Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
Хэргийн индекс | 133/2016/00173/и/ |
Дугаар | 214 |
Огноо | 2016-06-16 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 214
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 6-27 тоотод оршин суух Боржигон Жагваралын Доржнамжимийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн Өргөө 4-17 тоотод оршин суух Гэрсэнз Санждамбын Эрдэнэ-Очирт холбогдох
Цементийн үнийн үлдэгдэл 800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Доржнамжим, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Доржнамжим шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2011 оны 08 сард С.Эрдэнэ-Очир 1.000.000 төгрөгийн цемент 3 хоноод мөнгийг өгнө гээд зээлж авсан. Үүнээс хойш маш олон удаа нэхэж гэрээр нь ч очдог, ажил дээр нь ч очдог, өгнө өгнө гээд өгдөггүй. Хоёр жилийн өмнө 200.000 төгрөг өгсөн. Би банкны зээлтэй мөнгөө авъя гэхээр ойлгож байна хүүтэй өгнө 1.500.000 болгож өгнө гэж хүртэл ярьж байсан. Мөнгөө олж авч чадахгүй эвлэрүүлэн зуучлагчид хандсан. Энэ хүн би хүнд авч өгсөн, өөрөөсөө төлөх боломжгүй гэсэн бичиг хийж өгсөн байна лээ. Хүнд авч өгөөгүй, өөрөө тендер аваад ажил хийж байхдаа зээлж өгөхгүй гэхээр өөрийн биеэр ирж 3 хоноод мөнгийг чинь өгнө гэж хэлээд аваад явсан. Энэ хугацаанд маш олон удаа уулзаж нэхдэг өгнө гэдэг өгдөггүй. Иймд шүүхэд хандан Эрдэнэ-Очироос 800.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч Ж.Доржнамжим шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Эрдэнэ-Очир надаас 1.000.000 төгрөгийн цемент авчихаад 3 хоногийн дараа өгнө гэж авчихаад одоо 2 жил болж байж 200.000 төгрөг өгсөн. Би өгөх байх гэж хүлээгээд удаж байна. Би Солонго хорооллын орон сууцыг хариуцаж байгаа 4 тэрбум төгрөгнөөс 8.000.000 төгрөг авдаг юм. Тэгэхдээ өгье, би банкны зээлтэй, хүүтэй нь 1.500.000 болгож өгнө гэж хэлсэн. Энэ өвөл савхи, нэхий дээлний худалдаа ирэхэд авгайтайгаа хоёулаа авч байсан. Би араас нь хөөцөлдөөд мөнгөтэй байж миний мөнгийг өгөөч гэхэд нүүрс хийх нүх гаргаадхаач тэгвэл нүүрс өгмөөр байна гэсэн. Тааралдах болгондоо өгнө гэдэг. Би шүүхэд өгөхөөс өмнө эвлэрүүлэн зуучлагчид өгсөн ч хүнд авч өгсөн өөрөө аваагүй гээд бичиг хийж өгсөн байсан. Өөрөө 500.000 төгрөгийн цемент аваад 3 хоногийн дараа өгнө гээд өөрөө очоод надаас авсан. Өгнө гээд байдаг ч өгөхгүй болохоор нь аргаа бараад шүүхэд хандсан. Авсан 1.000.000 төгрөгийн цементний үнээс 200.000 төгрөгийг нь өгсөн. Одоо үлдэгдэл 800.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч С.Эрдэнэ-Очир нь нэхэмжлэлийн хувийг 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гардаж авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаа буюу 14 хоногийн дотор хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д заасан журмаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч Ж.Доржнамжимийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Ж.Доржнамжим нь С.Эрдэнэ-Очироос худалдан авсан цементийн үнийн үлдэгдэл буюу худалдах, худалдан авах гэрээний зохих ёсоор биелэгдээгүй 800.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Нэхэмжлэгч Ж.Доржнамжим нь нэхэмжлэлийн шаардлагаа С.Эрдэнэ-Очир нь 2011 оны 08 сард 1.000.000 төгрөгийн цемент 3 хоноод мөнгийг өгнө гээд зээлж авсан, 2 жилийн өмнө 200.000 төгрөгийг өгсөн одоо үлдэгдэл 800.000 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарлаж байна. Иймд уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгчийн тайлбар, үйл баримтаас үзэхэд зохигчдын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ гэж, 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ гэж, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар ...хариуцагч нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж, 38 дугаар зүйлийн 38.1-д зохигчид өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс 14 хоногийн дотор ...нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж тус тус заасан байх ба хариуцагч С.Эрдэнэ-Очир нь 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан байгаа ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаа буюу 14 хоногийн дотор хариу тайлбараа ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Мөн хариуцагчид 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 11 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг гэрийн хаягаар хүргүүлэхэд гэрт нь хүн байхгүй, 98836603, 99066603 дугаарын утас нь холбогдох боломжгүй гэсэн бөгөөд мэдэгдэх хуудсыг өөрт нь гардуулах боломжгүй байсан тул эхнэрийн ажлын хаягаар очиж мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэхээр заасан байна.
Иймд хариуцагч С.Эрдэнэ-Очироос цемент худалдах, худалдан авах гэрээний зохих ёсоор биелэгдээгүй үүрэг буюу цементийн үнийн үлдэгдэл 800.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Доржнамжимд олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Эрдэнэ-Очироос 800.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 23.750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Доржнамжимд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Санждамбын Эрдэнэ-Очироос худалдах, худалдан авах гэрээний зохих ёсоор биелэгдээгүй үүрэг буюу цементийн үнийн үлдэгдэл 800.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Жагваралын Доржнамжимд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Эрдэнэ-Очироос 800.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 23.750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Доржнамжимд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН