Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
Хэргийн индекс | 133/2016/00222/и |
Дугаар | 224 |
Огноо | 2016-06-30 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 224
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо эрдэнэ толгой 40 дүгээр гудамж 266 тоотод оршин суух Боржигон Чойдогийн Ганбаатарын хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Ганбаатар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1976 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс аймгийн намын хорооны томилолтоор тус аймгийн БУК-ын автогражид ашиглалт нягтлан бодогчоор томилогдон ажлын гараагаа эхлэн 2000 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг дуустал нийт 24 жил 4 сар уг байгууллагынхаа суурь нь дээр ажилласан юм. Ажиллах хугацаандаа 1976 оноос ашиглалт нягтлан бодогч, 1981 оноос засварын механикч 1985 оноос ерөнхий инженер, 1987 оноос гаражийн даргаар, 1991 оноос зах зээлийн системд шилжин БУК нь бүтцийн өөрчлөлтөд орж задарч тус автогараж нь “Жолоо” хоршоолол нь төрийн өмчит улсын үйлдвэрийн газар болж орон нутгийн өмчид шилжин захирлаар нь тус тус ажилласан билээ. “Жолоо” УҮГазар нь 1998 оны 05 дугаар 08-ны өдрөөс эхлэн 2000 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг дуустал 2 жилийн хугацаанд үйлдвэрлэл үйлчилгээ явуулах боломжгүй болж төрийн өмчийн хорооноос хөрөнгийг битүүмжлэн нийтийн дуудлага худалдаанд оруулахаар 4 удаа зарлагдан дуудагдаж 2000 оны 05 дугаар сарын 12-ны өдөр дуудлага худалдаагаар “Залуур-Алтай” ХХК-ийн эзэн Б.Гансүхэд уг үйлдвэрийг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн юм. Одоо би 60 нас хүрч өндөр насныхаа тэтгэвэрт гарч гавьяаныхаа амралтыг эдлэх болсон тул 1996 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2000 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг дуустал “Жолоо” төрийн өмчит улсын үйлдвэрийн газарт ажилласан 4 жил 3 сарыг улсад ажилласнаар баталгаажуулан миний хүсэлтийг харгалзан хамт ажиллаж байсан одоо аймгийн төв дээр ажиллаж амьдарч байгаа нярав Л.Хашчулуун, гагнуурчин Д.Ганзориг, кранист Г.Намсрай нарыг байлцуулан гэрчилж шүүн шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Учир нь хүсэлт гаргагч хүсэлтдээ 1996 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2000 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг дуустал “Жолоо” төрийн өмчит улсын үйлдвэрийн газарт захирлаар ажиллаж байсан гэсэн нь Архивын тасгийн баримтаас хуулбарлуулан авсан Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2000 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 80 дугаартай “хөрөнгө зарцуулах тухай” тогтоол, Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Б.Дорждагва танаа гэх 2000 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн цалин хөлсний тухай өргөдөлд “...захирал Ч.Ганбаатар” гэсэн байгаа, 2000 оны 9 сарын 13-ны өдрийн Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ившинхорол... танаа гэх өргөдлийн бичвэрийн хэсэгт “...1995 оны 10 сараас хойш 2000 оны 5 сарын 12-ны өдөр хүртэл гээд ...захирал Ч.Ганбаатар...” гэсэн байгаа зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд Боржигон Чойдогийн Ганбаатарыг 1996 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2000 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг дуустал “Жолоо” төрийн өмчит улсын үйлдвэрийн газарт захирлаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржигон Чойдогийн Ганбаатарыг 1996 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2000 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг дуустал “Жолоо” төрийн өмчит улсын үйлдвэрийн газарт захирлаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН