Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 28

 

 

 

 

 

Б.Өхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, Танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч Б.Амарбаясгалан, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгчдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05ы өдрийн 112 дугаар шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17ы өдрийн 57 дугаар магадлалтай, Б.Өхолбогдох 2028000000048 дугаартай хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 09ий өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, овогт Б Ө.

 

Б.Өнөрбат нь 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 21-22 цагийн орчим Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг Нанзадын 7-1 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.Ч маргалдан түүний нүүр, толгойн хэсэгт өшиглөн, толгойд сандлаар цохиж санаатай амь насыг хохироон, хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ө-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж, цагдан хоригдсон нийт 52 хоногийг хорих ялд оруулан тооцож, шүүгдэгч Б.Өнөрбат хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Жаргалсайханд 21.837.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 4 дэх заалтын “тооцож, эдлэх ялаас хассугай” гэснийг “тооцсугай” гэж, 5 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ө, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Жаргалсайхан нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Ө гаргасан гомдолдоо “... 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр найзуудтайгаа тааралдаад Э.Ууганбаярын гэрт очиж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь үнэн. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь бидний буруу. Харин архи ууж байх үед талийгаач нь ээж, аав руугаа согтуу яриад худлаа осолд орчихсон гэх мэтээр дайрч давшилсан байдлаар хандаж яриад байгаа нь бид нарт муухай санагдаж би түүнийг утсаар ярихыг нь болиулсан юм. Үүнээс үүдэлтэй мөн машиныг мөргүүлсэн асуудлаас болж талийгаачтай маргаан үүссэн. Би өөрийн нөхөрлөж явсан найзынхаа амь насыг хохирооё, цохиод алъя, эцэг, эх, эхнэр хүүхдийг нь өнчрүүлж хагацал үзүүлье гэсэн санаа зорилго надад анхнаасаа байгаагүй. Хэдийгээр би буруутай үйлдэл хийж хуульд заасан ял шийтгэл эдлэх нь хуульд нийцэх авч би 8 жилийн хорих ял эдэлж байж засарч төлөвших, нийгэмших хүн биш гэж өөрийгөө үзэж байгаа. Иймээс та бүхэн надад итгэл хүлээлгэж 8 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг журамлан багасгаж өгнө үү. Би цаашид хохирогчийн үр хүүхэд, эцэг, эхтэй холбоотой байж өөрийн чадах хэмжээгээр тусалж дэмнэж явна гэдгээ дахин дахин амлаж байна. Шүүгч та бүхэн хэрэгт авагдсан миний хувийн байдалтай холбогдох бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж, миний анх удаа гэмт хэрэгт холбогдсон, дээд боловсролтой, гэр бүлтэй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлбөрөө төлж барагдуулсан байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн санал хүсэлтийг анхааран үзнэ үү” гэжээ.

 

Мөн хяналтын шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч Ц.Баярмаа хэлсэн саналдаа “... Б.Ө нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн үйлдэл, холбогдлын талаар дэлгэрэнгүй мэдүүлсэн бөгөөд хяналтын журмаар гаргасан гомдлыг нь дэмжиж байна. Тухайн хэрэг учрал гарсан нөхцөл байдлаас харахаар амь хохирогч, шүүгдэгч нар хэд хэдэн газарт маргалдсан. Эдгээр дундаас гэрийн гадаа талийгаач Ж.Чимэдцэрэн, Б.Өт нар нь хоорондоо зууралдаж байгаад Ж.Чимэдцэрэн толгойгоороо хойш савж, давхаралдаж унасан нөхцөл байдал бий. Гэрч Э.Ууганбаяр, Ц.Азжаргал нар хэргийн талаар тодорхой мэдүүлсэн. Шүүх Б.Ө-н цохисон үйлдлээс эсвэл хатуу гадаргуу дээр унахад үхэлд хүргэх гэмтэл үүссэн эсэхэд бодит дүгнэлт хийгээгүй. Амь хохирогч өөрийн жингээр хойш савж унахдаа тархиндаа гэмтэл авсан байх боломжтой. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Жаргалсайхан анхан шатны шүүх хуралдаанд оролцсон нөхцөл байдал, давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх боломжтой. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Б.Өоногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч Б.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийн толгойн тус газарт хөлөөрөө болон сандлаар цохих үед эрүүл мэндэд нь учруулсан үйлдэл, амь хохирогчийн үхэл нь хоорондоо шалтгаант холбоотой. Б.Өнөрбат нь хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдон тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Анхан шатны шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээг оногдуулахдаа хохирогчийн зүй бус үйлдлийг харгалзсан байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шүүгдэгчийн гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Ө найз нарын хамт архидан согтуурч байхдаа амь хохирогч Ж.Чимэдцэрэнтэй маргалдаж, улмаар харилцан зодолдохдоо толгой руу нь сандлаар цохиж, хөлөөрөө өшиглөн эрүүл мэндэд нь гавлын суурь яс болон зулай, чамархай хэсэгт шугаман хугарал учруулж санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан тухайн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

 

Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан төрөл, хэмжээний ялыг шүүгдэгчид оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Мөрдөн шалгах болон шүүхийн шатанд шүүгдэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарлах байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэх нөхцөл байдал хэргийн бүх ажиллагааг хянахад тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “Гэмт хэрэг үйлдсэн этгээд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хуулиар тогтоосноос хөнгөрүүлэн оногдуулах, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” журам нь шүүхийн заавал хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий хэм хэмжээ биш бөгөөд Б.Ө-н хувьд хүний амь насыг санаатай хохироосон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг харгалзан дээрх зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Анхан шатны шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын хамгийн доод хэмжээний буюу 8 жил хорих ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.  

 

Иймд шүүгдэгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан “... та бүхэн надад итгэл хүлээлгэж 8 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан багасгаж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05ы өдрийн 112 дугаар шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17ы өдрийн 57 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ө-н гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ                                                Б.БАТЦЭРЭН

 

ШҮҮГЧ                                               Б.ЦОГТ

 

                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                            Ч.ХОСБАЯР

 

                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН