Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2016/0113

 


 “Зэст хөлөг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Онон, өмгөөлөгч Л.Жавзмаа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 679 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 75 дугаар магадлалтай, “Зэст хөлөг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Зэст хөлөг” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Тус компани нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт газар эзэмших хүсэлтээ 2010 онд дүүргийн Өмч, газрын харилцааны албанд гаргасны дагуу Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн  А/429 дүгээр захирамжаар  526 мкв газрыг “цэцэрлэгийн зориулалт”-аар эзэмшүүлэн, газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, гэрчилгээ олгосон. Гэтэл дүүргийн Засаг дарга албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж гаргасан шийдвэрээ цуцалж, газар эзэмших эрхийг маань хүчингүй болгосонд гомдолтой байна. Манай компани хэн нэг ядарсан хүний газрыг булааж хууль бус үйлдэл гаргаагүй, харин ч нийгмийн хойч ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа өсөж хүмүүжихэд хувь нэмэр болох үүднээс цэцэрлэг барихаар төлөвлөж, оршин суугчдаас саналыг авч, уг газраа өөрсдийн хөрөнгө, хүч хөдөлмөрөөр цэвэрлэж, засан сайжруулсан.  Газрын тухай хуулийн 43 дугаар зүйлд гэрээний хугацаа дуусахаас өмнө бусдын эзэмшил газрыг солих буюу эгүүлэн авах тохиолдолд нөхөн олговор олгоно гэж заасан ба бид нөхөн олговор авахгүй, үнэхээр манай эзэмшлийн газрыг авах гэж байгаа бол өөр тохиромжтой газар санал болгохоос гадна газар эзэмшигчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй шийдвэрлэх ёстой байсан. Иймд манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/14 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Зэст хөлөг” ХХК нь 2014 оны 06 дугаар сард дүүргийн Өмч, газрын харилцааны албанд газар эзэмших хүсэлт гаргасны дагуу 2014 оны А/429 дүгээр захирамжаар тус дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 526 мкв газрыг цэцэрлэгийн зориулалтаар эзэмшүүлсэн байдаг. Ийнхүү газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д “аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасныг хэрэгжүүлээгүй, мөн төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээнд эзэмшүүлэхээр төлөвлөсөн байршилд олгосон нь хууль бус байсан тул Засаг даргын 2015 оны А/14 дүгээр захирамжаар хүчингүй болгон шийдвэрлэсэн болно” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 679 дүгээр шийдвэрээр, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т заасныг баримтлан “Зэст хөлөг” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/14 дүгээр захирамжийг хүчингүй болгосон байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 75 дугаар магадлалаар дээрх шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг баримтлан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/14 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай “Зэст хөлөг” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч “Зэст хөлөг” ХХК хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Манай компани хог хаягдалтай байсан Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах маргаан бүхий газрыг өөрсдийн хүч хөрөнгөөр засан сайжруулж, ойр орчимд байгаа айл өрхүүдээс санал авсны үндсэн дээр хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 526 мкв газрыг эзэмшсэн. Газрын тухай хуульд заасан хэмжээнд багтаан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд заасан зориулалтаар эзэмшүүлсэн байхад давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг буруу тайлбарлаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  ...Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.1, 21.5.2, 21.5.3 дахь заалтын үндэслэлүүд хангагдаж манай компанийн хүсэлтийн дагуу бидний засан сайжруулсан газрыг тухайн жилийн төлөвлөгөөнд заасан зориулалтаар эзэмшүүлсэн юм. ... Маргаан бүхий газар дээр барилга байгууламж барьж, үйл ажиллагаа явуулахаар төлөвлөн барилгын материал, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл худалдан авах зэргээр хөрөнгө мөнгө их зарсан. ... Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 75 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 679 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

                                                                       ХЯНАВАЛ

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/429 дүгээр захирамжаар нэхэмжлэгч “Зэст хөлөг” ХХК-д “цэцэрлэг”-ийн зориулалтаар эзэмшүүлсэн тус дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 526 м.кв газар нь “Дүүргийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд “төрийн болон төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд зориулан” төлөвлөгдсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34-т “төсвийн байгууллага гэж баталсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг, ...төрийн болон орон нутгийн өмчит, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг” хэмээн тодорхойлсон ба “Зэст хөлөг” ХХК барилга угсралт, автозам, зам байгууламж барих, засварлах үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлдэг ашгийн төлөө хуулийн этгээд байх тул төсөвт байгууллага гэж үзэхгүй.

Дээр дурдсанчлан төсвийн байгууллага нь ашгийн төлөө бус, төрийн ажил, үйлчилгээг нийтэд үзүүлдэг тул үйл ажиллагааны зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэхдээ бусад аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэхэд баримтладаг “дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчим” үйлчлэхгүй байхаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан ба Чингэлтэй дүүргийн Засаг дарга төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд зориулан төлөвлөгдсөн газрыг төсөвт байгууллага биш “Зэст хөлөг” ХХК-д эзэмшүүлэн хууль зөрчсөн байх тул уг шийдвэрээ 2015 оны А/14 дүгээр захирамжаар хүчингүй болгосон нь мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Нэхэмжлэгч “маргаан бүхий газарт шороо асган тэгшилж, өөрийн хөрөнгөөр засан сайжруулсан; мөн цэцэрлэгийн зориулалтаар төлөвлөгдсөн газрыг тухайн зориулалтаар эзэмшүүлсэн нь хууль зөрчөөгүй” гэж маргажээ.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-т “Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг эзэмшүүлж болно” гэж заасан бөгөөд энэ үндэслэлээр газрыг эзэмшүүлэхэд ч Газрын тухай хуульд заасан болзол, үндэслэл, шаардлага, зарчмыг баримтлах учиртай.

Тухайн тохиолдолд, маргаан бүхий газар нь элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газар бус ердийн бөгөөд төсвийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд зориулан төлөвлөгдсөн байхад Газрын тухай хуульд заасан журмыг зөрчин “Зэст хөлөг” ХХК-д эзэмшүүлснийг “газрыг шороо асгаж тэгшилсэн этгээдэд төлөвлөгдсөн зориулалтаар нь эзэмшүүлсэн” гэдгээр зөвтгөх хууль зүйн үндэслэлгүй юм.

Нөгөөтэйгүүр, төр өөрийн үйл ажиллагаанд зориулан ашиглахаар төлөвлөсөн /аж ахуйн нэгжийн хэрэгцээнд зориулан эзэмшүүлэхээр шийдвэрлээгүй/ газраа өөрийн мэдэлд байлгах, хэрэгцээ шаардлагадаа нийцүүлэн зориулалтыг өөрчлөн төлөвлөхийг хязгаарлах, хориглох хууль зүйн үндэслэлгүй байхад анхан шатны шүүх “өрхийн эмнэлгийн зориулалтаар төлөвлөгдөөгүй байхад өрхийн эмнэлэг баригдах газар гэж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.   

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож, “Зэст хөлөг” ХХК-ийн  “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/14 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д заасантай нийцсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 75 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

 

 

                                  ШҮҮГЧ                                                                                   Х.БАТСҮРЭН