Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 234

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч Р.Очирсүрэн,

шүүгдэгч Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1908005440163 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овгийн Ц Д, Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Мянгад суманд 1988 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй, 31 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Витафит” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 30-376 тоотод оршин суух  бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Чулуутын 30 тоотод  түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,  регистрийн дугаар 

Шүүгдэгч Ц.Д нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2019 оны 01 дүгээр сарын 20-ны орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Чулуутын 07-25 тоотод байрлах нийтийн байранд хамтран амьдрагч Б.Б-г зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Д мэдүүлэхдээ:

2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр орой 22 цагийн үед эхнэр гэртээ орж ирсэн. Би гар утсыг нь аваад шалгатал нэг дугаараас олон залгасан байхаар нь тэр дугаар луу залгатал нэг эрэгтэй хүн авахаар нь би “нууц амрагтайгаа ярь” гээд гар утсыг эхнэртээ өгсөн. Би уул нь гижигдэх гэсэн боловч уурлахаар нь орон дээрээс үсдэж унагаад толгойнд нь нэг удаа цохьсон. Бүжингийн биед учруулсан гэмтлийг би учруулсан. Гэм буруугийн талаар маргахгүй, сонгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна, мөн ялын саналыг хүлээн зөвшөөрсөн болно гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

Би нөхөр Д хамт СХД-ийн 30 дугаар хороо Чулуутын 7- 25 тоотод амьдардаг ба бид хоёр хамт амьдраад 3 жил болж байна. Гэхдээ дундаасаа хүүхэдгүй, албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. 2019 оны 01 дүгээр сарын 20-ны орой 22 цагийн үед би СХД-ийн 30 дугаар хороо Чулуутын 7-25 тоот гэртээ ажлаасаа очиход гэрт нөхөр Доржбал байсан ба нөхөр маань жаахан архи уучихсан байсан. Тэгээд би хувцсаа сольчихоод хоолоо идээд байж байхад нөхөр маань миний гар утсыг аваад миний утсаар ярьсан хүмүүсийн дугааруудыг нь харж байснаа нэг дугаар луу залгахад тэр дугаар нь надтай жолооны курсэд хамт явдаг залуугийн дугаар байж таараад, тэр дугаарыг нь эрэгтэй хүн авахад нөхөр маань урдаас нь юм дуугараагүй, миний утсыг миний хажууд авчирч тавиад энэ нууц амрагтайгаа ярь гэж хэлсэн...нөхөр маань орон дээр хэвтэж байхаар нь би араар нь хэвтээд...нөхөр маань миний дээрээс гарч хэвтэчихээд намайг гижигдэх санаатай хоёр суга руу хоёр гараа хийгээд хавирганы завсар луу хатгаад миний хавирга өвдөөд амьсгаа давчидаад байхаар нь би нөхрийгөө буугаач чи гээд чанга орилоод үснээс нь гараараа татахад нөхөр маань чи намайг яагаа ч үгүй байхад чанга ориллоо гээд уурлаад үснээс татаж орон дээрээс газар унагаад нүүр лүү гараараа 2-3 удаа цохиод, толгой руу гараараа түлхээд би толгойгоороо орны буйдан мөргөсөн...би шүүх эмнэлэгт үзүүлсэн ба нөхөртөө зодуулсны дараагаар толгой өвдөж, хамар битүүрсэн, гуяны хэсэгт хөхөрсөн байсан...” гэжээ. /хх-20-22/,

Шүүх эмнэлгийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1623 дугаар дүгнэлт:

Хэсэг газрын үзлэгт: Баруун хацар хавдсан, бүдэг хүрэн өнгийн цус хуралттай. Хамрын нурууны баруун талаар овгор, зүүн хэсгээр хонхор, хамрын амьсгал баруун талд буурсан. Баруун гуяны өмнөд дунд хэсэгт 2x2 см, дотор дунд хэсэгт 1x1 см, зүүн гуяны дотор дунд хэсэгт 2x2 см, баруун шилбэний дотор дээд хэсэгт 7x5 см хэмжээтэй хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай. Цээжний хэсэгт ил харагдах гэмтэлгүй.

ДҮГНЭЛТ

1. Б.Бүжингийн биед тархи доргилт, баруун хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун хацар, баруун зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

З. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-28/,

Шүүгдэгч Ц.Доржбал мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:

...2019 оны 01 дүгээр сарын 20-ны орой 22 цагийн үед би Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Чулуутын 7-25 тоот гэртээ байж байхад эхнэр Бүжин ажлаасаа ирээд би хоол хийсэн байсан учир эхнэр хувцсаа сольчихоод хоолоо идэж байхад нь би эхнэрийн утсыг аваад оролдож байхад одоо санахгүй байна, нэг дугаар эхнэртэй олон удаа ярьсан байхаар  нь тэр дугаар руу нь залгаад үзэхэд эрэгтэй хүн авч байхаар нь дургүй хүрээд эхнэрт май нууц амрагтайгаа ярь гэж хэлээд утсыг нь хажууд нь тавиад орон дээрээ очоод хэвтэж байхад эхнэр хажууд ирээд орон дээр хэвтсэн ба би өөрийнхөө утсыг цэнэглээд тоглоом тоглож байхад эхнэр цэнэглэгчийг нь салгаад өөрийнхеө утсыг уясан юм. Тэгэхээр нь би эхнэрийг чи зурагтын хажууд очоод утсаа цэнэглэчих гэхэд эхнэр үгүй энд цэнэглэнэ гэхээр нь тоглоод толгой руу нь гараараа няслахад нь эхнэр уурлаад болиоч гэж хэлээд орны хөл рүү толгойгоо харуулаад хэвтсэн. Тэгэхээр нь би эхнэрийгээ дуугуй уурласан байдалтай хэвтээд байхаар нь аргадах санаатай тоглоод хөл рүү нь хөлөө наагаад хөлөөрөө жийхэд эхнэр зүгээр байгаач гэж уурлаад хөлийг маань гараараа түлхэхээр нь эхнэрийнхээ дээрээс нь гарч хэвтээд тоглоод хоёр суга руу хоёр гараа хийгээд гижигдэхэд эхнэр буугаач чи гээд чанга орилоод миний үснээс гараараа татахаар нь гэнэт миний уур хүрээд эхнэрийг тэнэг юм уу чи гэж хэлээд үснээс нь татаж орон дээрээс газар унагаад нүүр лүү гараараа 2, 3 удаа гараараа цохиод, толгой руу нь гараараа түлхэхэд эхнэр толгойгоороо орны буйдан мөргөсөн...гэжээ. /хх-35-36/,

өргөдөл/хх-5/, аюулын зэргийн үнэлгээний маягт/хх-6-7/, гэр бүлийн хүчирхийлэлийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-8-12/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-37/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-38/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-41/, гомдол саналгүй, хялбаршуулснаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-48-49/, Хаан банкны дансны хуулга /хх-51-56/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Д-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ц.Д  нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2019 оны 01 дүгээр сарын 20-ны орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийг 30 дугаар хороо Чулуутын 07-25 тоотод байрлах нийтийн байранд хамтран амьдрагч Б.Б зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун хацар, баруун зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан  болох нь:

Хохирогч Б.Бүжингийн өгсөн “...нөхөр маань чи намайг яагаач үгүй байхад чанга ориллоо гээд уурлаад үснээс татаж орон дээрээс газар унагаад нүүр лүү гараараа 2-3 удаа цохиод, толгой руу гараараа түлхээд, би толгойгоороо орны буйдан мөргөсөн...” гэх мэдүүлэг,

“...Б.Б биед тархи доргилт, баруун хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун хацар, баруун зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо..” гэх Шүүх эмнэлгийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн №1623 дугаар дүгнэлт, шүүгдэгч Ц.Д ын яллагдагчаар өгсөн “...гэнэт миний уур хүрээд эхнэрийг тэнэг юм уу чи гэж хэлээд үснээс нь татаж орон дээрээс газар унагаад нүүр лүү гараараа 2, 3 удаа гараараа цохиод, толгой руу нь гараараа түлхэхэд эхнэр толгойгоороо орны буйдан мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-35-36/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх замаар хөнгөн хохирол учруулсан тохиолдолд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэж мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “энэ хуульд заасан дараах үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр гэж үзнэ”, 6.1.1-д “бие махбодийн хүчирхийлэл”, 6.2-д “....энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл  мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус заасан.

Хууль зүйн хувьд  Ц.Д  нь эхнэр Б.Б  нүүр лүү гараараа 2-3 удаа цохиод, толгой руу нь гараараа түлхэж толгойгоор нь орны буйдан мөргүүлсэн бие махбодийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2  дахь  хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ц.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.  

Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч Б.Бүжин гэм хорын хохирол нэхэмжлээгүй болно.

Шүүгдэгч Ц.Доржбалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Д дээрхи зүйл, хэсэгт заасан прокурорын саналын хүрээнд торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Д  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон эд зүйл, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.