Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 300

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Н.Ундрах ,

шүүгдэгч Б.Бг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Б Б холбогдох эрүүгийн 1808015660101 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б  овогт Б  Б  Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, хувиараа ажил эрхэлдэг гэх, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 127-70 тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,  регистрийн дугаар 

ТОДОРХОЙЛОХ нь

Прокуророос тогтоосон хэргийн агуулга:

Шүүгдэгч Б.Б г нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 127-70 тоот гэртээ хамтран амьдрагч Б.Даваадуламыг 2018 оны 03 сарын 24-ний өдөр өөр эмэгтэйтэй хардлаа гэх шалтгааны улмаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гараараа нүүрэнд нь цохиж, хөлөөрөө зүүн гуянд нэг удаа өшиглөж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б г  мэдүүлэхдээ:

Яллах дүгнэлтэнд бичигдсэн зүйл бүгд үнэн зөв. Би мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ажилтай байсан тул 5 настай хүүгээ хамтран амьдрагч аав болох Батхишигт үлдээгээд багыгаа аваад явсан юм. Би ажил дээрээ нэг хоночихоод маргааш орой нь гэртээ иртэл Батхишиг гэртээ хоноогүй гэдгийг Батхишигийн найзынх нь эхнэрээс сонсоод түүнийг хайтал манай гэрээс зайдуу нөгөө талын уулан дээр өөрийнхөө машинтай машиндаа хүүхэн суулгасан явж байсаныг хараад би яваад очтол зугтаасан. Дахин хайж байгаад Батхишигийг нөгөө хүүхэнтэй нь гудамжинд зогсож байгааг нь олж аваад хамт явсан эмэгтэйтэй нь маргалдаж байгаад ганц нэг цохиод автал Батхишиг зугтаасан. Тэр өдрөө Батхишиг ирж хоноогүй, маргааш нь буюу 2018 оны 03 дугаар сарын 24-ны өдөр согтуу ирээд надтай маргалдаж байгаад гараараа нүүрэнд цохиж, хөлөөрөө зүүн гуянд нэг удаа өшиглөж зодчихоод гараад явчихаар нь би цагдаад өргөдөл өгсөн, ийм л асуудал болсон. Дээрхи гэмтлийг хамтран амьдрагч Батхишиг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж байхдаа учруулсан гэмтэл, дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Түргэн ууртай, үр хүүхэддээ халамж анхаарал муу тавьдаг, муу зуршил гэвэл архи уудаг. Урьд өмнө гар хүрч зодож байгаагүй, хэрүүл бол хийж байсан.Тухайн өдөр хамт явсан хүүхэнд нь гар хүрлээ гэж намайг зодсон. Надад гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй. Шүүх хуралд оролцохгүй...” гэжээ. /хх-18, 83-85/,

Шүүх эмнэлгийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн №4084 дугаар дүгнэлтэнд:

Хэсэг газрын үзлэгт: хамрын нуруу бага зэрэг хавдартай, хамрын нуруу, баруун, зүүн нүдний дотор булан, доод зовхинд хөх өнгийн цус хуралттай, зүүн хацрын хажуу дээд хэсэгт бага зэрэг хавдартай, 2х5см хөх өнгийн цус хуралттай, баруун мөрний урд хэсэг, цээжний баруун дээд хэсэгт 6х6см, Зх5см хүрэн ягаан цус хуралттай, хүзүүний урд дунд доод хэсэгт 0.4x1.5см улаан хүрэн зулгаралттай, хэвлийн зүүн урд дунд хэсэгт 5х5см хүрэн ягаан, хөх ногоон өнгийн цус хуралт, түүний дунд хэсэгт 0.2х2см улаан хүрэн зулгаралттай, хэвлийн дунд доод хэсэгт 0.1х4см, 0.1х5см улаан хүрэн зулгаралттай, хэвлийн урд зүүн доод хэсэгт Зх7см талбайд олон тооны жижиг улаан хүрэн зулгаралттай, бага зэрэг эмзэглэлтэй, баруун шууны гадна дээд хэсэгт 1x1 см, 1x1.5см хүрэн улаан цус хуралттай, шууны дотор доод хэсэгт 0.5х2см, 1x1 см, 0.2х1.5см, баруун сарвууны ар ба хуруунуудын ар хэсэгт 0.1х0.2см-с 0.2х0.6см хэмжээтэй 10-д ширхэг хүрэн бор зулгаралттай, зүүн гуяны урд доод ба гадна хажуу доод хэсэгт 1.5х1.5см, 1х2см, 2х2см хүрэн улаан, хөх өнгийн цус хуралттай.

ДҮГНЭЛТ:

1. Б.Д*н биед хамрын ясны хугарал, хамрын нуруу, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дотор булан, доод зовхи, баруун мөр, цээж, баруун шуу, зүүн гуяны цус хуралт, хүзүү, баруун гарын сарвуу, хуруунуудын зулгаралт, хэвлийн цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4. Цаашид  гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй гэжээ. /хх-24/,

Шүүгдэгч Б.Б г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өөрийн эзэмшлийн автомашинаараа найз Гантулгын хамт таксинд явж байтал манай хамар хашааны таксинд явдаг ах Пүрэвээ харчихаад манай эхнэрт “танай нөхөр чинь таксиндаа хүүхэн сүулгаад явж байна” гээд ховолчихсон байсан. Таксиндаа явж дуусаад найзтайгаа ганц нэг шил пиво уучихаад гэртээ ортол эхнэр Даваадулам “чи машинд хүүхэнтэй явсан, би гэрийнх нь үүдэнд тэр хүүхнийг буулгаж байхыг чинь харсан” гээд хэрүүл болж эхэлсэн. Би маргалдаж байгаад эхнэр намайг цохиод байхаар нь нэг удаа алгадаж, гуянд нь нэг удаа өшиглөж аваад тэндээс гарсан, тэр өдрөө гэртээ хоноогүй...Эхнэр намайг танихгүй хүүхэнтэй хардаж хэрүүл маргаан хийснээс болж би түүнийг нэг удаа алгадаж унгаагаад хөлөөрөө нэг удаа өшиглөсөн, өөр нэмж цохиж зодоогүй...гэмтлийг би гараараа болон хөлөөрөө нэг удаа өшиглөж байхдаа учруулсан гэмтэл байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. /хх-33-34/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-77/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-76/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Б- нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 127-70 тоот гэртээ хамтран амьдрагч Б.Д-мыг 2018 оны 03 сарын 24-ний өдөр өөр эмэгтэйтэй хардлаа гэх шалтгааны улмаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гараараа нүүрэнд нь цохиж, хөлөөрөө зүүн гуянд нэг удаа өшиглөж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  болох нь

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Даваадуламын өгсөн “...согтуу ирээд надтай маргалдаж байгаад гараараа нүүрэнд цохиж, хөлөөрөө зүүн гуянд нэг удаа өшиглөж зодчихоод гараад явсан...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Б  өгсөн “...Эхнэр намайг танихгүй хүүхэнтэй хардаж хэрүүл маргаан хийсэнээс болж би түүнийг нэг удаа алгадаж унгаагаад хөлөөрөө нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг,

“...Б.Д-н биед хамрын ясны хугарал, хамрын нуруу, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дотор булан, доод зовхи, баруун мөр, цээж, баруун шуу, зүүн гуяны цус хуралт, хүзүү, баруун гарын сарвуу, хуруунуудын зулгаралт, хэвлийн цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо...” гэх шүүх эмнэлгийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №4084 дугаар дүгнэлт зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх замаар хөнгөн хохирол учруулсан тохиолдолд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэж мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна”, 3.1.1-д “...хамтран амьдрагч”, 5 дугаар зүйлийн 5.1.6-д “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг хэлнэ гэж  заасан бөгөөд хохирогч Б.Даваадулам, шүүгдэгч Б.Батхишиг нар нь гэр бүлийн харилцаа бүхий хамтран амьдрагч болох нь өөрсдийнх нь өгсөн мэдүүлгээр батлагдаж байх тул дээрх хуулийн нэр томъёонд хамаарч байна.,

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “энэ хуульд заасан дараах үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр гэж үзнэ”, 6.1.1-д “бие махбодийн хүчирхийлэл”, 6.2-д “....энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл  мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодийн хүчирхийлэл гэнэ” гэж заасан байх ба хууль зүйн хувьд Б.Б г нь эхнэр Б.Д ын нүүрэн тус газар нь гараараа цохиж, зүүн гуяанд нэг удаа хөлөөрөө өшиглөж, зодох зэргээр бие махбодийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Б-йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.  

Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч Б.Д  гэм хорын хохирол нэхэмжлээгүй болно.

Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан үзэхээс гадна шүүгдэгч тодорхой ажил эрхэлдэг эсэх, ямар орлоготой, орлого нь хэд болох нь тодорхойгүй тул шүүгдэгч Б.Б  дээрхи зүйл, хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон эд зүйл, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.