Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2024/00260

 

 

 

 

 

 

 

 

 

2024.02.02 210/МА2024/00260

П-ХХК-ийн хүсэлттэй

дампуурлын хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын

21-ний өдрийн 101/ШШ2023/05072 дугаар шийдвэртэй

Хүсэлт гаргагч: П-ХХК-ийн дампуурсанд тооцох, татан буулгах тухай хүсэлттэй,

П-ХХК-д холбогдуулан нэхэмжлэгч БЗДТХ-ийн- 4,502,127.08 төгрөг, нэхэмжлэгч Х.М-ийн 16,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй дампуурлын хэргийг нэхэмжлэгч БЗДТХ-ийн- давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч БЗДТХ-ийн- итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвжаргал, Д.Баасанням, хүсэлт гаргагч П-ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пүрэвцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарын агуулга: П-ХХК нь 2005 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2017 онд БНХАУ-ын С Ч- бүтээн байгуулалт хөгжлийн компанитай хамтран байгальд ээлтэй дэвшилтэд технологи болох вакум ариун цэврийн байгууламжийг гэр хороололд нэвтрүүлж шинэчлэх төслийг хэрэгжүүлэх гэрээ байгуулж, урт хугацаанд хамтран ажиллахаар төлөвлөсөн. Гэвч хамтран ажиллаж хөрөнгө оруулах компанийн зүгээс гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас Х.М-тэй байгуулсан ажлын байрны түрээсийн төлбөрийг төлөх санхүүгийн чадваргүй болсон.

Улмаар Х.М-ийн зүгээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан түрээсийн гэрээний үүрэгт 56,320,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэрээр манай компаниас 16,500,000 төгрөгийг гаргуулан Х.М-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр одоо шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Компанийн зүгээс үйл ажиллагаа явуулах эдийн засгийн болон боловсон хүчний ямар ч боломжгүй болсон. Иймээс шүүхийн шийдвэрээр Х.М-д төлөх 16,500,000 төгрөгийг төлөх төлбөрийн чадваргүй болсон тул Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар манай компани үүргээ биелүүлж чадахгүй болсноо мэдэгдэж, энэхүү хүсэлтийг гаргаж байна. Иймд цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх чадваргүй болсон, өөрийн хөрөнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний төлбөрийн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тул "П-ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч БЗДТХ-ийн- нэхэмжлэл, тайлбарын агуулга: П-ХХК нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2014 оны дотоодын бараа, үйлчилгээний суутгасан нэмэгдсэн өртгийн албан татвар 4,502,127.08 төгрөгийг хуулийн хугацаанд нь төлөөгүй байна. Иймд дээрх өр төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгч Х.М-ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: П-ХХК-тай 2017 оны 04 сарын 20-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Гэвч түрээсийн төлбөр төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй учир шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 12-ны өдрийн --- шийдвэрээр П-ХХК-аас 16,500,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хүчин төгөлдөр шийдвэр өнөөдрийг хүртэл биеллэгдээгүй байна. Иймд энэ төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт, тайлбарын агуулга: П-ХХК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн тогтвортой үйл ажиллагаа явуулж чадаагүй байна. 2017 онд БНХАУ-ын С Ч- бүтээн байгуулалтын хөгжлийн компанитай урт хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулж үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн байна. Гэвч хамтран ажиллаж хөрөнгө оруулах компани нь гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас түрээсийн төлбөрийг төлөх санхүүгийн чадваргүй болж, ажилтнуудын цалин хөлсийг ч өгч чадахгүй санхүүгийн хүндрэлд оржээ. Мөн Х.М-ийн түрээсийн төлбөрийн талаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 12-ны өдрийн 101/ШШ2022/0---тай шийдвэрээр 16,500,000 төгрөгийг төлүүлэхээр гарч, улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа. Тус компани үүнээс хойш үйл ажиллагаа явуулаагүй нь төлбөрийн чадваргүй болох үндэслэл болжээ. П-ХХК-ийн удирдлага нь дагнасан ганцхан төсөл хэрэгжүүлнэ гэсэн бусдын хөрөнгө оруулалтад шүтэж, өөр үйл ажиллагааг удирдах менежмент дутагдаж, өр төлбөрт орж, компани хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон нь төлбөрийн чадваргүй болоход шууд шалтгаалсан байна гэж дүгнэлээ. Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2013-2015 оны санхүүгийн тайлангийн үзүүлэлтийг тооцож үзэхэд компанийн өр төлбөр 382,200,4 мянган төгрөг болж, алдагдалтай ажилласны улмаас өөрийн хөрөнгийн 2,563.3 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна.

Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг үндэслэн тус компанийн санхүүгийн тайланд хийсэн шинжилгээгээр П-ХХК нь 2014 оноос төлберийн чадваргуй болсон байна гэж дүгнэж байна. Мөн Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх, үүргийн дагуу П-ХХК-ийн хуваарилагдах эд хөрөнгийн талаар болон хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гэрээ хэлцэл бий эсэхийг тогтоох зорилгоор холбогдох лавлагаануудыг авч дүгнэлт гаргасныг хэрэгт хавсаргав. Баримтаас үзэхэд битүүмжлэх хөрөнгийн мэдээлэл байхгүй, санхүүгийн тайлангаар ямар ч хөрөнгө бүртгэгдээгүй байна. Хувьцаа эзэмшигч О.М 2022 оны 01 сарын 13-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Х.М-ийн төлбөрт ширээ-4, шкаф-2, сандал-4-ийг 7,000,000 төгрөгт тооцож өгөхийг санал болгосон боловч аваагүй гэсэн баримт, мөн 2023 оны 09 сарын 13- ны өдрийн уулзалтын тэмдэглэлд ширээ сандал, номын тавиур болох тавилга эд зүйлсийг ажилтнуудын цалинд тооцож өгсөн гэж мэдүүлсэн. П-ХХК нь БЗДТХ-ийн- 2023 оны 05 сарын 29-ний өдөр 4,502,127.08 төгрөгийн татварын өр төлбөртэй талаар нэхэмжлэл шүүхэд ирүүлсэн.

Дээр дурдсан үндэслэлээр П-ХХК нь 2014 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс тус компанийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1-т зааснаар П-ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж, Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар П-ХХК-ийн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хэрэг гүйцэтгэгч Ж.Э-т шилжүүлж, Дампуурлын тухай хуулийн 18, 34, 35 дугаар зүйлүүдэд заасан журмын дагуу П-ХХК-ийг татан буулгахтай холбоотой бүх ажиллагааг явуулахыг хэрэг гүйцэтгэгч Ж.Э-т даалгаж, Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар ТНИО ХХК-ийн татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор, БЗДТХ-т төлөх 4,502,127.08 төгрөг, иргэн Х.М-д төлөх 16,500,000 төгрөгийг төлөх үүргээс чөлөөлөгдөж, үүрэг дуусгавар болохыг дурдаж, Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.3 дахь хэсэгт зааснаар ТНИО ХХК-ийг татан буулгах тухай шийдвэрийг биелүүлж, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг хийж гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч Ж.Э-т даалгаж, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээллэхийг шүүгчийн туслах Т.Буянжаргал, хэрэг гүйцэтгэгч Ж.Э- нарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар П-ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгч БЗДТХ-ийн- давж заалдах гомдлын агуулга: П-ХХК нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2014 оны дотоодын бараа, үйлчилгээний суутгасан нэмэгдсэн өртгийн албан татвар 4,502,127.08 төгрөгийн хуульд заасан хугацаанд нь төлөөгүй байна. Иймд 2023 оны 11 сарын 21-ний өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн П-/5021154/ ХХК-ийн дампуурсанд тооцож, татан буулгах тухай шийдвэрийг хүчингүй болгож татварын албаны өрийг барагдуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. БЗДТХ-ийн- давж заалдах гомдолд гаргасан П-ХХК-ийн тайлбарын агуулга: Давж заалдах гомдлыг зөвшөөрөхгүй ба дараах тайлбарыг гаргаж байна. П-ХХК нь байгуулагдсан цагаасаа эхлэн тогтвортой үйл ажиллагаа явуулж чадаагүй. 2017 онд БНХАУ-ын С Ч- бүтээн байгуулалтын хөгжлийн хувьцаат компани нь П-ХХК-д хөрөнгө оруулахаар болж манай компанийг ажиллах хүч, ажлын байраа бэлдэхийг хүссэний дагуу шаардлагатай ажил хийгдсэн ч санхүүжилт хийгдээгүй. Ийнхүү санхүүгийн хүндрэлд орсон тул компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдан зогсож, бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй болсон. "П-" ХХК зүгээс Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасны дагуу үүргээ биелүүлж чадахгүй болсноо мэдэгдэж, анхан шатны шүүхэд хүсэлтээ гаргасан. Нэхэмжлэгчдийн анхны хурлаар БЗДТХ- хэрэг гүйцэтгэгчээр Ж.Э-ийг томилуулахаар санал болгож шүүхээс томилсон. Хэрэг гүйцэтгэгч холбогдох газруудаас нь шүүхийн журмаар нотлох баримтуудыг цуглуулсан байдаг ба ирсэн нотлох баримтуудаар П-ХХК-ийн эзэмшил, өмчлөлд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, газар, авто машин бүртгэгдээгүй, арилжааны банкнуудаас данс эзэмшдэггүй, тусгай зөвшөөрөл бүртгэгдээгүй гэх баримт, лавлагаагаар нотлогдож тогтоогдсон байдаг. Мөн хэрэг гүйцэтгэгч манай компанийн санхүүгийн болон бусад баримт бичигт, үйл ажиллагаанд дүгнэлт хийж П-ХХК 2014 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсныг дүгнэж тогтоосон. Тиймээс ийм эрх зүйн болон эдийн засгийн хувьд ямар ч чадваргүй болсон компанийг хуулийн этгээдийн бүртгэлд байлгах шаардлагагүй гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

2. П-ХХК нь дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, П-ХХК-д холбогдуулан БЗДТХ- 4,502,127.08 төгрөгийг, Х.М- 16,500,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

3. Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2023 оны 07 сарын 27-ны өдрийн 17958 дугаар захирамжаар Ж.Э-ийг хэрэг гүйцэтгэгчээр томилжээ. Хэрэг гүйцэтгэгч 2023 оны 09 сарын 14-ний өдөр шүүхэд ирүүлсэн дүгнэлтээ П-ХХК-ийн 2015 оны санхүүгийн балансад 147,800,000 төгрөгийн авлагаас өөр хөрөнгө бүртгэгдээгүй, энэ авлагын талаар 2023 оны 09 сарын 13-ны өдрийн уулзалтын тэмдэглэлд нүүрс авч, өөр компанид зарсан юм. Тэр авлагаа авч чадаагүй явсаар хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан. Оронд нь бага үнээр цемент аваад өөр компанид өгсөн боловч чанарын шаардлага хангаагүйгээс болж энэ ажил бүтээгүй гэж дурдсан, мөн Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасны дагуу тус компанийг төлбөрийн чадваргүйд тооцож, татан буулгах саналыг шүүхэд гаргажээ.

 

4. Анхан шатны шүүх, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг үндэслэн П-ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, татан буулгахаар шийдвэрлэхдээ хэрэг гүйцэтгэгч Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан ажиллагааг бүрэн хийгээгүйг анхаараагүй, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт нийцсэн эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

5. П-ХХК нь 2015 оны санхүүгийн тайландаа 147,800,000 төгрөгийн авлагатай гэж бүртгэгдсэн байхад хэрэг гүйцэтгэгч зөвхөн хариуцагч П-ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.М-тай хийсэн уулзалтын тэмдэглэлд үндэслэн уг авлагыг биелэх боломжгүй гэж үзсэн нь учир дутагдалтай. Хэрэг гүйцэтгэгч нь хариуцагчийн нүүрс худалдсаны орлогод хэдэн төгрөгийн цемент тооцож авсан, уг цементийг бусдад ямар үнээр худалдсан хийгээд ...бага үнээр цемент аваад өөр компанид өгсөн ч чанарын шаардлага хангаагүйгээс энэ ажил бүтээгүй... гэх хариуцагчийн тайлбар бодит байдалд нийцсэн эсэхийг шалгах, хариуцагчаас шаардлагатай баримт мэдээллийг шаардан авч тодруулах, зохих гэрээ хэлцлийг хянан үзэх зэрэг Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 12.1.6, 12.1.9-т заасан ажиллагааг явуулаагүй байна.

Иймд дүгнэлтэд П-ХХК-ийг харилцах дансандаа 0.00 төгрөгтэй, эд хөрөнгөгүй, авлага биелэгдэх боломжгүй гэснийг бодитой тогтоосон гэж дүгнэх боломжгүй бөгөөд тус компанийн тайланд тусгагдсан 147,800,000 төгрөгийн авлага буюу мөнгөн хөрөнгийг компани нь бусдаас бодитоор шаардсан эсэх, биелэгдсэн авлагыг хэрхэн, юунд захиран зарцуулсан эсэхийг шалган тодруулсны эцэст Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан төлбөрийн чадваргүйд тооцох эсэх үндэслэл бүрдэх юм.

 

6. Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцээх замаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт Дампуурлын тухай хуульд заасан журмын дагуу хийгдээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шүүх өөр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчилд тооцогдох учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 21-ний өдрийн 101/ШШ2023/05072 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Э.ЭНЭБИШ