Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/00152

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/00152

 

 

 

 

 

 

 

 

2024 01 17 210/МА2024/00152

 

А.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын

30-ны өдрийн 183/ШШ2023/03414 дугаар шийдвэртэй

А.М-ын нэхэмжлэлтэй, НШШГГ-т холбогдох,

Эд хөрөнгө хураах тухай тогтоол болон үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагч, гуравдагч этгээд нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Гантуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Отгонпүрэв, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ган-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 24-ний өдрийн - шүүгчийн захирамжаар А.М-аас 66,487,950 төгрөг гаргуулан Г.Б-д олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл 2022 оны 12 сарын 06-ны өдөр төлбөрт хураагдсан 00-00 УБЭ улсын дугаартай s 22.3257 маркийн тээврийн хэрэгслийн үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэл, 11 сарын 30-ны өдрийн "Хөрөнгө эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2022 оны 12 сарын 01-ний өдрийн 4-45/22896 дугаартай тээврийн хэрэгслийг 67,500,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ зэргийг хүлээн авлаа. Үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь А.М-ад хөрөнгөө үнэлэх, хөрөнгө үнэлсэн тогтоолтой танилцуулаагүй, төлбөр төлөгчийг шийдвэр гүйцэтгэх аливаа ажиллагаанд байлцуулж оролцуулаагүй. эзэмшлийн тээврийн хэрэгслийн үнэлгээг гаргахдаа зах зээлийн үнийг www.unegui.mn, www.shuurkhaizar.mn, www.unelgee.mn, www.unaa.mn зэрэг сайтуудаас харж үнэлгээг тогтоосон ба зах зээлийн үнээс багаар үнэлсэнд гомдолтой тул "Хөрөнгө эстимэйт" ХХК-ийн 2022 оны 11 сарын 30-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

Мөн шийдвэр гүйцэтгэгч нь тээврийн хэрэгслийг битүүмжлэх ажиллагааг мэдэгдсэн ч өөр ажилтай болсон, өнөөдөр амжихгүй боллоо гэсээр уг ажиллагаа явагдалгүй удсан. Гэтэл 2022 оны 11 сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооноос автомашиныг ямар ч тогтоол, тэмдэглэлгүйгээр, тухайн үед байсан эхнэр Ч.З-д юу ч хэлж, тайлбарлалгүй, гарын үсэг зуруулалгүйгээр шууд аваад явсан байсан. Энэ талаар ахлах болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн гэх хариуг ирүүлснийг зөвшөөрөхгүй. Иймд эд хөрөнгө хурааж авсан гэх 2022 оны 11 сарын 03-ний өдрийн 00000000/0 дугаар тогтоолыг хүчингүйд тооцож өгнө үү" гэжээ.

2. Хариуцагчаас шүүхэд тайлбар ирүүлээгүй байна.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4, 122.5-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 сарын 03-ны өдрийн 00000000/0 дугаар тогтоол, 2022 оны 11 сарын 30-ны өдрийн Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн үнэлгээг тус тус хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.М-ад олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч талын гаргасан нотлох баримтыг шүүх шинжлэн судлаагүй, шинээр томилогдсон төлөөлөгчид нэхэмжлэлийг гардуулаагүй, шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, хэргийн материалтай танилцах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эрх, үүргээ хэрэгжүүлэх нөхцлөөр шүүх хангаагүй, мөн хуулийг буруу хэрэглэн хөрөнгө хураах болон үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

Шүүхээс 2023 оны 11 сарын 03-ны өдөр явагдсан S zz3257 маркийн өөрөө буулгагчийг хураах ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр К.Р,  Б.Э нарыг оролцуулсныг дурдсан ба шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд хөндлөнгийн 2 гэрчийг оролцуулж, эрх үүрэr тайлбарлаж, санал хүсэлт асуусан үйл баримтыг анхаарч нотлох баримтыг шинжлэн судлаагүй атлаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Хөндлөнгийн гэрчүүдийн талаар төрийн байгууллагуудын лавлагааны системээс лавлагаа авахад УК00000001 регистрийн дугаартай Куянбалын Раушангул нь Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Ц 3-ын 9 тоот хаягт оршин суудаг нь тогтоогдсон бөгөөд хөндлөнгийн гэрчээр оролцсон эсэх талаар асууж тодруулах боломжийг хэрэгжүүлээгүй, зөвхөн албан бичгийг үндэслэн шийдвэр гаргасан нь учир дутагдалтай. Хөрөнгө эстимэйт" ХХК-ийн эд хөрөнгө үнэлсэн үйл явц, үнэлгээний тайланг огт шинжлэн судлаагүй, үнэлгээчнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах арга хэмжээ аваагүй атлаа үнэлгээг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын агуулга: Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 сарын 03-ны өдрийн 00000000/0 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолоор төлбөр төлөгчийн эзэмшлийн  S ZZ3257 маркийн автомашиныг хураахад Б.Э, К.Р нарыг хөндлөнгийн гэрчээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар оролцуулсан. Тус тогтоолд хөндлөнгийн гэрч нарын регистрийн дугаар, овог нэрийг нь тусгасан, ямар ажиллагаанд оролцож, ямар баримт бичгийг үндэс уг ажиллагаа явагдаж байгааг сануулж, эрх үүргийг нь тайлбарласан байна. Иймд эд хөрөнгө хураах ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.3, 414, 41.5, 41.6-д тус тус заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

Мөн шийдвэрт ...хендлөнгийн гэрчээр УШ00000000 регистрийн дугаартай, Б.Э, УК00000001 регистрийн дугаартай К.Р нарыг хураах ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцуулсан гэх боловч тухайн этгээдүүд нь улсын бүртгэлд бүртгэлгүй нь Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 09 сарын 20-ны өдрийн 0000 дугаар албан бичгээр тогтоогдов" гэжээ. Гэтэл 2023 оны 05 сарын 17-ны өдрийн  "Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай" шүүгчийн захирамжаар УШ00000000, УК00000001 регистрийн дугаартай хүмүүсийн лавлагааг гаргуулахаар шийдвэрлэхдээ хөндлөнгийн гэрчийн нэгийнх нь регистрийн дугаарыг захирамжид алдаатай бичсэн байсан. Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирсэн албан тоотод дээрх этгээдүүд нь улсын бүртгэлд бүртгэлгүй гэж дурдаагүй харин регистрийн дугаар нь буруу, овог нь тодорхойгүй гэсэн байна. Иймд уг албан бичгийг үнэлэх боломжгүй.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Хариуцагч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэрийн хууль үндэслэл зөв, хэргийг зөв шийдсэн гэж үзэж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагчаас 2023 оны 03 сарын 29-ний өдөр, 2023 оны 05 сарын 10-ны өдөр тус тус 2 удаа итгэмжлэл олгосон. 2023 оны 05 сарын 10-ны өдрийн байдлаар шийдвэр гүйцэтгэгч н.Г, н.Э, н.Д нарт итгэмжлэл олгогдсон ба эдгээр хүмүүст удаа дараа шүүхийн мэдэгдэх хуудсыг явуулахад өөрсдөө ирж оролцдоггүй. Мөн хуулийн хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар хөрөнгө битүүмжлэх, үнэлгээ хийх ажиллагаа хөндлөнгийн гэрчтэй хийгдсэн ажиллагаа биш. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтнууд үүнийг нөхөж гүйцэтгэсэн ажиллагаа байдаг. Энэ талаар бид анхан шатны шүүхэд тайлбарлаж хэлсэн. Хөндлөнгийн гэрчийн регистрийн дугаарыг захирамжид буруу бичсэн гэж байна. Сүүлийн удаа шүүх хуралдаан хойшлоход гуравдагч этгээд байсан. Хөндлөнгийн гэрч анхнаасаа байгаагүй, нэг хөндлөнгийн гэрч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан. Тийм учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй, энэ нь процессын алдаа мөн гэж шүүх дүгнэсэн гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянан үзэж, хариуцагч болон гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч А.М-, хариуцагч НШШГГ-т холбогдуулан 2022 оны 11 сарын 03-ны өдрийн Эд хөрөнгө хураах тогтоол болон барьцаа хөрөнгийг үнэлсэн 2022 оны 11 сарын 30-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв дүгнэсэн байна.

4. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 24-ний өдрийн - шийдвэрээр хариуцагч А.М-аас 66,487,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Баярбатад олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг НШШГГ- 2019 оны 10 сарын 02-ны өдөр үүсгэжээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад А.М-ын өмчлөлийн , S ZZ3257 маркийн, ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг 2022 оны 11 сарын 03-ны өдрийн 00000000/1, 000000000/0 дугаартай тогтоолоор битүүмжилж, хураах ажиллагааг явуулж, улмаар талуудад тээврийн хэрэгслийн үнийн саналаа ирүүлэхийг мэдэгджээ. Төлбөр төлөгч үнийн саналаа ирээгүй, төлбөр авагч 20,000,000 төгрөгийн үнийн санал өгч шинжээч томилуулах хүсэлт гаргасныг үндэслэн хариуцагчаас 2022 оны 11 сарын 28-ны өдрийн тогтоолоор Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн үнэлгээчин Б.Б-г шинжээчээр томилсон, шинжээч тээврийн хэрэгслийг 67,500,000 төгрөгөөр үнэлжээ. Хариуцагч тайланг 2022 оны 12 сарын 01-ний өдөр талуудад мэдэгдсэн байна. /хх 81-115/

5. Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулахаар явуулсан эд хөрөнгө хураах ажиллагаа хуульд нийцээгүй, төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн тухай гомдлыг нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэх байгуулагад гаргасан нь шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан ажиллагаатай холбоотой гомдлыг урьдчилан шийдвэрлэх тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасан журамд нийцсэн, энэ тухай баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. /хх 23-24/

6. Хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч А.М-ын өмчлөлийн  S ZZ3257 маркийн тээврийн хэрэгслийг хураах ажиллагааг 2022 оны 11 сарын 03-ны өдөр явуулахдаа хөндлөнгийн гэрчээр УШ00000000 регистрийн дугаартай, Б.Э, мөн УК00000001 регистрийн дугаартай К.Р нарыг оролцуулжээ.

Хэргийн баримтаас үзвэл хариуцагч нь эд хөрөнгө хураах ажиллагаанд хоёроос доошгүй хөндлөнгийн гэрч оролцуулах шаардлагыг хангаагүй байна. Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 09 сарын 20-ны өдрийн 0000 дугаар албан бичигт дурдсанаар дээрх иргэдийн мэдээлэл дутуу, регистрийн дугаар буруугаас иргэний мэдээллийг олгох боломжгүй гэжээ. Энэ тохиолдолд хоёроос доошгүй хөндлөнгийн гэрчийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулах, гэрч хөндлөнгийн байх, эрх, үүргийг тайлбарлаж тухайн этгээд ойлгосон байх болон гэрчийн мэдээлэл бүрэн байх талаархи Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.3, 41.6, 41.8 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага зөрчигджээ. /хх 120/

Иймд хариуцагчийн явуулсан 2022 оны 11 сарын 03-ны өдрийн 00000000/0дугаартай эд хөрөнгө хураан авах тогтоол хуульд нийцээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шат дараалсан ажиллагаа ба хууль зөрчсөн ажиллагааг үндэслэн явуулсан ажиллагаа хүчингүй болох хууль зүйн үр дагавартай. Иймд анхан шатны шүүх эд хөрөнгө хураан авах ажиллагааг хүчингүй болгосон үндэслэлээр эд хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцсон нь хуульд нийцнэ.

8. Харин шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан гомдолд хамаарч байхад энэ талаарх зохицуулалтыг хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

9. Дээрх үндэслэлээр хариуцагч, гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 30-ны өдрийн 183/ШШ2023/03414 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4, 122.5... гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Э.ЭНЭБИШ