Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00216

 

 

 

 

 

 

 

 

    2024         01            29                                    210/МА2024/00216

 

 

О ХХКК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2023/03385 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч О ХХКК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б ХХК-д холбогдох,

56,194,288 төгрөг гаргуулах үндсэн, 28,600,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С, хариуцагчийн төлөөлөгч Х.Ц, хариуцагчийн өмгөөлөгч А.М, Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

О ХХКК нь Б ХХК-тай 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Хайя Апарт /Нi apart/ төслийн орон сууцны барилгын гадна ус, дулаан хангамжийн шугам угсралтын ажил гүйцэтгэх АГГ/17/05 дугаар бүхий гэрээ байгуулж, ажлын нийт хөлсийг 160,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцож, урьдчилгаа 80 хувь буюу 128,000,000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Б ХХК-д шилжүүлсэн.Б ХХК нь уг гэрээний дагуу ДХ-1 цэгээс ДХ-2 худаг хоорондын шугамыг шинээр солих ажлыг гүйцэтгэх ёстой байсан бөгөөд уг ажпыг бүрэн гүйцэтгэж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгсний дараа үлдэгдэл 20 хувь буюу 32,000,000 төгрөгийг хүлээн авах ёстой байсан боловч гэрээнд заасан хугацаанд ажлаа бүрэн хийж гүйцэтгээгүй.

Ийм учраас нэхэмжлэгчийн зүгээс дээрх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг хөндлөнгийн шинжээч томилуулан тогтоолгох хүсэлт гаргасан бөгөөд А ХХКК-ийг шүүгчийн захирамжаар шинжээчээр томилон дүгнэлт гаргуулсан. Шинжээчийн дүгнэлтээр Б ХХК нь Хайя Апарт /Нigh apart/ төслийн орон сууцны барилгын гадна ус, дулаан хангамжийн шугам угсралтын ажил гүйцэтгэх АГГ/17/05 дугаар бүхий гэрээний дагуу нийт 71,805,712 төгрөгийн ажил хийсэн байна гэж дүгнэсэн бөгөөд шинжээчийн дүгнэлтийн хавсралтад заасан талуудын харилцан тохиролцсон төсвийн дагуу ажлын гүйцэтгэлийг дүгнэсэн байгаа нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т доголдлын улмаас ажлын үр дүн буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хэмжээг бууруулах гэж заасны дагуу хариуцагчийн ажлын хөлсийг бууруулах үндэслэлтэй тул О ХХКК-аас ажлын хөлсөнд илүү 56,194,288 төгрөгийг хариуцагч авсан болох нь тогтоогдож буй тул буцаан төлөх үүрэгтэй. Мөн тухайн ажлыг талууд хүлээлцсэн акт үйлдээгүй учир Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 352 дугаар зүйлийн 352.2.3, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу Б ХХК-д “Орчлон коснтракшн” ХХК-аас ажлын хөлсөнд илүү төлсөн 56,194,288 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

А ХХКК-ийн шинжээчийн дүгнэлтийн дагуу нэхэмжлэлийн дүнг багасгасан бөгөөд 56,194,288 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хийгдсэн ажил тоо хэмжээг харилцан тохиролцсон ч шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан төсвийг зохиосон этгээдийн төсөвчний тамга тэмдэг байхгүй, материалын үнэлгээг илт бууруулсан, ажлын тоо хэмжээ тусгагдсан ч материалын зардалд 0 төгрөг орсон, бүхэл нэгжээр илэрхийлэгддэг материалыг бутархай нэгжээр илэрхийлсэн, шаардлагагүй материалуудыг хасаж төсөвт тохируулга хийгээгүй зэрэг алдаа дутагдалтай зүйлс их байна.

Иймд А ХХКК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Мөн хоолойн ажлыг хийх боломжгүй нөхцөл байдал үүссэнээс хийгдээгүй нь манай байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болоогүй бөгөөд хоолойг солихоос бусад бүх газар шорооны ажил нь хийгдсэн. Үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн байхад нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзах эрхгүй, мөн доголдолтой гэж нэхэмжлэх эрхгүй. Учир нь тухайн ажлыг гүйцэтгээд улсын комисс хүлээн авч, өнөөдрийг хүртэл доголдолгүй хэвийн байгаа гэжээ.

 

3. Хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, агуулга:

Манай байгууллага нь 2017 онд 17/05 дугаартай гэрээ, 59 дүгээр цэцэрлэгийн гадна шугам зөөх нэмэлт ажлын гэрээний дагуу О ХХКК-ын барьсан Баянзүрх дүүрэгт орших Хайя Апарт /Нi apart/ хотхоны гадна ус дулаан хангамжийн шугамын ажлыг хийж гүйцэтгэсэн. 2017 онд барилгын газар доорх шугамын ажил /ажлын зургийн ДХ2-аас ДХ3 цэгийн хооронд, Баянзүрх дүүргийн 59 дүгээр цэцэрлэгийн гадна дулааны шугамыг зөөх/ ажил бүрэн хийгдэж дууссан. 2018 онд ажлын зургийн ДХ1 цэгээс ДХ2 цэгийн хооронд хуучин байгаа 200мм шугамыг 250 мм болгож өргөтгөх ажил хийгдсэн.

Уг ажил нь Баянзүрх зах руу эргэдэг зам дээр хийгдсэн бөгөөд зам сэтлэх зөвшөөрлийг Нийслэлийн авто замын газраас авч дулааны шугамын тэг зогсолттой уялдуулан зам доорх ажлыг хийсэн. Зургийн дагуу авто замыг ухан газар доорх сувгуудын тагийг сөхөж өмнө нь байсан нийт 55 метр хос ф200 мм-ын шугамыг тасдаж, дулаалгыг буулган гаргаж ф250 мм-ийн хоолойг шинээр сүвлэж угсрах гэсэн боловч төв зам доор одоо байгаа цэвэр ус хангамжийн шугамууд тээглэсэн, дулааны сувгууд нь зөрсөн байснаас шугам багтахгүй байсан. Уг асуудлыг УБДС ТӨХК-ийн инженер Аригун, О ХХКК-ийн хяналтын инженер н.Чимэдцэеэ, зургийн авто болох “ASELTE” ХХК-ийн захирал Ж.Амарсанаа бүгд үзэж шалгасан.

О ХХКК-ийн захирал Ганзоригт бодит байдлыг хэлсэн. Нэгэнт ф250 мм-ийн шугам угсрах боломжгүй болсон тул буулгасан шугамыг шинээр солих хүртэл санал тавьсан боловч ямар нэгэн хариу мэдэгдээгүй. Буулгасан ф200 мм шугамыг буцаан угсарсан. Ажлын явцад дараах гэрээний үнийн дүнд тусгагдаагүй ажлууд нэмэлтээр хийгдсэн: Үүнд

1.Зураг төсөвт тусгагдаагүй П хэлбэрийн компенсаторыг шинээр хийсэн. /Гэрээний төсөвт тусгагдаагүй/.

2.Ухаж гаргахад эвдэрсэн байсан хуучин Л7-ийн таг 4 ширхэгийг шинээр сольсон. /Гэрээнд тусгагдаагүй/.

3.ДХ-2 худгийн оролт дээр шугам нь зэврээд цоорсон байсныг 12м ф200мм шугам шинээр сольсон.

4.Хуучин шугамыг полиуритан дулаалгаар дулаалах боломжгүй, сувагт багтахгүй тул сүвлэж болохгүй дулаалга эвдрэх аюултай байсан тул корунд буддаг дулаалгаар шинээр бүгдийг будаж дулаалж угсарсан.

5.Бүх ухсан авто замыг нөхөн сэргээлтийг “Танкштелле” ХХК-аар мэргэжлийн байгууллагаар нь хийлгэсэн ба нөхөн сэргээлтийн ажлыг 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгсөн.

Шугамыг шинээр солихоос бусад бүх ажил, ажлын процесс төсвийн дагуу хийгдсэн шинээр нэмэлт ажлууд /1,2,3 дугаар зүйлд/ ч мөн хийгдсэн.

Тухайн барилгын ажил бүрэн дуусч 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Улсын комисст хүлээлгэн өгсөн бөгөөд өнөөдрийг хүртэл тус Хайя Апарт /Нi apart/ орон сууц нь үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Бид Улсын комисст хүлээлгэж өгсний дараа үлдэгдэл санхүүжилт авахын тулд тооцоо нийлэх шаардлагатай байсан бөгөөд гүйцэтгэх захирал н.Ариунаатай удаа дараа холбогдох гэсэн боловч утсаа аваагүй тул тооцоо нийлж чадаагүй үлдэгдэл санхүүжилтийг нэхэмжлэх боломжгүй байсан.

Тус хоёр ажлын гэрээний дүн 200,000,000 төгрөгт тохирсон ба нийт санхүүжилт нь гэрээний үнийн 80 хувь буюу 160,000,000 төгрөгийг тус байгууллага 2017 онд олгосон. Үлдэгдэл 20 хувь буюу 17/05 гэрээний үлдэгдэл 32,000,000 төгрөг, 59 дүгээр цэцэрлэгийн гадна дулааны ажлын үлдэгдэл 8,000,000 төгрөг нийт 40,000,000 төгрөгийн санхүүжилт хийгдээгүй дутуу байгаа. Уг ф250 мм шугам сувагт багтаагүй асуудал нь биднээс үл хамаарах асуудал бөгөөд бид гэрээ, зураг төслийн дагуу хийх ёстой ажлаа бүрэн гүйцэтгэсэн. Төсөвт ф250 мм хоолойн өртөг 11,400,000 төгрөгөөр тусгагдсан байсан тул уг шугам хоолойн үнийг хасаж, нийт үлдэгдэл болох 28,600,000 төгрөгийг гэрээний дагуу санхүүжүүлэхийг тус компаниас нэхэмжилж байна.

Мөн бидний ашигласан материалын зардлыг өөр дүнгээр, хямдаар үнэлж гаргасан тооцоо учир төсөв дээр зөрүү гараад байна.

Иймд ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 28,600,000 төгрөгийг О ХХКК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч Б ХХК нь 1 дүгээр гэрээгээр 160,000,000 төгрөгийн ажил, 2 дугаар гэрээгээр 40,000,000 төгрөгийн нийт 200,000,000 төгрөгийн ажлыг гүйцэтгэхээр буюу 128,000,000 төгрөг, 2 дугаар гэрээний урьдчилгаа 80 буюу 32,000,000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан.

Сөрөг нэхэмжлэлд дурдсан 2 дугаар гэрээ буюу 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Баянзүрх дүүргийн, 6 дугаар хороо, цэцэрлэгийн барилгын гадна ус, дулаан хангамжийн шугамын шинэчлэл хийх гэрээт ажлын гүйцэтгэлийг А ХХКК-ийн гаргасан дүгнэлтээр

1. 44м урт траншей ухаж, төмөр бетон тагтай төмөр бетон угсармал суваг суулгаж, ф76мм-ийн 3 ширхэг ган хоолой дулаалж тавьсан,

2. Дулааны худаг 1 ширхэг шинээр хийсэн, 2м*1.8м хэмжээтэй 2м гүнтэй блокон ханатай төмөр бетон хучилт, төмөр тагтай,

3. Худаг хаалт 3 ширхэг, хий авагч 3 ширхэг, эргэлт 1 ширхэг, ус буцалгагч тус тус хийсэн байна.

Б ХХК нь О ХХКК-тай байгуулсан 2 дугаар гэрээний дагуу 37,577,074 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна гэж шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээч дүгнэсэн байна.

Хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтээс үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагч Б ХХК-аас 56,194,288 төгрөгийг гаргуулан авах, О ХХКК нь 5,577,074 төгрөгийг Б ХХК-д төлөх тооцоолол гаргасан байх тул эдгээр өглөг авлагын тооцоог хооронд нь хаахад О ХХКК нь Б ХХК-аас 50,617,214 төгрөгийг гаргуулан авах хууль зүйн үндэслэлтэй. Мөн хариуцагч тал материалын зардлыг хэт өндрөөр үнэлж нэхэмжилж байгаа тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК-аас 44,823,839 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О ХХКК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 11,370,449 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжпэгч О ХХКК-аас 8,000,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Б ХХК-д олгож, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжпэлийн шаардлагаас 20,600,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 797,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 382,069 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжпэгчээс 142,950 төгрөгийг гаргуулж, хариуцагчид олгож шийдвэрлэсэн байна.

 

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйл 343.1 дэх хэсэгт заасны дагуу Б ХХК нь гэрээний дагуу ажлыг зохих хугацаанд хийж гүйцэтгэсэн ба ажил гүйцэтгэгчээс үл хамааран 200 диаметртэй шугамыг 250 болгон өргөтгөх боломжгүй байсан талаар шинжээчийн дүгнэлтэд дурдсан. Гэтэл шүүхээс тухайн ажилд гарсан бодит зардлыг шинжээчийн дүгнэлтэд үндэслэн тооцож зах зээлийн зарчим, талуудын гэрээнд дурдсан үнийн саналыг үл харгалзан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнд туйлын гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангасан шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Эхний шинжээчийн дүгнэлт гарсан, 2 дахь шинжээчийн дүгнэлт хариуцагч талын хүсэлтээр хийгдсэн. Тухайн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, гомдол гаргаагүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Талууд шинжээчээр ажилласан төсөвчнийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан боловч оролцуулах шаардлагагүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой гэсэн хүсэлт гаргаад шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэж шийдвэр гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

1. Нэхэмжлэгч О ХХКК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан ажлын хөлсөнд илүү төлсөн 56,194,288 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 28,600,000 төгрөг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

2. Анхан шатны шүүх дараах үйл баримтыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөв тогтоосон байна.

2.а. О ХХКК нь Б ХХК-тай байгуулсан 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо Хайя Апарт /Нi apart/ орон сууцны барилгын гадна ус, дулаан хангамжийн шугам угсралтын ажлын гэрээгээр ажлыг “УБДС” ТӨХК болон авто зам хаах зөвшөөрөл гарсан өдрөөс эхлүүлж ажлын 5 хоногт хийж гүйцэтгэн захиалагчид актаар хүлээлгэж өгөх, ажлын нийт өртөг 160,000,000 төгрөг, гэрээ батлагдсны дараа үнийн дүнгийн 80 хувь болох урьдчилгаа 128,000,000 төгрөг, ажил дууссаны дараа 20 хувь болох 32,000,000 төгрөгийг шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон. /1хх9-12/

 

2.б. Мөн О ХХКК нь Б ХХК-тай байгуулсан 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Цэцэрлэгийн барилгын гадна ус, дулаан хангамжийн шугамын шинэчлэлийн ажлын гэрээгээр ажлыг “УБДС” ТӨХК болон авто зам хаах зөвшөөрөл гарсан өдрөөс эхлүүлж ажлын 5 хоногт хийж гүйцэтгэн захиалагчид актаар хүлээлгэж өгөх, ажлын нийт өртөг 40,000,000 төгрөг, гэрээ батлагдсаны дараа үнийн дүнгийн 80 хувь болох урьдчилгаа 32,000,000 төгрөг, ажил дууссаны дараа 20 хувь болох 8,000,000 төгрөгийг шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон байна./1хх 29-32/

2.в. Дээрх гэрээний дагуу авто замыг ухаж газар доорх сувгуудын тагийг сөхөж өмнө нь байсан нийт 55 метр хос ф200 мм-ын шугамыг тасдаж, дулаалгыг буулган гаргаж ф250 мм-ийн хоолойг шинээр угсрах байсан боловч төв зам доор өмнө  байсан цэвэр ус хангамжийн шугамууд тээглэсэн, дулааны сувгууд нь зөрсөн байснаас шугам багтахгүй байснаас шалтгаалж, буулгасан ф200 мм шугамыг буцаан угсарсан байна.

 

2.г. 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлтээр, Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан өндөр төвөгшилтэй ангиллын 16 давхар, 52 авто машины давхар дулаан зогсоол, үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилга байгууламж ашиглалтанд оруулсан байна. /1хх35-36/

 

3. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

4. Хариуцагч Б ХХК нь нэхэмжлэгч О ХХКК-аас дээрх 2 гэрээний дагуу нийт 160,000,000 төгрөг хүлээн авсан талаар маргаагүй байх бөгөөд талууд гэрээгээр тохиролцсон ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн эсэхэд маргасан байна.

 

5. А ХХКК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 476 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Б ХХК нь 17/05 дугаартай, нийт 160,000,000 төгрөгийн өртөгтэй гэрээт ажлаас 71,805,712 төгрөгийн үнэ, өртөг бүхий ажлыг, 40,000,000 төгрөгийн өртөгтэй цэцэрлэгийн барилгын ажлаас 37,577,074 төгрөгийн үнэ, өртөг бүхий ажлыг хийж гүйцэтгэсэн гэжээ.

 

6. Дээрх шинжээчийн дүгнэлтийг хариуцагч талаас мэргэшсэн төсөвчний эрхгүй этгээд дүгнэлтийг гаргасан тул эрх бүхий байгууллагаар дахин шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасны дагуу шүүхээс “Хөрөнгийн үнэлгээ төв” ХХК-аас дүгнэлтийг гаргахдаа тусгай зөвшөөрөлгүй этгээд оролцсон, шинжээч үнэлгээний зүйл, обьекттой танилцаагүй гэх үндэслэлээр Л ХХК-ийг дахин шинжээчээр томилсон байна./2хх 121-132/

 

6.а. Л ХХК-аас 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаартай дүгнэлтээр Б ХХК-ийн Хайя Апарт /Нi apart/ орон сууцны барилгын гадна дулааны шугамын ажлаас төслийн дагуу хийгээгүй ажлын төсвийг 84,690,953 төгрөг, хийсэн ажлын төсөвт өртгийг 83,176,161 төгрөг гэсэн ажлын гүйцэтгэлийн дүн /2хх 147,162/-г үндэслэн дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл болон хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэснийг буруутгахгүй./2хх146-208/

Учир нь, хариуцагч талаас дээрх гэрээт ажлуудыг хийж гүйцэтгэхдээ өөрсдөө төсөв хийж нэхэмжлэгч талд гаргаж өгсөн, нэхэмжлэгч талтай тохиролцсон байсан гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг татгалзсан үндэслэлээ нотлоогүй, нотлох баримтаа ирүүлээгүй байх тул хийгдсэн ажилд гарсан бодит зардлыг шинжээчийн дүгнэлтийг үндэслэн тооцож, зах зээлийн зарчим, талуудын гэрээнд дурдсан үнийн саналыг үл харгалзсан гэх хариуцагчийн гомдлыг хангахгүй.

 

7. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулсан 17/05 дугаартай гэрээний дагуу 128,000,000 төгрөгийн санхүүжилтийг хариуцагч талд олгосноос, бодит хийгдсэн ажлын 83,176,161 төгрөгийг хасаж, 44,823,839 төгрөгийг хариуцагч Б ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч О ХХКК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,370,449 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцнэ.

 

7.а. Түүнчлэн, хариуцагч Б ХХК нь гэрээгээр тохиролцсоноос илүү  үнэтэй барилгын материал хэрэглэсэн тухайгаа хариуцагч нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

7.б. Талууд цэцэрлэгийн ажлын гүйцэтгэлийн талаар анхан шатны шүүх дээр маргаагүй, хариуцагч татгалзлалаа баримтаар нотлоогүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас гэрээгээр тохиролцсон ажлын хөлсний үлдэгдэл 8,000,000 төгрөгийг гаргуулж сөрөг нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэснийг зөв гэж үзэх тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

8. Харин, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийн зүйл заалт баримтлаагүй алдааг засаж өөрчилнө.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2023/03385 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад

“нэхэмжлэгч” гэсний өмнө “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан” гэж нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 382,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ЗОЛЗАЯА

 

       ШҮҮГЧИД                                    М.БАЯСГАЛАН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ