| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 102/2023/05523/И |
| Дугаар | 210/МА2024/00215 |
| Огноо | 2024-01-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2024/00215
2024 01 29 210/МА2024/00215
Ү.Л-, Ц.Б- нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2023/04414 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Ү.Л-, Ц.Б- нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч Т ХХК-д холбогдох,
8,075,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгч Ү.Л-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Ү.Л-, Ц.Б- нар нь Т ХХК-тай байгуулсан 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №D-01/15-83 дугаартай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр 54,59 талбайтай орон сууцыг худалдаж авсан. Гэтэл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр м.кв нь 53,26 гэж бичигдсэн байна. Т ХХК-тай 1 м.кв үнийг 3,550,000 төгрөг, нийт 189,073,000 төгрөг төлөх байсан боловч нийт 193,794,500 төгрөгийг төлсөн. Дутуу 1,33 м.кв-ийн төлбөр болох 4,721,500 төгрөгөөр Т ХХК нь үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна. Иймд байрны зөрүү 1,33 м.кв-ийн төлбөр болох 4,721,500 төгрөг, мөн шүүхтэй холбоотой үйл ажиллагааны бусад зардал болох 3,354,000, нийт 8,075,500 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-аас 8,075,500 төгрөг гаргуулах тухай Ү.Л-, Ц.Б- нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144,158 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ дээр 53.26 м.кв гэж бичигдсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б ХХК-ийн “Орон сууцны хэмжилт”-ийн тайлангаар 51.47 м.кв талбай гарсан. Т ХХК-д 182,718,500 төгрөг төлөх байтал нийт 193,794,800 төгрөг төлсөн. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлын талаар мэдсэн атал нуун дарагдуулсан байна. Иймд 8,075,500 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шинээр нэхэмжлэх эрхийг нээж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр төлбөр гаргуулах, мөн шүүхийн зардал нэхэмжилсэн. Шүүхийн зардалд 3,354,000 төгрөг нэхэмжилсэн боловч юу нэхээд байгаа нь ойлгомжгүй, хэрэгт үүнтэй холбоотой нотлох баримт байдаггүй. 1 м.кв талбайн зөрүү нэхэмжлээд байгаа боловч талуудын хооронд байгуулсан гэрээний 1.5-д үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ 53.6 м.кв болохыг талууд зөвшөөрсөн, үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ нь хүлцэх алдаа болон хананы шаврын зузааныг оруулж тооцоогүй болно гэж захиалагч нар гарын үсэг зурсан. Гэрээгээр хүлээн зөвшөөрсөн учраас үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэл байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Харин одоо дахин м.кв хэмжүүлсэн, ийм хэмжээтэй байна гэж тайлбарлаад байгаа зүйл нь хэрэгт авагдаагүй, дурдагдаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч Ү.Л-, Ц.Б- нар нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан 8,075,500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
1.1. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “54.59 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нийт 193,794,500 төгрөгөөр худалдаж авсан боловч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээн дээр 53.26 м.кв талбайтай гэж бичигдсэн. 1.33 м.кв-ын төлбөр болох 4,721,500 төгрөгөөр хариуцагч компани нь үндэслэлгүй хөрөнгөжсөн байна. Мөн шүүхтэй холбоотой зардал 3,354,000 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарлажээ.
1.2. Хариуцагч татгалзлын үндэслэлээ “гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2, 1.3 дахь хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийн борлуулалтын талбай болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарах талбайг тодорхой заасан бөгөөд дээрх заалтыг нэхэмжлэгч зөвшөөрч гарын үсгээ зурсан байна. Иймд захиалагчийг төөрөгдүүлсэн болон талбайн зөрүүгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн зүйл байхгүй” гэж маргажээ.
2. Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.
2.1. Ү.Л-, Ц.Б- нар нь Т ХХК-тай 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №D-01/15-83 дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Энгельсийн гудамжны 50г байрны 76 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг 193,794,500 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, захиалагч буюу Ү.Л-, Ц.Б- нар нь 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 28,000,000 төгрөг төлж, 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 30,457,850 төгрөг төлөхөөр, орон сууцны нийт үнийн дүнгийн 135,336,650 төгрөгийг банкны зээлээр төлөх, гүйцэтгэгч нь орон сууцыг захиалагчид 2022 оны 4 дүгээр улиралд ашиглалтанд оруулж хүлээлгэн өгөх үүргийг хүлээж талууд харилцан тохиролцсон. /хх5-7/
2.2. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.1-д уг худалдан авч буй орон сууцны талбайн хэмжээг 54,59 м.кв, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээн дээр бичигдэх м.кв-ын хэмжээг 53.26, нийт үнийн дүнг 193,794,500 төгрөг, гэрээний 1.3-т “Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний талбайн хэмжилтийг гаргахдаа батлагдсан зургийн дагуу гаргасан бөгөөд хүлцэх алдаа, шаврын зузаан, плита зузааныг оруулж тооцоогүй болно.” гэж тус тус заасан байна.
2.3. Мөн гэрээний 1.5-д “Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 53.26 м.кв гаргахыг зөвшөөрсөн” гэх хэсэгт нэхэмжлэгч Ү.Л-, Ц.Б- нар нь гарын үсгээ зурж баталгаажуулж, улмаар нэхэмжлэгч Ц.Б-, Ү.Л- нарын өмчлөлд Ү-2205083865 дугаартай, Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16030/, энгельс гудамж 50г байр 76 тоот хаягт байршилтай, 53.26 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр бүртгэгдэж, үл хөдлөх эд хөрөнгийн 001094866 дугаартай гэрчилгээ олгогдсон байна. /хх22/
3. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
4. Нэхэмжлэгч нар нь гэрээнд орон сууцны м.кв-ын хэмжээний талаар дээр дурдсанчлан тохиролцсоны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ бичигдэж гарсан байх тул нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.
4.1. Дээрх гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлж байгуулсан байна.
4.2. Талууд дээр дурдсанчлан гэрээний 1.1-д “орон сууцны талбайн хэмжээг 54,59 м.кв, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээн дээр бичигдэх м.кв-ын хэмжээг 53.26” гэж тохиролцсон байгаа тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар тухайн эд хөрөнгийг хүлээж авах үедээ уг доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан гэж үзэх тул нэхэмжлэгчийг гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.
4.3. Түүнчлэн, худалдан авсан орон сууцны 1 м.кв талбайн үнийн талаар тухайлан харилцан тохиролцсон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул 1,33 м.кв-ын зөрүү үнэ 4,721,500 төгрөгөөр хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй.
Иймд дээрх үндэслэлүүдээр эд хөрөнгийн доголдлыг хариуцагч тал нуун дарагдуулсан гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
5. Мөн нэхэмжлэгч нар давж заалдах гомдолдоо “2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б ХХК-ийн “Орон сууцны хэмжилт”-ийн тайлангаар 51,47 м.кв талбай гарсан. Т ХХК эд хөрөнгийг шилжүүлэх үедээ уг доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан тул шинээр нэхэмжлэл гаргах эрхийг нээж өгнө үү” гэх гомдлыг хангахгүй. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй бөгөөд гомдол гаргасан этгээд давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.
5.1. Түүнчлэн нэхэмжлэгч нар нь шүүхтэй холбоотой үйл ажиллагааны бусад зардал гэж 3,354,000 төгрөгийн хохирол шаардсан боловч уг нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтгүй, нэхэмжлэлээ нотлоогүй байх тул уг шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөв гэж үзнэ.
6. Харин нэхэмжлэгч нь шүүхтэй холбоотой үйл ажиллагааны бусад зардал гэж 3,354,000 төгрөгийн хохирол шаардсан хэсэгт анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг баримтлаагүй алдааг засна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2023/04414 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “255 дугаар зүйлийн 255.1.1” гэсний дараа “219 дүгээр зүйлийн 219.1” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 144,158 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Ц.АЛТАНЦЭЦЭГ