Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 1170

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/02989 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдох,

“ХХХ” ХХК болон “ХХ” ХХК-ийн хооронд 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан 1-1 тоот “Зураг төсөл боловсруулах гэрээ”, 2-1 тоот “Зураг төсөл боловсруулах гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 1-1 тоот гэрээний дагуу 78 033 825 төгрөг, 1-2 тоот гэрээний дагуу 32 065 951 төгрөг тус тус гаргуулах, 3-1 тоот “Материал ханган нийлүүлэх тухай гэрээ”-ээс татгалзаж, учирсан хохирол 86 219 ам.доллар буюу 161 508 017 төгрөг, нийт 271 607 793 төгрөг гаргуулах тухай,

2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан 1-1 тоот “Зураг төсөл боловсруулах гэрээ”, 2-1 тоот “Зураг төсөл боловсруулах гэрээ”, 3-1 тоот “Материал ханган нийлүүлэх тухай гэрээ”-нүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нийт 148 188 ам.доллар буюу 278 479 335 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХ, ХХХ,

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХ, ХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компани Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй оффисын болон үйлчилгээний төвийн зориулалттай хоёр барилгын дотор сантехникийн системүүдийг иж бүрнээр нь өөрчилж шинэчлэхээр 2012 онд шийдвэрлэж, “ХХХ” ХХК-иар барилгын дотор инженерийн байгууламжийн зураг төслийг боловсруулах, үүний дагуу шаардлага хангасан бараа материалыг нийлүүлж, угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр   тохиролцож 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1-1 тоот Зураг төсөл боловсруулах ажлын гэрээ, 2-1 тоот Зураг төсөл боловсруулах ажлын гэрээ, 3-1 тоот Материал ханган нийлүүлэх гэрээнүүдийг байгуулсан.

Гэвч гүйцэтгэгч “ХХХ” ХХК нь эдгээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй. 1-1 тоот Зураг төсөл боловсруулах ажлын гэрээний хувьд гүйцэтгэгч “ХХХ” ХХК нь гэрээний 1.4-т зааснаар оффисын зориулалттай барилгын дотор инженерийн байгууламжийн зураг төслийн ажлыг 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр эхэлж, 30 хоногт багтаан дуусгаж, экспертизээр батлуулан хүлээлгэн өгөх, үнийг 42 794 ам.доллар буюу 56 500 000 төгрөг байхаар тохиролцож, энэ үнэд экспиртизийн хураамж болон зохиогчийн хяналтын үнийг оруулан тооцсон. Манай компани энэ гэрээний 2.2-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлж гүйцэтгэгч “ХХХ” ХХК-ийн санал болгосноор гэрээний 1.3-т тусгайлан оруулсан Солонгос улсад бүртгэлтэй “Х КО” компанийн “KOOKMIN BANK YONGHYEON-DONG BRANCH” банкны 654968-11-000270 тоот дансанд зураг төслийн нийт үнийн 70 хувь буюу 29 956 ам.долларыг саадгүй шилжүүлсэн.

Гэвч гүйцэтгэгч “ХХХ” ХХК 1-1 тоот гэрээгээр тохиролцсон хугацаанд улсын экспертизээр батлуулсан зураг төслийг 2012 оны 7 дугаар сарын 21-ний өдөр бүрэн хүлээлгэн өгөөгүй. Бид энэ үүргийг нь удаа дараа сануулж, зураг төслүүдийг өгөхийг шаардаж байсан ч эцэст нь улсын экспертизээр батлуулаагүй зураг төслийг илгээсэн. Гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн энэхүү үүргээ гүйцэтгээгүйгээс манай компани батлагдсан зураг төслийн дагуу барилгын дотор инженерийн сантехникийн угсралтын ажлыг хийлгэх хуулийн шаардлагыг хангаж, ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон. Учир нь Барилгын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 болон Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтанд оруулах дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.2.1-д зааснаар экспертиз хийлгэсэн зураг төслөөр барилга байгууламжийн ажлыг хийж гүйцэтгэх ёстой байдаг. Үүнийг шаардахад, танай даалгаврын дагуу боловсруулах барилгын дотор инженерийн байгууламжийн зураг төслийн ажлыг Солонгос улсын “Х” компаниар хийлгүүлсэн. Уг зураг төсөл нь Солонгос зураг төсөл зохиогчдоор солонгос хэл дээр хийгдсэн учраас Монгол Улсын Барилгын хууль тогтоомж, дүрэм журам, стандартад тохируулан хийгдээгүй. Үүнийг дотоодын хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, экспертизээр батлуулахын тулд Монгол хэл рүү орчуулах шаардлагатай тул хугацаа олгоно уу гэсэн хариуг өгсөөр байгаа.

Манай компанийн 2 барилгын угсралтын ажил удаан хугацаагаар зогсож, ашиглалтанд оруулж чадахгүй байна. Гүйцэтгэгчийн ажлын үр дүн нь улсын экспертизээр батлагдсан зураг төслийн ажил байсан ба 1-1 тоот гэрээнд заасан хугацаанд үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул улсын экспертизээр батлуулсан зураг төслийн дагуу барилгын ажлыг хурдан эхлүүлэхийн тулд зураг төслийн өөр компанитай гэрээ байгуулж, зураг төслийг хийлгүүлсэн ба ажлын хөлсөнд нийт 37 952 323 төгрөгийг шилжүүлсэн. Хэрэв “ХХХ” ХХК гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн бол манай компани ийм хэмжээний зардал гаргахгүй, цаг алдахгүй, төлөвлөгдсөн хугацаандаа барилгыг ашиглалтанд оруулах байсан.

2-1 тоот Зураг төсөл боловсруулах гэрээний хувьд дээр дурдсаны адил гүйцэтгэгч “ХХХ” ХХК нь гэрээний 1.4-т зааснаар үйлчилгээний төвийн зориулалттай барилгын дотор инженерийн байгууламжийн зураг төслийн ажлыг 2012 оны 7 дугаар сарын 01-ний өдөр эхэлж, календарийн 30 хоногт багтаан дуусгаж экспертизээр батлуулан хүлээлгэн өгөх, үнэ 42 794 ам.доллар буюу 56 500 000 төгрөг байх, энэ үнэд экспертизийн хураамж, зохиогчийн хяналтын үнэ тооцогдсон. Бид 2-1 тоот гэрээний 2.2-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлж гүйцэтгэгч “ХХХ” ХХК-ийн санал болгосноор Х компанийн KOOKMIN BANK YONGHYEON-DONG BRANCH банкны 654968-11-000270 тоот дансанд зураг төслийн үнийн 40 хувь 17,118 ам.долларыг шилжүүлсэн. Гэрээгээр тохиролцсон хугацаанд улсын экспертизээр батлуулсан зураг төслийг 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгөх үүрэгтэй боловч гүйцэтгэгч “ХХХ” ХХК юу ч хүлээлгэн өгөөгүй. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2-т зааснаар үүрэг гүйцэтгэгчид үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацааг тухай бүрт тогтоож өгсөн ч энэ хугацаанд үүргээ дахин биелүүлээгүй.

“ХХ” ХХК нь “ХХХ” ХХК-тай байгуулсан 1-1 тоот Зураг төсөл боловсруулах тухай гэрээ, 2-1 тоот Зураг төсөл боловсруулах тухай гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйл 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл. Учир хариуцагч “ХХХ” ХХК болон Х компани нь зураг төсөл боловсруулах эрх бүхий зөвшөөрөлтэй этгээд биш байсан нь шүүх хуралдааны үеэр гэрчийн мэдүүлгээр нотлогдсон.

Барилгын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.14.6, Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрмийн 4.1.8-д тусгай зөвшөөрөл бүхий дотоодын аж ахуй нэгж, байгууллагатай хамтарч зураг төсөл боловсруулах гадаадын аж ахуй нэгж, байгууллага нь тухайн улсдаа зураг төслийн ажил эрхлэх зөвшөөрөлтэй байна гэх заалтуудыг хариуцагч “ХХХ” ХХК нь зөрчсөн. Өөрөөр хэлбэл “ХХХ” ХХК нь өөрөө зураг төслийн ажил эрхлэх тусгай зөвшөөрөлгүй. Мөн Солонгос улсын Х компани тухайн улсдаа зураг төслийн ажил эрхлэх зөвшөөрөлгүй бөгөөд манай компанид мэдэгдээгүй, гэрээ байгуулаагүй IL “Geon” гэх компани ч мөн тухайн улсдаа зураг төслийн ажил эрхлэх тусгай зөвшөөрөлтэй гэх баримт огт байхгүй. Иймд дээрх 1-1, 2-1 тоот Зураг төсөл боловсруулах тухай гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Иргэний хуулийн 56 дугаар зүйл 56.5 дахь заалтад Энэ хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэх, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэсний дагуу хариуцагч “ХХХ” ХХК нь хууль зөрчиж хэлцэл хийсэн байх тул хүчин төгөлдөр бус гэрээний төлбөрт нэхэмжлэгч талаас төлсөн төлбөрийг буцаан төлөх юм.

3-1 тоот Материал ханган нийлүүлэх тухай гэрээний хувьд манай компанийн гүйцэтгэгч “ХХХ” ХХК-тай байгуулсан, 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 1-1, 2-1 тоот Зураг төсөл боловсруулах ажлын гэрээнүүдийн үргэлжлэл байсан. Гүйцэтгэгч дээрх хоёр барилгын дотор инженерийн зураг төслийг боловсруулан өгч, уг зураг төслийн дагуу хэрэглэгдэх материалыг энэ гэрээний дагуу нийлүүлэх үүрэгтэй ба нийлүүлэгдэх материалын тоо хэмжээ, нэр төрлийг 3-1 тоот гэрээний хавсралтаар оруулж, нийт гурван ээлж болгон нийлүүлэхээр харилцан тохиролцсон байсан.

Энэхүү гэрээний нийт үнэ нь гэрээний 2.1-д зааснаар 1 036 271 ам.доллар бөгөөд 1 дүгээр ээлжийн материалын үнийн дүн 370 858 ам.доллар байснаас нийт 315 229 ам.долларыг бид гүйцэтгэгчид шилжүүлсэн. Гэвч гаалиас эхний ээлжийн сантехникийн бараа материалыг хүлээн аХд бидний гэрээгээр тохиролцсон бараа материал биш, дутуу, гэрээгээр тохиролцоогүй зарим нэр төрлийн бараа материал байсан бөгөөд 2012 оны 9 дүгээр сарын 21, 24-ний өдөр тус тус хийгдсэн гаалийн бүрдүүлэлт хийхэд хэрэглэсэн “ХХХ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэх, баглаа боодлын жагсаалт нь /Invoice, Packing list, Bill of lading/ дээрх бараа бүтээгдэхүүний нэр төрөлтэй зөрж байсан. Эхний ээлжинд нийлүүлэгдэх бараа материалд энэ мэт зөрчил илэрч байсан тул гүйцэтгэгч “ХХХ” ХХК-д 1-1, 2-1 болон 3-1 тоот гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн, зохих ёсоор биелүүлэх хүртэл хугацаагаар дараагийн ээлжийн бараа материалыг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн.

Гүйцэтгэгч “ХХХ” ХХК 3-1 тоот гэрээний 5.4-т зааснаар нийлүүлэх материалын нэхэмжлэлийг дагалдуулан ачаа тээврийн дагалдах баримт болон барааны падаан 2 хувь, баглаа боодлын тодорхойлолтыг нэхэмжлэхийг дагуулан өгөх ёстой байсан боловч энэ үүргээ биелүүлээгүйгээс гэрээний биелэлт хангагдаагүй. Эдгээр бараа материал нь манай компанийн барилгын дотоод инженерийн байгууламжийн угсралтын ажилд ашиглагдахгүй хадгалагдаж байгаа бөгөөд гэрээний дагуу нийлүүлэгдэх материалыг зохих ёсоор нийлүүлээгүй, тоо хэмжээ, нэр төрөл зөрсөн болон огт захиалаагүй бараа материал нийлүүлсэн, ажлын зураг төслийг эрх бүхий байгууллагаар батлуулаагүй, нийлүүлсэн бараа материалуудын угсралтын ажлын бүрдэл дутуу учир мэргэжлийн зааварчилгаагүй бие дааж угсралтын ажлыг хийх боломж манайд байхгүй учир гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй, гэрээнээс татгалзах нөхцөл, үндэслэл ирээдүйд бий болох нь нэгэнт тодорхой болсон шалтгаануудыг үндэслэн гэрээнээс татгалзаж, учирсан хохирлоо гаргуулах хүсэлтэй байна.

“ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдох тус шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 5390 дугаар, шүүгчийн захирамжийн дагуу Гаалийн ерөнхий газрын 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 03-3/669 тоот албан бичгийн дагуу ирсэн барааны гаалийн мэдүүлгийн дагуу 02-2091020-12-133716R мэдүүлгийн дугаартай барааны үнэ болох 21 919.68 ам.доллар, 02-2091020-12-I33717R мэдүүлгийн дугаартай барааны үнэ болох 62 951.37 ам.доллар, 02-2091020-12-133741R мэдүүлгийн дугаартай барааны үнэ болох 26 635.50 ам.доллар, 02-2091020-12-I33742R мэдүүлгийн дугаартай барааны үнэ болох 82 025 ам.доллар, 02-2091020-12- I33825R мэдүүлгийн дугаартай барааны үнэ болох 35 478.60 үнэ бүхий бараа материалыг оруулж нэхэмжлэгч “ХХ” ХХК-д хүлээлгэн өгсөн байдаг.

Нэхэмжлэгч “ХХ” ХХК нь 3-1 тоот Материал ханган нийлүүлэх тухай гэрээний 2 дугаар зүйл 2.1-д заасан нөхцлийн дагуу шилжүүлсэн 315 229 ам.доллараас хүлээн авсан бараа материалын үнийг Гаалийн Ерөнхий газраас ирүүлсэн гаалийн мэдүүлгээр тогтоогдож буй нийт 5 ширхэг барааны гаалийн мэдүүлэгт тусгасан материалын нийт үнээр тооцож 229 010 ам.долларыг хариуцагч “ХХХ” ХХК-ийн төлбөрийн чадваргүй байдлыг харгалзан 3-1 тоот Материал ханган нийлүүлэх тухай гэрээний нэхэмжлэлийн шаардлагаас хасч 86 219 ам.доллар буюу 161 508 017 төгрөг болгон багасгаж байна.

Иймд 1-1, 2-1 тоот Зураг төсөл боловсруулах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 1-1 тоот гэрээний дагуу гүйцэтгэгч “ХХХ” ХХК-иас гэрээний 4.1-д заасан 0,2 хувийн алданги болох 21 397 ам.доллар буюу 40 081 502 31 төгрөг, гуравдагч компанитай зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажиллуулсан хөлс 37 952 323.00 төгрөг нийт 78 033 825.31 төгрөг, 2-1 тоот гэрээний дагуу гүйцэтгэгч “ХХХ” ХХК-д ажлын урьдчилгаа болгон шилжүүлсэн нийт 17 118 ам.доллар буюу 32 065 951.14 төгрөгийг, 3-1 тоот гэрээнээс татгалзаж, бараа материалын үнийн зөрүү 86 219 ам.долаар буюу 161 508 017 төгрөг, нийт 271 607 793.45 төгрөг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Манай компани 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “ХХ” ХХК-тай 1-1 тоот Зураг төсөл боловсруулах гэрээ, 2-1 тоот Зураг төсөл боловсруулах гэрээ, 3-1 тоот Материал ханган нийлүүлэх тухай гэрээг тус тус байгуулсан. 1-1, 2-1 тоот гэрээнүүдийн дагуу манай компани “ХХ” ХХК-ийн захиалгаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьж буй 17 давхар оффисын барилга, 6 давхар үйчилгээний төвийн зориулалттай барилгуудын дотор инженерийн байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулж, улсын экспертизээр батлуулахаар харилцан тохиролцсон.

Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, дээрх хоёр барилгын дотор инженерийн байгууламжийн ажлын зургуудыг цаг хугацаанд нь БНСУ-ын Х ХХК-иар хийлгүүлж, улсын экспертиз буюу магадлалаар оруулж батлуулахад бэлэн болгосон боловч “ХХ” ХХК-ийн зүгээс бидэнд дээрх зургуудад улсын экспертизээр оруулахад шаардлагатай баримт бичиг болох “ХХ” ХХК-ийн 2011 онд магадлалаар оруулсан зургуудын дүгнэлт, геодезийн дүгнэлт, улсын магадлал хийлгэх албан бичиг, тухайн барилгын газрын захирамж зэргийг огт хүлээлгэж өгөөгүйн улмаас дээрх зургууд улсын экспертизээр оруулаагүй болно. Учир нь Барилгын тухай хууль болон Засгийн газраас баталсан холбогдох дүрэм, журмын дагуу шинээр барих гэж буй барилгын зургийг улсын экспертизээр оруулахын тулд тухайн барилгын БА, ББ болон инженерийн зургуудын иж бүрдэл, геодезийн дүгнэлт, газрын зөвшөөрөл гэх мэт тухайн барилгатай холбоотой бүхий л баримт бичгүүдийг нэг цогц болгон Барилгын хөгжлийн төвд хүлээлгэн өгөх, нэгэнт улсын экспертизээр батлагдсан зурагт өөрчлөлт оруулах бол тухайн барилгын өмнө нь магадлалаар оруулсан зургуудын дүгнэлт, геодезийн дүгнэлт, улсын магадлал хийлгэх тухай албан бичиг, тухайн барилгын газрын захирамж зэрэг материалуудыг хүлээлгэн өгөх шаардлагатай байдаг.

“ХХ” ХХК нь нэхэмжлэлдээ БНСУ-д хийлгэсэн зургууддаа орчуулга болон өөрчлөлт хийлгэхэд цаг хугацаа шаардлагатай байна, бидэнд хугацаа олгоно уу гэсэн гэж байна, энэ нь бодит байдалд огт нийцэхгүй. Учир нь манай компани “ХХ” ХХК-ийг улсын магадлал хийлгэхэд шаардлагатай, дээр дурдсан баримт бичгүүдийг бидэнд хүлээлгэн өгөх, гэрээ тус бүрийн дагуу төлөх ёстой үлдэгдэл төлбөрийг шилжүүлэхийг шаардаж байснаас бус “ХХ” ХХК-ийн зүгээс биднийг зураг төслөө хүлээлгэн өгөхийг шаардаж байсан үйл явдал огт болж байгаагүй.

Талуудын байгуулсан 1 036 271 ам.долларын үнийн дүн бүхий 3-1 тоот Материал ханган нийлүүлэх гэрээний дагуу манай компани “ХХ” ХХК-ийн барьж буй 2 барилгын дотор инженерийн байгууламжийг хийж гүйцэтгэхэд шаардлагатай бүхий л материалуудыг захиалан нийлүүлэхээр харилцан тохиролцсон. Талуудын байгуулсан 3-1 тоот Материал ханган нийлүүлэх тухай гэрээний дагуу “ХХ” ХХК нь 2012 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 1 дүгээр ээлжийн бараа материалын урьдчилгаа төлбөрт 185 429 ам.долларыг шилжүүлснээр гэрээнд заасан эхний ээлжийн халаалт хөргөлтийн систем, халуун, хүйтэн усны бохир, салхивчийн систем, галын систем, галын утаа зайлуулах системүүдийн бараа материалыг гэрээнд заасан хугацаанд бүтэн хүлээн авсан ба чанар, тоо ширхэгийн талаар огт гомдол гаргаагүй.

Ингээд талууд “ХХ” ХХК-ийн захиалсан эхний ээлжийн бараа материалыг улсын хилээр орж ирэнгүүт 4-1 тоот Барилгын дотор инженерийн байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, “ХХХ” ХХК нь “ХХ” ХХК-ийн барьж буй хоёр барилгын дотор инженерийн байгууламжийг захиалж хийлгэсэн зураг төслийн дагуу хийж гүйцэтгэх гэрээг байгуулах талаар амаар харилцан тохиролцсон байсан. Гэтэл “ХХ” ХХК-ийн зүгээс 2012 оны 10 дугаар сараас эхлэн гурван гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ зөрчиж, хамтран ажиллахад хүндрэлтэй болсон. Тодруулбал: Талуудын байгуулсан 1-1 тоот гэрээний 2.2-т заасны дагуу 3 дугаар үе шатанд төлөх  төлбөрийн 30 хувь 12 838 ам.долларыг огт төлөөгүй. 2-1 тоот гэрээний 2.2-т заасны дагуу 2, 3 дугаар үе шатанд төлөх төлбөрийн үлдэгдэл 70 хувь буюу 29 955 ам.долларыг ч огт төлөөгүй. 3-1 тоот гэрээний дагуу 1 дүгээр ээлжийн бараа материалын үлдэгдэл төлбөрт 185 429 ам.доллар шилжүүлэх байсан боловч 129 800 ам.долларыг шилжүүлж 55 629 ам.доллар дутуу шилжүүлсэн. Нийт 370 858 ам.долларын бараа материалыг бүрэн хүлээн авсан атлаа 315 229 ам.доллар төлсөн.

Талуудын амаар тохирсон 4-1 тоот Барилгын дотор инженерийн ажил гүйцэтгэх гэрээг огт байгуулаагүй зэрэг хүндрэл гарсан. Иймээс “ХХ” ХХК-ийг 3 гэрээний үлдэгдэл төлбөр шилжүүлэх хүртэл хутацаанд барилгын дотор инженерийн байгууламж угсрах, бараа нийлүүлэх ажлыг зогсоосон. Тухайн үед “ХХ” ХХК бидэнд хандаж санхүүгийн асуудал гарсан тул түр хүлээж бай, удахгүй төлбөрөө төлөөд, барилгын дотор инженерийн байгууламжийн угсралтын ажлаа хийлгэнэ гэж байсан. Бид итгэж, тэдний өмнөөс 3-1 тоот гэрээний дагуу 1 дүгээр ээлжийн материалын үлдэгдэл төлбөрт 56 000 ам.доллар шилжүүлсэн. Гэвч “ХХ” ХХК-ийн захирал ХХХХХ, ерөнхий инженер ХХХХ, архитектур ХХХХ нар удалгүй ажлаасаа гарсан ба “ХХ” ХХК нь гэрээний төлбөрийг удахгүй шийдвэрлэнэ, сайн мэдэх хүн байхгүй гэсээр өнөөдрийг хүрсэн.

2012 оноос хойш “ХХ” ХХК-д удаа дараа амаар болон бичгээр үлдэгдэл төлбөрөө барагдуулах шаардлага хүргүүлж, төлөхгүй бол шүүхэд хандахыг сануулж байсан. “ХХ” ХХК-ийн зүгээс бидэнд шүүхэд хандах хэрэггүй, харилцан буулт хийж, тохиролцоонд хүрье, бага зэрэг хугацаа олгоно уу гэсний дагуу бид 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэмд заасны дагуу барилгын зураг төсөлд магадлал хийлгэхэд бүрдүүлэх баримт бичгийг тухайлан заасан бөгөөд магадлал хийгдсэн зураг төсөлд өөрчлөлт оруулж, дахин магадлал хийлгэх тохиолдолд өмнө хийгдсэн магадлалын ерөнхий дүгнэлт, дээрх дүрэмд заасан баримт бичгийг бүрдүүлж, хүлээлгэн өгөхийг Барилгын хөгжлийн төвөөс шаарддаг. Үүний дагуу “ХХХ” ХХК нь ажлын зургийг 2012 оны 7 дугаар сард бүрэн дуусгаж, магадлал хийлгэхэд шаардлагатай баримт бичгүүдийг гаргаж өгөх талаар 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 07/06 тоот албан бичиг, 2012 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 07/16 тоот албан бичиг, 2012 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 07/24 тоот албан бичгээр “ХХ” ХХК-д тус тус мэдэгдэж байсан нь баримтаар хэрэгт авагдсан.

Гэтэл “ХХ” ХХК зохих баримт бичгүүдийг гаргаж өгөөгүйгээс шалтгаалж барилгын зураг төсөлд магадлал хийлгэж чадаагүй нь ЦНТ ХХК-иас “ХХХ” ХХК-д 2012 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүргүүлсэн 12/14 тоот албан бичиг, гэрч ХХХХ, ХХХХ нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Түүнчлэн гэрээний 2.2-т зураг бүрэн дууссаны дараа 3 хоногийн дотор ажлын хөлсний 30 хувийг төлөхөөр тохирч, уг төлбөрийг “ХХ” ХХК төлсөн нь ажлын зургийг хүлээн авч, магадлал хийлгэх ажлыг өөрсдийн буруугаас гүйцэтгүүлээгүй болохыг нотолж байна.

Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь барилгын зураг төсөлд магадлал хийлгэхэд өөрийн зүгээс шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүргийг биелүүлээгүй учраас Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. “ХХ” ХХК нь “ХХХ” ХХК зураг төслийн ажил эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, БНСУ-ын Х болон IL Geon компани нь мөн тухайн улсдаа зураг төслийн тусгай зөвшөөрөлтэй гэх баримт байхгүй тул эдгээр гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зуйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Талууд 1-1 тоот, 2-1 тоот Зураг төсөл боловсруулах ажлын гэрээ, 3-1 тоот Материал ханган нийлүүлэх тухай гэрээг 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан нь “ХХ” ХХК-ийн хувьд тус “ХХХ” ХХК-иар гагцхүү инженерийн байгууламжийн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай бараа материалыг БНСУ-аас нийлүүлэх, инженерийн байгууламжийн угсралтын ажлыг гүйцэтгүүлэх хүсэл зоригийн илэрхийлэл байсан.

Дээрх гэрээ хэлцлийн дагуу талууд “ХХХ” ХХК-ийг зураг төслийг боловсруулах, бараа материалыг БНСУ-аас нийлүүлэх, угсралтын ажлыг гүйцэтгэх ерөнхий гүйцэтгэгчээр, Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэг болон гэрээний 1.3-т зааснаар БНСУ-ын Х компанийг туслан гүйцэтгэгчээр тус тус сонгосон. Харин Waha Co компани нь БНСУ-ын тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд болох IL Geon ESC компаниар “ХХ” ХХК-ийн оффисын болон үйлчилгээний барилгын дотор инженерийн байгууламжийн зураг төслийг гүйцэтгүүлсэн бөгөөд эрх бүхий этгээд болох нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, инженерийн бүртгэлийн гэрчилгээгээр тус тус нотлогдох  тул хариуцагч Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм-ийн 4.1.8-д заасныг зөрчөөгүй. Түүнчлэн БНСУ-ын тусгай зөвшөөрөл бүхий IL Geon ESC компанийн гүйцэтгэсэн зураг төслийг Барилгын тухай хууль болон Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэмд заасан шаардлагад нийцүүлэн Монгол Улсын тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд болох ЦНТ ХХК-иар хянан баталгаажуулсан ба эдгээр зураг төслийг “ХХ” ХХК нь 2012 онд хүлээн авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрч ХХХХ, ХХХХ нарын мэдүүлгээр нотлогддог.

Гэтэл нэхэмжлэгч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр тухайн үед талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, бүрэн хэрэгжсэн гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, хууль зүйн үр дагавар арилгуулах шаардлага гаргаж буй нь буруу. Учир нь Улсын Дээд шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 17 дугаар тогтоолд Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ гэж зааснаас үзэхэд 1-1 тоот, 2-1 тоот гэрээнүүд хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэлд хамаарахгүй.

Нэхэмжлэгч нь бараа материал доголдолтой байсан тул гэрээнээс татгалзсан хэмээн тайлбарлаж, бараа материалын үнийг төлөх үүргээс чөлөөлөгдөхөөр маргаж буй нь хууль зүйн үндэслэлгүй. Зүй нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд хариуцагч хүлээсэн үүргээ огт зөрчөөгүй тул гэрээнээс татгалзах үндэслэлгүй. 3-1 тоот гэрээний хавсралтад зааснаар “ХХ” ХХК нь 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 1 дүгээр ээлжийн бараа материалын урьдчилгаа төлбөрт 185 429 ам.доллар төлөх байтал 2012 оны 7 дугаар сарын 21-ний өдөр төлж 29 өдөр, үлдэгдэл төлбөр 185 429 ам.доллар 2012 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төлөх атал 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 129 800 ам.доллар төлж, 31 өдөр хэтрүүлсэн нь хэрэгт авагдсан Тооцооны хуулга, Гадаад гуйвуулгын баримтуудаар тогтоогддог.

Нэхэмжлэгчийн зүгээс төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй боловч хариуцагч 1 дүгээр ээлжийн бараа материалыг бүрэн хэмжээгээр нийлүүлж, Х компанид төлбөл зохих үлдэгдэл төлбөр 56 000 ам.долларыг “ХХ” ХХК-ийн өмнөөс төлж барагдуулсан. Эцэст нь “ХХ” ХХК 2012 оноос хойш одоог хүртэл үнэ төлбөрийг бүрэн төлөөгүй атлаа “ХХХ” ХХК-иас нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийг хүлээн авч, барилгынхаа инженерийн байгууламжид хэрэглэн, үр ашгийг хүртсэн атлаа огт үндэслэлгүйгээр гэрээнээс татгалзаж үүрэг, хариуцлагаас чөлөөлөгдөх гэсэн оролдлого хийж байна. Бодит байдалд “ХХ” ХХК нь БНСУ-аас нийлүүлсэн бараа материалыг хүлээн авч, тоолж бүртгэсэн гэх атлаа 2012 оны 9 дүгээр сарын 21, 9 дүгээр сарын 24-ний өдөр бараа материал хүлээж авснаас хойш одоог хүртэл доголдолтой гэж үзсэн тухай манайд нэг ч удаа шаардлага хүргүүлж байгаагүй ба хүлээн авсан бараа материалыг барилгадаа ашигласан нь гэрч ХХХХ, ХХХХХ, О.Энхтуул нарын мэдүүлгээр тогтоогдож, хариуцагч “ХХХ” ХХК-ийг Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-т зааснаар биет байдлын доголдолгүй эд хөрөнгө нийлүүлсэн болохыг нотолж байна.

“ХХХ” ХХК-ийн гүйцэтгэх захирал ХХХХХХ нь талуудын хооронд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулагдах үед барилгын талбайд очиж, үзэхэд “ХХ” ХХК нь БНСУ-аас нийлүүлсэн бараа материалаас салхивчийн цайрдсан лист төмөр, ган, хоолой, трубанууд болон тэдгээрийг угсрахад зориулсан багаж төхөөрөмжийг ашиглаж, угсралт хийсэн байсан. Мөн тоног төхөөрөмжийг эвдсэн байсан ба үүнийг Нар-Урт” ХХК-ийн инженер ХХХХ өөрөө үзүүлсэн. 3-1 тоот гэрээнээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 315 229 ам.доллароос гаалийн мэдүүлэгээр мэдүүлсэн 229 010 ам.долларыг хасч зөрүү 86 219 ам.долларыг нэхэмжилж буй нь үндэслэлгүй. Гаальд 229 010 ам.доллар төлж, мэдүүлж буй нь “ХХ” ХХК-ийн өөрийн хүсэл зориг байсан. Иймд “ХХ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

“ХХХ” ХХК нь БНСУ-ын Х компанитай хамтран ажиллаж, борлуулагч, төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэдэг байсан. 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “ХХ” ХХК-тай 1-1 тоот, 2-1 тоот, 3-1 тоот гэрээнүүдийг байгуулж, үйлчилгээний болон оффисын зориулалттай 2 барилгын дотор инженерийн байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулж, улсын экспертизээр батлуулахаар тохиролцсон. Нийт 1 036 271 ам.долларын үнийн бүхий 3-1 тоот Материал ханган нийлүүлэх гэрээгээр шаардлагатай материалуудыг захиалах, нийлүүлэх үүрэг хүлээсэн. 2012 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 1 дүгээр ээлжийн бараа материалын урьдчилгаа төлбөрт 185 429 ам.доллар шилжүүлснээр гэрээнд заасан бараа материалыг хугацаандаа бүрэн хүлээн авсан. ...

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д зааснаар ажлын хөлсний хэмжээ, хөлс төлөх арга, журам, хугацааг гэрээний 2.2-т тодорхойлсон байдлаар тохирч ... гэрээ байгуулсанаас хойш 3 хоногийн дотор 40 хувь, зураг дууссаны дараа 3 хоногт 30 хувь, зургийг холбогдох байгууллага экспертизээр батлуулж, ажлын явцаас хоцроохгүйгээр 30 хувийг төлөхөөр харилцан тохиролцсон.

Гэтэл “ХХ” ХХК нь урьдчилгаа 40 хувь 17 118 ам.долларыг 17 хоногоор, оффисын зураг төслийг 2012 оны 7 дугаар сард хүлээлгэж өгсөн байхад 2012 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 30 хувийг төлж хугацаа хэтрүүлсэн. Хаиуцагч нь нэхэмжлэгчид Х компаниас ирүүлсэн зургийг өгснөөр 2012 оны 8 дугаар сард БНСУ-ын 4 мэргэшсэн инженерийн хамт угсралтын ажлыг нэг сарын хугацаанд гүйцэтгэсэн нь гэрч ХХХХийн мэдүүлгээр тогтоогддог. Гэвч ажлын хөлсийг хариуцагчид төлөлгүй, хохироосоор байгаа.

Нэхэмжлэгч нь холбогдох баримт бичгийг гаргаж өгөх, ажлын хөлс хугацаанд нь төлөх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 351.1.4-т заасан үүргээ биелүүлээгүй нь хариуцагч зураг төсөлд магадлал хийлгэх үүргээ биелүүлэхэд саад учруулсан бодит хүчин зүйл болсон. Иймд “ХХХ” ХХК-ийг бус үүрэг гүйцэтгүүлэгч “ХХ” ХХК-ийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2, 223 дугаар зүйлийн 223.2-т зааснаар хугацаа хэтрүүлсэн гэж үзэх тул 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар алданги шаардах эрхгүй.

Мөн 2-1 тоот гэрээний дагуу захиалагч урьдчилгаа 17 118 ам.долларыг 2012 оны 6 дугаар сарын 23-ны өдөр төлөх үүргээ 2012 оны 8 дугаар сарын 09-ний өдөр төлж, 47 хоногоор хэтрүүлсэн. Мөн л дараагийн төлбөр болох ажлын хөлсний 30 хувийг 2012 оны 7 дугаар сард ажлын зургийг бүрэн дуусгасан тухай дээр дурдсан албан бичгүүдээр удаа дараа мэдэгдсээр атал огт төлөөгүй учир БНСУ-аас зураг төслийг шилжүүлээгүй. Иймд гэрээний 3.8-д Захиалагч зураг төслийн ажлын үнэ, төлбөрийг 10 хоногоос илүү хугацаагаар саатуулбал ажлыг зогсоох, гэрээний хугацааг өөрчлөх санал тавих эрхийг гүйцэтгэгч эдэлнэ гэсний дагуу зураг төслийг нэхэмжлэгчид шилжүүлээгүй нь хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэхгүй.

Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т зааснаар “ХХ” ХХК бараа материалыг хүлээн аваад өөрсдийн үйл ажиллагаанд хэрэглэсэн нь гэрчийн мэдүүлгээр тогтоогддог тул хариуцагч Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 251.2-т зааснаар биет байдлын доголдолгүй эд хөрөнгө нийлүүлсэн. Хэрэв гаалиас бараа материал хүлээн авах үед түүнийг доголдолтой гэж үзсэн бол Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасны дагуу “ХХХ” ХХК-д гомдлын шаардлага гаргах байсан. Гэтэл доголдолтой холбогдуулан ямар нэр төрөл зөрүүтэй, тоо ширхэг дутуу нийлүүлэгдсэн талаар гомдлын шаардлага огт гаргаж байгаагүй.

“ХХ” ХХК нь 2012 оны 10 дугаар сараас эхлэн гурван гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ зөрчиж, хамтран ажиллахад хүндрэлтэй болсон. 1-1 тоот гэрээний дагуу 1-р үе шатны төлбөр 30 хувь 12 838 ам.доллар, 2-1 тоот гэрээний дагуу 1, 3-р үе шатны төлбөр 70 хувь 29 955 ам.доллар огт төлөгдөөгүй. 3-1 тоот гэрээний дагуу 1-р ээлжийн бараа материалын үлдэгдэл 185 429 ам.доллараас 129 800 ам.доллар шилжүүлж 55 629 ам.доллар дутуу шилжүүлсэн тул 4-1 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулаагүй зэрэг хүндрэл гарсан. Иймд “ХХ” ХХК-ийг 3 гэрээний үлдэгдэл төлбөр шилжүүлэх хүртэл хугацаанд барилгын дотор инженерийн байгууламж угсрах, бараа нийлүүлэх ажлыг зогсоосон.

Тухайн үед “ХХ” ХХК-ийн санхүүгийн байдлыг харгалзан тэдний өмнөөс 3-1 тоот гэрээний дагуу 56 000 ам.долларыг “Х” ХХК-д шилжүүлсэн. ... 2014 оны 6 дугаар сараас хойш “ХХ” ХХК-д удаа дараа бичгээр төлбөр барагдуулах шаардлага хүргүүлж, 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, 10 хоногт төлбөрийг шийдвэрлэхээр тохиролцсон боловч мөн л өнөөдрийг хүрсэн. Иймд талуудын байгуулсан 1-1 тоот гэрээний үлдэгдэл 12 838 ам.долларыг, алданги 6 419 ам.долларын хамт 19 257 ам.доллар, 2-1 тоот гэрээний үлдэгдэл 29 955 ам.доллар, алданги 14 976 ам.долларын хамт нийт 44 931 ам.доллар, 3-1 тоот гэрээний төлбөрт “Х” ХХК-д шилжүүлсэн 56 000 ам.доллар, алданги 28 000 ам.долларын хамт нийт 84 000 ам.доллар, бүгд 148 188 ам.доллар буюу 278 479 335 төгрөгийг “ХХ” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

... 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1-1, 2-1 тоот Зураг төсөл боловсруулах ажлын гэрээ, 3-1 тоот Материал ханган нийлүүлэх тухай гэрээг талууд байгуулсан боловч  “ХХХ” ХХК эдгээр гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зөрчсөн.

1-1 тоот гэрээний хувьд оффисын барилгын дотор инженерийн зураг төслийг 2012 оны 6 дугаар сарын 22-нд эхэлж 30 хоногт дуусгаж, экспертизээр батлуулан хүлээлгэн өгөх, үнэ 56 500 000 төгрөг байх, үүнд экспертизийн хураамж, зохиогчийн хяналтын үнийг тооцохоор тохирсон. Бид гэрээний үүргээ биелүүлж “ХХХ” ХХК-ийн санал болгосноор гэрээний 1.3-т тусгайлан оруулсан Солонгос улсад бүртгэлтэй Х компанийн 654968-11-000270 тоот дансанд зураг төслийн үнийн 70 хувийн төгрөгийг хугацаандаа шилжүүлсэн. Гэвч “ХХХ” ХХК гэрээгээр тохиролцсон хугацаанд улсын экспертизээр батлуулсан зураг төслийг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, удаа дараа сануулж шаардаж байсан ч эцэст нь улсын экспертизээр батлуулаагүй зураг төслийг илгээсэн. учир инженерийн сантехникийн угсралтын ажлыг хийлгэх шаардлага ханган ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон.

Барилгын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.2.1-д зааснаар экспертиз хийлгэсэн зураг төслөөр барилга байгууламжийн ажлыг хийж гүйцэтгэх ёстой. Гүйцэтгэгч улсын экспертизээр батлуулсан зураг төслийг гаргаж өгөхийг шаардахад, зураг төслийг Солонгос улсын Х компаниар хийлгэсэн учир Солонгос хэлнээс Монгол Улсын барилгын хууль тогтоомж, дүрэм журам, стандартад тохируулагдан өөрчлөх, экспертизээр батлуулахын тулд Монгол хэлд хөрвүүлэх шаардлагатай, хугацаа олгоно уу гэсээр барилга угсралтын ажил маш удаан хугацаагаар зогсонги байдалд орж, ашиглалтад оруулж чадахгүйд хүрсэн.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй ба мөн хуулийн 353 дугаар зүйлд зааснаар эрхийн болон биет байдлын доголдолгүй байх ёстой. Гэтэл гүйцэтгэгчийн ажлын үр дүн болох улсын экспертизээр батлагдсан зураг төслийг гүйцэтгэгч 1-1 тоот гэрээнд заасан хугацаанд өгөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Иймд зураг төслийн өөр компаниар ажлыг гүйцэтгүүлэх болж, цаг хугацаа эд хөрөнгийн алдагдалд оруулсан. Энэ хариуцлагыг гэрээ болон хуульд зааснаар гүйцэтгэгч “ХХХ” ХХК хариуцах ёстой.

2-1 тоот гэрээний хувьд үйлчилгээний барилгын дотор инженерийн байгууламжийн зураг төслийн ажлыг 2012 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 30 хоногт дуусгаж экспертизээр батлуулан хүлээлгэн өгөх, үнэ 56 500 000 төгрөг байх, үүнд экспертизийн хураамж, зохиогчийн хяналтын үнийг оруулахаар тохиролцсон. Гэрээнд зааснаар бид “ХХХ” ХХК-ийн санал болгосон Х компанийн 654968-11-000270 тоот дансанд зураг төслийн үнийн 40 хувийг хугацаандаа шилжүүлсэн. Гүйцэтгэгч 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр экспертизээр батлуулсан зураг төсөл хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2-т зааснаар үүрэг гүйцэтгэгчид үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа өгсөн боловч мөн л үүргээ огт биелүүлээгүй.

3-1 тоот гэрээний хувьд дээрх 1-1, 2-1 тоот гэрээний үргэлжлэл байсан. Өөрөөр хэлбэл гүйцэтгэгч 2 барилгын дотор инженерийн зураг төслийг боловсруулан өгч, үүний дагуу хэрэглэгдэх бараа материалыг нийлүүлэх үүрэг байсан ба нийлүүлэгдэх бараа материалын тоо хэмжээ, нэр төрлийг гэрээний хавсралтаар зааж, гурван ээлж болгон нийлүүлэх байсан. Үнийн дүн гэрээнд зааснаар 1 036 271 ам.доллар ба 1 дүгээр ээлжийн материалын үнэ 370 858 ам.доллараас 315 229 ам.доллар шилжүүлсэн. Эхний бараа материалыг хүлээн аХд гэрээгээр тохиролцсон бараа биш, дутуу буюу гэрээгээр тохироогүй нэр төрлийн бараа ирсэн бөгөөд 2012 оны 9 дүгээр сарын 21, 24-нд тус тус хийгдсэн гаалийн бүрдүүлэлт болон гаалийн бүрдүүлэлт хийгдэхэд хэрэглэсэн “ХХХ” ХХК-ийн нэхэмжлэл, баглаа боодлын жагсаалт нь гэрээнд заасан бүтээгдэхүүний нэр төрөлтэй зөрж байсан. Ийм зөрчил, дутагдал байсан тул гүйцэтгэгч 1-1, 2-1, 3-1 тоот гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хүртэл дараагийн ээлжийн материалыг хүлээн авахгүй гэдгээ гүйцэтгэгчид мэдэгдсэн.

“ХХХ” ХХК 3-1 тоот гэрээний 5.4-т зааснаар нийлүүлэх материалын нэхэмжлэлийг дагалдуулан ачаа тээврийн дагалдах баримт, падаан 2 хувь, баглаа боодлын тодорхойлолтыг өгөх байсан ч эдгээрийг өгөөгүйгээс барааны тоо хэмжээ, нэр төрлийг тулган шалгаж, хүлээн аХд хүндрэлтэй байсан. Гааль дээрээс авсан бараа нь барилгын дотоод инженерийн байгууламжийн угсралтын ажилд ашиглагдахгүй хадгалагдаж байна. Мөн огт захиалаагүй бараа материал нийлүүлсэн, материалын бүрдэл хэсгүүд дутуу, ажлын зураг төслийг эрх бүхий байгууллагаар батлуулаагүй зэрэг зөрчилтэй тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 56.6-д заасныг баримтлан хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдуулан 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 1-1, 2-1 тоот Зураг төсөл боловсруулах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, 1-1 тоот гэрээний дагуу 78 033 825.31 төгрөг, 2-1 тоот гэрээний дагуу 32 065 951.14 төгрөг тус тус гаргуулах, 3-1 тоот Материал ханган нийлүүлэх тухай гэрээнээс татгалзаж, учирсан хохирол 86,219 ам.доллар буюу 161 508 017 төгрөг, нийт 271 607 793.45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “ХХ” ХХК-иас 1-1 тоот Зураг төсөл боловсруулах гэрээний үлдэгдэл төлбөр 12 838 ам.доллар, алданги 6 419 ам.доллар, 3-1 тоот Материал ханган нийлүүлэх тухай гэрээний үлдэгдэл төлбөрт шилжүүлсэн 56 000 ам.доллар, алданги 28 000 ам.доллар, нийт 103 257 ам.доллар буюу 194 043 652.11 төгрөг гаргуулж, хариуцагч “ХХХ” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 2-1 тоот Зураг төсөл боловсруулах гэрээний үлдэгдэл төлбөр 29 955 ам.доллар, алданги 14 976 ам.доллар, нийт 44 931 ам.доллар гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 099 460 төгрөг, хариуцагч “ХХХ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 550 350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “ХХ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 128 168 төгрөгийг гаргуулж, хариуцагч “ХХХ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо:

Нэг.Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй талаар

1.1. Барилгын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т: “Гадаадын зээл, тусламж, улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх, эсхүл газар хөдлөлтийн 6-гаас дээш баллын бүсэд баригдах, барилга байгууламжийн зураг төсөл, инженер-геологийн төвөгшилтэй нөхцөлийн судалгааны дүгнэлт, техник, эдийн засгийн үндэслэлд магадлал заавал хийлгэнэ”, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т: “гадаадын зохиогчийн зураг төсөл болон гадаадын байгууллагатай хамтран боловсруулсан зураг төсөл, хот байгуулалтын баримт бичигт нэгэн адил хамаарна” гэж заасан.

Гэтэл “ХХХ” ХХК нь зургийг холбогдох байгууллага, экспертизээр батлуулан нэхэмжлэгч талд ирүүлээгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй нь тогтоогдож байхад шүүх “...1-1 тоот гэрээний дагуу 2 дугаар шатны төлбөрийг зураг бүрэн дууссаны дараа 3 хоногт багтаан 30 хувийг шилжүүлэхээр тохирсон байх бөгөөд хэрэгт авагдсан бичгийн баримтаар зохигчдын хооронд зураг төслийг хэзээ хүлээн авсан болох нь тогтоогддоггүй боловч 2012 оны 08 сарын 09-ны өдөр 30 хувийн төлбөрийг төлснөөс үзвэл гэрээний дагуу “ХХХ” ХХК нь үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2-т заасныг зөрчжээ. Мөн гэрээгээр хийгдэх ажлын үр дүн нэхэмжлэгчид шилжээгүй байхад төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 346 дугаар зүйл 346.1-д зааснаар “Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө” гэснийг зөрчсөн гэж үзнэ.

1.2. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас шийдвэрийн үндэслэл болж буй баримт болон тэдгээрийг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэн өөрийн хууль зүйн дүгнэлт бүхий үнэлгээг шийдвэртээ тусгаснаар шүүхээс гарч буй эрхийн актын үндэслэлийг тодорхойлдог.

Гэтэл Шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсэгт “1-1 тоот гэрээний зураг төслийг боловсруулсан БНСУ-ын Илгон компани нь инженерийн зураг төсөл, TAB үйлчилгээ, агааржуулагч хөргөлтийн тоног төхөөрөмж, сангийн тоног төхөөрөмж, сангийн тоног төхөөрөмж угсралт, агааржуулагч хөргөлтийн тоног төхөөрөмж, худалдаа”-ны үйл ажиллагаа эрхэлдэг тусгай зөвшөөрөлтэй болох нь Улсын бүртгэлийн гэрчилгээ, инженерийн бүртгэлийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байна” гэж үзжээ. Энэхүү Илгон компани гэрээний нэг тал болон гүйцэтгэгч компани биш тул түүний гэрчилгээ, тусгай зөвшөөрөл энэхүү хэрэгт хамааралгүй. Энэ талаар нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасны дагуу нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүйгээс хэрэгт хамааралгүй нотлох баримтыг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжийг олгож, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн.40.2 дахь заалтыг зөрчжээ.

1.3. Шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсэгт “... зураг төслийг БНСУ-ын тусгай зөвшөөрөл бүхий компаниар гүйцэтгүүлэхээр талууд тохирсон боловч энэ талаар гэрээндээ тусгаагүй, харин зургийн үнийг БНСУ-ын “Х” компанийн дансанд шилжүүлэх талаар талууд тохирч, “ХХ” ХХК төлбөрийг “Х” компанийн данс руу шилжүүлснээс үзвэл “ХХ” ХХК-ийн оффисын болон үйлчилгээний төвийн барилгын дотор инженерийн байгууламжийн ажлын зураг төслийг БНСУ-ын тусгай зөвшөөрөл бүхий компаниар гүйцэтгүүлэхээр харилцан тохирч, талууд хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй байна” гэсэн нь Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэх заалтыг зөрчсөн байна. Гэрээнд БНСУ-ын тусгай зөвшөөрөл бүхий компаниар гүйцэтгүүлнэ гэсэн үг, өгүүлбэр, хүсэл зоригийн илэрхийлэл ороогүй. Гэрээний Ерөнхий зүйлд гүйцэтгэгч нь 2674238 регистрийн дугаартай “ХХХ” ХХК гэдгийг тодорхой заасан. Харин төлбөрийг гэрээний 1.3-т зааснаар Солонгос дахь “Х” компанийн дансанд төлөхөөр тохиролцсон болохоос “Х” нь гүйцэтгэгч биш гэдгийг шүүх нягтлан үзэж, эрх зүйн зөв дүгнэлтийг хийж чадсангүй.

Хоёр. Шүүх нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлж чадаагүй талаар

2.1. “ХХХ” ХХК-иас “ХХ” ХХК-д явуулсан гэх 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 07/06. 2012 оны 7 дугаар сарын 16-ны 07/16, 2012 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 07/24 дугаартай албан бичгүүдийг нөхөж гаргасан гэж бид мэтгэлцсэн. Энэхүү маргааныг эцэслэх үндэслэлээр хариуцагч “ХХХ” ХХК-ийн бичиг баримтад үзлэг хийлгэх хүсэлтийг нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасны дагуу гаргасан. Гэтэл шүүх 2015 оны 11 сарын 13-ны өдрийн 36797 тоот шүүгчийн захирамжаар “...хүсэлтэд дурдсан албан бичгүүдийг хуурамчаар нөхөж хийсэн байж болзошгүй гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн үзэж буй нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна” гэж дүгнэн хүсэлтийг хангахаас татгалзсан нь шүүх хуралдаанаар нотлох баримтыг талуудын мэтгэлцээний үндсэнд явуулах ажиллагааг зөрчиж, урьдчилсан дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн ноцтой алдаа гаргалаа. Мөн дээрх бичиг баримтыг “ХХ” ХХК-д хүргүүлсэн гэх үйл ажиллагааг “ХХХ” ХХК хэрхэн явуулсан, уг бичиг баримт хүргэгдсэн эсэх асуудал маргааныг шийдвэрлэхэд гол асуудал болох хүчин чадлын байдлыг анхаараагүй нь буруу. Эдгээр бичиг баримтыг нэхэмжлэгч хүлээн аваагүйг, хариуцагч няцаагаагүй нөхцөлд шүүх хариуцагчийн эрх ашигт нийцсэн дүгнэлт гаргах боломжгүй юм.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3-т “Хэрэгт байгаа бичмэл баримт хуурамч болох нь мэдэгдвэл тийнхүү хуурамч болохыг мэдсэн этгээд уг баримтыг нотлох баримтаас хасахыг шүүхээс хүсч болно. Бичмэл баримт хуурамч гэж мэдэгдсэн этгээд тэр тухай нотлох үүрэгтэй. Бичмэл баримт хуурамч болох тухай мэдээллийг шалгахын тулд шүүх шинжилгээ хийлгэх буюу бусад нотлох баримт шаардан авч болно” гэж заасныг зөрчсөн байна.

2.2. Шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсэгт “Хариуцагч “ХХХ” ХХК-иас 2012 оны 7 дугаар сард 07/24, 07/16, 07/06 дугаартай албан бичгээр мэдээлэл, мэдэгдлийг тус “ХХ” ХХК-д хүргүүлсэн байх бөгөөд уг албан бичгүүдийг нэхэмжлэгч нь хүлээн аваагүй гэж маргаж байгаа боловч энэхүү татгалзлаа нотлоогүй. ... нотлох үүднээс “ХХ” ХХК нь ирсэн бичгийн дэвтрийг ирүүлсэн боловч уг баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх үндэслэлгүй байна” гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасныг хангаагүйтэй холбоотой дүгнэлт гэж үзнэ.

Тухайлбал, Хэргийн нотлох баримт нь хуулиар зөвшөөрөгдсөн арга хэлбэрээр, цугларсан тохиолдолд шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжтой. Гэтэл дээрх дүгнэлтээр шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь заалтыг зөрчлөө.

2.3. Шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсэгт “...Монгол улсын барилгын тухай хуульд зааснаар “ХХХ” ХХК нь тусгай зөвшөөрөл бүхий “ХХХХ” ХХК-тай 2012 оны 06 сарын 26-ны өсер 15/14, 14/14- дугаартай “Зураг төсөл боловсруулах гэрээ”-г байгуулж, 1-1. 2-1 тоот гэрээний 2.1-д заасан захиалагч “ХХ”ХХК-иас зураг төслийг зохиоход шаардагдах газрын болон техникийн албан баримт бичгүүд, техникийн нөхцөл. мэдээллээр хангах үүргийг хүлээсэн байх бөгөөд “ХХХХ” ХХК нь 2012 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 12/14 тоот албан бичгээр “ХХХ” ХХК-д БНСУ-д боловсруулсан зургийг хянан баталгаажуулж, магадлалд оруулахад бэлэн болсонтой холбоотой баримтуудыг ирүүлэхийг мэдэгдсэн байна” гэж үзсэн нь хуурамчаар үйлдсэн баримтад шүүх хууль бус дүгнэлт хийлээ. Учир нь: 15/14 тоот гэрээ. 14/14 тоот гэрээ нь илт хуурамч болох нь түүний боловсруулалт, агуулгын утгаар шууд харагддаг. Тухайлбал, гэрээ байгуулсан огноо нь 2012 оны 6 дугаар cap байхад гэрээний хугацаа 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдөр дуусахаар цаг хугацааны хувьд алдаатай баримт болохыг нотолж байна. Энэхүү баримтад үзлэг хийлгэх хүсэлтийг нэхэмжлэгч талаас 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан боловч 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 36797 тоот шүүгчийн захирамжаар “...”ХХХ” ХХК-ийн 2012 оны архивын материал үзлэг хийлгэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй, хүсэлтэд дурдсан албан бичгүүдийг хуурамчаар нөхөж хийсэн байж болзошгүй гэж нэхэмжлэгч үзэж буй нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйл 38.4-т заасныг зөрчсөн баримтыг шүүгч шууд үнэлсэн ноцтой алдаа гэж үзэж байна.

2.4. Нэхэмжлэгч 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “...зураг төслийг боловсруулах ажлын үүрэг гүйцэтгэгч “ХХХХХ” ХХК зураг төслийн ажил эрхлэх зөвшөөрөлтэй эсэх талаар нотлох баримт гаргуулах тухай” хүсэлт гаргасныг 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 37173 дугаартай шүүгчийн захирамжаар “... нэхэмжлэгчийн “ХХХХХ” ХХК-ийн зураг төслийн ажил эрхлэх зөвшөөрөлтэй эсэх талаарх баримт гаргуулах хүсэлтийн хувьд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад хамааралгүй гэж захирамж гаргаснаараа “ХХХХХ” ХХК-ийн зураг төслийн ажил эрхлэх зөвшөөрөлтэй эсэх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйл 56.1.1-д заасны дагуу хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл болох асуудалд шүүгч урьдчилсан шийдвэр гаргасан. Энэ нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3. дах заалтыг зөрчсөн алдаа юм.

2.5. Шүүхийн шийдвэрийн 16 дахь талд “ХХХХ” ХХК нь “Зураг төслийн ажил гүйцэтгэх” тусгай зөвшөөрөлтэй, зохигчдын гэрээ байгуулагдах цаг хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болоогүй байсан болох нь ЗТ16-591/11 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр тогтоогдож байна” гэх боловч “ХХХХ” ХХК-д өнөөдрийг хүртэл ямар ч барилгын зургийн магадлал хийгдээгүй. Энэ тухай баримт хэргийн материалд авагдаагүй болно. Иймээс шүүх хэрэгт авагдаагүй нотлох баримтыг хийсвэр үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчлөө.

Дээрх үндэслэлүүдээс үзэхэд шүүх нэхэмжлэгч талын хүсэлт бүрийг эрх зүйн үндэслэлгүй, удаа дараа хангахгүй орхиж хариуцагчийн талд ашигтай нотлох баримт болон хэрэгт баримтаар авагдаагүй, үйл баримт нь нотлох баримтаар баталгаажаагүй асуудлыг хийсвэрээр төсөөлөн дүгнэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагдах, зохигчид хэргийн үйл баримт, гэм буруу байгааг эсэхийг нотлох болон үгүйсгэх замаар мэтгэлцэх, талууд тэгш эрхтэй оролцох, нэхэмжлэлийн талаарх тайлбарыг гагцхүү зохигч гаргах зэрэг мэтгэлцэх зарчмын асуудлыг шүүх хангаж чадаагүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 6.4, 6.6 дахь заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Гурав. Маргааны харилцаанд холбогдох хууль болон гэрээг буруу тайлбарласан талаар

3.1. Улсын Дээд шүүхийн 2010 оны 06 сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолын 5.1-д: “Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн” гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ” гэж тайлбарласан. Гэтэл шүүх “талууд гэрээг байгуулахдаа хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, хуулийн шаардлага хангаагүй хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйл 56.5, 56.6 зааснаар хохирлоо шаардах үндэслэлгүй байна” гэсэн нь дээрх тайлбартай зөрчилдсөн, утга агуулгын хуульд алдаатай дүгнэлт хийлээ. Иймд шүүх зохигчдын маргааны харилцаанд холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргасан гэж үзнэ.

3.2. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...2.1 тоот гэрээний дагуу “ХХ” ХХК нь ... ажлын хөлс 40 хувь болох 17 118 ам.доллар буюу 23 270 894 төгрөгийг “Х” компанийн данс руу шилжүүлэхдээ гэрээгээр тохирсон хугацааг хэтрүүлж, төлбөр дутуу төлөгдсөнөөс “ХХХ” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал бий болсноос уг гэрээний дагуу зургийг хүлээлгэн өгөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна” гэснээр хариуцагчийг үүргээ гүйцэтгээгүй гэж үзжээ.

Гэтэл нэхэмжлэгчээс урьдчилгаа төлбөрт төлсөн “...ажлын хөлс 40 хувь болох 17 118 ам.доллар буюу 23 270 894 төгрөгийг нэхэмжлэгчид гаргуулж шийдвэрлээгүй нь шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсгийн дүгнэлт, тогтоох хэсэгтэйгээ зөрчилдөж байна.

3.3. Хариуцагчаас 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр “ХХХ” ХХК-аас “Х” ХХК-д 20 000 доллар, 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 36 000 ам доллар шилжүүлсэн гэх баримтууд англи хэлнээс орчуулагдаагүй, нотлох баримтын шаардлага хангахгүй нь тогтоогдсон. Энэ талаар “ХХ” ХХК-ийн өмнөөс шилжүүлсэн баримтууд 3-1 тоот гэрээний баримт мөн эсэх талаар зохих бичиг баримтад үзлэг хийлгэхийн дээр, энэ баримттай холбоотой бусад баримт гаргуулах шаардлагатай гэсэн хүсэлтийг 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 37173 дугаартай шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгохдоо “... хариуцагч компанийн бичиг баримтад үзлэг хийх үндэслэлгүй” гэсэн утга агуулгын алдаатай, хууль бус шийдвэр гаргасан юм. Гэтэл нотлох баримтын шаардлага хангахгүй дээрх баримтуудыг үндэслэж 56 000 ам.долларыг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгч нотлох баримтыг хуульд нийцүүлэн дүгнэж, шударга шийдвэр гаргасан гэж үзэхэд үнэхээр эргэлзээтэй байна. /хх-ийн 79-80, 608 дахь тал/

Гаалийн ерөнхий газраас “ХХХ” ХХК-иас 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 20 000 ам.доллар, 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 36 000 ам.долларыг шилжүүлсэн гэх баримтгүйг тодорхойлсон. “ХХХ” ХХК нь “Х” ХХК-ийн албан ёсны дистрибютер компани гэдгээ удаа дараа хариуцагчийн төлөөлөгч нар хүлээн зөвшөөрч байсан бөгөөд эдгээр баримтууд нь “ХХ” ХХК-ийн өмнөөс төлбөр төлсөн гэх үг гүйлгээний утгад тусгагдаагүй байхад хэт нэг талыг барьж хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх эрх зүйн үндэслэлгүй байна.

3.4. Шүүх “ХХХ” ХХК-ийг бараа материалыг зохих ёсоор нийлүүлээгүй, тоо хэмжээ, нэр төрөл зөрсөн, огт захиалаагүй бараа нийлүүлсэн гэсэн үндэслэлээр 3-1 тоот гэрээнээс татгалзсан боловч, үндэслэл нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, бараа материалын тоо хэмжээ, нэр төрөл зөрсөн, хэлэлцүүлгийн шатанд хариуцагч “ХХХ” ХХК-ийн захирал ХХХХХХ эдгээр бараа, материал угсрагдсаны дараа бүрэн тоо хэмжээгээр ирсэн эсэхийг мэдэх боломжтой гэсэн тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй. Монгол Улсын хилээр орж ирж буй бүхий л бараа материал нь Гаалийн тухай хууль, Татварын ерөнхий хуульд зааснаар гаалийн мэдүүлэг өгч, гаалийн татвар хураамжийг төлөх үүрэгтэй.

Иймээс гаалийн мэдүүлгийн дагуу ирсэн 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 02-2091020-12-I33825R мэдүүлгийн дугаартай барааны үнэ 35 478,60 ам доллар, 2012 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 02-2091020-12-I33716R мэдүүлгийн дугаартай барааны үнэ 21 919,68 ам доллар, 2012 оны 9 дүгээр сарын 24-ний 02-2091020-12-133741R мэдүүлгийн дугаартай барааны үнэ 26 635.50 ам доллар, 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 02-2091020-12-I33742R мэдүүлгийн дугаартай барааны үнэ 82 025 ам доллар, 2012 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 02-2091020-12-133717R мэдүүлгийн дугаартай барааны үнэ 62 951.37 ам доллар нийт 229 010,15 ам.доллар нь бодит нотлох баримт дээр үндэслэсэн тооцоо юм.

Нэхэмжлэгч тал тухайн бараа материалын ирсэн тоо хэмжээ, нэр төрлийг гаалийн мэдүүлгээр тооцон, хариуцагчийн төлбөрийн чадамжгүй байдлыг харгалзан үзэж, нэхэмжлэлийн үнийн дүнг багасгасан нөхцөл байдлыг харгалзан үзээгүйн дээр шүүх хэргийг үнэн зөв, шударгаар шийдвэрлэж чадаагүй гэж үзэж байна.

Дээрх үндэслээр шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

Шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч тал 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр шүүхийн шийдвэрийг гардаж, гардаж авах болон энэхүү давж заалдах гомдол гаргах үед шүүх хуралдааны тэмдэглэл албажиж гараагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т зааснаар 3 хоногийн дотор тэмдэглэлийг бэлэн болгох үүргээ шүүх зөрчиж, мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5-д зааснаар нэхэмжлэгч шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах, засвар оруулахаар санал гаргах эрхээ эдэлж чадаагүй гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч “ХХ” ХХК нь хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдуулан 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 1-1 тоот “Зураг төсөл боловсруулах гэрээ”, 2-1 тоот “Зураг төсөл боловсруулах гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 1-1 тоот гэрээний дагуу 78 033 825 төгрөг, 2-1 тоот гэрээний дагуу 32 065 951 төгрөг гаргуулах, 3-1 тоот “Материал ханган нийлүүлэх тухай гэрээ”-ээс татгалзаж, хохирол 86 219 ам.доллар буюу 161 508 017 төгрөг, нийт 271 607 793 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч нь “ХХ” ХХК-д холбогдуулж дээрх 1-1, 2-1, 3-1 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нийт 148 188 ам.доллар буюу 278 479 335 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан байна.

Талууд дээрх нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг харилцан эс зөвшөөрч, гэрээнд заасан үүргийг хэн аль нь биелүүлээгүй гэх үндэслэл зааж маргажээ.

Нэхэмжлэгч “ХХ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тэдгээрийн үндэслэлээ “хариуцагч нь гэрээ ёсоор манай компанийн барьж буй 2 барилгын дотор инженерийн байгууламжийн зураг төслийн ажлыг  30 хоногт багтаан дуусгаж, улсын экспертизээр батлуулсан байдлаар хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, удаа дараа шаардсаны эцэст эрх бүхий байгууллагаар батлуулаагүй зургийг ирүүлсэн, Солонгос улсын Х, Илгон компаниар уг ажлыг гүйцэтгүүлсэн нь тогтоогдсон боловч энэ талаар бидэнд мэдэгдээгүй, эдгээр компаниуд нь тухайн улсдаа зураг төслийн ажил эрхлэх эрхгүй этгээд байсан, 3-1 тоот гэрээний хавсралтад заасан бараа материалын нэр төрөл, тоо хэмжээ зөрүүтэй, огт захиалаагүй барааг ирүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн” гэж тайлбарлажээ.

Хариуцагч “ХХХ” ХХК-ийн хувьд захиалагч “ХХ” ХХК нь улсын экспертиз хийлгэхэд шаардлагатай инженерийн зургуудын иж бүрдэл, геодезийн дүгнэлт, газрын зөвшөөрөл зэргийг нэг цогц болгон ирүүлэх талаар удаа дараа буюу 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 07/06, 2012 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 07/16, 2012 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 07/24 тоот “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан мэдэгдэл хүргүүлсэн боловч шаардсан бичиг баримтыг ирүүлээгүйгээс шалтгаалж тухайн ажлын зургуудыг улсын экспертизээр батлуулаагүй гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлан маргасан байна.

/1-р хх 50-52 дугаар тал/

Нэхэмжлэгч тал дээрх албан бичгүүдийг огт хүлээн аваагүй, албан ёсоор ирүүлээгүй, сүүлд нөхөж хийсэн гэж тайлбарлан уг тайлбараа нотлох зорилгоор өөрийн байгууллагын “Ирсэн баримт бичгийн бүртгэл”-ийг шүүхэд нотариатаар батлуулж ирүүлсэн, хариуцагч үүнийг үгүйсгэх болон няцаах баримтыг шүүхэд гаргаагүй.

Талууд гэрээний үүргийн зөрчил байсан эсэх үйл баримтыг тогтооход ач холбогдолтой байж болох дээрх албан бичгүүдийг хүлээн авсан эсэх талаар маргаж байгаатай холбогдуулан нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч “ХХХ” ХХК-ийн албан бичгийн бүртгэлд үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргасныг, шүүх 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 36797 дугаар шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгосон байна.

Хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой хүсэлтийг шийдвэрлэх эрхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэгжүүлсэн нь буруу биш боловч шүүхийн шийдвэрт “хариуцагч “ХХХ” ХХК-иас дээрх албан бичгээр мэдээлэл, мэдэгдэл хүргүүлсэн, “ХХ” ХХК нь хүлээн аваагүй гэж маргасан ч энэхүү татгалзлаа нотлоогүй, ... ирсэн бичгийн дэвтрийг ... нотлох баримтын хэмжээнд үнэлэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

/3-р хх 567-569, 663-667 дугаар тал/

Мөн хариуцагч “ХХХ” ХХК нь талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу төлөгдөх төлбөрийг нэхэмжлэгчийн өмнөөс Солонгос улсын “ХХХХХ” ХХК-д төлсөн гэх үндэслэлээр 56 000 ам доллар, алданги 28 000 ам доллар буюу 194 043 652 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа “Гадаад гуйвуулгын даалгавар” гэх баримтад үндэслэсэн байна. Шүүх сөрөг нэхэмжлэлийн энэ хэсгийг хангасан үндэслэлийн талаар дүгнэлт хийхдээ уг нотлох баримтыг үнэлжээ.

Гэтэл уг хэвлэмэл баримтын “асуулт”-ын хэсэг Англи, Монгол хэл дээр байгаа боловч бланкыг нөхөж бичсэн “утга” Монгол хэлээр бичигдээгүй байна. Энэ талаар нэхэмжлэгч уг баримтыг орчуулж, нотлох баримтын шаардлага хангуулахаар хүсэлт гаргасныг шүүх хангаагүй атлаа тухайн баримтыг үнэлж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгээр тогтоосон хуулийн шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлгүй юм.

/1-р хх 79-80, 3-р хх 572, 584-586/

Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс гаргасан дээрх алдааг залруулж, хэргийн үйл баримтыг дүгнэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын заримыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/2989 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 486 207 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах ба энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       А.МӨНХЗУЛ

 

                                                                                                Т.ТУЯА