэ хоёр хүн мөнгө өгч авалцсан байгаа.
5. Хохирогч нартай тооцоо нийлсэн баримтын тухайд эргэн төлөх мөнгөн дүн дээрээ талууд харилцан тохиролцож хийсэн хэлцэл болохоос биш гэмт хэрэг үйлдсэн хохирлын хэмжээ биш юм. Анх залилан мэхлэж авч байгаа мөнгөний дүн нь хохирлын үнэ байх ёстой. Буцаан төлсөн нь зөвхөн эргүүлж төлбөл зохих мөнгөний дүнгээс хасагдах ёстой болохоос хохирлын үнээс хасагдах ёсгүй. Иймд хэргийн сэдэлт болон субьектив санааг тогтоолгох, хэргийн бодит хохирлыг тогтоолгохоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэжээ.
Ялтан Д.Батзаяагийн өмгөөлөгч Д.Бэлгүүн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах саналтай байна. Хохирлын тооцооны асуудал тодорхой байх нь зүйтэй. Д.Батзаяа, Г.Саруул нарын мөнгө зээлж байсан хоорондын харилцаа 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс биш 2013 оны 12 дугаар сараас эхэлсэн. Гэтэл Г.Саруулын 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс хойших дансны хуулгуудыг нотлох баримтаар шинжлэн судалсан. Д.Батзаяагийн Г.Саруултай тооцоо нийлсэн баримтад “Д.Батзаяад өгсөн гэх нийт тооцоог бодож үзэхэд 84.900.000 төгрөг болж байгаа бөгөөд Д.Батзаяагаас Саруул руу шилжүүлсэн дүн 54.800.000 төгрөг болж байна” гэсэн. Энэ тооцоон дээр Д.Батзаяагийн 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Г.Саруулын данс руу шилжүүлсэн 15.100.100 төгрөгийн тооцоо ороогүй. Түүнчлэн Д.Батзаяагаас Г.Саруулын данс руу 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн 4.040.000 төгрөгийн тооцоо ороогүй байна. Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дээрх дансны хуулгуудыг үндэслэсэн байх ба энэхүү дансны хуулга нь теллерийн баталгаажуулалт байхгүй, банкны албан ёсны тамга, тэмдэггүй, дээр нь эрээчиж, сараачсан цаас байдаг. Г.Саруул нь Нарантуяагийн данснаас Д.Батзаяагийн данс руу 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 11.000.000 төгрөгийг шилжүүлсэн гэх мөнгөн шилжүүлгийн баримтыг үндэслэн Г.Саруулын тооцоон дээр нэмж гаргасан. Мөн Г.Саруул нь Өлзий-Учрал гэх хүний данс руу мөнгө шилжүүлсэн байхад уг мөнгийг Д.Батзаяагийн учруулсан хохиролд оруулж тооцсон. Г.Саруул нь Өлзий-Учрал руу, Өлзий-Учрал нь Г.Саруул руу мөнгө шилжүүлж байсан баримт байхад уг мөнгийг бас л Д.Батзаяагийн тооцоонд оруулсан. Г.Саруулын “Өлзий-Учрал руу мөнгө шилжүүл гэж хэлсэн” гэсэн мэдүүлэгт үндэслэн 21.000.000 төгрөгийг Д.Батзаяагаас гаргуулж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Хохирогч Туяа нь “Би Д.Батзаяагаас 31.000.000 төгрөгийн авлагатай, бүх мөнгийг өөрийн Хаан банкны данснаас шилжүүлж, тогтсон хугацаанд эргүүлж авч байсан, бэлэн мөнгөөр харьцаж байгаагүй” гэж мэдүүлсэн ба дараагийн мэдүүлэгтээ “31.000.000 төгрөгийн авлага нь 28.300.000 төгрөг болж өөрчлөгдсөн” гэдэг. Хохирлын тооцоо дээрх байдлаар маш их зөрүүтэй байна. Хэрэв Б.Туяаг хохирогч гэж үзвэл түүнд 1.122.000 төгрөгийн төлөх төлбөртэй. Өмнөх дансны гүйлгээнүүдийг шалгаж үзэхэд 1.221.500 төгрөг зөрүүтэй байгаа. Хэдийнээс итгэл эвдэх аргаар мөнгө авч залилсан гэж үзэж байгаа нь тодорхойгүй байх бөгөөд хохирлын тооцоог нарийвчлан тогтоох зорилгоор аудитын дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзэж байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.
Прокурор Х.Эрдэнэтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Д.Батзаяа бусдад итгэл үнэмшил төрүүлж, залилан мэхлэх аргаар их хэмжээний зээл чөлөөлж байгаа, өндөр шан харамж өгнө, “Оюу толгой”-д өндөр цалинтай ажил хийж байгаа гэх зэргээр худал хэлж, удаа дараагийн үйлдлээр бусдын онц их хэмжээний мөнгийг авсан. Түүний үйлдэл шууд санаатай, шунахай зорилготой байсан нь нотлогддог. Д.Батзаяа болон хохирогч нарын хооронд хийгдэж байсан бүх мөнгөний гүйлгээг шалгасны эцэст хохирлыг тогтоох нь зүйтэй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан. Хохирогч, шүүгдэгч нар харилцан тохиролцоод, тооцоо нийлж, тэдний хооронд шилжсэн бүх мөнгийг тооцож, хохирлын хэмжээг тогтоосон. Уг хэрэг анх 5 хохирогчтой байсан. Хохирогч нарт учирсан шууд хохирлыг тогтоосон бөгөөд хүү огт тооцогдоогүй. Хохирлын тооцоонд зөрүү байхгүй. Мөн Д.Батзаяа нь хохирлын тооцоог зөвшөөрсөн бөгөөд аудитын дүгнэлт гаргуулах шаардлага байхгүй гэсэн. Хохирлын талаар маргаан гараагүй учир аудит томилоогүй. Иймд Д.Батзаяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ХЯНАВАЛ:
“Д.Батзаяаг бусдын эд хөрөнгийг итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай”-д тооцон ял шийтгэл оногдуулж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хохирогчид бодит хохирол учирсан байхыг шаарддаг, тэрхүү хохирлын хэмжээгээр нь хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, хүндрүүлж байдаг материаллаг бүрэлдэхүүнтэй хэргийн хувьд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг үндэслэлтэй зөв тогтоох зайлшгүй шаардлагатай ба Д.Батзаяад холбогдох хэргийг нэр бүхий гурван хохирогчдын өгсөн авсан төлбөрийг хасч, үлдэх хэсгийг нь төлөхгүй гэж итгэл эвдэж залилан мэхэлсэн байна гэж хэрэгт авагдсан аль нотлох баримтыг нь үндэслэж, алийг нь үгүйсгэж гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр ойлгомжгүй байна.
Анхан шатны шүүх өмнө нь энэ хэргийг хэлэлцээд 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор гэмт хэргийн улмаас учирсан гэх хохирлыг нарийн мэргэжлийн шинжээч томилох замаар тогтоох хэрэгтэй гэж нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байхад энэ заалтыг биелүүлэлгүй тооцооны хувьд ноцтой зөрүүтэй байсан М.Өлзий-Учралт, М.Энхмөрөн, Ж.Золжаргал нарын хохирсон гэх үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Б.Туяа, Б.Эрдэнэчимэг, Г.Саруул нарт төлөгдөөгүй үлдсэн нийт 51.924.000 төгрөгийг тэдний эх сурвалжаа зааж чадаагүй мэдүүлэгт үндэслэн тогтоосон нь буруу тул хэрэгт хохирогчоор тогтоогдсон нийт хохирогчдын банкин дахь дансны хуулгыг үндэслэн хөндлөнгийн аудит томилж, дүгнэлт гаргуулсны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.
Ингэснээр, шүүх хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлууд бүрэн тодрох боломжтой болж, Д.Батзаяа гэм буруутай эсэх, гэм буруутай бол хэнд хэдэн төгрөгийн хохирол төлөх, ямар үндэслэлээр иргэний эрх зүйн харилцаанаас ялгагдаж гэмт хэрэг болж байгаа болох, мөн хохирогч нарын мэдүүлгийн эх сурвалж тодорхой болж өөр гэмт хэргийн шинж байгаа эсэхэд хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой болох юм.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Батзаяад холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Багануур дүүргийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлээр хүчингүй болгож байгаа тул Д.Батзаяагийн гаргасан гомдлыг энэ удаад хэлэлцээгүй болно.