Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
Хэргийн индекс | 133/2016/00211/и/ |
Дугаар | 227 |
Огноо | 2016-07-01 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 227
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгонд оршин суух, Жалайр Энхзаяагийн Бадмаагаравын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Цогт сумын Төгрөг багт оршин суух, Батмөнхийн Батбаатарт холбогдох
Эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Бадмаагарав, хариуцагч Б.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Бадмаагарав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энхзаяагийн Бадмаагарав миний бие 2014 онд Б.Батбаатартай танилцаж хамт амьдарч байсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүү Дэлгэрхангай төрсөн. Дэлгэрхангай төрсөн цагаас хойш нэг ч удаа эргэж тойроогүй цаашид энэ хүнтэй хамт амьдрах боломжгүй болсон тул хүү Дэлгэрхангайн эцэг мөн болохыг тогтоож өгч хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч Б.Батбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Батмөнх овогтой Батбаатар миний бие хүү Б.Дэлгэрхангайг өөрийн хүүхэд мөн болохыг хүлээн зөвшөөрч, цаашдаа хамтран амьдрах хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч Э.Бадмаагаравын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Э.Бадмаагарав нь хариуцагч Б.Батбаатарт холбогдуулан эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Э.Бадмаагарав, хариуцагч Б.Батбаатар нар 2014 онд танилцаж, тэдний дундаас 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүү Бадмаагаравын Дэлгэрхангай төрсөн болох нь зохигчдын харилцан зөрүүгүй, хариуцагчийн хүүхдийн эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбараар тогтоогдож байна.
Зохигчид тусдаа амьдарсан хугацаанд хүү Б.Дэлгэрхангай эхийн асрамжинд байсан, хариуцагч Б.Батбаатар үр хүүхдээ тэжээн тэтгэхэд оролцоогүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Хэдийгээр хариуцагч эцэг нь мөн болохоо хүлээн зөвшөөрсөн хэдий ч шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэх хүртэл зохигчид эвлэрээгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаагүй байх тул шүүх хуралдааныг ердийн журмаар явуулж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүсэх бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, 25 дугаар зүйлийн 25.3-т зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг, эх хүлээхээр тус тус заасан тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг тус тус баримтлан 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн Жалайр Бадмаагаравын Дэлгэрхангайг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Батмөнхийн Батбаатараас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Батбаатараас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Бадмаагаравт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Батбаатараас хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон 22.283 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг тус тус баримтлан 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн Жалайр Бадмаагаравын Дэлгэрхангайг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Батмөнхийн Батбаатараас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг баримтлан хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Чанцалдуламд даалгасугай.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Э.Бадмаагаравт даалгасугай.
4. Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Б.Батбаатар нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Батбаатараас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Бадмаагаравт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Батбаатараас хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон 22.283 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН