Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
Хэргийн индекс | 133/2016/00160/и |
Дугаар | 271 |
Огноо | 2016-08-05 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 271
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хас банкны Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Баянхайрхан багийн 10-17 тоотод оршин суух Шагдархүүгийн Цэдэнбал, Баатарын Сарангэрэл,
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум Харзат баг 14-9 тоотод оршин суух Сосорын Батмөнх нарт холбогдох
Зээлийн гэрээг цуцалж, зээл 40.000.000 төгрөг, хүү 13.970.235,91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 403.362,32 төгрөг, нийт 54.373.597,23 төгрөг, зээлийн гэрээг цуцалж, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд хүү тооцож, тэмдэгтийн хураамж 429.818 төгрөг зээлийн гэрээг нотариатаар баталуулсны төлбөр 50.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулах тухай иргэний хэргийг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлэн хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарантуяа, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Шагдархүү овогтой Цэдэнбал, Баатар овогтой Сарангэрэл, Сосор овогтой Батмөнх нар нь 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хас банкны Говь-Алтай салбартай байгуулсан 5001211620 тоот Зээлийн шугамын гэрээний дагуу 40.000.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 30%-ийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлдэгч зээлийн барьцаанд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 10 дугаар гудамжны 17 тоотод байршилтай, барьцаалуулагч Шагдархүү овогтой Цэдэнбал, Баатар овогтой Сарангэрэл нарын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0518000707 дугаар гэрчилгээтэй, 1016.13 м.кв өмчлөх эрхтэй газар, 5 ханатай гэр, зурагт 32 инч самсунг, Хөлдөөгч 2 хаалгатай цагаан, 20-43 ГАА улсын дугаартай УАЗ-2206 маркийн автомашин, гуравдагч этгээд болох Сосор овогтой Батмөнхийн эзэмшлийн Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Харзат баг 14-9 тоотод байрлах 50 м.кв 3 өрөө орон сууц зэргийг барьцаалуулсан. Зээлдэгч нь 5001211620 тоот зээлийн шугамын гэрээний 3.4-д заасны дагуу зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх үүргээ биелүүлээгүй, зээлийг зориулалт бусаар ашигласан. Банкны зүгээс зээлдэгч Шагдархүү овогтой Цэдэнбал, Баатар овогтой Сарангэрэл нартай удаа дараа уулзаж, зээлээ төлөх талаар мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24.3, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2, зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.4 дэх заалтын дагуу дараах шаардлагыг гаргаж байна. 1. 2016 оны 05 сарын 03-ны өдрийн байдлаар зээлдэгчийн 5001211620 тоот зээлийн шугамын гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 40.000.000 төгрөг, хүү 13.970.235,91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 403.362,32 төгрөг, нийт 54.373.597,23 төгрөг байгаа ба Зээлийн гэрээг цуцалж, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд хүү тооцож, тэмдэгтийн хураамж 429.818 төгрөг, зээлийн гэрээг нотариатаар батлуулсны төлбөр 50.000 төгрөгийн хамт зээлдэгчээс гаргуулж өгнө үү. 2. Барьцаа хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч нар нь 2014 оны 10 дугаар сард 40.000.000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 24 сарын хугацаатай авч ашигласан. Зээл авснаас хойш 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хэвийн хийж байгаад түүнээс хойш өнөөдрийг хүртэл эргэн төлөлт хийгээгүй. Зээлийн гэрээнд 3 сар дараалан зээлийн гэрээний дагуу төлөх ёстой хүү болон үндсэн төлбөрийг төлөөгүй тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах эрх банкинд үүсдэг. Хас банк 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 11 удаагийн дараалсан эргэн төлөлтийг хийгээгүй хугацааны дараа 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Үндсэн зээл 40.000.000 төгрөг, хүү 13.970.235,91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 403.362,32 төгрөг, нийт 54.373.597,23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нартай утсаар холбогдох, биечлэн уулзах, мэдэгдэх болон шаардах хуудсыг удаа дараа өгч ажилласан. Зээлдэгч нар нь ихэвчлэн хөдөө байгаа гэдэг шалтгаанаар олж уулзахад хүндрэлтэй байсан. Зээлдэгч нарын безнисийн үйл ажиллагаа зогссон. Тийм учраас безнисийн орлогоос орж ирэх мөнгө орж ирэхгүй байгаа учраас зээлийн төлбөрийг хийж чадахгүй байна гэж тайлбарласан. Учраас энэ байдлыг харгалзан хугацааг нь сунгах хүсэлтийг төв албандаа уламжилсан боловч дэмжигдээгүй. Өнөөдрийн байдлаар хугацаа хэтрэлт 490 хоногтой байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хас банкны Говь-Алтай салбар нь Ш.Цэдэнбал, Б.Сарангэрэл, С.Батмөнх нарт холбогдуулан 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5001211620 тоот зээлийн шугамын гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 40.000.000 төгрөг, хүү 13.970.235,91, нэмэгдүүлсэн хүү 403.362,32 нийт 54.373.597,23 төгрөг байгаа ба зээлийн гэрээг цуцалж, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд хүү тооцож, тэмдэгтийн хураамж 429.818 төгрөг, зээлийн гэрээг нотариатаар батлуулсны төлбөр 50.000 төгрөгийн хамт зээлдэгчээс гаргуулж, барьцаа хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Ш.Цэдэнбал, Б.Сарангэрэл нар нь эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 40.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай авсан болох нь 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5001211620 дугаартай зээлийн шугамын гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №5001211620 дугаартай барьцааны гэрээгээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбар нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэг болон зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.4 дэх заалтын дагуу зээлийн гэрээг цуцалж барьцаа хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Зээлийн шугамын гэрээний 5 дугаар зүйлд гэрээ цуцлах нөхцөлийг зохицуулсан байх бөгөөд 5 дугаар зүйлийн 5.1.1-д зээлдэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд хэсэгчлэн болон бүрэн биелүүлээгүй, 5.1.4-д зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа зогссон бол зээлдэгч гэрээнээс татгалзах эрхээ алдан банк нэг талын санаачилгаар гэрээг цуцалж зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг зээлдэгчээс шаардахаар заажээ.
Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.2.3 дахь хэсэгт заасан зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...банкны зүгээс зээлдэгч Шагдархүү овогтой Цэдэнбал, Баатар овогтой Сарангэрэл нартай уулзаж удаа дараа уулзаж зээлээ төлөх талаар мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна... гэх тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ гэж, 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ гэж, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар ...хариуцагч нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж, 38 дугаар зүйлийн 38.1-д зохигчид өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс 14 хоногийн дотор ...нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж тус тус заасан байх ба хариуцагч С.Батмөнх нь 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр, Ш.Цэдэнбал нь 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр, Б.Сарангэрэл нь 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр тус тус гардан авсан байгаа ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаа буюу 14 хоногийн дотор хариу тайлбараа ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэхээр заасан байна.
Хариуцагч Ш.Цэдэнбал, Б.Сарангэрэл нарт 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 10 цаг 00 минутад зарлагдсан шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг Б.Сарангэрэлд гардуулж, хариуцагч С.Батмөнхөд 99065574 дугаарын утсаар мэдэгдэхэд “...Улаанбаатар хотод явж байна. Тэр үеэр очно...” гэсэн боловч хариуцагч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгч талын гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг шийдвэрлэв.
Иймд хариуцагч Ш.Цэдэнбал, Б.Сарангэрэл нараас 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №5001211620 тоот зээлийн шугамын гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл, 40.000.000 төгрөг, хүү 13.970.235,91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 403.362,32 нийт 54.373.597,23 төгрөгийг гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас улсын тэмдэгтийн хураамж 429.818 төгрөг, зээлийн гэрээг нотариатаар батлуулсны төлбөр 50.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт нөхөн төлүүлэх шүүхийн зардал гэдэгт шинжээч, орчуулагч, хэлмэрч, гэрчийн тээвэр, байр, хоолны зардал, үзлэг хийх, туршилт явуулах, таньж олуулах ажиллагаа явуулахад гарсан зардал, эд мөрийн баримт хадгалах зардал, гэрчийн мэдүүлгийг очиж авсан зардлыг тус тус ойлгохоор заажээ.
Өөрөөр хэлбэл нотариатын зардал нь нөхөн төлүүлэх шүүхийн зардалд хамаарахгүй байна.
Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж тус тус заажээ.
Иймд нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлэхтэй холбогдон гарсан зардлыг хариуцагчаас шаардах эрхгүй байх тул зээлийн гэрээг нотариатаар батлуулсны төлбөр 50.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Таванбогд Шагдархүүгийн Цэдэнбал /РД:ДЛ65121710/, Хайрхан хан Баатарын Сарангэрэл /РД:ДЭ69021600/ нараас үндсэн зээл, 40.000.000 төгрөг, хүү 13.970.235,91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 403.362,32 нийт 54.373.597,23 төгрөгийг гаргуулан Хас банкны Говь-Алтай салбарт олгож, нэхэмжлэлээс хариуцагч С.Батмөнхөд холбогдох хэсэг болон зээлийн гэрээг нотариатаар батлуулсны хураамж 50.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 429.818 төгрөгийг улсын орлогод
5
хэвээр үлдээж, хариуцагч Ш.Цэдэнбал, Б.Сарангэрэл нараас 54.373.597,23 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 429.818 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбарт олгосугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-дзааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН