Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 201

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн Найрамдлын хороо 8-9 тоотод  оршин суух Жаргалсайханы Баянбаатарт холбогдох

Торгуулийн мөнгө 384.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр  хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Есөнбулаг сумын Жаргалант баг Найрамдлын хороо 8-9 тоотод  оршин суух Жаргалсайханы Баянбаатар нь 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 6 сараас хасуулж, 384.000 төгрөгөөр торгуулсан боловч торгуулийн мөнгийг одоог хүртэл төлөхгүй байх тул торгуулийн мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Баянбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Жаргал овогтой Баянбаатар би 2016 оны 02 сарын 17-ны өдрийн 24 цагт УБ08-93 УБА ноймерийн пүрүүс 11 маркийн авто машинтай замын хөдөлгөөнд согтууруулах зүйл уусан явж байгаад замын цагдаа Батнасанд баригдаж 384.000 төгрөгөөр торгуулсан билээ. Би хохирлоо 2016 оны 06 дугаар сарын 20-ны дотор барагдуулах болно гэжээ. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газар нь торгуулийн мөнгө 384.000 төгрөгийг гаргуулахаар Ж.Баянбаатарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Ж.Баянбаатар нь торгуулийн мөнгө 384.000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд торгуулийн мөнгө 384.000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын  тэмдэгтийн  хураамжийн  тухай  хуулийн  7  дугаар  зүйлийн  7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 12.170 төгрөгний тал хувь буюу 6.085 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй,  торгуулийн мөнгө 384.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ж.Баянбаатар нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 12.170 төгрөгийн тал хувь буюу 6.085 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар  зохигчид  давж  заалдах,  хяналтын  журмаар  хянан шийдвэрлүүлэхээр  гомдол  гаргах,  тухайн асуудлаар  анхан  шатны  шүүхэд  дахин нэхэмжлэл  гаргахгүй болохыг дурдсугай.

                     

 

 

 

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                       Ц.ҮЙТҮМЭН