Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/00202

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/00202

 

 

 

2024 01 26 210/МА2024/00202

 

Б.У-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 27-ны

өдрийн 102/ШШ2023/04301 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.У-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШШГГ-т холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ундармаа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 19-ний өдрийн --- шийдвэрээр З.Б-гээс 440,238,300 төгрөг гаргуулж А- ББСБ ХХК-д олгож, З.Б-гийн эзэмшлийн Баянгол дүүргийн 11 хороо, 4 хороолол, Х- гудамж 000 тоот- хаягтай 1,084 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө болон мөн хаягт байх 690 м.кв талбайтай газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. Миний аав З.Б- нь 2019 онд өвчний улмаас нас барсан. Уг хөрөнгө шүүхийн шийдвэрийн дагуу барьцаалагдсаныг 2021 онд мэдсэн. Шийдвэр гүйцэтгэх газарт өв залгамжлах эрхтэй болсон баримтаа гаргаж өгсөн. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас намайг нэг ч удаа дуудаагүй, ямар нэг баримт бичгийг танилцуулж байгаагүй.

 

Төлбөрийн 444,341,240 төгрөгийг 2023 оны 03 сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлөхийг мэдэгдсэн бичигтэй танилцлаа. Иймд дээрх 1,084 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө болон 690 м.кв талбайтай газрыг хамтад нь 802,899,000 төгрөгөөр үнэлсэн 2021 оны 07 сарын 19-ний өдрийн Файн эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь НШШГГ- нь үнэлгээ хийх талаар болон тогтоолыг мэдэгдээгүй, үнэлгээний талаар ч мэдэгдээгүй. Энэ нь төлбөр төлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн ба үнэлгээчнийг татгалзах, асуулт асуух эрхийг хязгаарласан. Иймд 1,084 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, 690 м.кв талбай бүхий газрын үнэлгээг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн байх тул Файн эстимэйт ХХК-ийн 2021 оны 07 сарын 19-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Барьцаа хөрөнгө болох орон сууцанд үнэлгээ тогтоох ажиллагаа болон дуудлага худалдаа нь хуулийн дагуу явагдсан тул Б.У-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн 44 дүгээр зүйлийн 44.4, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар эрхийн улсын Ү-2205054678 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 11 хороо, 4 хороолол, Х- гудамж 000 тоот- хаягт байх 1084 м.кв талбайтай, үйлчилгээ, орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 802,899,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.У-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: 3.Б-гээс 440,238,300 төгрөг гаргуулж А ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хурааж 802,899,000 төгрөгөөр үнэлснийг шинжээч тогтоожээ. Шинжээч нь хөрөнгийн үнэлгээ тогтоохдоо Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, хөрөнгийн үнэлгээний тайланг итгэлцүүрийн хамгийн дээд үнийг аваагүй, зах зээлийн хандлагын аргыг ашиглаж, тодорхой бус зарыг үндэслэн үнийг тодорхойлж, хэт доогуур үнэлгээ тогтоосныг шүүх хэргийг шийдвэрлэхдээ анхаарч, хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Шинжээчийн тайлангийн 2.1-т хөрөнгийн өмчлөгчөөс мэдээлэл авч, зах зээлийн мэдээлэл цуглуулах, үнэлгээний аргачлал, тайлан боловсруулах зэргээр харьцуулалтын аргыг ашиглах ажиллагааг шинжээч хийгээгүй, бусдын хөрөнгийг хэрхэн бодитой үнэлсэн, үнэлгээ тогтоосон үйл явц бодитой эсэх нь эргэлзээтэй байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

 

Үнэлгээний зүйл нь хөрөнгийн үнэлгээ бодитой бус, зах зээлийн үнээс доогуур тогтоогдсоныг тайлбарласаар байтал шинжээчийн тайлбараар хэргийн нөхцөл байдлыг дүгнэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангалгүй шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт шинжээч нь барьцаа хөрөнгийг дээрх байдлаар үнэлсэн нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчиж байгаа тул шийдвэрийг бүхэлд нь хянаж хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх газарт биш шинжээчийн гаргасан үйлдэлд гомдол гаргасан гэж харагдаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч тал хурлын товыг мэдсэн, хөрөнгийн үнэлгээний талаар шуудангаар хүргүүлсэн баримт мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирж тайлбар өгсөн зэргээр үнэлгээ болон дуудлага худалдаа болох талаар мэдсэн гэдэг нь нотлогддог. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул шийдвэрийг хэвээр үлдээж гуравдагч этгээдийн өмчлөх эрхийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзэж, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Б.У- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэх тайлбар гарган маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг тогтоосон байна.

 

3.1. Тодруулбал, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 сарын 19-ний өдрийн ---тай захирамжаар хариуцагч З.Б- нь 439,306,000 төгрөгийг 2018 оны 10 сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч А- ББСБ ХХК-д төлөх, энэ үүргээ биелүүлээгүй бол Баянгол дүүргийн 11 хороо, 4 хороолол Х- гудамж 000 тоот-од байх, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, 1,084 м.кв талбай бүхий үйлчилгээ, орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх.46-48/

 

3.2. З.Б- шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг НШШГГ- 2018 оны 11 сарын 19-ний өдөр үүсгэж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа явуулжээ.

 

Төлбөр төлөгч З.Б- 2019 оны 05 сарын 05-ны өдөр нас барснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн, 2020 оны 08 сарын 04-ний өдрийн 00/00 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж, мөн өдрийн 21/01 тоот тогтоолоор Б.У-, Б.У нарыг төлбөр төлөгч, талийгаач З.Б-гийн эрх залгамжлагчаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулсан байна. Улмаар 2021 оны 06 сарын 24-ний өдөр барьцаа хөрөнгийг хураах ажиллагааг явуулсан болох нь үйл баримтыг шүүх хэргийн нотлох баримтуудыг үндэслэн зөв тогтоожээ.

 

4. Талууд дээрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд маргаангүй. Харин дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгөд тогтоосон шинжээчийн үнэлгээ хуульд нийцсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

5. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн талаар талууд тохиролцоогүйн улмаас шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 07 сарын 05-ны өдрийн 0/000 дугаартай тогтоолоор Файн эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон байна. Шинжээч нь Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байх 690 м.кв талбайтай, эзэмшлийн газрыг 129,862,000 төгрөгөөр, мөн хаягт орших 1,084 м.кв талбай бүхий үйлчилгээ, орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 673,037,000 төгрөгөөр, нийт 802,899,000 төгрөгөөр тус тус үнэлжээ.

Хариуцагчаас үнэлгээний тайлантай танилцахыг төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч Б.У-, төлбөр төлөгч Б.У нарт 2021 оны 07 сарын 20-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн нь 2021 оны 07 сарын 19-ний өдөр үйлдсэн мэдэгдэх хуудсаар тогтоогдсон, уг ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дахь хэсэгт заасанд нийцжээ. Хэрэгт нотлох баримтаар авагдсан шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 07 сарын 30-ны өдрийн тэмдэглэлд, төлбөр төлөгч Б.У мэдэгдлийг 2021 оны 07 сарын 20-ны өдөр баталгаат шуудангаас хүлээн авсан, харин нэхэмжлэгч Б.У- 2021 оны 07 сарын 27-ны өдөр мөн хүлээн авсныг баталгаажуулан тэмдэглэл үйлдсэн байна. /хх 111, 117/

 

6. Нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээний тайланг эс зөвшөөрч 2023 оны 03 сарын 22-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэсэн заалтад нийцээгүй байна. Учир нь нэхэмжлэгч тал хөрөнгийн үнэлгээний тайлан гарсан талаар 2021 оны 07 сарын 27-ны өдөр мэдсэн болох нь хэргийн 13 дахь талд авагдсан тус шүүхийн шүүгчийн 2023 оны 03 сарын 29-ний өдрийн захирамжаар тогтоогдсон байна. Уул өдрөөс хойш 7 хоногийн дотор буюу 2021 оны 08 сарын 03-ны өдрийн дотор шүүхэд гомдол гаргах ёстой, нэхэмжлэгч нь 2023 оны 03 сарын 22-ны өдөр гомдол гаргасан нь дээрх хуульд заасан хугацааг хэтрүүлжээ. /хх 1-2/

 

7. Нөгөөтэйгүүр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй гэж заасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...эгч Б.У-аас шүүхэд энэ асуудлаар гаргасан гомдлыг 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн, хүчин төгөлдөр шийдвэртэй ... талаар дурджээ. Хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүх урьд нь хянан шийдвэрлэсэн тохиолдолд уг асуудлыг дахин хэлэлцэхгүй тул нэхэмжлэгч өмнө нь шүүхээр шийдвэрлэгдсэн асуудлаар шүүхэд дахин хандсан нь хуульд нийцэхгүй.

 

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 27-ны өдрийн 102/ШШ2023/04301 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Б.У-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Э.ЭНЭБИШ