Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2017/01016

 

Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 136/ШШ2017/00124 дүгээр шийдвэр,

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 202/МА2017/00015 дугаар магадлалтай,

Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн нэхэмжлэлтэй,

Г.У-д холбогдох,

7.054.840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтанцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.У- нь Эрүүл мэндийн хөгжлийн төв, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар болон Нэгдсэн эмнэлэгтэй гурвалсан гэрээ байгуулсны үндсэн дээр 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 3 сарын хугацаанд мэдээгүйжүүлэлтийн сувилагчийн мэргэшил олгох сургалтад хамрагдсан. Тэрээр суралцах хугацаандаа Нэгдсэн эмнэлгээс цалин авч, сурсан хугацааг оролцуулан тус эмнэлэгт 5 жил ажиллахаар тохирсон боловч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, гэрээний үүргээ биелүүлээгүй тул суралцах хугацаанд олгосон цалинг гэрээний дагуу 4 дахин өсгөн 7.054.840 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.У- шүүхэд гаргасан тайлбартаа:Би 2015 оны 06 дугаар сарын 10, 12-нд мэргэшил олгох сургалтад суралцуулах гэрээг байгуулан 3 сарын хугацаатай суралцсан. Миний хувьд ажлын байрны дарамтанд байсан учир өөрийнхөө хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан. Би нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлэх, эрчимт эмчилгээний тасагт ажилладаг байсан.Намайг ажилд орсон цагаас эхлэн ажлын байран дээр мэс заслын гэмтлийн их эмч Эрдэнэбулган байлгаж суулгахгүй, хэлэх хэлэхгүй үгээр хэлж дарамталдаг байсан. Би ажлын байрны дарамтаас болоод хүнд буруу зөрүү тариа хийчихвий гэж бодоод арга ядаад өөрөө ажлаасаа гарах өргөдлөө өгсөн. Уг нь надад манай тасгийн дарга Гантамир их эмч шаардлага тавих ёстой байдаг. Мэс заслын их эмч Эрдэнэбулганы гаргаж байгаа зан байдал, ёс зүйд нь Аймгийн Нэгдсэн эмнэлгийн захиргаа юу ч хэлэлгүй хүлээн зөвшөөрөөд сувилагч миний ажлаасаа чөлөөлөгдсөнд гэрээгээр төлбөр тооцох гэж байгаад гомдолтой байна гэжээ.

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 136/ШШ2017/00124 дүгээр шийдвэрээр:Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 205 дугаар зүйлийн 205.6, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.У-гаас 1.763.710 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт олгож, үлдэх 5.291.130 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг нь улсын тэмдэгтийн хураамж 127.827 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.У-гаас 43.169 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 202/МА2017/00015 дугаар магадлалаар:Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 136/ШШ2017/00124 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “...8 дугаар зүйлийн 8.1, 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 205 дугаар зүйлийн 205.6, 208 дугаар зүйлийн 208.1” гэснийг “189 дүгээр зүйлийн 189.5, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтанцэцэгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 43.169 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтанцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 сарын 30-ны өдрийн 136/ШШ2017/00124 тоот шийдвэртэй, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 сарын 3-ны өдрийн 202/МА2017/00015 тоот магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Г.У- нь Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр сувилагчийн ажил үүргийг гүйцэтгэж байсан бөгөөд 3 сарын мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдсанаар 5 жил тухайн байгууллагад ажиллахаар гэрээ байгуулсан нь У-гийн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг зөрчсөн, хуулиар олгогдсон эрхийг нь хязгаарласан. Мөн нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзаж болох нөхцөлийг тусгаагүй. Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг Г.У-тай хөдөлмөрийн харилцааны үндсэн дээр цалин хөлс олгож байсан.Г.У-гийн суралцаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсийг буцаан гаргуулах нь хөдөлмөрийн хуульд заасан хугацаа өнгөрсөн байгаа тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож,нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.                                                  ХЯНАВАЛ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг нь хариуцагч Г.У-гаас 7.054.840 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Г.У- нь Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй байгуулсан гэрээний дагуу 2015 оны 6 дугаар сарын 15-ний өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 15-ний өдөр хүртэл хугацаанд мэдээгүйжилтийн сувилагчийн мэргэшил олгох сургалтад хамрагдаж, энэ хугацааны цалингаа авсан, тэрээр 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтад суралцагчтай байгуулах гэрээний 4.2-д “...суралцагч нь гэрээнд заасан хугацаанд захиалагч Эрүүл мэндийн байгууллагадаа ажиллаагүй тохиолдолд ...захиалагч байгууллагаас олгосон цалинг эргүүлэн төлөх”өөр, Мэргэшил олгох сургалтад суралцуулах гэрээний 3.3-д “...эзэмшсэн мэргэжлээрээ тус эмнэлэгт 5 жилээс дээш хугацаагаар ажиллаагүй тохиолдолд суралцах хугацаанд авч байсан цалинг бүрэн хэмжээгээр төлөх үүрэг” хүлээжээ /хэргийн 2-4, 38-40 дүгээр тал/.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж хариуцагчаас суралцаж байх хугацаанд авсан 3 сарын цалин 1.763.710 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв боловч маргаантай харилцааг зохицуулсан хуулийг оновчтой хэрэглээгүй байна.

Хариуцагч суралцаж буй хугацаандаа цалин авсан боловч гэрээгээр тохиролцсон хугацаанд ажиллаагүй байх тул нэгдсэн эмнэлгээс гарсан зардлыг хохиролд тооцох үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны байх шаардлагыг хангажээ.

Иймд магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 202/МА2017/00015 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтанцэцэгийн хяналтын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 43.169 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ