Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 66

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0074/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                                М.Долгоржав,

Улсын яллагч                                                              Я.Сансар

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                             Г.Бадамгэрэл

Шүүгдэгч                                                                      Ө.Б нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мундаг овогт Ө.Б-д холбогдох 1839005000239 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 04-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Баянмөнх суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 1, Хэнтий аймгийн Баянмөнх сумын “Хөнтий” гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Мундаг овгийн Өвгөний Батболд /РД: СГ80060513/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ө.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 4 дүгээр баг “Шаантын дэрс” гэх газраас иргэн Ч.Түмэннастын олон тооны бод мал буюу 20 тооны адууг хулгайлж 22.500.000 /хорин хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Ч.Түмэннастын: ... Манайх Дэлгэрхаан сумын 4 дүгээр баг “Хаяа худаг” гэх газар нутгалдаг. 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр би өөрийн хул азрагатай 20 тооны адууг бүртгэхэд бүрэн байсан бөгөөд 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр үзэхэд бүгд байхгүй байсан тэгээд ойр орчмоор хайгаад олоогүй, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Баянмөнх сумын нутаг, сумын төвөөс баруун хойш 3-4 км орчимд хул азрагатай 8 тооны адуу байсан 12 тооны адуу олдоогүй учир цагдаагийн байгууллагад хандаж байна...гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 69 хуу/

Гэрч Д.Мөнхбаатарын: ... 2018 оны 09 дүгээр сарын дундуур суга таягтай явдаг болоод байх үед Өвгөний Батболд надруу утсаар яриад машинаа өгөөч ээ гэж гуйсан, би өгөхгүй гэж хэлсэн түүнээс хэд хоногийн дараа Батболд дахин яриад голын хойно хүрээд ир би хэдэн адуу туугаад ирлээ гэж хэлсэн тэгэхээр нь би хөл муутай хүн очиж чадахгүй гэж хэлсэн тэгээд Батболд нь Осгоны Болдоог дуудаад хамтдаа гаргуулсан байна лээ маргааш нь Батболд над руу утсаар яриад адуугаа гаргаад ирсэн Осгоны Болдоогийн гэрт хүрээд ир гэсэн би яваад очиход намайг адуу хийж чадах уу гэж асуусан тэгэхээр нь хоёр суга таягтай хүн яаж адуу ажиллаж чадах вэ гэтэл тэгвэл чи машинаа өгчих би ажиллах хүн олно маргааш явъя гэж ярилцаж тохирсон тэгээд маргааш өглөө нь болоход би эхнэртээ өөрийнхөө адуунаас дөрвийг ажиллаад хот явлаа гэж хэлээд өдөр хаваржаан дээрээ очсон тэгээд манай хаваржаан дээр Батболд бид хоёр 2 адууг ажиллаад, Осгоны Болдоо, Ишийгудаагын Баяраа хоёр гэрийнхээ ойролцоо 6 адууг нь ажилласан тэгээд Батболд нь Болдоо, Баяраа хоёрт тус бүр 2 адуу өгөөд бид хоёр 8 адууг нь Улаанбаатар хотод аваачиж зарсан. Батболд надад 2.150.000 төгрөгийг машины хөлсний мөнгө гэж хэлээд өгсөн гэх мэдүүлэг. /1хх-ийн 77-78 хуу/

Гэрч И.Эрдэнэбаярын: ... 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр шиг санаж байна хонио хариулаад явж байтал 10 цагийн орчимд Өвгөний Батболд, Д.Мөнхбаатарын хамт Мөнхбаатарын приус маркын машинтай над дээр ирээд хэдэн адуу хийлцээд өгөөч, оронд нь  2 адуу өгье гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн тэгээд удалгүй хул азаргатай 20 тооны адуу Осгоны Батболд тууж ирсэн тэгээд манай гэрийн гадаа хонины хашаанд хашиж байгаад Ө.Б, Д.Мөнхбаатар нар Мөнхбаатарын саравчин дээр ажиллана гээд 3 адуу аваад явсан бид хоёр нийлээд халиун гүү, хээр байдас хоёрыг ав гэж хэлсэн мөн О.Батболдод хонгор морь, засаатай бор үрээ, зээрд гүү нийт 3 адуу өгөөд үлдсэн адууг нь хойшоо гол гаргаад хөөчих гэж хэлчихээд яваад өгсөн тэгээд үлдсэн 8 адууг гол гаргаад хөөчихсөн гэх мэдүүлэг. /1хх-ийн 79-80 хуу/

Гэрч О.Батболдын: ... 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 16 цагийн орчимд Өвгөний Батболд миний 98290188 дугаарын утасруу залгаад би хэдэн хулгайн адуу тууж байна урдаас тосоод аваарай гэж хэлсэн адууг тосож автал хул азрагатай 20 тооны адуу байсан тэгээд Ө.Б намайг Д.Мөнхбаатарын хаваржаанд хашчих гэхээр нь гүүрнээс урагшаа 6-7 км зайнд морьтой туугаад Мөнхбаатарын хаваржаанд хашсан. 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өглөө Ө.Б, Д.Мөнхбаатарын хамтаар жижиг машинтай ирээд эдгээр адуунуудыг ажиллана Эрдэнэбаяр та хоёр хамт ажиллаад өг та хоёр ч гэсэн эдгээр адуунаас авахаа авна биздээ гээд Эрдэнэбаярын гадаа ажиллахаар болоод би Мөнхбаатарын хаваржаанаас уг адуунуудыг туугаад И.Эрдэнэбаярын гадаа хонины хашаанд хашсан. Тэгээд Ө.Б, Д.Мөнхбаатар хоёр яваад буцаад Мөнхбаатарын портертой ирээд 3 адууг ачаад Мөнхбаатарын хаваржаанд ажиллана гээд аваад явсан би ямар зүсмийн 3 адууг авч явсан гэдгийг санахгүй байна. И.Эрдэнэбаяр бид хоёр Эрдэнэбаярын гэрийн гадаа хээр морь, бор гүү, борь морь, нэг моринийх нь зүсийг санахгүй байна нийт 4 адуу ажиллаад дуусахад Д.Мөнхбаатар, Ө.Б нар ирээд ачаад аваад явсан. Би тэдгээр адуунаас зээрд гүү, бор шүдлэн үрээ, хонгор гүү гурвыг аваад тэр өдрөө ажиллаад маргааш нь Улаанбаатар хотод танихгүй ченжид зарсан мөнгөө бэлнээр нь авсан. И.Эрдэнэбаяр тэдгээр адуунаас 2 тооны адуу авсан би ямар ямар зүсмийн адуу авсан гэдгийг нь мэдэхгүй үлдсэн адууг нь Эрдэнэбаяр бид хоёр мотоцикльтой туугаад голын хойшоо гаргасан... гэсэн мэдүүлэг. /1 хх-ийн 87-88 хуу/

Ө.Бын яллагдагчаар өгсөн...2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гэрээсээ даага хайгаад Баянмөнх, Дэлгэрхаан сумын залгаа нутгаар явж байсан тэгээд замд хул азаргатай 20 тооны адуу таарахаар нь Баянмөнх сумын чигт туугаад замдаа өөрийн 98123909 дугаарын утаснаас Мөнхбаатарын 98190556 дугаарын утас руу залгаж 20 тооны адуу байна мөнгө болгоё гэхэд Мөнхбаатар за ойлголоо Осгоны Батболдыг явуулчихъя гэж хэлсэн тэгээд би гүүрэн дээр очоод байж байтал удалгүй Осгоны Батболд цайвар зүсмийн морьтой ирээд цааш нь туугаад явсан...би их буруу үйлдэл хийсэн байна би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...гэсэн мэдүүлэг / 1 хх-ийн 141-142 хуу/

Хайрхан маркийн мотоциклийн үнэлгээ /1 хх-ийн 64/

Алдагдсан малын үнэлгээ  /1хх-ийн 101-102 хуу/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1хх-ийн 47-50 хуу/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд /1хх-ийн 52-54 хуу/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /1хх-ийн 59-60 хуу/

Ө.Бын иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 168 хуу/

Ял шалгах хуудас /1хх-ийн 171 хуу/

Оролцогчдод хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /1хх-ийн 227-228 хуу/

Хохирогч Ч.Түмэннастын ХААН банкин дахь 5947095923 дугаарын дансанд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нийт 3 удаагийн гүйлгээгээр 10.000.000 /арван сая/ төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /  1хх-ийн 238 хуу/

Хохирогч Ч.Түмэннастаас гаргасан хохирлоо бүрэн барагдуулж авсан, гомдол, саналгүй тухай 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хүсэлт / 2 хх-ийн 23 хуу/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Ө.Бод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

   Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ө.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 4 дүгээр баг “Шаантын дэрс” гэх газраас хохирогч Ч.Түмэннастын 20 тооны адууг мотоцикль ашиглан хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч  22.500.000 /хорин хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.            

Шүүгдэгч Ө.Б нь хэргийн нөхцөл байдал болон өөрийн үйлдэл, хулгайлан  авсан малын тоо, шинж чанарын хувьд маргаагүй, мөрдөн байцаалтын үед гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч Ч.Түмэннаст,  гэрч И.Эрдэнэбаяр, О.Батболд, Д.Мөнхбаатар  нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч Ө.Б болон шүүгдэгчийн өмгөөлөгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно. 

Дээрх хэрэгт И.Эрдэнэбаяр, О.Батболд, Д.Мөнхбаатар  нарыг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаад гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр тэдэнд холбогдох хэргийг прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй / 1 хх-ийн 247-250 хуу, 2 хх-ийн 1-2 хуу/ болгож шийдвэрлэжээ.

 

Аймгийн Прокурорын газраас Ө.Бын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна үзэв.

            Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт –энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж...найман бодоос дээш малыг ойлгоно...гэж заасан байх бөгөөд Ө.Б нь бусдын 20 тооны адууг хулгайлсан тул олон тооны мал хулгайлсан гэж үзэх үндэслэлтэй байна.

   Иймд шүүгдэгч Ө.Быг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах боломжтой гэж дүгнэв.

            Шүүгдэгч Ө.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн мотоциклийг Хэнтий аймгийн Баянмөнх сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Б.Өлзийбаатарт хариуцуулсан болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Хайрхан маркийн мотоциклийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 5/36 дугаартай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Мөн Ө.Б нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө / 1хх-ийн 85 хуу/  мотоциклиор хохирогчийн адууг бэлчээрээс нь туусан талаар мэдүүлэг өгсөн мотоциклийг гэмт хэрэг үйлдэхдээ үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор ашигласан гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу мотоциклийг хурааж улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ө.Б нь энэ хэрэгт 2018 оны 10 сарын 16-ны өдрөөс 2018 оны 10 сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгчийн захирамжаар /1хх-ийн 122, 126 хуу/ тогтоогдож байх тул шүүгдэгч Ө.Бын цагдан хоригдсон 7 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Түмэннастад 22.500.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирлоо бүрэн барагдуулж авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ө.Б-г бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ө.Быг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ө.Б-д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Ө.Б нь энэ хэрэгт 2018 оны 10 сарын 16-ны өдрөөс 2018 оны 10 сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Ө.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ө.Б-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “хайрхан” маркын улсын дугааргүй шаргал өнгийн мотоциклийг улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц “Хайрхан” маркийн мотоциклийг битүүмжилсэн 2019 оны 01 сарын 20-ны өдрийн 5/36 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

 

8. Шүүгдэгч Ө.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч эдлэх ялыг 2019 оны 03 сарын 25-ны өдрөөс тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

   10. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Бод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ОДХҮҮ