| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2019/0077/Э |
| Дугаар | 67 |
| Огноо | 2019-03-25 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Д.Энхжаргал |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0077/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Долгоржав,
Улсын яллагч Д.Энхжаргал
Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Э.Э-д холбогдох 1939005320298 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт, Төв аймгийн Лүн сумын 2 дугаар багт “Өндөр-Улаан” гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, Э.Э
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.Э нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Цагаан чулуут” гэх газраас хууль бусаар 1.5 метр куб шинэс модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж 90.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Э.Цэрэнбаярын өгсөн:.. Би Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд байгаль хамгаалагч ажилтай. 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Э.Э гэх хүн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 4 дүгээр баг Цагаан чулуут гэх газраас зохих зөвшөөрөлгүй 46 ширхэг хуурай шинэс төрлийн мод бэлтгэсэн байсан. Тухайн үед манай байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Түмэнжаргал модонд хэмжилт хийж хураан авсан. Нийт 1.5 метр куб мод байсан. Одоо энэ мод Жаргалтхаан сумын Засаг даргын тамгын газрын хашаанд хураалттай байгаа. Э.Э нь экологи эдийн засгийн үнэлгээг бүрэн төлж барагдуулсан. Э.Эаас нэхэмжлэх зүйлгүй байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 394 дугаартай тушалын 1 дүгээр хавсралтаар бүх төрлийн хэрэглээний хуурай мод 60 000 төгрөгөөр боддог байгаль орчны улсын байцаагч нойтон модоор экологи эдийн засгийн үнэлгээг гаргахад 204 000 төгрөгөөр боддог... гэх мэдүүлэг /хх-ийн 56-58 хуу/
Гэрч Д.Хатанбаатарын өгсөн: ...2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Жаргалтхаан сумын байгаль орчны хяналтын байцаагч Г.Түмэнжаргалын хамт манай нөхөрлөлийн хариуцдаг хамгаалалтын нутгаар үзлэг шалтгалт хийсэн юм. Би “Овооны бүрд” гэх нөхөрлөлийн гишүүн юм. “Цагаан чулуут” гэх газарт очиход цасан дээр мод чирээд газрын бэл рүү буулгасан мөр байсан. 20-оод мод тайрсан хожуул байсан. “Цагаан чулуут” гэх газраас мод бэлтгэхээ болиод 20 гаруй жил болсон. “Цагаан чулуут” модны нөөцгүй болсон. Г.Түмэнжаргал бид хоёр “Цагаан чулуут”-д хамгийн ойр нутаглах гэх Э.Э гэх айлынд очиход гэрийнх нь гадаа мод хураасан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 хуу/
Гэрч Г.Түмэнжаргалын өгсөн: ... 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр би хяналт шалгалтаар Жаргалтхаан сумын ойн сав газарт гэрээгээр үйл ажиллагаа явуулдаг Овооны бүрд нөхөрлөлийн талбайд хяналт шалгалт хийхээр нөхөрлөлийн гишүүн Д.Хатанбаатарын хамт “Хорхойн даваа”, “Цагаан чулуут” гэх газруудаар явсан. Энэ үед “Цагаан чулуут” гэх газар явж байхад газрын хөрсөн дээр мод бэлтгэсэн буюу мод цагаалсан мөр тод гарсан байсан. “Цагаан чулуут”-ын арын модноос ойн зам хүртэл мод цагаалсан газар нь машины гэрлийн улаан хуванцар хагарсан байсан. “Цагаан чулуут” гэх газарт Э.Э гэх айлынх ойрхон байдаг... Э.Эын гадаа түлээний мод бэлтгэсэн байсан. Би мод бэлтгэх эрхийн бичиг байна уу гэхэд Э.Эт мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй байсан. Гэрийн гадаа байсан портер маркийн машины арын гэрлийн хуванцар хагарсан байсан. Э.Э нь “Цагаан чулуут”-аас мод бэлтгэсэн гэж надад хэлсэн. 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Э.Эын гэрийн гадаа байсан модыг Жаргалтхаан сумын Засаг даргын тамгын газрын хашаанд Э.Эыг өөрийг нь оролцуулаад сийрэг хэмжилт хийхэд 1.5 метр куд мод байсан. Э.Эын бэлтгэсэн мод нь 1.5-аас 2 метрийн урттай 46 ширхэг мод байсан. “Цагаан чулуут”-ын ойд үзлэг хийгээд 20-оод тооны шинэ хожуул байсан. “Цагаан чулуут” гэх газарт талбайн тусгаарлалт хийж байгаагүй болохоор шинэ хожуул байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 61-63 хуу/
Яллагдагч Э.Э-н өгсөн: ...2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр түлээний мод Жаргалтхаан сумын Цагаан чулуут” гэх газраас мод бэлтгэсэн. Миний өвөлжиж байсан газар Цэнхэрмандал Жаргалтхаан сумын зааг нутаг байсан. Ойгоос бэлтгэсэн модоо гэрийнхээ гадаа авчирсан 2018 оны 03 сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Түмэнжаргал гэх хүн модны зураг аваад хэмжилт аваад хийсэн намайг мод ачаад Жаргалтхаан суманд ирээрэй гэж хэлсэн. Би ойд мод бэлтгээд бэлтгэсэн модоо мориор чирээд уулын бэлд бөөгнүүлж байгаад 2-3 хоногийн дараа Жаргалтхаан сумын иргэн Мөнхгэрэл ахын 46-14 ХЭА улсын дугаартай пронтер маркийн тээврийн хэрэгслийг гуйж аваад бэлтгэсэн модоо гэрийнхээ гадаа авчирсан... гэх мэдүүлэг /хх-ийн 65 хуу/
Хэргийн газрын үзлэг нөхөн хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 07-15 хуу/
Э.Эаас Төрийн банкны 251200017283, 100180655408 дугаарын данснуудад 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүү, торгууль, нөхөн төлбөрт тооцож нийт 606.000 төгрөг төлсөн тухай Төрийн банкны мөнгөн шилжүүлэг, орлогын мэдүүлгийн баримт / хх-ийн 28-29 хуу/
Мод хэмжсэн тухай тэмдэглэл /хх-ийн 36 хуу/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 37, 42 хуу/
Экологи эдийн засгийн үнэлгээ /хх-ийн 72 хуу/
Э.Э-н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 109 хуу/
Ял шалгах хуудас /хх-ийн 111 хуу/
Хохирогч Э.Цэрэнбаяраас гаргасан гомдол, саналгүй тухай хүсэлт /хх-ийн 113 хуу/
Оролцогчдод хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 115 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Э.Э-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Э.Э нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Цагаан чулуут” гэх газраас ойд зөвшөөрөлгүйгээр 1.5 м3 шинэс мод бэлтгэж 90.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Э.Э нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн байх бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч Э.Цэрэнбаяр, гэрч Г.Түмэнжаргал, Д.Хатанбаатар нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогджээ.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Э-н үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.
Ойн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, 35.4.2 дахь заалтад “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд Э.Цэрэнбаярын... Э.Э гэх хүн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 4 дүгээр баг Цагаан чулуут гэх газраас зохих зөвшөөрөлгүй 46 ширхэг хуурай шинэс төрлийн мод бэлтгэсэн байсан...гэх мэдүүлэг, яллагдагч Э.Эын...би хууль бусаар мод бэлтгэсэндээ гэмшиж байна...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд Э.Эыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Э.Э-г зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Э.Э нь гэмт хэрэг үйлдсэнээс хойш буюу 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрсөн, хөөн хэлэлцэх хугацааг зогсоох, шинээр тоолох нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг үндэслэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /90.000х3=270.000/ хоёр зуун далан мянган төгрөг гэж үзлээ.
Гэвч шүүгдэгч Э.Э нь хүү торгууль, нөхөн төлбөрт нийт 606.000 /зургаан зуун зургаан мянга/ төгрөг төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар /хх-ийн 28-29 хуу/ нотлогдож байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно гэж заасан байх бөгөөд Э.Э-т холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй, түүнд ял оногдуулахгүй тул Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болон хөрөөг хураах /үнийг нь гаргуулах/ болон хуульд заасан бусад албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Э.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1.5 м3 шоометр хэмжээтэй, 2 метр урттай 46 ширхэг шинэс модыг улсын төсөвт шилжүүлж, мод хөрөөддөг 2 м урттай хөрөөг Э.Э-т буцаан олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Э-г хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Э.Э-д холбогдох хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч Э.Э нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.
4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1.5 метр куб хэмжээтэй, 1.5-2 метрийн урттай 46 ширхэг шинэс модыг улсын төсөвт шилжүүлж, 2 метрийн урттай мод хөрөөддөг цүдгэр гар хөрөөг Э.Эт буцаан олгосугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 46 ширхэг 1.5 м3 хэмжээтэй мод нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Засаг даргын тамгын газрын хашаанд байгаа болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ