Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 212

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 5 дугаар багт оршин суух, тус сумын 9 жилийн дунд сургуульд нярав ажилтай Боржун Ширнэнгийн Бүрэнтогтохын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 9 жилийн дунд сургуульд холбогдох

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын дунд сургуулийн захирлын 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/17, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/33 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ш.Бүрэнтогтох шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ширнэн овогтой Бүрэнтогтох миний бие 1958 онд Хөхморьт сумын Сайн-Уст гэх газар төрсөн. Эхнэрийн хамт амьдардаг. Хөхморьт сумын 9 жилийн дунд сургуульд 2005 оноос одоог хүртэл няраваар ажиллаж байна. Манайх Хөхморьт сумын төв Сайн-Устын 5 дугаар багт оршин суудаг. Сумын 9 жилийн дунд сургуулийн захирал Цасчихэр овогтой Гэрэлцэцэг нь 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сургуулийн захирлаар ажиллаж байна. Сумын дунд сургуулийн захирал Ц.Гэрэлцэцэг бид хоёрын хооронд үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр шүүхэд өргөдлөө гаргаж байна. Би ажлын хариуцлага алдаж, сахилга бат болон өмч хөрөнгийн дутагдал, ашигласан зөрчил дутагдал гаргаагүй, дүрэм журмын дагуу захирлын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажиллаж байхад 2015 онд ойр ойрхон хугацаанд 2 удаа захирамж, тушаалаар арга хэмжээ авсанд гомдолтой байгаагаа илэрхийлж шүүхэд хандаж хуулийн дагуу шийдвэрлэж өгнө гэдэгт итгэлтэй байна. 1.Захирал Ц.Гэрэлцэцэг 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/17 тушаалаар хүүхдийн хоолны будаа, гурилыг тендер зарлаагүй дур мэдэн авсан гэж сануулах арга хэмжээ авсан юм. Ц.Гэрэлцэцэгийн өмнө нь ажиллаж байсан захирал Ш.Болд, Н.Сүнжидмаа нарын зөвшөөрлөөр авч нөөцөлсөн байсан юм. Хүүхдийн хоолыг 1, 2 сараар нөөцөлдөг байсан. 09 дүгээр сарын 01-нд байсан будаа, гурилын үлдэгдлийг тендер зарлаагүй байхад дүр мэдэж авсан гэж намайг гүтгэж бас сануулах арга хэмжээ авсныг би хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна. Захирал Ц.Гэрэлцэцэг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр А/33 тоот тушаалаар төсвийн тухай хууль зөрчиж 48 тн нүүрс дур мэдэн авсан. Миний эрх мэдэлд халдсан гэж цалинг 20 хувиар 3 сарын хугацаатай хасах  сахилгын  шийтгэл  ногдуулсан  юм.  Тэр  үед  захирал  Ц.Гэрэлцэцэг  нь 10 дугаар сарын 03-нд аймагт багш нарын баярт оролцохоор явсан хойгуур нь нүүрс ирж буулгах болоход би захирал байхгүй, мэдэхгүй гэхэд жолооч нь сумын удирдлагуудтай уулзаж ИТХ-ын дарга И.Гантулга, Санхүү тасгийн дарга Р.Алагаа нартай уулзсан. Зам даваа хаагдана 70 тн нүүрс буулгаж ав гэсэн тамгатай бичиг хийж өгсний дагуу 48 тн нүүрсийг буулгаж авсан юм. Тэр бичгийг захиралд өгсөн. Энэ нүүрсийг нь би сумын төсөв хөрөнгө мэддэг дарга Р.Алагаа, төсөв хөрөнгийг баталж өгдөг хурлын дарга нарын зөвшөөрлөөр буулгаж авсан болохоос биш дураараа аваагүй, төсвийн тухай хууль тогтоомж зөрчөөгүй, ажил үүргээ гүйцэтгэж яваа жирийн ажилтанд албан тушаалын сүр үзүүлж, ямар ч хэрэг зөрчил, доголдол гаргаагүй байхад нүд үзүүрлэн хавчиж гадуурхаж, албаны нэрээр дарамт үзүүлж эдийн засгийн аргаар боймлон санхүү мөнгөний гачигдалд оруулж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна. Захирал Ц.Гэрэлцэцэгтэй энэ гомдлын талаар биечлэн уулзахад тушаалаа буцаагаад өгчих гэж авчихаад хэсэг хугацаа өнгөрсний дараа 3 сарын цалингаас 20 хувийн суутгал хийлээ. Ийм ёс зүйгүй бүдүүлэг байдал гаргаж байгаа нь ажлаас халах гэсэн оролдлого гэж би хувьдаа үзэж байна. Ямарч үндэслэлгүй дараалан арга хэмжээ авч байгааг би хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байгаа тул хуулийн дагуу миний гомдлыг барагдуулж цалингаас суутгасан 20 хувийг буцаан олгуулж өгнө гэдэгт итгэж байна. Миний эрх зөрчигдөж ажил хийхэд хавчигдаж, сэтгэл санааны дарамтад оруулж байгаа нь ажлаас чөлөөлөх, хөөх хэтийн хорон төлөвлөгөө боловсруулж байж болох талтай байна. Иймд миний эрх ашгийг хуулийн дагуу хамгаалж үнэн зөвийг олж өгнө гэдэгт итгэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хөхморьт сумын дунд сургуулийн нярав Ш.Бүрэнтогтохын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн аваад эс зөвшөөр байна. Учир нь нярав Ш.Бүрэнтогтох сургуулийн захиргаанаас үүрэг болгоогүй, тушаал шийдвэр гаргаагүй байхад нүүрс авч эрх мэдлээ хэтрүүлж байгууллагын төсвийн шууд захирагчийн эрх мэдэлд халдаж 48 тн нүүрсийг дур мэдэн авсан бөгөөд улмаар уг нүүрс нь хэмжээндээ хүрэхгүй, чанарын шаардлага хангахгүй байсан, урьд ийм зөрчил гаргаж байсан бөгөөд 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/17 дугаартай тушаалаар сануулах арга хэмжээ авсаар байхад үл тоомсорлож дахин ижил зөрчил гаргасан учир 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/33 дугаартай тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан. Иймээс нярав Ш.Бүрэнтогтохын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Ш.Бүрэнтогтох би хариуцагч Ц.Гэрэлцэцэг бид нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн талаар дараах байдлаар эвлэрч байна. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлд дурдсан Ш.Бүрэнтогтохын сахилгын шийтгэлүүдийг хүчингүй болгож тооцохоор харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Бүрэнтогтох нь хариуцагч  Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 9 жилийн дунд сургуульд холбогдуулан Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын дунд сургуулийн захирлын 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/17, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/33 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Зохигчид 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн эвлэрлийн гэрээндээ  нэхэмжлэгч Ш.Бүрэнтогтох нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан   Ш.Бүрэнтогтохын   сахилгын   шийтгэлүүдийг   хүчингүй   болгохоор   харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх эрхтэй бөгөөд зохигчдын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул шүүх эвлэрлийг батлах нь зүйтэй байна.

Зохигчид тайлбартаа улсын тэмдэгтийн хураамжид эвлэрсэн талаар дурдаагүй байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 70.200 төгрөгийн тал хувь 35.100 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 5 дугаар багт оршин суух, тус сумын 9 жилийн дунд сургуульд нярав ажилтай Боржун Ширнэнгийн Бүрэнтогтохын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 9 жилийн дунд сургуульд холбогдох Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын дунд сургуулийн захирлын 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/17, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/33 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан Ш.Бүрэнтогтохын сахилгын шийтгэлүүдийг хүчингүй болгохоор харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 9 жилийн дунд сургуулиас  улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 70.200 төгрөгийн тал хувь 35.100 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ц.ҮЙТҮМЭН