Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 020/2014/0294/з |
Дугаар | 001/ХТ2016/0114 |
Огноо | 2016-04-04 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 001/ХТ2016/0114
2016 оны 04 сарын 04 өдөр | Дугаар 001/ХТ2016/0114 | Улаанбаатар хот |
Иргэн Ч.Баасансүрэн, Т.Батчимэг нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгч Ч.Баасансүрэн, түүний өмгөөлөгч Б.Цэнд-Аюуш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат, М.Солонго, гуравдагч этгээд Д.Гэрэлмаа, түүний өмгөөлөгч Д.Очирваань, гуравдагч этгээд С.Халтарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баатаржав нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 615 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 40 дүгээр магадлалтай, Ч.Баасансүрэн, Т.Батчимэг нарын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Ч.Баасансүрэн, Т.Батчимэг нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Т.Батчимэг, Ч.Баасансүрэн бид Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандантэгчлэн хийдийн урд Туулын 4 дүгээр гудамжинд 1996 оноос хойш ТҮЦ ажиллуулж өөрсдийн амьдрал ахуйгаа залгуулж ирсэн. 2000 онд ТҮЦ байсан газартаа хамтран 18 м.кв талбайд палкан байшин барьсан бөгөөд байшингийн голоор хаалт хийн 2 хаалга гаргаж тус тусдаа үйл ажиллагаа явуулах болсон. Уг байшингийн суурийн хэмжээний газар Т.Батчимэгийн нэр дээр Баянгол дүүргийн Газрын албанд бүртгэлтэй бөгөөд газар ашиглах гэрээ байгуулж жил бүр 82080 төгрөг төлж ашиглаж ирсэн. Гэтэл бидний байшингийн хэсэгтэй давхцуулан Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 59 дүгээр захирамжаар С.Халтарт, улмаар мөн оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 274 дүгээр захирамжаар Д.Гэрэлмаа нарт эзэмшүүлсэн байна. ...Иймд Баянгол дүүргийн Засаг даргын дээрх захирамжуудын нэхэмжлэгчдийн барьсан “Очир” дэлгүүрийн газартай давхцал бүхий хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус дүүргийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 59 дүгээр захирамжаар С.Халтарт худалдаа, үйлчилгээний зориулалтаар 70 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн ба 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 274 дүгээр захирамжаар уг газрын эзэмших эрхийг Д.Гэрэлмаад шилжүүлэн үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн байна. Нэхэмжлэл гаргасан иргэдийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ байгаа эсэхийг дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас лавлахад “газар эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй” гэжээ. Газрын тухай хуулиар “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг гаргаж хэрэглэхийг хэмээн тодорхойлсон байдаг. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27 дугаар зүйлийн 27.3-т “нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-т “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэсний дагуу газар эзэмших, ашиглах эрхтэй гэж нэхэмжлэгчдийг үзэхээргүй байна. Иймд иргэн Ч.Баасансүрэн, Т.Батчимэгийн нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд С.Халтарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баатаржав шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний ээж С.Халтарын нэр дээр анх 2009 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн Засаг даргын 163 дугаар захирамжаар 600 м.кв талбай бүхий Орхоны 14 тоот хаягт газар эзэмших гэрчилгээ гаргасан. Энэ андуурсан болохыг тэр дор нь өргөдөл өгч залруулсан болно. Анх газар хүссэн өргөдөлд “Амарбаясгалант” дэлгүүрийн газрыг эзэмшүүлж өгнө үү” гэснээс тодорхой харагдана. Газрын алба дараа, дараагийн захирамжуудаар зөрчлийг арилган газар эзэмших гэрчилгээг хууль ёсоор олгосон болно” гэжээ.
Гуравдагч этгээд Д.Гэрэлмаа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 4 дүгээр гудамжинд 70 м.кв газрын хууль ёсны эзэмшигч билээ. Иргэн Т.Батчимэг, Ч.Баасансүрэн нар тухайн газрыг эзэмших, ашиглах зөвшөөрөлгүй ба Баянгол дүүргийн Газрын алба болон Д.Гэрэлмаа надтай ямар ч гэрээ хийгээгүй бас тухайн иргэдийн нэр дээр газрын харилцаа үүсээгүй байгаа юм. Энэ тухайгаа нэхэмжлэгч нар сайтар мэдэж байгаа бөгөөд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд өгсөн хариу тайлбартаа бичсэн билээ. Иймээс Д.Гэрэлмаа миний эзэмшиж байгаа тус газар нь хэн нэгний хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан газартай давхцаагүй болно” гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 615 дугаар шийдвэрээр, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.2.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Баасансүрэн, Т.Батчимэгийн нэхэмжлэлийг хангаж, Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 59 дүгээр захирамжийн С.Халтарт, мөн оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 274 дүгээр захирамжийн Д.Гэрэлмаад холбогдох хэсгийн нэхэмжлэгчдийн барьсан “Очир” дэлгүүрийн газартай давхцал бүхий хэсгийг тус тус хүчингүй болгосон байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 40 дүгээр магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Очирваань хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Ч.Баасансүрэн нь /Очир дэлгүүр/ газар өмчлөгч болох дүүргийн өмчийн харилцааны газар, газар эзэмшигч Д.Гэрэлмаатай гэрээ байгуулан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг гаргаж ашиглаж байгаагүй нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасныг зөрчсөн байдаг ба мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-т заасныг зөрчиж, маргаан бүхий газарт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан болно. Нэхэмжлэгчийн дээрх хууль бус үйлдлийг шүүх зөвтгөж буй нь ойлгомжгүй байна. Мөн Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 59 болон 274 дүгээр захирамжийн улмаас Т.Батчимэгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, уг актын улмаас Т.Батчимэгийн ямар эрх хэрхэн зөрчигдсөн болох нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-т заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх ёстой байсан. Гуравдагч этгээд нар нь газар эзэмшихээр болон эзэмших эрхээ шилжүүлэхээр хүсэлт тавьсны дагуу Баянгол дүүргийн Засаг дарга хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд маргаан бүхий газрыг Д.Гэрэлмаад шилжүүлэн эзэмшүүлсэн нь хууль зөрчөөгүй. Өөрөөр хэлбэл, хуульд заасан бүрдүүлбэл зохих бичиг баримтуудыг бүрдүүлэн, зохих журмын дагуу хууль ёсны эзэмшигчээс газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлт гаргасан тохиолдолд Засаг дарга татгалзах үндэслэлгүй тул үүнд хариуцагчийг буруутгаж байгаа нь ойлгомжгүй байна. Захиргааны хэргийн шүүх нь албан тушаалтны гаргасан захиргааны акт хуульд нийцсэн эсэхийг хянан үзэх үндсэн зорилго бүхий шүүх ба энэ тохиолдолд С.Халтараас Д.Гэрэлмаад газар эзэмших эрхийг шилжүүлсэн Засаг даргын захирамж, мөн С.Халтарт талбайн хэмжээ нэмэгдүүлэн олгосон захирамжийг хууль зөрчсөн гэж дүгнэж буйг үндэслэлгүй гэж үзэж байна. Ч.Баасансүрэн нь хуулийн дагуу газар эзэмшиж, ашиглаж буй нь нотлогдож, тогтоогдоогүй, үйл ажиллагаа явуулж буй 20 м.кв талбай бүхий газар нь гуравдагч этгээд Д.Гэрэлмаагийн хууль ёсоор эзэмшиж буй 70 м.кв талбайд байршдаг байхад түүнийг газар ашиглагч хэмээн тодорхойлж, дүгнэсэн нь үндэслэлгүй байна. ...Маргаан бүхий газрыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж буй иргэн Ч.Баасансүрэнгийн ажиллуулж буй дэлгүүр нь Д.Гэрэлмаагийн хууль ёсоор эзэмшиж буй 70 м.кв талбай бүхий газарт байршсан тул албадан чөлөөлүүлэхээр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар зөвхөн Ч.Баасансүрэнг тодорхойлсон. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх Ч.Баасансүрэнгийн хууль бусаар ашиглаж буй газрыг Т.Батчимэгийн ашиглаж буй 18 м.кв талбайн хэмжээнд оруулан тооцож тэдгээрийг газар ашиглах эрх нь үүссэн гэж дүгнэж шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 4.1.2. 4.13, 7 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн гэж үзэж байна. ...Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж, Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Ч.Баасансүрэн, Т.Батчимэг нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “анх 2002 онд “Очир” дэлгүүрийн барилгыг барьсан бөгөөд дундуур нь хана барьж, 2 хаалга гарган, “Адис” дэлгүүрийг ажиллуулан газраа ашиглаж байхад бусдад давхцуулан эзэмшүүлсэн нь хууль бус” гэж марган, “Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 59 дүгээр захирамжийн иргэн С.Халтарт, мөн оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 274 дүгээр захирамжийн Д.Гэрэлмаад шилжүүлэн эзэмшүүлсэн 70 м.кв газрын “Очир” дэлгүүртэй давхацсан хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд анх 2002 онд “Очир”, “Адис” дэлгүүрийн барилга нь нэг сууриар, гуравдагч этгээдийн 53 м.кв хэмжээтэй “Амарбаясгалант” дэлгүүр тус тус баригдсан болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн аль нь эзэмших эрх үүсээгүй байхдаа / нэхэмжлэгч Т.Батчимэг “Газрын төлбөрийг тодорхойлох акт”-ын үндсэн дээр “Адис” дэлгүүрийн 19 м.кв газрыг ашиглан, төлбөрийг төлдөг/ тухайн барилгуудыг барьсан ба гуравдагч этгээд С.Халтар 2009 онд “Амарбаясгалант” дэлгүүрийнхээ газрыг эзэмших хүсэлт гаргаж, улмаар 2010 онд уг газраа охин Д.Гэрэлмаад шилжүүлэхээр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулж, захиргааны байгууллагад өгчээ.
Баянгол дүүргийн Засаг дарга иргэн С.Халтар, Д.Гэрэлмаа нарын хүсэлтийг шийдвэрлэж, тус дүүргийн 16 дугаар хороо Гандангийн төв хаалганы зүүн урд талд байрлах “Амарбаясгалант” дэлгүүрийн 53 м.кв газрыг 70 м.кв болгон нэмэгдүүлэн эзэмшүүлэхдээ нэхэмжлэгч Т.Батчимэг, Ч.Баасансүрэн нарын дэлгүүрийн барилгын хэсэгтэй давхцуулсан байна.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг тодорхойлон, 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх” нөхцлийг заасан ба мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг баримтлахаар заажээ.
Нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн аль нь газар эзэмших эрхгүй байхдаа дэлгүүрүүдээ барьж, зэрэгцэн ашиглаж байсан тухайн нөхцөл байдалд захиргааны байгууллага нэхэмжлэгчдийн бодит байдалд ашиглаж байгаа дэлгүүрийн газартай давхцуулан гуравдагч этгээдэд газар олгож Газрын тухай хуульд заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага, зарчмыг зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл, Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 59 дүгээр захирамжийн С.Халтарт, 274 дүгээр захирамжийн Д.Гэрэлмаад холбогдох хэсгийн нэхэмжлэгчдийн дэлгүүрийн барилгатай давхацсан хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэр, магадлал хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “Ч.Баасансүрэн нь хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй байж газрыг хууль бусаар ашиглаж байсан, харин Ч.Батчимэгийн эрх хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн нь тодорхойгүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу” гэсэн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 615 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 40 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН