Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 171

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн “4” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Иргэн Э.Б***ийн нэхэмжлэлтэй,

Хаяг: Баянгол дүүрэг, *** дугаар хороо,*** дугаар хороолол, *** дугаар байр *** тоот. 

Хариуцагч: Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох, 

Хаяг: Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн байр. Баянгол дүүрэг, Ц.Амарсанаагийн гудамж.

  Нэхэмжлэлийн шаардлага: “...Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Б/22 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан тэтгэврийн байцаагчийн ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ...ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөөлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ж***, хариуцагчийн төлөөлөгч Б.У***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эн***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.О*** нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Б*** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн тушаалаар туршилтын журмаар орон тооны бус ажилтнаар томилогдон ажиллаж байгаад 2015 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн тушаалаар тэтгэврийн байцаагчийн албан тушаалд томилогдон ажилласан. Гэтэл Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Б/22 дугаар тушаалаар Э.Б*** намайг ажлын байр, бүтцийн өөрчлөлт гэх нэрээр халхавчлан тэтгэврийн байцаагчийн албан тушаалаас үндэслэлгүйгээр хууль бус шийдвэр гаргаж чөлөөлж, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. Дээрх хууль бус тушаалыг эс зөвшөөрч Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасныг хүлээн авч, хянаад Э.Б*** намайг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилох тухай Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1245 дугаар дүгнэлт гаргасныг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч танилцаж, энэ асуудлаар Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.У***ай уулзсан боловч, ажилд эгүүлэн томилох боломжгүй Төрийн албаны зөвлөл буруу шийдвэр гаргасан байна гэж тайлбарлаж, өөрийн хуулиар хүлээсэн үүргээ умартаж, Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6 дахь хэсэгт заасан заалтыг зөрчиж, хуулийг үл хүндэтгэж, төрийн албан хаагчийн ёс зүйг ноцтой зөрчиж байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Б/22 дугаар хууль бус тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тэтгэврийн байцаагчийн ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойшхи урьд эрхэлж байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, миний зөрчигдсөн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.У*** нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Э.Б***г ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал / ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэсэн заалтын дагуу захиргааны орон тоо баталсан шийдвэрийн улмаас орон тоо цөөрүүлсэн тул ажлын ур чадварыг харгалзан үзэж ажлаас чөлөөлсөн. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасны дагуу тэтгэврийн байцаагч Э.Баясгалангийн тухайн албан тушаалд ажилласан хугацаа, ажлын дадлага, туршлага, төрийн захиргааны албан хаагчийн болон нийгмийн даатгалын байгууллагын ажилтнуудын ёс зүйн дүрмийг хангаж ажилласан эсэхийг нягтлан үзэж, хуулийн дагуу шийдвэрийг гаргасан. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэсэн заалтыг баримтлан энэхүү орон тооны цөөрүүлсэн асуудалд Хөдөлмөрийн тухай хуулийн 33 дугаар тайлбарыг авч үзвэл... орон тоо хасагдсан буюу орон тооны цомхтгол, орон тоо цөөрүүлсэн үндэслэлийн ялгаа харагдах ба орон тоо цөөрүүлсэн нь энэ тохиолдол дахь захиргааны шийтгэлийн улмаас 8 байсан орон тоог 7 болгон цөөрүүлсэн шийдвэр гаргасан тул энэ нь орон тоо цөөрүүлсэн үндэслэлд хамаарна гэж үзэж байна. 

Мөн Төрийн албаны зөвлөлөөс гаргасан шийдвэрийн хувьд ажлаас халсан тушаалд орон тооны цомхтгол, бүтцийн өөрчлөлт гэсэн нэр томьёог ашигласан тохиолдолд энэ нь орон хасагдсан буюу тухайн ажлын чиг үүрэг бүр мөсөн байхгүй болсон гэсэн агуулгатай тул ажлаас халах шийдвэрт хэлбэрийн хувьд алдаатай шийдвэр гаргасан байна гэж миний зүгээс үзэж байна” гэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ж*** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч талаас ахлах тасгийн дарга байсан Б.У*** нь хүсэлт гаргаад тэтгэврийн байцаагч больё гээд албан тушаал буурч томилогдсон учраас нэхэмжлэгчийн орон тоо илүүдсэн гэдэг тайлбарыг хэлж байна. Энэ нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэл биш. Нэхэмжлэгч хэвийн ажлаа хийж байхад Б.У*** гэдэг хүн тэтгэврийн байцаагч болъё гээд хүсэлт гаргахаар нь нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлж байгаа нь хууль бус байна. Хэрвээ тийм байсан бол тушаал гаргахдаа энэ талаар үндэслэхгүй, хуулийн заалтыг буруу хэрэглэж, тушаал гарсан. Гэтэл нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрны чиг үүрэг нь хэвээр байдаг. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар нэхэмжлэгчийн чөлөөлчхөөд, буцааж томилоогүй байсан гэдэг асуудлыг хэлж байна. Төрийн байгууллагын нэр, бүтэц өөрчлөгдсөн тохиолдолд бүх албан хаагчдын ажлаас чөлөөлөөд, буцааж томилдог зарчимтай. Тиймээс нэхэмжлэгчийг буцааж томилоогүй асуудал нь нэхэмжлэлийн шаардлагатай ямар ч хамааралгүй гэж үзэж байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*** нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...2016 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр манай байгууллагын дарга томилогдож ирсэн ба 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр орон тоондоо багтаж ажилна уу гэсэн албан бичгийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас манай байгууллагад ирүүлсэн. Үүний дагуу 71 орон тоотой ажиллаж байсан. Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс болж өөрчлөгдөхдөө А/03 дугаар тушаалаар 62 орон тоотой болж өөрчлөгдсөн. Тиймээс уг байгууллагын албан хаагчдын орон тоог 62 болгох нөхцөл байдал бүрдсэн. Тэтгэврийн байцаагч 8 ажиллаж байсан ба үүнээс шаардлага хангаж байгаа хүн хэд байна гэж үзэхэд хамгийн сүүлд 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр томилогдсон н.О*** гэдэг хүн нь улс төрч боловсролтой байсан тул манай байгууллагад тавигдсан шаардлага нягтлан, эдийн засаг ч мэргэжилтэн байх ёстой зэрэг хангахгүй байсан тул н.О***ийг 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Ингээд манай байгууллагын орон тоо нь 7 тэтгэврийн байцаагчтай ажиллахаар байсан бөгөөд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас Үйлчилгээний хэлтсийн даргыг санал болгож ирүүлсэн. Хуучин Б.У*** гэдэг хүн ажиллаж байсан ба энэ хүн нь 36 жил улсад ажилсан.  Нийгмийн даатгалын байгууллагад 30 жил ажилсан, одоо ч гэсэн ажиллаж байгаа. Тэгээд энэ хүнтэй Б.У*** дарга уулзаад санал солилцоод, би тэтгэврийн ахлах байцаагч байя гээд тэтгэврийн байцаагч 8 болсон. Дээрх хүмүүс ажлын байрны шаардлагыг тавьж үзэхээр нэхэмжлэгчийн ажилсан жил, хугацааг харгалзан үзэхэд шаардлага хангагдаагүй. Тиймээс 2016 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр ажлаас чөлөөлсөн байдаг. Нэхэмжлэгч нь жирэмсэн хүний оронд ажиллаж байсан талаар өмнөх шүүх хуралдаан дээр хэлсэн байгаа. Уг хүн нь эргээд ажилдаа ороё гээд хүсэлтээ гаргасан. Манай байгууллага хүнийг халахдаа хуульд нийцүүлж, Захиргааны ерөнхий хуулийг баримталж ажилсан” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/391 дүгээр тушаалаар Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийт орон тоог 66, үүнээс тэтгэврийн байцаагч 7 байхаар баталсныг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Бүтэц, орон тоо, жагсаалт шинэчлэн батлах тухай” А/90 дүгээр тушаалын гуравдугаар хавсралтаар Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн орон тооны дээд хязгаарыг 71, үүнээс тэтгэврийн байцаагчийн орон тооны дээд хязгаарыг 7 байхаар өөрчлөн, улмаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” А/17 дугаар тушаал болон Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн “Бүтэц, орон тоо батлах тухай” А/03 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн орон тоо, албан тушаалын жагсаалтыг 62, үүнээс тэтгэврийн байцаагчийн орон тоог мөн 7 байхаар шинэчлэн баталсан байна. 

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/10 дугаар тушаалаар Нийслэлийн Нийгмийн даатгалын газрыг Нийслэлийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар, аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийг тухайн аймаг, дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, сум, дүүргийн нийгмийн даатгалын тасгийг тухайн сум, дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын тасаг болгон шинэчлэн зохион байгуулсантай холбогдуулан Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга  2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр “Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн ажилтан, албан хаагчдыг томилох тухай” Б/20 дугаар тушаалыг батлан гаргаж, тушаалын нэгдүгээр хавсралтаар тус дүүргийн тэтгэврийн байцаагчийн орон тоог 7 байхаар тогтоожээ. 

Улмаар, хариуцагч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Б/22 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, дэх заалт, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн “Бүтэц орон тоо батлах” тухай А/03, 09 дүгээр сарын 13-ны өдрийн “Орон нутгийн салбар нэгжийг шинэчлэн зохион байгуулах” тухай А/10 дугаар тушаалыг тус тус үндэслэн тус хэлтсийн бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан Э.Баясгаланг тэтгэврийн байцаагчийн үүрэгт ажлаас 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

1. Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Б/22 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгох шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Э.Б*** нь анх Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар тус хэлтэст гэрээт ажилтнаар түр томилогдон, улмаар Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/40 дугаар тушаалаар тэтгэврийн байцаагчаар томилогдон ажилласан, төрийн жинхэнэ албан хаагч байх бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч “захиргааны шийтгэлийн улмаас 8 байсан орон тоог 7 болгон цөөрүүлсэн шийдвэр гаргасан тул энэ нь орон тоо цөөрүүлсэн үндэслэлд хамаарна. ...Мөн тэтгэврийн байцаагч нарын судалгаа болон ур чадварыг үнэлж, Э.Б***г Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу ажлаас чөлөөлсөн” хэмээн маргаж байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) –ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж зааснаас үзэхэд хариуцагч байгууллага Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс болж өөрчлөгдсөн ч гэсэн бодит байдал дээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан тэтгэврийн байцаагчийн албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн болох нь хэрэгт авагдсан Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны А/03, А/10 дугаар тушаал, Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Б/20 дугаар тушаал болон тэтгэврийн байцаагчийн ажлын байрны тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байх тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан “албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн” гэх ойлголт нь бодит байдал дээр тодорхой нэг албан тушаалын орон тоо байхгүй болсон байхыг ойлгох бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/391 дүгээр тушаалаар батлагдсан 7 тэтгэврийн байцаагчийн орон тоо нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны А/03 дугаар тушаалаар ч 7 хэвээр байхад хариуцагчийн зүгээс уг албан тушаалын орон тоог цөөрүүлсэн хэмээн үзэж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-г үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5-д заасан төрийн албаны хууль дээдлэх болон төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчимд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр болжээ. 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Э.Б*** нь төрийн албан хаагч болохын хувьд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих...”  төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах бүрэн эрхтэй бөгөөд Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар Б.У***ийг тэтгэврийн байцаагчийн албан тушаалд шинээр томилсонтой холбоотойгоор, батлагдсан орон тооны хязгаараас хэтэрсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон баталгааг хангалгүйгээр хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, Э.Б***ийн эрхийг зөрчиж, үүрэгт ажлаас чөлөөлсөн нь буруу байна гэж шүүх үзэв.

Түүнчлэн, хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа “бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбоотойгоор нэхэмжлэгчийг чөлөөлсөн” гэж тайлбарлаж байх боловч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар орон тоо цөөрсөн бол ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн сонгон шалгаруулах замаар тухайн албан тушаалд ажиллах ажилтныг сонгох тусгайлсан журамтай бөгөөд хариуцагч энэхүү журмыг баримтлаагүй, 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулсан “... Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн “Бүтэц орон тоо батлах” тухай А/03 дугаар тушаалыг танилцуулах, Орон тоо, бүтэц шинэчлэн зохион байгуулагдсантай холбоотойгоор ажилтнуудыг ажлаас чөлөөлөх” хуралдаанаар Э.Б***г  “...тэтгэврийн байцаагчаар 1 жил ажилласан, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг харгалзан ажлаас чөлөөлөх” асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн гэх боловч тэмдэглэлд дурдсан мэдлэг, ур чадварын болон бусад нөхцөл байдлыг шалгаж, тогтоох талаар хийвэл зохих ажиллагаа хийгдээгүй байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Б/22 дугаар тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 

 

2. Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөөлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Э.Б*** нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх хугацаанд ажил, албан тушаал эрхлээгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, Э.Б***г төрийн албанаас халсан тушаал хууль бус болох нь нэгэнт тогтоосон тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу түүний ажилгүй байсан 112 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2.753.911 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаас, бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөнтэй холбогдуулан нэхэмжлэгчид урьд олгосон тэтгэмж 1.549.989 төгрөгийг хасч үлдэгдэх 1.203.922 /нэг сая хоёр зуун гурван мянга есөн зуун хорин хоёр/ төгрөгийг нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэхийг даалгах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Түүнчлэн, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасны дагуу чиг үүргийнхээ хүрээнд төрийн албан хаагчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг урьдчилан шийдвэрлэсэн Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Төрийн албан хаагчдын талаар” 1245 дугаар албан бичигт “...Э.Б***ийн ажлын байр бүтцийн өөрчлөлтөөр өөрчлөгдсөн гэх боловч, түүний өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байна. ... Иймд Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст ажиллаж байсан Э.Баясгаланг...өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангаж ажиллана уу”  гэж шийдвэрлэж байсан бөгөөд хариуцагч байгууллага энэхүү шийдвэртэй холбоотой гомдол гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т заасныг үндэслэн Э.Баясгалангийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Б/22 дугаар тушаалыг хүчингүй болгож, Э.Б***г Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг үндэслэн Э.Б**ийн 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2.753.911 төгрөг олгохоос бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөний тэтгэмж 1.549.989 төгрөгийг хасч үлдэгдэл 1.203.922 /нэг сая хоёр зуун гурван мянга есөн зуун хорин хоёр/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгон, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.МӨНХТУЛГА