Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 1158

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 8847 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХ-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 42 759 000 төгрөг гаргуулах,

 

Хариуцагч ХХХ-оос “ХХ” ХХК-д холбогдуулж гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгүүлэх, түүний үнийн дүнгээс тооцсон алдангид 18 841 654 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

2010 оны 4 дүгээр сарын эхээр “ХХХХ” христийн сүмийн менежер ХХХХ-ын санал болгосноор ХХХ-той уулзаж түүний эзэмшлийн хашаан дахь хуучин байшинг зүрхэвчин бетон бүхий байшин болгон өргөтгөж өгөхөөр хятад инженерээр төсөв бодуулан тохирч, хуучин барилгын зураг нь буруу байсан тул ажлын явцад хийх ажлын дагуу зургийг болон геодезийн шинжилгээг зохих компаниар хийлгүүлэхээр тохиролцон гэрээ байгуулж ажлаа эхэлсэн. Хуучин барилгыг нурааж, үлдэх байшингийн дээвэр, тааз, бүс бетоныг нураан, модыг зөөж хурааж, талбайн хогийг цэвэрлэн ачуулж, газар шорооны ажил, хөлдүү газрыг гал түлэн гараар ухаж, хайрга шороо дүүргэн, бетон цутгах зэргээр ажилласан.

Манай компани геологийн компаниар хөрсний шинжилгээ хийлгэж, зургийн компанид зургийг захиалан урьдчилгаа мөнгийг төлсөн. Ажлын явцад зургийн компанийг 4 удаа ирүүлж, хэмжээ авч, ажлын байдалтай танилцан зургийн дагуу ажлын заавар зөвлөгөө авч байсан. 200-300 хүн цугларах байр гэсэн тул зургийн компани, зургийг өөрчлөхгүй бол болохгүй гээд бетонон карказ бүхий зургийг үнэ хөлс нэмэхгүйгээр хийж өгөхөөр болсон. Ингээд манайд энэ барилгын шинэ зураг хийлгэж, уг зургийн дагуу ажпаа гүйцэтгэх, зургийг гарсан хойно нь дахин төсөв бодох, одоо өгсөн мөнгөөр материалаа авч зургийн компанийн зааврын дагуу ажлаа үргэлжүүлэхийг даалгасан тул шинэ зураг, заавар, хяналтын дор хийж, суурийн нүх ухаж, бетон цутгалт, бүс бетоныг цутгаад, багана дам нурууны карказын хэв хашмалыг бэлтгэх явцад сүмийн хөрөнгө оруулагчид барилгын ажилтай танилцан, төсөв шийдэх гадаадын олон хүн ирж үзээд явсан. 1 давхрын карказ, дээврийн цутгалтыг хийж дууссан.

Энэ үед зураг гарч ирсэн тул төсөвчин ХХХХХ-ээр зургийн дагуу хийсэн ажлаараа нэг төсөв барилгыг бүхэлд нь дуусгахад орох төсөв хийлгэж, албан бичгийн хамт пастер ХХХ-д өгсөн. Хэд хоногийн дараа барилгыг дуусгахад төсвийг дахин тохирч, өөрчлөх талаар ярилцахад Х “би зуны цугларалтаар гадаад явна, эндээс санхүүжилт шийдэгдэнэ, барилгын ажлын талаарх асуудлаар ХХХ-тай харьцаж байхыг зөвлөж, санхүүжилтэд санаа зоволтгүй, шийдэж өгнө” гэсэн. Бид дээврийн цутгалт бэхжихийг хүлээж хэв хашмал авах, барилгын талбайг цэвэрлэн материал татах зай гарган, прусс шургааг машинаар зөөж тээвэрлэсэн. ХХХ түүний нөхөр болон нягтлан ХХ нар ирээд пастер “ажлаа явуулж бай, хугацаа алдмааргүй байна, гадаадаас бүх төсөв мөнгө шийдвэрлэгдэнэ, санаа зоволтгүй гэхээр нь итгэж, өөрөөсөө мөнгө гаргаж, материал авахаар болсон.

Ингээд тоосго, блок, хөөсөнцөр, элс гэх мэт материал авч өрлөг эхлэх болоход ХХХ, ХХ, хяналтын ижненер ХХХХ нар ирээд хятад ажилчдаар хийлгэе, инженерийн таньдаг хүн байгаа гээд утсаар дуудаж ажлаа үзүүлж, 1 500 000 төгрөгийг өгсөн. Хятад захирал ХХХХХ ирж, ажлын хөлсөө тохирч гэрээг ХХХ-тай хийх гэхэд тэрээр “манай гүйцэтгэгч компанитай хий” гэхэд нь би танайх өөрсдөө олж санал тавьж, үнээ тохирсон юм чинь өөрсдөө хий, би энэ ажлын мөнгийг аваагүй” гэхэд, барилгын гэрээг танайх хийсэн учраас та хийчих гэхээр нь гэрээг байгуулсан төдийгүй “мөнгө зээлдүүлэх хүн байна уу” гэж гуйхад нь дүү ХХХХХХ-аас 5 000 000 төгрөг гарын үсэг зуруулж авсан. Манай дүү хүүний урьдчилгаанд 100 000 төгрөг авсан.

Мөн материал авах мөнгөгүй боллоо, дүүгээсээ гуйгаад өгөөч гэхэд нь ХХХ-тай хамт гэрт нь очиж 3 000 000 төгрөг авсан. Би монгол ажилчдаар барилгын дотор өрөөний хананы суурийг ухаж бетон цутгаж бэлтгэх, шатны хэв хашмал бэлтгэх, зөөх, арматур зангидах, шатыг цутгах, тээвэрлэх бусад ажлуудыг хийж байсан. Монгол ажилчдын цалин өгөх болж ломбардаас зээл авсан, барилгын материалын газруудаас цемент, элс, өрлөгийн сетк гэх мэт бараа зээлж гадна, дотор өрлөг, шаврын ажлыг дуусгаж, 2 хоног цонх суулгасан. Шал цутгах, хаалга суулгах, дотор заслын ажил үлдсэн. 7 дугаар сарын 20-нд Х ирж ажлыг үзээд маргааш нь ХХ 2000 ам доллар буюу 2 700 000 төгрөг авчирч, өөрийн нэрээр авсан зээлийг төлж, үлдэгдлийг барьцаанд тавьсан гинжтэй өгөхдөө тэрээр захирал өөр хүнээр төсөв бодуулаад өгнө гэж хэлсэн.

Үүний дараа дахин өөр хүнээр НӨАТ ороогүй төсөв хийлгээд ир гэсэн тул төсөвчин ХХХХ-аар 1, 2 давхрыг дуусгахад орох мөнгөөр 2 янзын төсөв хийлгээд өгсөн. Гэтэл захиалагч нь төсөвчин ХХХ-аар төсөв хийлгэснийг би үзээд маш бага үнээр тооцсон байгааг хэлэхэд ХХХ зөвшөөрч, “чиний өмнөөс зарим мэдэх зардлыг бичиж байна” гэж хэлсэн. Өрлөг шаврын ажил гүйцэтгэсэн ХХХХХ мөнгө нэхээд байхаар нь түүнийг ХХХ-той уулзуулсан ч “та нар шүүхээр яв” гээд хөөж гаргасан. Манай компанийн хийж гүйцэтгэсэн ажил 105 665 000 төгрөг, үүнээс авсан 72 601 000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 33 064 000 төгрөг, хэв хашмал материалын зардал 2 560 000 төгрөг, төсөвчин ХХХ-д 250 000 төгрөг, төсөвчин ХХХХХ-д 260 000 төгрөг, барилгын талбайд үлдсэн материал тоосго /6000 х 150/ 900 000 төгрөг, хөөсөнцөр 14 боодол- 406 000 төгрөг, 2 камаз элс 560 000 төгрөг, геологийн компанид 300 000 төгрөг, барилгын зургийн компанид 1 800 000 төгрөг, машинаа барьцаалж өр төлсөн хүүнд 2 029 000 төгрөг, дүү ХХХХ-д хүүний 630 000 төгрөг нийт 42 759 000 төгрөгийг ХХХ-оос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2010 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр “ХХ” ХХК-ийн захирал ХХХХ-тэй барилгын өргөтгөлийн ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр өөрийн өмчлөлийн газарт байдаг 6 х11 м хэмжээтэй барилгын дээврийн хэсэг, 5мх10м хэмжээтэй хуучны модон байшинг буулгаж, суурин дээр нь 17м х 21 м хэмжээтэй 2 давхар барилга болгон өргөтгөж барихаар тохиролцсон. Ажил эхэлж гэрээ байгуулахын өмнө бид олон удаа уулзаж барих болон буулгах барилга, талбайг үзэж, хөрөнгө мөнгөө тооцон ярилцаж, ХХХХХХ нь хятад инженер Вен-тэй зөвлөж, миний барилгыг төсөвлөсөн үнэд багтааж, 2 сарын дотор гүйцэтгэх боломжтой гэсэн. Би түүнд нэмж өгөх мөнгө байхгүйг удаа дараа хэлсэн.

Ингээд 2010 оны 4 дүгээр сараас ажил эхэлж, эхний төлбөрийг хийгээд зураг төсөл гараад ирэхэд нь би “олон хүн цуглах газар шүү” гэж сануулсан. Тэр үед хятад инженер ажлаа хаяад явсан. Зургийн компани манай барилгыг олон хүн цугларах заалтай учраас илүү бат бөх барих шаардлага тавьсанаас материалын зардал, төсөв илүү их орох шаардлага тавигдсан. Гэвч бид барилгаа барих явцдаа үнэ хөлс өөрчлөгдөх талаар ярилцаж, тухайн үед нь тохирохоор болж, ажлыг үргэлжлүүлсэн. Энэ нь барилгыг гэрээний дагуу 2 биш, харин нэг давхар болж дуусахад нөлөөлсөн, амлаж байсан хятад ажилчид, монгол ажилчдаар солигдож, суурь болон баганы арматур чанарын шаардлага хангахгүй дутагдал илэрсэн. Арматурыг шалгуулж, чанаргүй гэдэг нь тогтоогдож нэмэлт хүчдэл хийх, бетон цутгах ажил хийгдсээр, хугацаа алдаж, нэмэлт материал их зарцуулсан. Энэ нь “ХХ” ХХК-ийн ажлын доголдлоос болсон. Ийнхүү барилгын нэг давхрын хана, тааз, дээвэр, шат, цонх хийгдэж, ажил бүрмөсөн зогссон. Надад “мөнгө дууссан, цааш үргэлжлүүлэн ажиллах гэрээ байгуулах” гэсэн утгатай албан бичиг өгсөн. Би мөнгө байхгүй учраас хүлээн аваагүй. “ХХХХ” ХХК нь барилгыг бидэнд хүлээлгэн өгөлгүй алга болсон. 2010 оны 8 дугаар сараас барилга зогсож, өнөөг хүртэл би барилгаа ашиглаж чадалгүй, цуглаанаа өөр газар байр түрээслэн явуулж, маш их зардал чирэгдэл болсон.

Бид барилгын зургаа бүрэн гаргаагүй ажлаа эхлүүлсэн, зураг гарахад анх төлөвлөснөөс илүү шаардлага тавигдахад гэрээнд нэмэлт оруулалгүй амаар тохиролцож, барилгаа дуусгана гэж итгэж явсан. Хоёр давхар барьж өгөхөөр гэрээ байгуулаад, нэг давхраа хагас дутуу барьчихаад тооцоолж байсан хоёр давхрын мөнгө бүгд дууссан гэснийг ойлгохгүй байна. Манайх барилгын ажил зогсож, өгсөн мөнгө дууслаа гэхэд нь хөндлөнгийн үнэлгээний компаниар барилгын материал ба ажлын гүйцэтгэлийн үнэлгээг гаргуулсан. Уг барилгыг анх гардан барьсан инженер ХХХХ, хяналтын инженер ХХХХ нар барилгад орсон материал, ажлын гүйцэтгэлийн хөлс норм стандарт, зарцуулалтыг тооцож, дүгнэлт гаргуулахад 56 000 000 гаруй төгрөг зарцуулагдсан байсан.

Харин хөндлөнгийн үнэлгээний компанийн дүгнэлтээр нийт 70 000 000 гаруй төгрөгийн өртөгтэй байсныг тогтоосон. ХХХХХХ эхнэртэйгээ манай ажил дээр ирж, “бид мөнгө авах ёстой” гэж хэлэхэд нь “мөнгө байхгүй, бидэнд бүх тооцоо бий, гомдолтой бол хуулийн байгууллагаар явж үнэнийг шүүлгэе” гэсэн. Нэхэмжилж буй 42 000 000 гаруй төгрөг үндэслэлгүй. Үүнд: хэв хашмалын материалыг 2 560 000 төгрөгөөр аваагүй. Өөрсдийн хуучин ашигласан панер, шургааг авчирч буулгаад, хэв хашмал хийгээд буцаагаад ачаад явсан. Геологийн компанид шинжилгээний хөлс болон зургийн компанид ажлын хөлсийг манайх төлсөн. Харин бусад хүнээс хувиараа зээлсэн мөнгийг би мэдэхгүй, хариуцахгүй. ХХтой гэрээ байгуулаагүй. Түүнийг ХХХХХХийн эхнэр гэдгээр нь мэдэх тул түүнтэй 2-3 удаа харьцаж байснаа санаж байна гэжээ.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1. Гэрээний 2.1-т ажил гүйцэтгэх хугацааг тогтоосон ба 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гэрээний хугацаа дууссан, гүйцэтгэгч ажлаа дутуу гүйцэтгэд 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хаяж явснаа хүлээн зөвшөөрдөг тул гэрээний 4.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоногт 0.1 хувиар алданги тооцож, 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр хүртэл 1395 өдрийн алданги /үлдэгдэл хөлс 20 250 ам.доллар буюу 29 070 275 төгрөгөөс бодож, 18 841 654 төгрөгийг,

2. Гэрээгээр тохирсон 75 000 ам.долларын ажлаас хийж гүйцэтгээгүй дутуу ажлууд болох: өргөтгөлийн суурь баганын доогуур бохирын шугам гаргуулах, 1-2 дугаар давхрын шалыг бетон зуурмагаар цутгаж өнгөлөн тэгшлэх, 1 дүгээр давхрын суурь бүсийг хийсэн тул эдгээр давхрын баганад суурь, дулаалгыг стандартын дагуу хийлгэх, 2 дугаар давхарт 3x5 м талбайтай 2 өрөө гаргах, түүнчлэн бүх өрөөний хана, таазыг шавардаж, замаск, эмульс хийлгэх, гадна хаалга, манаачийн хаалганд шат довжоо хийлгэх, 2 давхрын үндсэн хана, хуучин барилгатай хэсэгт 10-ын хөөс, 12-ын хана барих, 2 давхраас шууд гадагшаа гарах агаарын шат, хаалгыг стандартын дагуу хийлгэх зэрэг шаардлага гаргаж байна. Төсвөөр, одоогийн үнэлгээгээр бол гүйцэтгээгүй 100 000 000 гаруй төгрөгийн ажил байгаа гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Гэрээний дагуу барилгын ажлыг гүйцэтгэх явцад машин механизм техник орох боломжгүйн улмаас бэлтгэл бүх ажлыг гараар гүйцэтгэж, цаг хугацаа их алдсан. Мөн барилгын суурь хийх газруудын жорлонгийн нүхийг цэвэрлэж бетон зуурмагаар дүүргэсэн. Өөрийнх нь анх авсан зураг буруу байсан тул зургийн дагуу хийхээр хүмүүсийг нь байнга авчирч зөвөлгөө авч хүлээгдэж байсан. Эдгээр ажиллагааг хянаж байсан ХХХ болон сүмийн багш гэх залуу тэмдэглэл хөтлөн ХХХ-д дамжуулж байсан. Карказны ажил дууссаны дараа хийсэн ажил болон дуусгахад орох төсөв мөнгийг зургийн дагуу тооцон албан бичгийн хамт явуулж танилцуулсан.

Сүмийн гадаадын хөрөнгө оруулагч нарт үзүүлээд зураг төсвийг батлуулахаар явсаны дараа эхний 2 000 ам.доллар, дараа нь 20 000 ам.долларыг авсан. Үүгээр барилгын материал худалдан авч ажлыг гүйцэтгэсэн. Мөнгө нь хүрэлцэхгүй байсны улмаас өөрийн дүү болон бусдаас материал, мөнгө зээлж, барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн. Мөнгөө өгөөд хийлгэвэл одоо ч барилгыг дуусгаж чадна. Манайх барилгад хийсэн ажил, оруулсан материалын зардлаа нэхээд удаж байна. Хийсэн ажлыг тодорхойлох бүх зураг, тооцоо зөрөхгүй байхад ийнхүү сөрөг нэхэмжлэл гаргаж буйг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх:

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 352 дугаар зүйлийн 352.1-т зааснаар хариуцагч ХХХХ-оос 22 566 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-иас 10 470 297 төгрөгийг гаргуулж, хариуцагч ХХХ-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 8 371 357 төгрөгийн болон дутуу ажлыг гүйцэтгүүлэх тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ХХХХ” ХХК нь нэхэмжлэлийн 20 193 000 төгрөгийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 73 дугаар зүйлийн 73.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 371 745 төгрөгийг болон хариуцагчийн 252 158 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 270 780 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-д, нэхэмжлэгчээс 182 475 төгрөгийг гаргуулж хариуцагч ХХХ-д тус тус олгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

Нэхэмжлэгч буюу “ХХХХ” ХХК ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 42 759 000 төгрөг нэхэмжилж, хариуцагчаар Хийг татан нэхэмжлэл гаргасан. “ХХХХ” христийн сүмийн пастер өөрийн байшинг өргөтгөж, зүрхэвчин бетон бүхий байшин болгох гэсэн захиалагчийн захиалгын дагуу барилгын ажлыг геологийн компаниар хөрсний шинжилгээ хийлгэж, зургийн компанид зураг захиалан мөнгийг төлж хийлгэсэн. Барилгын ажлыг зургийн компанийн өгсөн шинэ зураг, заавар, хяналтын дор хийж, суурийн нүх ухах, бетон цутгалт, багана болон дам нурууны карказын хэв хашмалыг бэлтгэх, 1давхрын карказ, дээврийн цутгалт хийх, дотор, гадна ханын өрлөг, шавардлага, мөн өрөө хоорондын өрлөг, шавардлага зэргээр барилгын бүх үе шатны ажлуудыг хийж дуусгасан.

Харин захиалагч тал гаднаас санхүүжилт олж байгаа, тэгээд мөнгөө өгнө гээд өгдөггүй байсан бөгөөд манай компани бүх ажлыг өөрийн мөнгөөр гүйцэтгэсэн. Манай компани ломбардны зээл түүний хүү, бусдаас материал зээлэх, ах дүүгээсээ мөнгө зээлж ажилчдын цалин өгөх зэргээр санхүүжилтээ босгож, маш их дарамт бэрхшээлийн дунд уг ажлыг гүйцэтгэсэн билээ. Манай компаний хийж гүйцэтгэсэн ажлын өртөг 105 665 000 төгрөг ба үүнээс 72 601 000 төгрөг авсан болно.

1 .Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би шүүх хуралдаанд 20 193 000 төгрөгөөс татгалзсан нь буруу байжээ. Би ийнхүү илэрхийлсэн хүсэл зоригоосоо буцаж байна. Иймд миний нэхэмжлэлийн анхны шаардлагын үнийн дүнгээс тооцоолж. анхан шатны ,шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

 2. Хариуцагч талын сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байсан бөгөөд шүүхээр хангагдаж шийдвэрлэгдэх ёсгүй. Алданги тооцохдоо тулбал хугацаандаа 28 399 000 төгрөгний санхүүжилтээ хийгээгүй, ажлын явцад зураг төсөвөө өөрчилсөн шалтгаанаар гэрээгээр тохирсон алдангийг манай компани ч тооцож нэхэмжлэх байсан. Бид бодит байдлыг ойлгож байсан учраас нэхэмжлээгүй бөгөөд хариуцагчийг ч нэхэмжлэх үндэслэл байхгүй гэж үзсэн.

Гэрээгээр тохиролцсон хугацаа дуусахад гүйцэтгээгүй байсан ажлын үнийн дүнд алданги тооцож байгаа гэж тайлбарлаж байсан боловч гүйцэтгээгүй ямар ажлууд байсан, үнэлгээг хэрхэн гаргаснаа баримтаар нотлоогүй тул 18 841 654 төгрөгний алданги нэхэмжлэх ямарч үндэслэл байхгүй. Харин барилгын үе шатны ажлууд зураг буруу байсан, ажлын явцад зураг нь өөрчлөгдсөн, зураг өөрчлөгдсөнөөс төсөв өөрчлөгдсөн, өгсөн мөнгө нь хүрэлцэхгүй байснаас бусдаас зээл хүлээгдсэн зэргээр хариуцагчаас шалтгаалж хугацаандаа хийгдээгүй, тодорхой хугацаагаар хойшилж байсныг үгүйсгэхгүй. Дурдсан шалтгаанууд нь алданги тооцох үндэслэлгүйг харуулж байна гэж үзэж байна. 2010 оны 6 сард барилгын ажлаа хүлээлгэн өгөх байсан ба санхүүжилтээс шалтгаалж манай компани хийсэн ажлаа л үлдээсэн. Хэрэв хариуцагч тал санхүүжилтээ гүйцээж өгсөн бол манай компани ажлаа хангалттай бүрэн хийгээд хүлээлгээд өгөх байсан. Талууд гэрээний хугацааг сунгаагүй ба хугацаа 2010.06.15-нд дууссаныг шүүхийн шийдвэрт тусгасан. Иймд санхүүжилтээс шалтгаалж, 6 980 198 төгрөгийн барилгын ажлыг гүйцэд хийх боломжгүй байсан, ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд сунгаагүй тул 2010.06.15-наас 2014.04.14 хүртэл хугацааны алданги төлөх үндэслэлгүй.

Шүүх гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн дээр алдангийг тооцон нэмж, /6980198 төгрөг +3 490 099 төгрөгний алданги=10 470 297 төгрөг/ төлбөр тогтоосныг буруу гэж үзэж байгаа тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангасан хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэргийн нөхцөл байдлыг бүрэн дүгнээгүй нь учир дутагдалтай гэж үзэх дараах үндэслэлүүд байна. Зохигчид 2010 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Барилгын өргөтгөлийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулахдаа ажлын хөлс болон цар хүрээг тохиролцсон. Талууд улсын стандартын дагуу үнэ хөлсеө тохироогүй, байгаа мөнгөнд чинь тохируулан энэ ажлуудыг хийж өгнө, бид ашиг харахгүй, ажилгүй зогсож байгаа тул ажилчдад цалин өгөх хэмжээнд байхад болно гэж итгэл үнэмшил төрүүлэн гэрээг байгуулсан.

Харин нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн ажлаа хийж дутуу орхин явсан. Тухайн үед барилгын гүйцэтгэлийг үнэлэхэд 56 000 000 төгрөг байна гэсэн гүйцэтгэгчийн өөрийнх нь инженерийн тооцоо байдаг, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй. Иймд нэхэмжлэгч илүү мөнгө шаардах эрхгүй. Хариуцагчийн тухайн үеийн өөрийн тооцоогоор бол 3 000 000 төгрөг илүү шилжүүлсэн бөгөөд цалин хөлс, гарч болох нэмэлт зардал зэргийг хамтатган тооцож шүүхээр явах шаардлагагүй, хохирлыг хүлээгээд өнгөрье гэж үзсэн юм.

“ХХХХХХХ” XXK нь манай өгсөн 50 000 ам доллар дээр өөрсдөө 20 000 ам доллар гаргаж хоёр давхар байшинг дуусгаж хүлээлгэн өгөөд, жилийн дараа 20 000 ам долларыг авна гэсэн гэрээтэй. Гэтэл нэг давхар ч бүрэн хийгдээгүй байхад их мөнге зарцуулсан гэдэг баримт байхгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... 21 418 802 төгрөгийн ажил илүү хийсэн гэх боловч ажлын хөлсний үлдэгдэлд 12 871 802 төгрөг нэхэмжилсэн учраас нэхэмжлэлийн үнийн дүнгээр ажлын хөлсний үлдэгдэл төлбөрйг тооцох нь зүйтэй ... дурдсан учирсан хохирол зардалд 9 695 000 төгрөг, бүгд 22 566 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Учир нь: 1.Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 2010 оны гаргаж өгсөн үнийн дүнгээр буюу 85 000 000 сая төгрөгөөр тооцон зөрүүг нэхэмжилж байна гэсэн. 2. Шүүх нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн 9 695 000 төгрөгний хохирол зардал нь талуудын 2010 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Барилгын өргөтгөлийн ажил гүйцэтгэх гэрээнийн хавсралтад заагдсан ажлуудыг гүйцэтгэхэд гарсан зардал юм. Үүнийг гүйцэтгэсэн ажлаас тусад нь тооцон хохирол зардал гэж үзэж болохгүй. Энд дурдагдсан төсөвчний мөнгийг хариуцагч төлсөн гэдэг. Хохиролд тооцсон зээл, өр төлбөрийг уг ажилд зарцуулсан гэх нотлох баримт байхгүй. 3. Хөрөнгө үнэлгээний төвийн тооцсоноор уг барилгын гүйцэтгэлийн өртөг нь 96 249 631 төгрөг. Үүнд гүйцэтгэлийн төсөв гаргаж буй учраас магадлашгүй ажил, захиалагчийн хариуцах техник хяналтын зардал, нормчлолын сан зэргийг хасаад НӨАТ-гүй дүн 85 472 548 төгрөг НӨАТ орсон дүн 94 019 802 төгрөг гэж үзсэн нь зөв юм.

Харин шүүх НӨАТ орсон дүн болох 94 019 802 төгрөгнөөс гүйцэтгэлийг тооцон илүү ажлын дүнг гаргасан нь алдаатай болжээ. Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч “ХХХХХХХ” XXK нь НӨАТ төлөгч биш гэдэг нь нотлогдсон. Хэзээ ч улсад төлөгдөхгүй НӨАТ-ийг гаргуулж нэхэмжлэгчид олгож буй нь шудрага бус. Мөн нэхэмжлэгч нь ажилчдын цалин олгохдоо нийгмийн даатгалын төлөлт хийгээгүй тухай баримтыг шүүхэд гаргасан. Хөрөнгө үнэлгээний төвийн гүйцэтгэлийн ертгийн нэгдсэн товчоонд цалинг 15 471 891 төгрөг гэж заасан. Ажилчдын цалингаас Нийгмийн даатгал суутгаагүй тул ажил олгогчоос суутгах 11 хувь болон ажилтнаас суутгах 10 хувь нийт 21 хувийг энэ дүнгээс хасч багасгах ёстой. Ийнхүү хасах дүн нь 3 249 097 төгрөг юм. НӨАТ ороогүй дүн болох 85 472 548 аас нийгмийн даатгалын суутгал хийгээгүй дүнг хасвал 82 223 451 төгрөг. Талууд 72 601 000 төгрөг өгч авалцсан тухайд маргадаггүй. Үүний зөрүү дүн нь 9 622 451 төгрөг. Гэхдээ талууд хоорондоо маргаантай, холбогдох баримтыг цаг тухайд нь бүрдүүлээгүй тул хөндлөнгийн шинжээч уг барилгын гүйцэтгэлийн өртгийг тооцож гаргаж буй нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой. Хөрөнгө үнэлгээний төвийн 2015 оны дүгнэлт нь гэрээ хэрэгжих үед хэрэглэж байсан стандартын дагуу хоёр талыг байлцуулан гаргасан тул илүү бодитой, талуудын аль нь ч уг үнэлгээг буруу гэж гомдол гаргаагүй. Хариуцагч тал 22 566 000 төгрөг гаргуулах шийдвэрийг дээрх үндэслэлээр үл зевшөөрч хүчингүй болгохыг хүсч байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК нь хариуцагч ХХХ-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 42 759 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч анхан шатны шүүх хуралдааны явцад 20 193 000 төгрөгийн шаардлагаас татгалзжээ.

 

Хариуцагч Х нэхэмжлэлийг шаардлагыг эс зөвшөөрч, гэрээнд заасан алдангийн 18 841 654 төгрөг болон дутуу ажлыг гүйцэтгүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг, нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараас үзвэл талууд 2010 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Барилга өргөтгөлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж,  нэхэмжлэгч “ХХХХ” ХХК нь хариуцагч Хийн захиалгын дагуу барилгын материал, үйлдвэрлэлийн стандарт, норм норматив чанарын үзүүлэлтийг хангасан барилга өргөтгөлийн ажлыг 2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд гүйцэтгэхээр харилцан тохиролцсон нь тогтоогджээ.

 

Дээрх гэрээнд зааснаар талууд материалын болон ажлын хөлсийг 75 000 ам.доллар гээд, төлбөр тооцоог тодорхой хугацаанд, шатлалтай хийх, эцсийн төлбөрийг захиалагч 2011 оны 6 дугаар сард багтааж төлөх, хугацаа хожимдвол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн торгууль тооцохоор тохиролцсон байна.

/1 дүгээр хавтас 9-10 дугаар хуудас/

 

Иймд анхан шатны шүүх зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаар болон уг гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдсон шаардах эрхийг зохицуулсан Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт заасанд нийцүүлэн зөв дүгнэсэн гэж үзнэ.

 

Гэрээний 3.1-д зааснаар хариуцагч тал 75 000 ам доллар буюу тухайн үеийн ханшаар 101 000 000 төгрөгийн санхүүжилт хийхээс нэхэмжлэгчид нийт 72 601 000 төгрөгийг шилжүүлсэн, зөрүү 28 399 000 төгрөгийн санхүүжилт хийгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон “Итгэлт-Эстимэйт” ХХК тухайн ажлын гүйцэтгэлийг 103 252 195 төгрөг гэж, “ХХХХХХХ” ХХК-ийн хувьд уг барилгад хийсэн ажлын үнийг 94 019 802 төгрөг гэж тодорхойлсон үйл баримтууд тогтоогджээ.

 

Хариуцагч Х нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж буй үндэслэлээ нэхэмжлэгч компанийг ажил гүйцэтгэх, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүргээ зөрчсөн гэж зааж байгаа боловч хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр уг тайлбар няцаагдаж байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид ажлаа бүрэн дуусгах талаар шаардлага хүргүүлж байсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүх хариуцагч Хийг захиалсан ажлын үр дүнг хүлээн авч, гэрээгээр тохиролцсон үнэ хөлс төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1, 351.1.2 дахь хэсгийн заалттай нийцнэ.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг “ХХХХХХХ” ХХК-ийн тодорхойлсон хэмжээгээр тооцоход 21 418 802 төгрөгийн ажил илүү хийсэн /94 019 802 - 72 601 000 = 21 418 802/ боловч үлдэгдэл төлбөрийг шүүх нэхэмжлэлд дурдсан 12 871 000 төгрөгийн хэмжээнд, мөн уг ажлыг хийх явцад бусдаас авсан зээл болон материалын үнэ, зураг төсвийн хөлс үнэ зэрэг зардалд нийт 9 695 000 төгрөг зарцуулж хохирсон гэж дүгнэн 22 566 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.1-т заасантай нийцнэ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “нэхэмжлэлийн шаардлагын 20 193 000 төгрөгөөс татгалзаж, хүсэл зоригоо буруу илэрхийлсэн тул үүнээсээ буцаж байна” гэх боловч шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь зөв бөгөөд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй юм.

 

Сөрөг нэхэмжлэлийн хувьд шүүх хариуцагч талын нэрлэн заасан буюу дутуу гүйцэтгэсэн ажлыг нэхэмжлэгчээр албадан гүйцэтгүүлэх гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Харин уг ажлын үнийн дүнг 29 078 275 төгрөгөөр тооцож, хугацааг ажил гүйцэтгэж дуусах 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс /сөрөг нэхэмжлэл гаргасан/ 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл 1395 хоногт 18 841 654 төгрөгийн алданги тооцсон шаардлагыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг үндэслэн зарим хэсгийг хангасан нь буруу гэж үзэв.

 

Учир нь талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдөр дууссан, гэрээг сунгаагүй талаар шүүх зөв дүгнэлт хийсэн атлаа гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар зохицуулсан Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг болон дээрх хугацаанд хариуцагч шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байдлыг анхаарч үзээгүй байна.

 

Хариуцагч талын хувьд нэхэмжлэгч олдохгүй, шаардлага гаргах боломжгүй байсан гэх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Иймд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэл бүхэлдээ хангагдахгүй.

 

Үүнээс гадна хариуцагч тал нэхэмжлэгчийг давж заалдах хугацааг хэтрүүлсэн, энэ хугацааг шүүх сэргээх эсэхийг шийдвэрлээгүй гэх боловч нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХ шүүхийн шийдвэрийг 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гардан авсан бөгөөд үүнээс хойш 14 хоногийн хугацаанд буюу 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр давж заалдах гомдол гаргасан нь хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт агуулгын болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 8847 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.5.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч ХХХ-оос 22 566 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-иас 18 841 654 төгрөгийн алданги гаргуулах, дутуу ажлыг гүйцэтгүүлэх тухай хариуцагч Хийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 371 745 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчийн төлсөн 271 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                Т.ТУЯА