Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 315

 

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

Нарийн бичиг Э.Энх-Учрал,

улсын яллагч А.Ганзориг ,

шүүгдэгч Б.Н , түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Б.Н холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 201726020565 дугаартай 5 хавтаст хэргийг 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2019 оны 3 дугаар сарын 11-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хас овогт Б  Н р, Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Батсарай” ХХК-д бармен ажилтай, ам бүл 4, ээж, аав, хүүхдийн хамт амьдрах, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 2 дугаар гудамжны 3 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Н нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хермес” худалдааны төв дотор иргэн Т.Нарангэрэлийн гар утас руу 99294087 дугаартай утсаар залгаж “...Чимгээ байна, манай ээж Наранцэцэг нь элэгний хорт хавдартай болсон, мөнгө хэрэгтэй байна..." гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг улмаар 5092081827 дугаартай дансаар шилжүүлэн нийт 1.800.000 төгрөгийг залилан авсан,

-2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Сайнжаргалын гар утас руу 99294087 дугаартай утсаар залгаж "... охин Оюун-Эрдэнэ чинь байна, миний бие өвдсөн тул мөнгө хэрэгтэй байна...” гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсны улмаас Б.Сайнжаргал нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хороололд байрлах "Хаан банк”-ны салбараас өөрийн өмчлөлийн эд хөрөнгө болох 500.000 төгрөгийг 5153070272 дугаарын дансанд шилжүүлснийг залилан авсан,

-2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймгийн 1 дүгээр микроны нутаг дэвсгэрт иргэн Ч.Түмэндэмбэрэлийн гар утас руу 99294087 дугаартай утсаар залгаж “...Чулуунаа байна, найзад нь мөнгө хэрэгтэй байна...” гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсны улмаас Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгойдын 30 дугаар гудамж 20 тоотоос өөрийн өмчлөлийн эд хөрөнгө болох 300.000 төгрөгийг 5153070272 дугаарын данс руу иргэн Ч.Түмэндэмбэрэл нь төрсөн хүү Т.Мөнхбаярын данснаас шилжүүлснийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ:

   Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч Т.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “Хермес” худалдааны төвд байж байтал над руу 99294087 дугаараас эмэгтэй хүн залгаад “сайн уу” гээд мэндлэхээр нь би тухайн үед “сайн Чимгээ юу” гээд л мэндлэхдээ асуусан юм шиг санагдаж байна. Тэгтэл тэр хүн өө Чимгээ байна гээд надтай ярьж байгаад “ээжийн бие муудаад эмнэлэг рүү явж шинжилгээ өгөх гэж байна” гэж хэлсэн. Тэгээд өөрийнхөө дугаараас залгахгүй яасан юм бэ гэхэд “энэ үнэгүй ярьдаг дугаар байгаа юм, найзынхаа дугаараас ярьж байна” гэж хэлж байсан. Тэгээд тэр эмэгтэй өдөр нь над руу дахин залгаад “ээжийн шинжилгээний хариу гарсан, элэгний хорт хавдартай гэж гарсан, цус алдаад тогтохгүй байна, яаралтай мөнгөний хэрэгтэй байна, ээж хажууд байгаад байна ярьж болохгүй байна, мэссэжээр харьцая” гэж хэлсэн. Тэгээд надаас 400.000 төгрөг хэрэгтэй байна, боломж байвал 500.000 төгрөг шилжүүлчих гээд 5092081827 гэсэн дугаарын данс өгөөд нэг хүний нэр хэлээд манай найзын данс гэхээр нь би “яагаад өөрийнхөө дансыг өгөхгүй байгаа юм бэ” гэхэд “би картаа машинд залгиулчихсан гэлүү, гацаад гэлүү нэг шалтаг хэлээд наад данс чинь манай найзын данс байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд хоолой нь нэг л сонин дуугаараад байхаар нь чи хоолой чинь яачихсан юм бэ гэхэд “шүд өвдөөд хавдчихсан чинь өөр дуугараад байна” гэж хэлж байсан. Тэгээд би 5092081827 дугаарын данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд над руу ээж өвдөөд энэ тэр гэсэн мэссэж бичээд, би ч өөдөөс нь мэссэж бичиж байхад тэр эмэгтэй “ээжийн хамраас цус гараад байна, хажууд нь ярьж болохгүй байна, та 1.300.000 төгрөг шилжүүлчихээч, ховор эм авах гэсэн чинь мөнгөний хэрэг байна маргааш буцаагаад өгчихөе" гэхээр нь би 1.300.000 төгрөгийг тэр эмэгтэйн данс руу шилжүүлсэн. Тэгээд би орой нь Чимгээ рүү залгаад ярьсан чинь Чимгээ “би тантай яриагүй шүү дээ, ээж зүгээр байгаа, би танаас мөнгө төгрөг аваагүй” гэхээр нь залилуулсанаа мэдсэн.

Тэгээд цагдаад хандаад уг эмэгтэйг барьж авахаар болоод тэр эмэгтэй рүү залгасан чинь утсаа авахаар нь би “юу болж байна” гэхэд тэр эмэгтэй “эмнэлэгт байна” гэхээр нь би “өө тийм үү өшөө мөнгө төгрөг хэрэг болно шүү дээ дахиж мөнгө төгрөг хэрэгтэй болвол хэлээрэй” гэж хэлээд салгасан. Тэгтэл хэсэг хугацааны дараа тэр эмэгтэй над руу “ээжийн бие тааруу байна, мөнгө хэрэгтэй байна, их мөнгө орох юм шиг байна” мэссэж бичихээр нь би “за эгч нь мөнгө зохицуулая” гэж хэлээд тэр өдөржин мэссэж бичээд маргааш нь мэссэж бичиж байхдаа “эгч нь мөнгөө юань болгочихлоо, дэлгүүр дээр орлого мөнгө 2.5 сая төгрөг бэлдчихлээ, би өнөөдөр суудлаар урагшаа явлаа, би байхгүй учир чи очоод худалдагчаас миний нэрийг хэлээд авчих” гэж хэлсэн чинь тэр эмэгтэй худалдагчийн дугаарыг надаас авсан. Тэгээд мөнгө авах гээд ирэхэд нь барьж авсан чинь Насанбаяр гэх эмэгтэй нь орж ирсэн...тэр эмэгтэйг Чимгээ дүүгээ юм байх гэж бодоод Чимгээ юу гэсэн чинь Чимгээ байна гээд яриад эхэлсэн санагдаж байна. Тэгээд ярьж байхад хоолой нь нэг л сонин Чимгээгийн хоолой биш юм шиг сонсогдоод байхаар нь хоолой чинь яасан юм бэ гэж асуухад тэр эмэгтэй хэлэхдээ шүд өвдсөн гэж хэлж байсан...Би нийтдээ 1.800.000 төгрөг шилжүүлсэн...гэжээ. /1хх-14-16,5хх-114-115/,

Гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

...10 дугаар хороололд байх Хермес төв рүү хүнээс мөнгө авахаар явсан. Тэгээд явж байтал Нандин-Эрдэнэ залгаад "банкны картаа авая” гэж ярьсан. Тэгтэл Насанбаяр “өө ашгүй Нандин-Эрдэнийг оруулчихая, намайг орохоор захирал байх юм бол цалин өгөхийн хооронд мөнгөө нэхээд байсан гээд уурлаад байна байх” гэж хэлж байсан ба Нандин-Эрдэнийг Хермес төв дээр ирээд картаа авчих гэж хэлсэн. Тэгээд Нандин-Эрдэнэ ирсэн чинь Насанбаяр түүнийг ороод хүнээс мөнгө аваад өг гэж хэлсэн чинь Нандин-Эрдэнэ залхуураад байгаа бололтой орохгүй байсан. Тэгээд Насанбаяр өөрөө мөнгөө авахаар орсон санагдаж байна. Тэгээд удаагүй буцаж гарч ирэхдээ цагдаатай гарч ирсэн. Би тухайн үед Насанбаярыг залилан хийсэн гэж мэдээгүй байсан учир их гайхаад л өнгөрсөн ...99294087 дугаарыг...анх 2017 оны 01 дүгээр сарын орчимд Насанбаяртай хорооллын орчимд явж байгаад захаас авсан санагдаж байна. Тэгээд уг дугаарыг Насанбаяр байнга барьж байсан. Нандин-Эрдэнэ уг дугаарыг барьж байгаагүй...гэжээ. /5хх-125-126/,

Хохирогч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 99294087 гэсэн дугаараас манай охин Оюун-Эрдэнийн нэрийг барьж “Ээжээ охин чинь хоолой өвдөөд байна, нөгөө авахуулсан шүд чинь өвдөөд байна” гэж хэлэхээр нь би өөрийн охиноо байна гэж итгэчихсэн, манай охин саяхан шүд нь өвдөөд шүдээ авахуулсан, шүдээ эмчлүүлж байсан юм. Манай охин орчуулагч хийдэг, Солонгосоос 4-5 хүн ирсэн гээд Тэрэлж явчихсан байсан юм. Тэгээд тэр  өдөр над руу 99294087 гэсэн дугаараас залгахаар нь би өөрийн охин мөн байна гэж бодсон юм. Манай охины хоолой нь өвдчихсөн ханиад хүрчихсэн байсан, хоолой нь танигдахгүй сөөчихсөн чагна ярьж чадахгүй байдалтай байсан юм.Тэгээд ярихдаа “Ээжээ та надаа 500.000 төгрөг дансаар явуулчих” гээд /5153070272/ Хаан банкны данс явуулахаар нь би шууд гэрээсээ гараад Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо Содон хороолол Хаан банкны салбар дээрээс 500.000 төгрөг явуулчихсан юм. Тэгээд би 99294087 гэсэн дугаарт залгасан чинь тухайн дугаар нь холбогдохгүй болчихсон байсан юм. Би тэгээд маргааш нь өөрийн охины гар утасны дугаар болох 96888823 дугаарт залгаад яриад “мөнгөө авсан уу, ээж нь мөнгийг нь явуулчихсан шүү” гэж хэлсэн чинь “ээжээ юу яриад байгаа юм бэ, би тэгэж яриагүй шүү дээ, надад мөнгө байгаа” гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан юм...гэжээ. /1хх-89-90/,

Хохирогч Ч.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр намайг Орхон аймаг 1-р микрт байж байхад 99294087 дугаараас залгахаар нь авсан чинь нэг эмэгтэй хүн “сайн уу хө” гэхээр нь би “сайн хэн бэ” гэхэд тэр эмэгтэй “чи намайг танихгүй байна уу” гээд инээгээд байсан юм. Тэгэхээр нь сонссон чинь миний танил Чулуунаатай дуу хоолой нь адилхан сонсогдоод байхаар нь “Чулуунаа юу” гэж асуухад тэр эмэгтэй “тийм байна, Чулуунаа байна, найзад нь 200.000 төгрөг хэрэгтэй байна, орой өгчихөе” гэж хэлсэн. Тэгээд надад тухайн үед мөнгө байхгүй байсан учир би “хүүхдээсээ асуугаад өгөе” гэж хэлсэн. Тэгээд би хүү Мөнхбаяраас “Чулуунаад мөнгөний хэрэг болоод байна гэнээ, мөнгө байна уу” гэж асуухад Мөнхбаяр “мөнгө байгаа” гэж хэлсэн. Тэгтэл нөгөө 99294087 дугаараас над руу залгаад “мөнгө олдох нь уу, ахиад 100.000 төгрөг нэмээд 300.000 төгрөг болгоод өгчих” гэж хэлэхээр нь би “за” гээд салгасан. Тэгтэл тэр дугаараас над руу 5153070272 дугаарын Махсумъяа гэх хүний дансыг явуулаад энэ данс руу хийчих гэсэн. Тэгээд би тэр дугаар луу нь залгаад өөрийн хүү Мөнхбаярын утасны дугаарыг өгөөд “энэ дугаар луу наад дансаа явуулчих” гэж хэлээд хүүдээ мөн “одоо нэг дансны дугаар чам руу явуулна, тэр данс руу 300.000 төгрөг хийчих” гэж хэлсэн. Тухайн үед манай хүү Мөнхбаяр нь амарч байсан ба гэртээ байж таарсан учир өөрийн гэртээ буюу Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын 30 дугаар гудамж 20 тоот хашаанд байх гэрээсээ 2017 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр уг 5153070272 дугаарын данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн юм.

Уг Насанбаяр гэх эмэгтэй надаас уучлалт гуйсан. 300.000 төгрөгийг буцааж хүлээлгэн өгсөн учир надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэжээ. /1хх-180-181, 5хх-117-118/,

Гэрч Т.Мөнхбаяр мөрдөн  шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

...Уг явдлаас өмнө би ээжээс мөнгө зээлсэн байсан юм. Тэгээд уг өдөр ээж мөнгө асуугаад тэр хүн рүү шилжүүлчих гэхээр нь би зөвшөөрөөд 300.000 төгрөг  уг данс руу шилжүүлсэн . Нэг ёсондоо ээжид өрөндөө өгөх мөнгөнөөс өгсөн болохоор тэр мөнгө ээжийн мөнгө гэж ойлгож болно. Уг мөнгийг ээж Түмэндэмбэрэл нь захиран зарцуулах эрхтэй...гэжээ. /5хх-119/,

Гэрч Б.Махсумъяа мөрдөн  шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

...Доржготовын Мөнхбат гэх залуутай 2012 онд Дарь эхэд байрладаг Салбарын хорих анги 441 дүгээр хорих ангид хоригдож байхдаа танилцаж байсан, залуугийн дүү гээд намайг С.Насанбаяр гэх охинтой намайг танилцуулж байсан юм. Тэр үеэс таньдаг болсон, хааяа над руу залгаад “ахаа унаа хэрэг болоод байна, туслаач” гэж надаас тусламж авдаг байсан юм. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр С.Насанбаяр нь миний гар утасны дугаарт залгаад “ахаа та надаа Хаан банкны картаа өгч байгаач, би хэрэглэж байгаад буцаагаад өгье” гэж гуйгаад байхаар нь би С.Насанбаяртай Сонгинохайрхан дүүргийн Цамбагаравын автобусны буудал дээр уулзаж картаа өгсөн юм. Миний картыг буцааж өгөх талаараа хэлээгүй, аваад явсан юм. 2017 оны 01 дүгээр сарын 10-ны орчим “Орхон аймгийн цагдаагаас ярьж байна, та ирж уулз” гэж хэлэхээр нь би маргааш очиж уулзъя гээд Орхон аймгийн цагдаагийн газар дээр Мөрдөн байцаагч цагдаагийн ахмад Сумъяахүү гэх хүн хүлээж аваад уулзсан, юу болсон талаар асуусан “чинь таны Хаан банкны /5153070272/ тоо дансаар 300.000 төгрөг бусдаас залилан авсан байна” гэж надад хэлсэн юм. Тэгээд би С.Насанбаяр гэх охинд өгсөн талаараа хэлсэн, надаас карт гуйж авсан мессежний зургийг нь өвч өгсөн юм. Тэгээд С.Насанбаярыг чамтай холбоо барих юм бол барьж өг гэж хэлэхээр нь би өөрийн Хаан банкны картаа гаднаас мөнгө оруулаад картнаас мөнгө гаргахгүй болгосон чинь С.Насанбаяр нь над руу залгаад “би картнаас мөнгө авах гэсэн чинь болохгүй байна, та Хаан банкин дээр очоод та аваад өгөөч” гэж гуйхаар нь за гэж хэлээд ахмад Сумъяахүуд одоо С.Насанбаяртай уулзахаар боллоо гэж хэлсэн чинь одоо би хүн явуулчихъя гээд Баянгол дүүргийн цагдаагийн 2 алба хаагч ирээд барьж аваад явсан юм...гэжээ. /1хх-92-94/,

Шүүгдэгч  Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

...Би 99294087 дугаарыг барьдаг байсан юм. Тэгээд нэг өдөр би уг дугаараас ямар ч хамаагүй дугаарууд руу дугаар зохиож залгаж байсан чинь уг хэргийн хохирогч Сайнжаргал гэх эмэгтэй хүн аваад ярьсан ба “өө миний охин уу” гэхээр нь би “тийм байна, хоолой сөөчихсөн, мөнгөний хэрэг гараад байна, мөнгө шилжүүлээч” гэж хэлсэн чинь тэр хүн итгээд миний явуулсан данс руу дансанд 500.000 төгрөг шилжүүлсэн. Тэр өдрөөс өмнө нь би Махсумъяа гэх хүнээс картыг нь гуйгаад авчихсан байсан учир уг данс руу нь мөнгөө шилжүүлэн авсан юм...2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр би мөн л дээрхтэй адил 99294087 дугаарын утсаараа дугаар зохиож залгасан чинь нэг эмэгтэй хүн авахаар нь “ганц үлдсэн найз чинь байна” гэхэд нэг найзынхаа нэрийг хэлээд найзтайгаа андуураад яриад байхаар нь амыг нь дагуулж ярьж байгаад найзад нь яаралтай мөнгөний хэрэг гараад байна, мөнгө зээлээч гэхэд уг эмэгтэй нь “хүнээс асуугаад өгье” гэсэн ба 300.000 төгрөг над руу шилжүүлсэн. Уг мөнгийг мөн Махсумъяагийн дансаар нь авсан. Тэгтэл Махсумъяа ах картаа авая гэхээр нь билүү, карт нь ажиллахаа байчих луу би картыг нь өгөх гэж Төмөр замд очсон чинь цагдаа нар барьж авсан. Тэгэхэд мөнгийг нь үрээгүй картанд нь байсан учир уг хохирогч буцаан авсан. Тэр өдөр би өөрийн 99294087 дугаараас дугаар зохиож залгаж байсан чинь уг хэргийн хохирогч Нарангэрэл гэх эмэгтэй хүн аваад ярьсан ба намайг дүүтэйгээ андуураад яриад эхэлсэн юм. Намайг өөрийн дүү Чимгээ гэх хүнтэй андуураад яриад байхаар нь би “ээж хавдар тусчихсан байна, эмнэлгээр явж байна, мөнгөний хэрэг гараад байна” гэх мэтээр ярьж байгаад цувуулаад 1.800.000 төгрөгийг шилжүүлэн авсан...Нандин-Эрдэнэ уг гурван хэрэгт огт хамаагүй. Би хэргээ хүлээж байна...гэжээ. /1хх-21-24, 5хх-149-150/,

Шүүгдэгч Б.Н иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-137/, хохирогч Ч.Түмэндэмбэрэлд мөнгө хүлээлгэн өгсөн баримт /1хх-205/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-172-176/, хохирогч Т.Нарангэрэлд мөнгө хүлээлгэн өгсөн баримт /5хх-197/, хохирогч Т.Нарангэрэл, Ч.Түмэндэмбэрэл нарт хэргийн материал танилцуулсан  тэмдэглэл /5хх-198, 199/, Б.Насанбаярын талаарх лавлагаа болон төрсний гэрчилгээ, суурь боловсролын гэрчилгээ, сурагчийн хувийн хэрэг, оршин суугаа хаягийн тодорхойлолт /5хх-157-174/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-209/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Н-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Насанбаяр нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хермес” худалдааны төв дотор иргэн Т.Нарангэрэлийн гар утас руу 99294087 дугаартай утсаар залгаж “...Чимгээ байна, манай ээж Наранцэцэг нь элэгний хорт хавдартай болсон, мөнгө хэрэгтэй байна..." гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг улмаар 5092081827 дугаартай дансаар шилжүүлэн нийт 1.800.000 төгрөгийг залилан авсан, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Сайнжаргалын гар утас руу 99294087 дугаартай утсаар залгаж "... охин Оюун-Эрдэнэ чинь байна, миний бие өвдсөн тул мөнгө хэрэгтэй байна...” гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсны улмаас Б.Сайнжаргал нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хороололд байрлах "Хаан банк”-ны салбараас өөрийн өмчлөлийн эд хөрөнгө болох 500.000 төгрөгийг 5153070272 дугаарын дансанд шилжүүлснийг залилан авсан, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймгийн 1 дүгээр микроны нутаг дэвсгэрт иргэн Ч.Түмэндэмбэрэлийн гар утас руу 99294087 дугаартай утсаар залгаж “...Чулуунаа байна, найзад нь мөнгө хэрэгтэй байна...” гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсны улмаас Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгойдын 30 дугаар гудамж 20 тоотоос өөрийн өмчлөлийн эд хөрөнгө болох 300.000 төгрөгийг 5153070272 дугаарын данс руу иргэн Ч.Түмэндэмбэрэл нь төрсөн хүү Т.Мөнхбаярын данснаас шилжүүлснийг залилан авсан болох нь:

 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Н-н өгсөн “...би 5092081827 дугаарын данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн...1.300.000 төгрөгийг тэр эмэгтэйн данс руу шилжүүлсэн...Би нийтдээ 1.800.000 төгрөг шилжүүлсэн...гэх мэдүүлэг /1хх-14-16,5хх-114-115/,

 Гэрч Б.Ц-ий өгсөн “..Насанбаяр өөрөө мөнгөө авахаар орсон санагдаж байна. Тэгээд удаагүй буцаж гарч ирэхдээ цагдаатай гарч ирсэн. Би тухайн үед Насанбаярыг залилан хийсэн гэж мэдээгүй байсан учир их гайхаад л өнгөрсөн... уг дугаарыг Насанбаяр байнга барьж байсан...” гэх мэдүүлэг /5хх-125-126/,

Хохирогч Б.С- өгсөн “...Ээжээ та надаа 500.000 төгрөг дансаар явуулчих гээд /5153070272/ Хаан банкны данс явуулахаар нь би...500.000 төгрөг явуулчихсан...өөрийн охины гар утасны дугаар болох 96888823 дугаарт залгаад яриад “мөнгөө авсан уу, ээж нь мөнгийг нь явуулчихсан шүү” гэж хэлсэн чинь “ээжээ юу яриад байгаа юм бэ, би тэгэж яриагүй шүү дээ, надад мөнгө байгаа” гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэх мэдүүлэг /1хх-89-90/,

Хохирогч Ч.Т-ийн өгсөн “...2017 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр уг 5153070272 дугаарын данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /1хх-180-181, 5хх-117-118/,

Гэрч Т.Мөнхбаярын өгсөн “...Уг явдлаас өмнө би ээжээс мөнгө зээлсэн байсан юм. Тэгээд уг өдөр ээж мөнгө асуугаад төр хүн рүү шилжүүлчих гэхээр нь би зөвшөөрөөд 300.000 төгрөг  уг данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /5хх-119/,

Гэрч Б.Махсумъяагийн өгсөн “...би Б.Насанбаяртай Сонгинохайрхан дүүргийн Цамбагаравын автобусны буудал дээр уулзаж картаа өгсөн юм...гэх мэдүүлэг /1хх-92-94/,

Шүүгдэгч  Б.Н н өгсөн “...хохирогч Сайнжаргал гэх эмэгтэй хүн аваад ярьсан ба “өө миний охин уу” гэхээр нь би “тийм байна, хоолой сөөчихсөн мөнгөний хэрэг гараад байна, мөнгө шилжүүлээч” гэж хэлсэн чинь тэр хүн итгээд миний явуулсан данс руу дансанд 500.000 төгрөг шилжүүлсэн... 99294087 дугаарын утсаараа дугаар зохиож залгасан чинь нэг эмэгтэй хүн авахаар нь...амыг нь дагуулж ярьж байгаад найзад нь яаралтай мөнгөний хэрэг гараад байна, мөнгө зээлээч гэхэд уг эмэгтэй...300.000 төгрөг над руу шилжүүлсэн...хохирогч Нарангэрэл гэх эмэгтэй...намайг өөрийн дүү Чимгээ гэх хүнтэй андуураад яриад байхаар нь би “ээж хавдар тусчихсан байна, эмнэлгээр явж байна, мөнгөний хэрэг гараад байна” гэх мэтээр ярьж байгаад цувуулаад 1.800.000 төгрөгийг шилжүүлэн авсан...” гэх мэдүүлэг /1хх-21-24, 5хх-149-150/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар хуурч, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн бол ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.

Шүүгдэгч Б.Н үйлдсэн гэмт хэрэг нь хохирогч Т.Н, Б.Сл, Ч.Түмэндэмбэрэл, гэрч Б.Ц, Т.Мөнхбаяр, Б.М а нарын мэдүүлгүүдээр нотлогдож байх тул дээрх хуулийн нэр томъёонд хамаарч байна.

Иймд шүүгдэгч Б.Н  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгийг авч хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд шүүгдэгч Б.Н  нь хохирогч нарт хохирлыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болно.

Шүүгдэгч Б.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал, хөнгөн гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Н-т дээрхи зүйл, хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Н  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.