Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 222

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Сутай хорооны 1-30 тоотод оршин суух Занги Цамбалсүрэнгийн Гаравын хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Гарав шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Занги овогтой Цамбалсүрэнгийн Гарав нь 1956 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Тонхил суманд төрсөн. 1977 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1980 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг дуустал Тонхил сумын мал эмнэлэгт жолоочоор ажилласан. 1980 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс Говь-Алтай аймгийн Тээврийн удирдах газар жолоочоор томилогдож 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрийн он, бичилт, тамга тэмдэг овог нэрийн зөрчилтэй байгаа учраас шүүхээр ажилласан жилийг тогтоолгох, овог нэрийн зөрчлийг арилгах шаардлагатай болсон юм. Иймд миний бүрдүүлж өгсөн нотлох баримт бичгийг үндэслэн 1971 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 1973 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл Тонхил сумын Үнэн нэгдлийн Алтайн-Оргил бригадад малчин байсан. 1977 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1980 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэл Тонхил сумын мал эмнэлэгт жолоочоор ажилласан, 1980 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал тээврийн удирдах газар жолоочоор тус тус ажилласан жилүүдийг тогтоож өгнө үү гэжээ.

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

       Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Учир нь хүсэлт гаргагч хүсэлтдээ 1971 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 1973 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн Алтайн-Оргил бригадад малчнаар, 1977 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1980 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэл Тонхил сумын мал эмнэлэгт жолоочоор, 1980 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал тээврийн удирдах газар жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 1977 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 17 дугаартай “Бямбааг ажлаас чөлөөлөх ба Гаравыг ажилд авах тухай тушаалд “...Цамба овогтой Гаравыг 1977 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн мал эмнэлгийн тасгийн жолоочоор ажилуулсугай” гэсэн, Говь-Алтай аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 1980 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 12 дугаартай ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалд “...Тонхил сумын мал эмнэлгийн тасгийн түргэн тусламжийн машины жолооч Цамба овогтой Гарав нь МХЗЭ-ийн илгээлтээр мал аж ахуй дээр гарч ажиллах болсон тул 1980 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж Тонхил сумын Үнэн нэгдлийн мэдэлд шилжүүлсүгэй...” гэсэн, Говь-Алтай аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1980 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 23 дугаартай “ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “Цамба овогтой Гаравыг үйлчилгээний хэсгийн ГАЗ-69 машины жолоочоор 1980 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн ажиллуулсугай...” гэсэн, 1981 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 10 дугаартай “1980 оны 4 дүгээр улирлын шинэ системийн шагнал олгох тухай” тушаалд ”...Үйлчилгээний хэсэг Гарав 102 төгрөг...” гэсэн, 1982 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 91 дугаартай “машин жолооч шилжүүлэх тухай” тушаалд “Ц.Гарав УАЗ-469 58-80” гэсэн, 1983 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 41 дугаартай тушаал, 1984 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 35 дугаартай “1984 оны 2 дугаар сарын ажилчдын шинэ системийн шагналын тухай” тушаал, 1984 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 133 дугаартай “ажлаас чөлөөлөх ба өөр ажилд шилжүүлж ажиллуулах тухай” тушаал, Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 77 дугаартай архивын лавлагаанд “...Тус аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн Алтайн-Оргил бригадад малчин байсан Цамбалсүрэн овогтой Гарав нь 1971 онд 120 хөд/өдөрт 1067 төгрөг, 1973 онд 1467 төгрөгний цалин авч байсан байна. Мөн аймгийн Тээврийг удирдах газарт жолоочоор ажиллаж байсан Цамбалсүрэн овогтой Гарав нь 1986 оны 3 дугаар сараас  1991 оны 06 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсан цалингийн тодорхойлолт, болон тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримтанд Тонхил сумын Үнэн нэгдлийн Алтайн-Оргил бригадын 1972 оны цалингийн баримт, аймгийн мал эмнэлгийн газрын даргын 1977 оны тушаал, тээврийг удирдах газрын 1980-1985 оны цалингийн баримт шилжиж ирээгүй болно...” гэсэн архивын лавлагаа болон гэрч Ц.Төмөрбаатар, гэрч Д.Цэрэндорж нарын гэрчийн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан тушаалуудад Цамбалсүрэнгийн Гаравыг Цамба овогтой Гарав гэж  тухайн үед зөрүүтэй бичигдсэн байна гэж үзэж Цамба овогтой Гарав гэх тушаалуудыг хэрэгт нотлох баримтаар үнэлсэн болно.

Иймд Занги Цамбалсүрэнгийн Гаравыг 1971 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 1973 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн Алтан-Оргил бригадад малчнаар, 1977 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1980 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэл Тонхил сумын мал эмнэлэгт жолоочоор, 1980 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал тээврийн удирдах газар жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Занги Цамбалсүрэнгийн Гаравыг 1971 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 1973 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн Алтайн-Оргил бригадад малчнаар, 1977 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1980 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэл Тонхил сумын мал эмнэлэгт жолоочоор, 1980 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал тээврийн удирдах газар жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                                                                                 

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН