Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 217

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Цогт сумын Далан багт оршин суух Бэсүд Балбарсүрэнгийн Амарсайханы хүсэлттэй

Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Амарсайхан шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Балбарсүрэн овогтой Амарсайхан би 1966 оны 05 дугаар сарын 04-нд Цогт суманд Балбарсүрэнгийн 3 дугаар охин болж төрсөн намайг 6 настай байхад манай ээж Балбарсүрэн нь Цанжидын Чойсүрэн гэдэг хүнтэй хуримлаж амьдарч ирсэн билээ. Миний 1983-1993 онуудад ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрийн нэрийн овог нь Чойсүрэн гэж бичигдсэн байсан нь одоогийн иргэний үнэмлэхийн овогтой зөрүүтэй байгаа юм. Иймд намайг хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

       Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

       Учир нь Б.Амарсайхан нь шүүхэд хандаж Чойсүрэнгийн Амарсайхан гэх хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Балбарсүрэнгийн Амарсайхан мөн болохыг тогтоолгох хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтдээ “...Амарсайхан би 1966 оны 05 дугаар сарын 04-нд Цогт суманд Балбарсүрэнгийн 3 дугаар охин болж төрсөн намайг 6 настай байхад манай ээж Балбарсүрэн нь Цанжидын Чойсүрэн гэдэг хүнтэй хуримлаж амьдарч ирсэн билээ. Миний 1983-1993 онуудад ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрийн нэрийн овог нь Чойсүрэн гэж бичигдсэн байсан нь одоогийн иргэний үнэмлэхийн овогтой зөрүүтэй байгаа юм…” гэсэн нь хэрэгт баримтаар авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн хэлтэсийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №129/000796 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаанд “...Будшир Балбарын гэр бүлд 1966 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төрүүлсэн Балбарын Амарсайханыг 1966 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт сумын 40-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов...” гэсэн, Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 241 дугаартай архивын лавлагаанд “...Б.Балбарын хүүхдүүдэд  ...Чойсүрэнгийн Амарсайхан 10 настай ...Мөн аймгийн Цогт сумын 1970 оны иргэний  үнэмлэх олголтын бүртгэлд Балбарын Амарсайхан нь 1965 оны 05 сарын 04-нд төрсөн...” гэсэн, Улсын бүртгэлийн хэлтэсийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 129/001040 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаанд “...Цанжидын Чойсүрэн, Бүдширын Балбарсүрэн нарыг 1970 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэр бүл болсныг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 51 дүгээрт 1972 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов...” гэсэн болон Говь-Алтай аймгийн Алтай хотын худалдааны трестийн даргын 1985 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 153 дугаартай ажилд авах тухай тушаал, 1993 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 05 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал, Говь-Алтай аймгийн Үйлдвэр худалдааны “Хантайшир” компанийн захирлын 1993 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 55 дугаартай зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай тушаал, Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 98 дугаартай архивын лавлагаа  зэргээр Амарсайхан нь эцэг Чойсүрэнгээр овоглож хөдөлмөрийн дэвтэр авсан болох нь нотлогдон тогтоогдож байна.

Иймд Бэсүд Балбарсүрэнгийн Амарсайханыг Чойсүрэнгийн Амарсайхан гэх №432314 дугаартай  хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоох нь үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар Бэсүд Балбарсүрэнгийн Амарсайханыг Чойсүрэнгийн Амарсайхан гэх №432314 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

       2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                          

 

 

                                             ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН