Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
Хэргийн индекс | 133/2016/00140/и/ |
Дугаар | 223 |
Огноо | 2016-06-30 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 223
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Чандмань сумын 2 дугаар багт оршин суух Бэсүд ход Ганбатын Сэмбээжавын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Чандмань сумын 12 жилийн бүрэн дунд сургуульд холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасан, хариуцагчийн төлөөлөгч Ж.Буяннэмэх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Сэмбээжав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэмбээжав миний бие 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Чандмань сумын 12 жилийн бүрэн дунд сургуульд биеийн тамирын багшаар орж байсан юм. Ингээд 2015 оны 10 сард намайг үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Тухайн үед нь шүүхэд гомдол гаргахад намайг биеийн тамирын багшийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны чинь цалинг өгнө гээд миний бие шүүхэд өгсөн нэхэмжлэлээсээ татгалзаж байсан юм. 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх шалтгаанаар дахин үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн юм. Иймд миний бие Чандмань сумын 12 жилийн бүрэн дунд сургуулийн биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна. Г.Сэмбээжавыг 2015 оны 12 дугаар сарын 01-нд ажлаас нь чөлөөлсөн бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 07-нд шүүхэд нэхэмжлэл гаргахад нэхэмжлэлийн хувийг хариуцагч нь хүлээж аваад 2016 оны 01 дүгээр сарын 01-нд Г.Сэмбээжавыг биеийн тамирын багшийн ажилд буцаан авсан. Ажилд нь буцааж авсны дараа 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд өгсөн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж хэрэгт байгаа. Ингэж нэхэмжлэгч нь ажилдаа орсон болохоос н.Түмэнбаяр гэх хүний орон тоонд түр ороогүй, үндэслэлгүйгээр халагдчихаад ажилдаа орсон байгаа. Г.Сэмбээжавыг ажилд нь эгүүлэн авсан 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн тушаал байгаа. Уг тушаал дээрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 23, 24 дүгээр зүйлүүдийг барьсан байгаа бөгөөд уг заалтуудаас харахад биеийн тамирын багшаар түр хүний оронд авсан гэсэн заалт байхгүй хөдөлмөрийн гэрээ хийх заалтуудыг барьсан байгаа. Ийм учраас энэ тушаалаас харахад хүний оронд түр авсан гэж харагдахгүй байна. Ажлаас чөлөөлсөн тушаал дээр Хөдөлмөрийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан ажлаас халсан. 37.1.1 нь талууд харилцан тохиролцсон, 37.1.3 дахь хэсэг нь хөдөлмөрийн гэрээ дуусаж цаашид сунгагдахгүй болсон гэх шалтгаанаар ажлаас нь чөлөөлсөн байгаа. Ажлаас чөлөөлсөн тушаалыг аваад үзэхэд Хөдөлмөрийн хуулийн 37 дугаар зүйл нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл бөгөөд талууд харилцан тохиролцсон гэхийг талууд хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээндээ хугацаатай, хугацаагүй гэдгийг бичиж хийх боломжтой байгаа. Түүнээс биш энэ ажилдаа харилцан тохиролцоод ажлаас гарна гэсэн зүйл биш юм. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэдэг нь цаашид хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгагдахгүй болсон ямар шалтгаан байсан бэ, яагаад энэ хүнийг ажлаас нь чөлөөлөх болсон талаар нотлогдохгүй байгаа тул Г.Сэмбээжавыг Чандмань сумын сургуулийн биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Ж.Буяннэмэх шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Сайн байцгаана уу, Бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Нэхэмжлэлтэй холбоотой тайлбарыг хэлье. Нэхэмжлэгч нь Чандмань сумын сургуулийн биеийн тамирын багшаар ажиллаж байгаад 2015 оны 10 дугаар сарын 01-нээс биеийн тамирын багш М.Түмэнбаяртай өөрсдөө тохиролцон 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл дотуур байрны багшаар ажиллахаар болсон. Дотуур байрны багшаар ажиллаж байх хугацаандаа 2 удаа архи ууж, эхний удаа 1 хоног, 2 дахь удаа архи уухдаа 2 хоног ажлаа тасалсан тул ажлаасаа халагдсан. Ингээд хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлөгдсөн. Үүний дагуу нэхэмжлэлээ шүүхэд гаргасан. Энэ нэхэмжлэлээ гаргачихаад шүүхээс буцааж татаж авсан. Одоо гаргасан нэхэмжлэлдээ миний биеийг биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг өгнө гээд миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байсан гэж дурдсан байна. Үүнийг огт үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл нэхэмжлэгч биеийн тамирын багшаар ажиллах ёстой гэж үзсэн бол 2015 оны 10 дугаар сарын 01-нээс дотуур байрны багшаар ажиллаж байх хугацаандаа хуулийн 30 хоногийн хугацаанд шүүхэд хандах ёстой. Тийм учраас энэ хүн нь өөрөөр харилцан тохиролцоод дотуур байрны багшийн ажлыг 60 орчим хоногийн хугацаанд хийчихсэн учраас биеийн тамирын багшийн ажилд орох нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт: дотуур байрны багшаар ажиллаж байх хугацаандаа 2 удаа архидан согтууран ноцтой зөрчил гаргасныхаа дараа шүүхэд хандчихаад нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэл нь намайг буцаагаад биеийн тамирын багшаар ажилд эгүүлэн томилж, цалинг нь өгнө гэсэн нь огт үндэслэлгүй зүйл. Яагаад гэвэл энэ хүн чинь дотуур байрны багшаар ажиллаж байгаад халагдсан хүнийг буцаагаад биеийн тамирын багшаар ажилд орох нь эргэлзээтэй байна. Энэ хүн биеийн тамирын багш байсан бол дотуур байрны багшаар ажиллаж байх хугацаандаа шүүхэд хандан нэхэмжлэл гаргах ёстой байсан. Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах гэж байна. Ажилгүй байсан хугацааны цалинг байгууллага нь хэн нэгэн хүнтэй тохиролцоод хаанаас ч гаргаад өгөх боломжгүй. Хэрвээ энэ хүн шүүхэд хандаж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цалин олгохоор шийдвэрлэсэн бол олгох боломжтой болохоос зүгээр хэн нэгэн хүнтэй тохиролцоод ажилгүй байсан хугацаан цалинг гаргаж өгөх зүйл анги, санхүүгийн боломж, эрх мэдэл сургуулийн захиралд байхгүй. Тийм учраас энэ нь үндэслэлгүй байна. Хэрвээ ингэж тохиролцсон бол тухайн үед захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэж байсан М.Түмэнбаяртай бичгээр харилцан тохиролцох ёстой байсан гэж үзэж байна. Гуравдугаарт: Миний бие өөрөө жирэмсний амралтаа 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлж аваад 2016 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс ажилдаа орсон. Тушаал дээрээ яагаад харилцан тохиролцсон тухай заалтыг оруулсан бэ? гэхээр нэхэмжлэгч маань намайг өөрөө 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллуулж өгөөч гэсэн хүсэлтээ гаргасан бөгөөд энэ талаар хэрэгт өгчихсөн байгаа. Өөрөө өргөдлөө гаргасан гэдэг нь талууд харилцан тохиролцсон гэсэн үг. Хөдөлмөрийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон гэж байгаа. Яагаад гэвэл миний бие жирэмсний амралтаа дуусгаад ажилдаа орох нь хэнд ч ойлгомжтой бөгөөд миний орон түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан хүн маань ажлаа буцааж хийх үүрэгтэй учраас Г.Сэмбээжавыг халсан нь буруу гэж үзэхгүй байна. Энд Хууль зүйн яамнаас гаргасан хуулийн зөвлөгөөний номонд хугацаатай гэрээ нь тодорхой шалтгаанаар эзгүй байгаа, ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажлын байранд улирлын болон түр ажиллах гэх зэрэгт байгуулагддаг гэж байгаа. Хугацаатай гэрээ нь миний ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа учраас 2016 оны 03 дугаар сарын 31-нийг хүртэл гэсэн хугацаатай гэрээ байгуулагдсан учраас энэ гэрээ нь цаашаа сунгагдах боломжгүй. Тийм учраас энэ нэхэмжлэлийг ор үндэслэлгүй гэж үзэж байна. Дотуур байрны багшийн ажлаас чөлөөлөгдчихөөд биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн томилогдох нь хуулийн хугацаа өнгөрсөн, өөрөө нэхэмжлэлээсээ татгалзсан зэргээс харахад үндэслэлгүй байгаа. Намайг жирэмсний амралтаа эдлүүлсүгэй гэсэн аймгийн Засаг даргын захирамжийг энд авчирсан байгаа баярлалаа гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт цугласан зохигчдын шаардлага, татгалзал, тэдгээрийн нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаад нэхэмжлэгч Г.Сэмбээжавын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлоход хариуцагч Г.Сэмбээжав нь Говь-Алтай аймгийн Чандмань сумын 12 жилийн бүрэн дунд сургуулийн биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулаар нэхэмжилжээ.
Нэхэмжлэгчийн шаардах эрх болон нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдахаар байна. Хариуцагч Г.Сэмбээжав нь Говь-Алтай аймгийн Чандмань сумын 12 жилийн бүрэн дунд сургуулийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/03 дугаартай тушаалаар биеийн тамирын багшийн ажилд түр томилогдон ажиллаж байсан байх тул уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Г.Сэмбээжав нь 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/10 дугаартай тушаалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан ...ажилтан ажлаас буруу халсан ... тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн хуулийн шаардлагын дагуу 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр буюу хуулийн хугацаанд шүүхэд гаргасан байна.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар хэргийн бодит байдлыг тогтооход нэхэмжлэгч Г.Сэмбээжав нь 2010 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сар хүртэл Говь-Алтай аймгийн Чандмань сумын 12 жилийн бүрэн дунд сургуулийн биеийн тамирын багшийн ажилд ажиллаж байгаад 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тус сургуулийн дотуур байрны багшийн ажилд томилогдон ажиллаж байсан, дотуур байрны багш н.Алтантуяа эргэж ажилдаа орсон тул Г.Сэмбээжав дотуур байрны багшийн ажлаас чөлөөлөгдсөн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасан нэхэмжлэлийн шаардлагыг тайлбарлахдаа Г.Сэмбээжавыг ажлаас чөлөөлсөн тухай тушаал нь ажил олгогчийн санаачилгаар цуцалсан тушаал байгаа, ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлах ёстой байдаг. Уг тушаалд хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлаагүй нь хууль зүйн үндэслэлгүй тушаал гэж маргажээ.
Нэхэмжлэгч Г.Сэмбээжав нь Говь-Алтай аймгийн Чандмань сумын 12 жилийн бүрэн дунд сургуулийн биеийн тамирын багшийн ажилд түр томилогдож ажиллаж байсан болох нь Чандмань сумын бүрэн дунд сургуулийн захиргаанд гаргасан Г.Сэмбээжавын хүсэлт /хх-25/, 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр захирал М.Түмэнбаяр, багш Ганбатын Сэмбээжав нарын хооронд байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээ, Говь-Алтай аймгийн Чандмань сумын 12 жилийн бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/03 дугаартай “...сургуулийн биеийн тамирын багшийн орон тоон дээр багш Ганбатын Сэмбээжавыг 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн түр томилон ажиллуулсугай...” гэсэн тушаал зэргээр тус тус тогтоогдож байна. Улмаар 2016 оны 01 сарын 05-ны өдөр байгууулсан хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн гэрээний хугацааг 2016 оны 03 сарын 31 өдөр хүртэл хугацаагаар байгуулсан, өөрөөр хэлбэл тушаалын түр гэх хугацааг хөдөлмөрийн гэрээнд 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гэж тодотгосон бөгөөд уг хугацааг дуусмагц хөдөлмөрийн гэрээг цуцалсан зэрэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтууд зөв хэрэгжүүлсэн байна.
Нэхэмжлэгч нь тайлбартаа анх тус сургуулийн биеийн тамирын багшийн ажилд үндсэн багшаар орсон гэж тайлбарласан боловч энэ талаар нотлох баримт буюу тушаал хэрэгт авагдаагүй байна. Г.Сэмбээжав нь ажилд түр томилсон тухай 2016 оны 1 сарын 05-ны өдрийн тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар тухайн үед хуульд заасан хугацаанд шүүхэд гомдол гаргаагүй, уг тушаалд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, шүүх 2016 оны 1 сарын 05-ны өдрийн Б/03 тушаалын үндэслэлд энэ хэргийг хэлэлцэж байгаа шүүх хуралдаанаар үнэлэлт дүгнэлт өгч үндэслэлгүй гэж үзэх болон биеийн тамирын багшийн ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн байна гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд Г.Сэмбээжавын Говь-Алтай аймгийн Чандмань сумын 12 жилийн бүрэн дунд сургуулийн биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэсэн болно.
Уг нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Чандмань сумын 12 жилийн бүрэн дунд сургуульд холбогдох биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэгч Бэсүд ход Ганбатын Сэмбээжавын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН